Гурван талт уулзалт: Төмөр зам, боомт, байгалийн хийн хоолойг голчилж ярина
Узбекистан улсын Самарканд хотноо болж буй ШХАБ-ын дээд чуулганы хүрээнд гишүүн болон ажиглагч, хамтрагч улсын удирдагчдын тусгайлсан уулзалт хэлэлцээрүүд болж байна.
Эхлээд Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийнэ. Харин дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ, ОХУ-ын удирдагчидтай уламжлалт Гурван талт уулзалт хэлэлцээрийг хийнэ.
Өмнө нь болж байсан уулзалтуудын үеэр манай тал ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах, Транзит Монгол болох сонирхлоо байнга илэрхийлдэг байсан. Энэ удаад ч энэ сонирхол хэвээр бөгөөд өмнөх уулзалтуудаас ялгаатай нь бодит үр дүн гаргах магадлал өндөр байгаа юм.
ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД
-Монголын нутгаар дамжуулан тавих байгалийн хийн хоолойн асуудал.
-ОХУ, БНХАУ-ыг, цаашлаад Ази, Европыг холбосон төмөр замын сүлжээ бий болгох ажилд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх,
-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын төмөро замын сүлжээнд холбох, Зүүн болон Баруун босоо тэнхлэгийн төмөр замын асуудал
-Одоо байгаа боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал
Дээрхээс гадна гурван улсыг холбосон хурдны авто замын сүлжээ байгуулах, аялал жуулчлалын коридор үүсгэх зэрэг асуудлыг хөндөх төлөвтэй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Туслах Ю.Ушаков уржигдар өгсөн мэдээлэлдээ “Гурван талт уулзалтаар хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг өргөтгөх, шинээр байгуулах, ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн "Союз Восток" хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Байгаль орчныг хамгаалах, халдварт өвчинтэй тэмцэх, аялал жуулчлалын чиглэлээр мөн хамтарч ажиллах сонирхолтой байгаа” гэсэн билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.