Нийгмийн

Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдрэмжтэй мэдээлэхэд анхаарч байна

“Сэтгүүлчид хүний эрхийн мэдрэмжгүй байна, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жендэрийн мэдрэмжээ дээшлүүлэх шаардлагатай, олон нийт хэвшмэл хандлагатай…” гэхчлэн энэ салбарыг тойрсон санал шүүмжүүд дундрахгүй. Гэхдээ “хошуу нэмэхээр хуруу нэм” гэдэг шиг дээр дурдсан асуудлуудыг ажил хэрэг болгох, зөвхөн хувь сэтгүүлч бус бүтэн редакцын түвшинд ажиллаж, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сайн жишиг тогтож буйг дуулаад “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс хэрэгжүүлж буй редакц чадавхжуулах хөтөлбөрийг зорин очиж сурвалжиллаа.

 Мэдрэмжтэй мэдээлэхэд мэдлэг хэрэгтэй

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл хэвлэл мэдээллийн салбар дахь дөрвөн өөр өнгө төрх, дөрвөн өөр соёл бүхий редакцуудын мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, салбартаа өрсөлдөх чадварыг дэмжих зорилгоор сэтгүүл зүйн ур чадвар олгох хөтөлбөрийг эхлүүлжээ. Нийт 12 цагийн хичээл бүхий тус хөтөлбөрт  11 байгууллага хүсэлт гаргаснаас МҮОНР-ийн 3-р суваг Р3 фм радио, "Зууны мэдээ" сонин, GoGo.mn сайт, Малчин телевиз гэсэн дөрвөн редакц шалгарсан байна. Өмнө нь сэтгүүлчид  энэ төрлийн сургалтуудад ганцаарчлан хамрагдаж ирсэн бол энэ удаа бүтэн редакцаараа хамрагдаж байгаа нь чухал ач холбогдолтой талаар хамрагдаж буй редакцын удирдлагууд, сэтгүүлчид болон сургагч багш нар нэгэн дуугаар онцолж байлаа.

Редакц чадавхжуулах хөтөлбөр 10 хэвлэл мэдээллийн байгууллагад жендэрийн мэдрэмжийг төлөвшүүлнэ

Сургалт “Сэтгүүл зүйн үнэ цэн: Бидэнд яагаад жендэрийн линз хэрэгтэй вэ” сэдвийн хүрээнд жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн ач холбогдлын тухай агуулгаар эхэлсэн бөгөөд энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг “Жендэрийн мэдрэмж гэх сэдвээр зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийг хөндөж буй мэтээр хүлээж авах хандлага түгээмэл байдаг. Гэтэл энэ нь ёс зүйтэй, чанартай бүтээл хийхтэй салшгүй холбоотой. Сүүлийн жилүүдэд эх сурвалжийн түвшинд хүйсийн тэнцвэрт байдлыг хангаж ажиллахад BBC, Financial times, New York times тэргүүтэй олон улсын томоохон хэвлэлүүд анхаарал хандуулж, сайн туршлагаа хуваалцаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудлыг олж харж чаддаг ч, бодитоор ажил хэрэг болгож хараахан чаддаггүй. Бид олон улсын туршлагаар дамжуулан редакцуудыг чадавхжуулж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэрийг ханган ажиллахад чиглүүлэх, цаашилбал нийгмийн бусад бүлгийн төлөөллийн дуу хоолойг нийтлэл, нэвтрүүлэгтээ бүрэн тусгахад нөлөөлнө гэж харж байна” хэмээн хөтөлбөрийн зорилго, зорилтоос хуваалцсан юм.

Сургалтын үеэр зөвхөн онол, статистик, жишээ баримттай танилцаад зогсохгүй олон төрлийн практик туршилтыг хийж байв. Тухайлбал, хэвшмэл ойлголтоос үүдэн тухайн сэдвийн талаар мэдлэг, ойлголттой хүн ч ухамсаргүйгээр ёс зүйгүй, мэдрэмжгүй үйлдэл гаргах тохиолдлууд байдаг бөгөөд эдгээрийг сонирхолтой дасгал ажил, сорилуудаар дамжуулан илрүүлж, жендэрийн мэдрэмжийг үнэлэх, тухайн редакцын жишээн дээр шууд ажиллах зэрэг арга барилуудыг ашиглаж байсныг онцлууштай.

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн багш Ц. Чимэддондог “Эх сурвалжийн тухай ойлголт” сэдвийн хүрээнд сургалт орж буй нь

Эх сурвалжийн сантай болох нь тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой

Сургалтын эхэнд тус сайтын Ерөнхий редактор Р.Адъяасүрэн“Хэвлэл мэдээллийн байгууллагууд жендэрийн мэдрэмжтэй ажилласнаар олон нийтийн мэдлэг ойлголтод нөлөөлж, хэвшмэл хандлагыг бууруулахад хувь нэмрээ оруулж чадна. Манай сайт олон улсын стандартыг нэвтрүүлж, редакцын бодлогодоо жендэрийн мэдрэмжтэй ажиллах талаар тусгасан боловч энэ бодлогоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд зарим төрлийн бэрхшээлүүдтэй тулгарч байсан. Тиймээс ч зөвхөн хувь сэтгүүлчийн түвшинд бус бүтэн редакцын түвшинд чадавхжуулах хөтөлбөрт хамрагдах нь чухал ач холбогдолтой” хэмээн тус сургалтын хэрэгцээ шаардлагыг онцолж байлаа.

Харин Малчин телевизийн Мэдээллийн албаны дарга Э.Дагиймаа “Чадавхжуулах хөтөлбөрт манай шинэ залуу сэтгүүлч, зураглаачид олноор хамрагдаж, 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Сэтгүүл зүйн салбар цаг тутам өөрчлөгдөж, дэлхий ертөнц тасралтгүй хувьсаж байна. Үзэг, микрофон барьсан болгон сэтгүүлч биш. Энэ өөрчлөлттэй дасан зохицож, хөгжиж боловсорсон мэргэшсэн сэтгүүлчид л үнэлэгдэж чадна. Хэвлэл мэдээллийн салбарт 30 жил ажилласан миний хувьд ч суралцах зүйл маш их байлаа. Эх сурвалжийн тэнцвэрийг хангаж ажиллах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх их ажил биднийг хүлээж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэ үеэр сургалтад хамрагдсан сэтгүүлчид хөтөлбөрийн  хүрээнд олж авсан мэдлэг чадвараа практикт хэрэгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлж байв. Тухайлбал, салбартаа олон жил ажилласан туршлагатай Малчин телевизийн сэтгүүлч С.Цэнгэлсайхан сургалтын үр өгөөж өндөр байсныг онцлоод “Баримт болон үзэл бодлын ялгааг олох дасгал ажил, эх сурвалжийн тэнцвэрийг хангаж буй жишээ баримтууд зэрэг сургалтын сонирхолтой хөтөлбөрүүдийн ачаар  мэдлэгээ олон талаас нь тэлж чадлаа. Олон улсын туршлагаас судлах боломж олдсонд баяртай байна. BBC-ийн 50:50 хөтөлбөрийн туршлагаас хэрэгжүүлж, чадавхаа дээшлүүлэхээр төлөвлөсөн” хэмээсэн бол Gogo.mn сайтын сэтгүүлч О.Хандмаа “Хөтөлбөрийн талаар сонсоод уламжлалт хэв маягаар орох болов уу гэсэн төсөөлөлтэй, жендэр гэхээр “ийм л зүйл ярих” байх гэсэн хэвшмэл ойлголт үүсчихсэн байсан ч сургалтын үр дүн өөр байсан. Хоорондоо ярилцаж, харилцаанд суурилах зарчмаар  шинэлэг агуулгуудыг хүргэсэн нь өгөөжтэй байлаа. Хичээлийн агуулга, жишээ зэргийг шууд хэрэглэх, хийж буй ажилтайгаа уялдуулах боломжтой байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Мөн тус сайтын сэтгүүлч А.Эрхэмбаяр “Өмнө нь үйл явдалдаа хэт их ач холбогдол өгч жендэрийн мэдрэмжгүй ажиллах тохиолдлууд байсан юм билээ. Жишээлбэл, мэдээ, нийтлэлийхээ зургийг авахдаа ямар хүйсийн хүн байгааг огт анзаардаггүй байсан. Цаашид эх сурвалжийн сан бүрдүүлэх, жендэрийн мэдрэмжгүй үг хэллэгийн жагсаалт гаргах зэргээр ажиллана” хэмээн хэтийн төлөвлөгөөнөөсөө хуваалцлаа.

Т.Намуунболор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button