СПОРТ

Б.Батзориг: Олимпын аварга төрүүлье гэвэл өсвөрийн дэлхийн аваргатай болохыг зорих ёстой

Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны лигийн тэмцээн өсвөр, залуу тамирчдын дунд хоёр сарын турш зохион байгуулагдаж, шигшээ тэмцээн нь ирэх сарын 2-ны пүрэв гарагт СТО-д болох гэж байна. Бид тус Лигийн тэмцээнийг санаачлагч, чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Б.Батзоригтой ярилцлаа.

-Чөлөөт бөхийн спорт лигийн тэмцээнтэй болсонд спорт сонирхогчид баяртай байна. Хоёулаа Лигийн тэмцээнтэй болъё гэдэг санаа анх хэзээ төрсөн гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?

-Чөлөөт бөхийн спорт Монгол Улсад 1961 оноос хөгжсөн байдаг юм. Эхэн үедээ амжилт өндөр байж олимп, дэлхийн АШТ-ий анхны медалиудыг авчирсан. Гэсэн ч 1980 оноос хойш олимпоос медаль аваагүй, 1975 оноос хойш дэлхийн аварга төрөөгүй. Медаль аваад байдаг, аварга төрдөггүй.

Би өөрөө тамирчин байж байгаад дасгалжуулагч болсон хүн. ДАШТ-д долоо, олимпод нэг удаа орсон. Жингийнхээ шилдгүүдтэй боломжийн өрсөлддөг байсан ч том тэмцээн дээр нэг л болж өгдөггүй. Тэгээд дасгалжуулагч болсныхоо дараа учир нь юунд байдаг юм бол гэж их бодсон л доо. Эцэст нь “Өсвөр, залуу тамирчдаа дэлхийн түвшинд бэлтгэх ёстой юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Ингэж дүгнэх болсон шалтгаан нь юу байв?

-Монголын эрэгтэй чөлөөт бөхөд 2012 оноос хойш залуучуудын дэлхийн аварга төрөөгүй. 1993 оноос хойш өсвөрийн дэлхийн аварга байхгүй. О.Эрдэнэцогт гэдэг ах авч байсан, түүхэндээ өсвөрийн ганцхан дэлхийн аваргатай, манайх. Гэтэл сүүлийн гурван олимпын аваргуудыг судлаад үзэхэд өсвөр, үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насанд тогтмол өндөр амжилт гаргаж ирсэн бөхчүүд байдаг. Эндээс л тогтолцоо буруу явж байгаа юм байна гэдэг эхний бодол, дүгнэлт гарч байгаа юм л даа.

Чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын лигийн тэмцээн.

Ер нь жүдо, бокс ч ялгаагүй, өсвөрийн дэлхийн аварга байхгүй. Энэ чинь л олимпод очоод бат түрүүлнэ, медаль авна гэж найдах тамирчин гарч ирэхгүй байх шалтгаан болоод байгаа юм. Тэгээд лигийн тэмцэний талаар бодож эхэлсэн. 2017 оноос хойш бөхийн хүрээнийхэнтэйгээ ихэнхтэй нь л уулзаж ярилцсан даа. Зарим нь гоё санаа хэлнэ, тэрийг нь тэмдэглэж авна аа.

Хамгийн сүүлд Токиогийн олимпоос төрсөн зургаан аваргын тав нь өсвөрийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олимпын аварга гэсэн замналтай. Өөрөөр хэлбэл олимпын аварга бол өсвөр үедээ л аварга байдаг юм байна гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу. Энэ чинь нөгөө талаас, өсвөрийн дэлхийн аваргад амжилт гаргаагүй бөх цаашдаа олимпын аварга болох магадлал маш бага гэдгийг харуулж байгаа хэрэг.

Тэгэхээр бидний хийсэн эхний дүгнэлтийг Токиогийн олимп бүрэн баталсан нь ажлаа шуурхайлах том хүчин зүйл болсон. Харин хэрэгжүүлэх тал дээр бид АНУ-ын NCAA буюу их, дээд сургуулийн чөлөөт бөхийн лигийн загварыг судалсан. Тэнд яадаг вэ гэхээр, хүүхдүүд үндсэндээ 15-22 насандаа л тамирчин хүний туулах ёстой замналыг туулдаг.

-Америк бөхчүүд NCAA-д байх хугацаандаа л маш өндөр түвшинд хүрчихдэг, чөлөөтийн шигшээд багтаж, олимп, дэлхийд барилдахгүй байлаа ч холимог тулаан, бусад төрлүүдээр өндөр амжилт гаргах хэмжээнд бэлтгэгдсэн байдаг шүү дээ?

-Токиогийн олимпын аварга Гэйбл Стивенсон гэж залуу бүр бага, 5, 6 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн байгаа юм. Тэгээд өсвөрийн дэлхийн аваргад хоёр, залуучуудын ДАШТ-д нэг түрүүлсэн. Насанд хүрэгчдийн ДАШТ-д орж үзээгүй залуу Токиогийн олимпод очоод түрүүлж байгаа байхгүй юу. Энэ залуу өөр яасан бэ гэхээр, Highschool, NCAA буюу дунд сургууль, коллеж, их сургуулийн түвшинд маш олон удаа түрүүлсэн.

NCAA систем буюу байнгын тэмцээнтэй байх тогтолцоо нь бөхчүүдийг сайжруулдаг юм байна, эндээс гарч ирсэн бөх шууд олимп, дэлхийд түрүүлэх хэмжээнд очдог юм байна гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

АНУ-д есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэхэд л тэмцээн нь хамт эхэлж, гуравдугаар сар хүртэл долоо хоног болгонд сургууль, клубуудын уулзалт, халз барилдаанууд үргэлжлээд явчихдаг. Японд бас яг адилхан. Тэгэхээр ингэж их барилдаад, туршлагажсан хүүхдүүдтэй манай хүүхдүүд өрсөлдөх боломж маш бага.

Манайхан бол есдүгээр сард хичээл нь эхэлж, хичээл ном гэж явсаар байгаад дараа жилийнх нь гуравдугаар сард үлгэн салган улсын аваргадаа ороод, тэнд түрүүлсэн нь шууд тив, дэлхийд очиж барилддаг. Гэтэл гадныхан өвлийн зургаан сар тасралтгүй бэлтгэлтэй, энэ хоорондоо алдаж, оночихсон хүүхдүүд байгаа учраас ялах боломж маш бага.

-Тэгээд өсвөртөө амжилт гаргаагүй болохоор залуучууддаа ч гавихгүй, насанд хүрэгчдийн түвшинд очихоороо олимпын аварга боломж магадлал ч муу байдаг байх нь?

-Үндсэндээ гаднын хүүхдүүдийн 15-18 насандаа туулдаг тэр амьдралд манай хүүхдүүд 20-22 насандаа дөнгөж хүрч очиж байгаа юм.

-Тэмцээний нягтралын хувьд, тийм үү?

-Яах вэ, шигшээ багт ороод, цалинтай болоод, тэмцээний зардлын ачаалал буураад гэх мэтээр хөнгөрдөг гэсэн үг. Бас учир зүггүй олон тэмцээнд орж чадахгүй шүү дээ. Гэсэн ч манай монгол хүүхдүүдийн потенциал бол аймаар байгаа байхгүй юу.

Шигшээ багт бэлтгэл хийж, гадны хэдэн тэмцээнд орж, том цугларалтад гарч үзээд ирэхэд л дөрвөн жилийн дотор шууд амжилт гаргаад эхэлчихэж байгаа юм. Манай Т.Тулга, М.Лхагвагэрэл гээд сүүлд ДАШТ-ээс медаль авсан залуучууд яг энэ жишгээр явсан. 18-тайдаа шигшээ багт ирээд 4-5 жил бэлтгэл хийхэд яалт ч үгүй ДАШТ-ээс медаль авч байна.

-Тэгэхээр, одоогийн нөхцөлд ийм байгаа юм чинь өсвөр, залуучууддаа сайн бэлтгэчихвэл амжилт бүр өсөх нь ээ?

-Бидний лигийн тэмцээн зохион байгуулж байгаа зорилго яг энэ. Өсвөр тамирчдаа долоо хоног болгонд тэмцээнтэй, зорилготой байлгая, өвөлжингөө алдаг оног бэлтгэл хийгээд байх биш, долоо хоног болгон тэмцээнд ороод, өрсөлдөгчөө судлаад толгойгоо ажиллуулж байх нөхцлийг үүсгэе гэж зорьсон. Тэгсэн байхад хүүхэд өөрөө хөгжөөд ирдэг. Намайг “Хангай” клубт чөлөөт бөхөөр хичээллэж эхэлж байхад Д.Оюунболд багш маань тэмцээнд маш их авч ордог байсан, тэр хэрээр бид хөгжиж, сайжирч байсан.

-Чөлөөт бөхийн өсвөр залуучуудын анхны лигийн талаар манай уншигч, спорт сонирхогчдод мэдээлэл өгөөч?

-Өсвөр насанд 10 багийн 100 тамрирчин, залуучуудад есөн багийн 90 тамирчин байгаа. Дээрх нь давхардаад нийтдээ нэг 240 орчим тамирчин орж байгаа. Лиг зохиогдох хоёр сарын хугацаанд өсвөрийн бөхчүүд тус бүртээ 10, залуучууд нь есөн удаа барилдана. Сүүлд хамгийн өндөр амжилттай бөхчүүд медалийн төлөө дахиад барилдана. Эхэлж ялагдсан хүүхэд сүүлд сайжирсан байж болох учраас өөрийгөө дайчилж чадсан хүүхдүүдэд боломж өгч байгаа юм. Шигшээ тэмцээн гуравдугаар сарын 2 буюу ирэх дүрэв гарагт Спортын төв ордонд 18.00 цагаас эхэлнэ.

Лигийн тэмцээн зохиогдсоноор, орж байгаа 240 хүүхэд долоо хоног бүр тэмцээнтэй, зорилготой, тэрийгээ дагаад 20, 30 багш бас долоо хоног болгон ажлынхаа үр дүнг үзэх нь байна. 20 гаруй шүүгч хамрагдаж байгаа. Тэдний маань ур чадвар бас ахина. Дам байдлаар чөлөөт бөхөө сурталчилж, эцэг эхчүүдийн оролцоо бас сайжрах байх. Хүүхдийнхээ юу хийгээд байгааг ядаж нэг удаа ирж үзэж таарна шүү дээ. Найз нөхөд, сургуулийнхан нь ирж дэмжсэнээр хамрах хүрээ нэмэгдэнэ. Энэ мэтчилэн их олон юм харах юм.

-Тэмцээн зохион байгуулахад зардал гэж том даваа байдаг. Энэ давааг хэрхэн давж байна вэ?

-Төсөл байхаас нь эхлээд хамтарсан Эрдэнэбаатар, Б.Батжаргал гэдэг хоёр найзтайгаа зардлаа босгосон. н.Эрдэнэбаатар ах маань манай холбоонд ажиллаж байсан, чөлөөт бөхөд сэтгэлтэй хүн. Б.Батжаргал найз маань Хакухо аваргын эгчтэй суусан, хүргэн ах нь. “Хакүхо цом” гэж тэмцээнийг нь хийдэг, тэмцээн зохиох туршлагатай. Энэ хоёртойгоо нийлээд санхүүжилтийнхээ 30, 40 хувийг олоод л зориглоод эхлүүлсэн. “Хакүхо сан”-гаас бас дэмжсэн.

Ингээд эхнийхээ тэмцээнийг хийхээр олны анхаарлыг татаад, хүмүүс орж ирж байна. Тэмцээн 10 тойрог явах ёстой. Эхний тойргийн зардлыг сүүлийн хоёр ДАШТ-ээс медаль авсан Т.Тулга, З.Занабазар, Н.Наранхүү, М.Лхагвагэрэл нар маань даасан. “Бид нар өсвөр залуу үеэ дэмжье ээ, багш аа” гээд өөрсдөө ороод ирж байгаа юм. Хоёрдугаар тойргийн зардлыг Монгол Улсын залуу арслан Б.Орхонбаяр, гуравдугаар тойргийг манай мастеруудын холбоо, дөрөв, тавдугаар тойргийг Америк дахь монголчууд гэх мэтээр ивээн тэтгэж байгаа.

АНУ-д их сургуульд багшилдаг, NCAA –д барилдаж байсан Санжаагийн Ганбаяр гэж залуу байдаг. Түрүүнд ярьсан АНУ-ын чөлөөт бөхийн судалгааг хийж өгсөн залуу.

Дашрамд, Японы судалгааг бас чөлөөтөөр барилддаг байсан, одоо Японд их сургуульд багшилдаг н.Баяраа маань хийж өгсөн. Бид тэмцээнээ жин үзэлт, эмч, шүүгч гээд яг стандартын дагуу өндөр хэмжээнд зохион байгуулж байна. Ер нь аливаа зүйлийг хийе гэсэн сэтгэл байхад болгодог юм билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Амар
Амар
2023-02-25 11:14

Батзоригын утас байна уу. Хүүгээ шавь оруулья

Зочин
Зочин
2023-02-26 16:20

Жинхэнэ орчин үеийн, шинжлэх ухааны үндэстэй, шинэ хандлага, дэлхийн жишиг гэдэг энэ байхгүй юү !
Манай з�##�уучууд сайн бна, амжилт хүсье !

Холбоотой мэдээ

Back to top button