УЛС ТӨРЯрилцлага

Б.Бейсен: Авлигач багш нараас болж Баян-Өлгийн сурагчид монгол хэлээр доогуур жагсаж байна

УИХ-ын гишүүн Б.Бейсентэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ОРОН НУТАГТ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНД БАЙНА-

-УИХ-ын гишүүд орон нутаг, тойргуудаараа ажиллаад ирлээ. ҮХНӨ-ийн асуудлаар иргэдийн санал сонсох ажлаар явсан шүү дээ. Сонгогчид юу ярьж байна вэ?

-Парламентийн чадавхийг нэмэгдүүлэх, гишүүдийн тоог 150 болгох, төрийн сүлд өөрчлөх асуудал, цаазаар авах ялын асуудлаар иргэдийн санал бодлыг сонсоод ирлээ. Хүний эрхийн асуудал дээр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар ярьж байна. Цаазын ялын бодлого хүнийг хэлмэгдүүлчих вий дээ гэсэн хандлага иргэдээс гарч байна. Түүнчлэн парламент нэг намын нөлөөнд орж, хайрцаглагдчихаад байна. Ажил хийж чадахгүй байна. ЖДҮ, Хөгжлийн банкны асуудал гарлаа. 76 гишүүн  иргэдээ тэжээж чадахгүй байж 150 гишүүнээр яах гэж байгаа юм бэ. Юмны үнэ 4-5 дахин нэмэгдлээ. Хойд хил хаалттай. Бензин шатахуун үнэ нэмэгдчихлээ гэж зовлонгоо ярьж байна. Ер нь цөөхөн хүн дэмжиж байна.

Төрийн сүлдийг шинэчлэх шаардлагагүй гэж олонх нь ярьж байна. Учир нь бүх албан байгууллагын бичиг баримт, таних тэмдэг өөрчлөгдөнө. Түүнийг дагаад маш их зардал гарна. Түүний оронд тэр зардлаа ард иргэддээ зарцуулаач гэдэг асуудал иргэд ярьж байна.

-Гишүүдийн тоог нэмэх асуудлыг Баян-Өлгийн сонгогчид эсэргүүцэж байна гэж ойлгож болох уу?

-Хямралтай холбоотой байна уу, нүүдэл суудлын цаг нь таарав уу. Ямартаа ч малчид, иргэд дунд энэ асуудлыг анхаарах хүн алга. Тэдний амьдралд гишүүдийн тооноос чухал асуудал их байна. Хямралтай, хамаг юмны үнэ өссөн гээд нөхцөл байдал хүнд л байна.

-УИХ ХАЙРЦАГЛАГДААД, НЭГ НАМЫН НӨЛӨӨНД АВТЧИХААД БАЙНА-

-Таны хувьд гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа юм уу. Нэмсэний ач холбогдол ер нь юу байна?

-Дэлхийн бусад орнуудад парламентын олон гишүүнтэй байдаг. Германы парламентийн гишүүдтэй уулзсан. Тэнд намын жагсаалтаар хүмүүс орж ирдэг юм байна. Нөгөө талаар гишүүд хайрцаглагдахгүй, нэг намын нөлөөнд автахгүй байх давуу тал байдаг юм байна. Тиймээс төсөв санхүү мөнгө нь хүрдэг бол нэмэхэд болно. УИХ хайрцаглагдаад, нэг намын нөлөөнд автчихаад байна шүү дээ. Олон гишүүдтэй болсноор энэ асуудал багасах байх гэсэн бодолтой байна. Гэхдээ Хэмнэлтийн хуулиараа хямарсан энэ цаг үед болох юм уу үгүй юм уу мэдэхгүй байна.

-Та эмч хүн. УИХ-ын гишүүн болоод салбарынхаа асуудалд анхаарч, ямар хуулийн төслүүд өргөн барив аа?

-Эрүүл мэндийн тухай хуулиуд, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль,  Хүнсний аюулгүй байдалтай холбоотой хуулийн төслүүд дээр ажилласан. Цаашид аймаг бүрт жилийн хүнс, ногооны хэрэгцээгээ хангахад тусалмаар байна гэдэг саналыг салбарын сайд болон ерөнхий сайдад ч хэлсэн. Тэгэхгүй бол хойд хөршөөс янз бүрийн хортой хүнс орж ирж байна. Хөдөөд тэтгэвэр тэтгэмжийн асуудал ч их ярьж байна. Таван жилийн дунджаар тэтгэвэрт гарч байсныг долоон жил болгосноор 120-130 мянган төгрөгөөр хохироод байна гэж иргэд ярьж байна. Үүнээс болж тэтгэвэрт гарч чадахгүй байгаа хүмүүс байгаа юм байна. Хэсэг гишүүд бид энэ асуудлыг шийдэхээр хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Яаж шийдэгдэхийг мэдэхгүй байна. Эм маш үнэтэй болсон. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын түр хороог байгууллаа. Хуурамч эмийг шалгана. Тендерт оролцож байгаа компаниудыг шалгах ажлын хэсэг юм.

-Т.Доржханд гишүүн мэдээлэл хийсэн. ҮХЦ-ээс сонгуулийн тогтолцоог УИХ хуулийн хүрээнд өөрчлөх боломжтой гэдэг шийдвэр гаргалаа гэсэн. Нэг ёсондоо пропорциональ буюу хувь тэнцүүлсэн  тогтолцоогоор сонгууль явуулах боломж бүрдэж байна гэж байна. Үүнийг та юу гэж харж байгаа вэ. Жагсаалтаар иргэдийн санал өгөөгүй хүмүүс УИХ-д олноор орж ирнэ гэсэн үг шүү дээ?

-Сонссон. ҮХЦ зургаан жилийн өмнө шийдчихсэн асуудлыг дахиад өөрчилсөн гэх юм билээ. ҮХЦ гаргасан шийдвэрийг дахин өөрчлөх боломжгүй шүү дээ. Мажоритар тогтолцоо бол эрх барьж байгаа намд ашигтай. Дараа нь хамтарсан Засагтай болно гэвэл пропорциональ тогтолцоо ашигтай. Жагсаалтаар өөр намуудаас гишүүд орж ирнэ. Гэхдээ сонгууль хахуульгүй, мөнгө тараахгүй, үнэн зөв явагдах ёстой.

-БАГШ НАР ЧАДВАРГҮЙГЭЭС БАЯН-ӨЛГИЙН СУРАГЧДЫН МОНГОЛ ХЭЛ САЙЖРАХГҮЙ БАЙНА-

-Баян-Өлгий аймгийн 12-р анги төгсөгчид монгол хэлний шалгалтдаа маш бага оноо авч байна. Үүний шалтгаан яг юу байна вэ?

-Хоёр, гурван шалтгаан байна. Хос хэлний сургалтын асуудал байна. Казах хүүхдүүдэд эхлээд казах хэлээ сургаж байгаад дараа нь монгол хэлээ сургадаг байсан. Одоо нэгдүгээр ангиас монгол хэлийг сургадаг болсон. Дээрээс нь англи хэл зааж байна. Олон зэрэг хэл сурахаар аль аль ч үгүй болж байна. Хоёрдугаарт ном товхимолын хангамжийн асуудал байна. Гуравдугаарт багш нарын чадвар муу байна. Авлига өгч ажилд орсон чанаргүй багш нар хичээл зааж байна. Хаана ч тэр. Баян-Өлгийн хувийн сургуулиудын сургалтын чанар, монгол хэлний шалгалтын оноо өндөр байгаа юм. Гэтэл улсын сургуулиудын сурагчид монгол хэлээр муу оноо авсан байгаа нь багш нартай холбоотой гэж үзэж байна. Багш нарыг сонгохдоо чадварыг нь маш сайн шалгаж авах шаардлага байна. Тийм байхад яг монгол хүүхдүүдийн хэмжээнд бэлтгэсэн шалгалт авч байгаа учраас ойлгохгүй, бага оноо авсан асуудал үүссэн байна. Зөвхөн казах гэлтгүй Тува хүүхдүүд монгол хэлээ мартаж байна шүү дээ.

-Баян-Өлгий аймгийнхан монгол хэлээр ярих эрмэлзлэл багатай байдаг гэх зүйлс бас яригдах юм?

-Зарим хэвлэлүүд, сошиад хүмүүс тийм асуудал яриад байгаа юм. Тийм зүйл байхгүй шүү дээ. Хөдөөгийн мал дээр байгаа зарим малчид монгол хэл мэдэхгүй байж болно. Гэхдээ бүгдээрээ монгол хэлээр ярина шүү дээ. Ястан, үндэстэн хооронд яс хаясан ийм зүйл яримааргүй байгаа юм. Маш буруу зүйл шүү дээ. Би ийм асуудалд үнэхээр дургүй. Би эх оронч сэтгэлгээтэй хүн. Ийм асуудалд их эмзэглэдэг.

-Баян-Өлгий аймаг руу “Аэромонголиа” компани нислэг үйлддэг. Гэтэл нислэгийн тийз маш үнэтэй байгаа. Баян-Өлгийгөөс сонгосон гишүүд энэ асуудлаар яаманд хандсан гэсэн. Юу болсон бэ?

-Баян-Өлгий рүү нисэх нэг талын нислэгийн үнэ 700-800 мянга байна шүү дээ. Түүнийг ард иргэд үнэхээр даахгүй байна. Жуулчидтай холбоотойгоор үнээ нэмсэн байна. Сарын цалин шахуу мөнгө. Хотод ирсэн хүмүүс энд ирээд идэж ууна. Эмнэлгээр үзүүлнэ. Санхүүгийн хувьд маш хүндрэлтэй. Онгоцны тийзийн үнэ бууруулах асуудлаар холбогдох байгууллагуудад хандсан. Гэхдээ шатахууны үнэ өндөр байгаа учраас өөр арга алга гэх хариу өгдөг. Одоогоор шийдэл хүрсэн асуудал байхгүй байна.

-Алтай таван богд руу зам тавина гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Юу болж байна вэ?

-Алтай таван богд бол Монголын ноён оргил. Иргэд шүтдэг хайрхануудын нэг. Аялал жуулчлал хөгжүүлэхэд тустай. Зам тавихгүй бол олон машин олон газраар давхиж, бэлчээр их сүйтгэж байна. Газрын унаган төрх алдагдаж байгааг иргэд хэлж байна. Засмал зам тавих концесс яригдаж байгаа.

-Засмал зам тавихаар тийшээ явах экстрем байдал үгүй болох уу. Уг нь туулахад хүнд хэцүү тэр зам жуулчдад илүү сонирхолтой байх биш үү?

-Яг оргил руу явдаг хэсэгт байх 20-30 км бартаат замыг засмал болгохгүй шүү дээ. Наана нь байгаа Улаанхус, Бугат сумын өвөлжөө, хаваржааг дамнасан газарт зам тавих юм.

-ПРОКУРОРООС МИНИЙ ГЭМ БУРУУГҮЙГ ТОГТООСНЫ ДАРАА  НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭНЭ-

-Ярилцлагынхаа төгсгөлд асуух ёстой нэг зүйл байна. Таныг Баян-Өлгийд эмчээр ажиллаж байхдаа хуурамчаар групп тогтоодог асуудалд оролцсон хэргээр АТГ шалгасан. Улмаар саяхан хэргийг тань прокурорт шилжүүлсэн гэж мэдээлсэн. Гэхдээ та үүнийг үгүйсгэсээр ирсэн шүү дээ?

-Би 2014 оноос хойш Баян-Өлгийд эмчээр ажиллаагүй. Сонгуулийн үеэр миний нэрийг харлуулах гэж АТГ-т баахан гомдол мэдээлэл ирсэн юм билээ. Би мэс заслын эмч хүн шүү дээ. Чих хамар хоолойн асуудалтай, бамбайн өвчтэй хүмүүсийг группт оруулах гэж 200, 300 мянган төгрөг авсан гэж намайг гүтгэсэн. Миний гарын үсэг огт байхгүй. Би огт оролцоогүй. Тэр хүмүүсийг би огт танихгүй. Хэвлэлийнхэнд бас их гомдож байгаа. Баян-Өлгийн иргэдийн 60 хувь нь группт байдаг гэж бичээд байгаа юм. 120 мянган хүнээс 6000 орчим хүн группт, халамжид байсан асуудал. Энэ 60 хувьд хүрэх үү. Гэх мэт буруу мэдээлэл цацаж, хэт улс төрждөг танай хэвлэлийнхэн.

-Гэхдээ АТГ буюу хуулийн байгууллагаас өгч байгаа мэдээллийг л бид мэдээлж байгаа шүү дээ. Танд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорт шилжүүлсэн талаараа АТГ саяхан мэдээлсэн шүү дээ?

-Тэр бол улс төржсөн асуудал. Би гомдлоо АТГ-т мэдээлсэн. Надад 2020 оны сонгуулийн үеэр АТГ-аас эрүү үүсгэсэн. Миний нэрийг татуулах гэж зарим хүмүүсийн хийсэн асуудал. Өчнөөн тэрбум тэрбумаар ЖДҮ сангаас зээл авсан, Хөгжлийн банзнаас зээл авсан асуудлаа шалгаж чадахгүй байж намайг хүмүүс группт оролцох асуудалд оролцож, 200,300 мянган төгрөг авсан гэж гүтгэсэн. Би наад хүмүүсийг чинь танихгүй, мөнгө аваагүй гэдэг тайлбараа би өгсөн.

-Тэгэхээр АТГ таныг хийгээгүй хэргийн төлөө гүтгээд, яллах дүгнэлт үйлдүүлэх гээд байгаа юм уу?

-АТГ-т миний өрөлдөгч нараас гомдол ирсэн учраас хуулийн хүрээнд шалгана шүү дээ. Шалгах эрх нь нээлттэй. Тэгээд шалгасан. Би тайлбарыг нь өгсөн. Одоо прокурорт шилжүүлсэн байгаа. Одоо прокурор хянаад миний гэм буруугүй гэдгийг тогтоох байх. Тэгсний дараа нэр төрөө сэргээлгэнэ. Хуулийн дагуу явж байгаа процесс. Би нэг ч ЖДҮ, тендер авч, хамаатан садандаа өгч үзээгүй. Харин ч жил бүр хувиасаа 30-100 хонийг буяны шугамаар тараадаг хүн.

-Эрдэнэбүрэнгийн УЦС барих газар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын газар нутаг орж байгаа. Гэтэл тус сумын иргэд эсэргүүцэж байгаа юм билээ. Харин сумын Засаг дарга нь иргэд дэмжиж байгаа гэх худал мэдээлэл дээшээ дамжуулснаасаа болоод ИТХ-ын шийдвэрээр огцорсон гэж сонссон. Энэ үнэн үү?

-Үнэн. Эрдэнэбүрэнгийн УЦС барих газрын 70 орчим хувь нь Баяннуур сумынх. 30-аад хувь нь Увс аймгийн Өмнөговь сумынх. Манай хадлангийн талбай, иргэдийн амьдардаг газар, ой мод, ан амьтны асуудал яригддаг. Нөхөн сэргэх боломжгүй баялаг. Улсын том эрх ашгийн төлөө захиргаадах маягаар зөвшөөрүүлсэн. Иргэн тус бүрт 15 сая төгрөг өгнө гэсэн. Тэр юу ч болохгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-30 08:13

Баруун аймгийн б�##�ай гишүүн

Зочин
Зочин
2022-06-30 08:56

Орон нутгийн ард иргэдийг ярьсан гэж байгаа хэрнэээ өөөрийнхөөө зовлонг санаа бодлыг яриад байгаа юм шиг санагдчихлаа

Зочин
Зочин
2022-06-30 08:57

hudlaaaa shaagaaa l bndaaaaa ard irged min niigem hymraltai ydarch zvdersen ved iim hongon ym yrilaaa yu

ҮНЭН
ҮНЭН
2022-06-30 10:24

ҮНЭН ҮНЭН ИХ ХУРАЛД ХЭДЭН ХУЛГАЙЧ СУУЖ УЛСЫГ ТОНОН ДЭЭРЭМДЭХ БИДЭНД ОГТ ХАМААГҮЙ БОЛЧИХООД БАЙНА ХЭДИЙ ЦӨӨН БАЙХ ТУСАМ БИДЭНД ХЭРЭГТЭЙ

Иргэн
Иргэн
2022-06-30 10:42

Ёстой ҮНЭН ЮМ ЯРИЖ БАЙНА ШҮҮ ГИШҮҮНЭЭ

Гуталт муур
Гуталт муур
2022-06-30 10:47

Бейсен худ2

Хэн
Хэн
2022-06-30 11:17

Амжилт Бейсен их дэмждэг шүү. Дуугүй байна гэдэг нь юу ч хийхгүй байна гэсэн үг биш шүү дээ

Дангаасүрэн
Дангаасүрэн
2022-06-30 13:19

хуцдаг х�##�тар

Зочин
Зочин
2022-06-30 16:09

Казак хүүхдүүдэд монгол хэлний босго арай доогуур болгож өгөх нь зөв шүү

Bidon
Bidon
2022-06-30 21:16

Sugan kazak bitii chaa

Зочин
Зочин
2022-07-01 10:56

монгол хэл багаас нь заах гэхээр зарим казах иргэд уусгах гээд байна гээд хэвлэл мэдээлэлд хандаад эсэргүүцээд бн ш тээ

Холбоотой мэдээ

Back to top button