Нийгмийн

Д.Энхжаргал: ЭЕШ-ын материалыг гар утас, интернетгүй өрөөнд цагдаагийн хамгаалалт дор бэлтгэдэг

ЭЕШ зургаадугаар сарын 23-нд “Монголын түүх” хичээлийн шалгалтаар эхэлнэ. Товлолт өдөр болоход арван зургаа хоног үлдээд байна. Тэгвэл ЭЕШ-ын эргэн тойронд буй асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас дараах мэдээллийг тодрууллаа.

-Ямар шалтгааны улмаас ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон бэ?

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

-БШУЯ-ны сайдын санаачилгаар иргэдийн сурч боловсрох эрхийг дэмжих үүднээс ЭЕШ-ыг жилд хоёр удаа буюу зургаа болон арванхоёрдугаар сард зохион байгуулахаар болсон. Зургаадугаар сард болох шалгалтад бүрэн дунд боловсрол эзэмшсэн 12-р ангийнхан болон өмнөх жилийн төгсөгчид нийлээд 36 мянган шалгуулагч бүртгүүлсэн. Харин арванхоёрдугаар сард болох шалгалтад цөөхөн суралцагч оролцох болов уу гэсэн таамаг байна. Оноондоо сэтгэл дундуур байгаа шалгуулагчид зургаан сарын дараа сайжруулаад дахин өгөх боломжийг бүрдүүлж байгаа юм. Бүтэн жил хүлээж байгаад шалгалт өгдөг байдал халагдсан гэсэн үг.

-Хоёр удаа ЭЕШ авахаар шалгалтын материалыг бас дахин бэлтгэж таарна гэсэн үг үү. Ер нь ЭЕШ-ийн материал бэлтгэдэг багш нарыг хэрхэн сонгодог юм. Ямар шалгуур тавьдаг вэ. ЭЕШ-ийн материалыг ямар багш нар бэлтгэж байгаа вэ. Нууц биш бол хаана бэлтгэж байгаа вэ?

-Хоёр удаа шалгалт авч байгаа учраас дахин шалгалтын материалыг бэлтгэнэ. Багш нарын хувьд их, дээд болон дунд сургуулиас хоёр багш даалгаврыг бэлтгэдэг. Олон улсын олимпиадад дээгүүр байр эзэлдэг багш нар сонгогддог. Тухайн багш нар материал бэлтгэхдээ хотоос зайдуу амралтын газар гар утас, интернет, сүлжээгүй камержуулсан өрөөнд цагдаагийн байгууллагын хамгаалалт дор нэг сарын турш материал бэлтгэдэг.

Бэлтгэсэн материалыг үндэсний хэмжээний зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй, өндөр ур чадвар бүхий багш нар эксперт хийж хянадаг. Эксперт хийж буй багш нар тухайн материалыг төгсөгчдийн нас, сэтгэхүйн онцлог болон мэдлэгийг нь сорьж чадахуйц болж чадсан эсэхэд хяналт тавьж, засаж сайжруулан эцсийн байдлаар бэлтгэдэг. Материал бэлтгэх 20, эксперт 10, нийт 30 багш сүүлийн шалгалт дууссаны дараа цагдаагийн хамгаалалт болон камержуулсан өрөөнөөс гардаг.

-Энэ жилийн ЭЕШ-ын онцлог нь юу вэ?

-Өмнө хэлсэнчлэн ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болж байна. Мөн БШУЯ-ны сайдын 2021 оны А/347 тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Энэхүү журам нь гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын оноог Монгол Улсын дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх ЭЕШ-ын оноотой дүйцүүлнэ. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой болсон.

Мөн англи хэлний IELTS, TOEFL-н оноотой сурагчид оноогоо дүйцүүлж болно. Гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан болон суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.

ЭЕШ-д ороод дүйцүүлсэн онооноос өндөр оноо авсан тохиолдолд тухайн их дээд сургуульд элсэх боломжтой. Өөрөөр хэлбэл оноогоо дүйцүүлж байгаа ч гэсэн ЭЕШ өгөх эрх нээлттэй хэвээр байна гэсэн үг.

-ЭЕШ болох өдрүүдэд хийгдэх зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөөч?

-Зургаадугаар сарын 23-26-ны хооронд зохион байгуулагдах тов гарсан. Нийт 36 мянга гаруй шалгуулагч бүртгүүлсэн. Улсын хэмжээнд 49 шалгалтын байранд явуулахаар төлөвлөөд бэлтгэл ажил явагдаж байна. 22 нь орон нутагт бол үлдсэн 27 нь нийслэлд байрлана. Шалгуулагчид ЭЕШ өгөхөөр ирэхдээ:

  • Иргэний үнэмлэх
  • Суудлын хуваарь
  • Бүртгэлийн хуудас
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ гэсэн дөрвөн зүйлийг эх хувиар нь авч ирж шалгалтад орох ёстой.

Шалгуулагчдын зүгээс бичиг баримтаа орхиж ирэх, хоцрох зэрэг эрсдэл гарсан үед шалгалтад оруулах боломжгүй. ЭЕШ-ын журмын дагуу шалгуулагч 30 минутын өмнө ирсэн байх, шалгалт өгөх ангид 10 минутын өмнө орж суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Шалгалтын заасан хугацаанаас 10-20 минут хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй. Тиймээс энэ тал дээр сурагч, болон эцэг эхчүүд өөрсдөө сайн анхаарахыг зөвлөж байна. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагч тухайн сургуулиасаа тодорхойлолт гаргуулан авчирч болно.

-ЭЕШ-ийн материалыг машинаар засах уу. Хэрэв тухайн шалгуулагч машинаар засуулсан оноондоо эргэлзэж байвал гараар засуулж, оноогоо нягтлуулж болох уу?

-Шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлээд 4-5 жил болж байна. Шалгуулагч шалгалт өгсний дараа 100 онооноос хэдэн оноо авсныгаа шууд харах бол хэмжээст оноогоо 24 цагийн дотор харах боломжтой. Харин шууд засалтын машинаар зассан оноонд эргэлзвэл тухайн шалгуулагчийн дэргэд гараар засаж харуулна.

-ЭЕШ-ийн материал хэрэв задарвал, задалсан хүн болон шалгуулагч, багш нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-ЭЕШ-ыг 2006 оноос хойш зохион байгуулж байгаа. Энэ хугацаанд сэдэв задарсан тохиолдол гарч байгаагүй.

-Цаг зав гарган мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-08 08:16

Аа жил бүр л ингэж хэлдэг юм

Зочин
Зочин
2022-06-08 08:16

Энэ үнэн шүү

Холбоотой мэдээ

Back to top button