ДЭЛГЭРЭНГҮЙ: Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөрүүд
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэв. Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар тоймловол:
САНГИЙН ЯАМ: Дагуул хот байгуулж, орон сууцны хангамжийг нэмнэ
- Дэд бүтцийг өргөтгөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, экспортыг нэмэгдүүлнэ
- Аж үйлдвэрийг дэмжих, санхүүгийн зах зээлийг либералчлах, дагуул хот байгуулж, орон сууцны хангамжийг нэмнэ
- Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ
- Орон нутгийн дэд бүтцийг өргөтгөх, шинэчлэх, боловсролын тогтолцоо, чанарыг сайжруулна
- Эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ
- Засаглал, төрийн ил тод, цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ: 10 аймгийн төвд дулааны станц барина
- Эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бий болгоно.
- Улаанбаатар хотын гэр хорооллын барилгажилттай уялдуулан алслагдсан бүсүүдэд дулаан хангамжийн систем байгуулна
- Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Чойбалсан, Эрдэнэт, Дулааны гуравдугаар цахилгаан станц, Амгалангийн дулааны станцыг өргөтгөнө.
- Тавантолгойд дулааны цахилгаан станц, 10 аймгийн төвд дулааны станц барина.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ: Ярант-Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөнө
- Шат дамжлага, давхардлыг арилгаж, уян хатан, оновчтой удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлнэ.
- Ингэснээр эдийн засгийн үр дүнтэй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэх эрх зүйн болон эдийн засгийн зохицуулалттай болно.
- Бодлогод суурилсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зохицуулалт бий болгоно.
- Эдийн засгийн өсөлтийг хангах чанартай, хүртээмжтэй үндэсний зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөтгөн хөгжүүлж, эрэлт, хэрэгцээнд нийцсэн аюулгүй, тогтвортой тээврийн сүлжээ бий болгож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизм бүрдүүлнэ.
- Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46 км төмөр замыг ашиглалтад оруулна.
- Сайншанд-Хөөт чиглэлийн 433 км, Хөөт-Бичигт чиглэлийн 234 км замыг барьж эхэлнэ.
- Дорнод, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмж, Баруун-Урт, Тосонцэнгэл, Булган, Өвөрхангай, Ховдын Булганы нисэх буудлын хөөрч буух шороон зурваст их засвар хийнэ.
- Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд, Ярант-Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам барьж эхэлнэ.
- Ирэх дөрвөн жилд улсын хэмжээнд 1800 км хатуу хучилттай авто зам барина.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ: Монгол Улс, ОХУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулна
- 2021-2025 онд Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулна.
- Монгол Улс, ОХУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах болон бусад улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тусгасан байна.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ: Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гудамж, зам талбайг камержуулна
- Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр батлуулна.
- “Иргэдэд үйлчлэх танхим”-ыг нийслэл, орон нутагт байгуулна.
- Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гудамж, зам талбайг камержуулна.
- Мөн харьяа байгууллагууд болон албан хаагчдын орон сууц зэргийг шинээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ: Тэтгэврийн зөрүүг арилгана
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээллийн технологийн чадавхийг бэхжүүлж, бүрэн цахимжуулна.
- Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Тэтгэврийн олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлж, тэтгэврийн зөрүүг арилгана.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ: Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна
- Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл болон Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг батлуулна.
- Хотын болон сумын төвийн инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулж, “Бичил дэд төв” төсөл хэрэгжүүлнэ.
- Гангийн үйлдвэрийг дэмжиж, шилний үйлдвэр байгуулна.
- Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ: Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно
- Ирэх дөрвөн жилд таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна.
- Сургууль шинээр барих, шинэчлэх, өргөтгөх зэрэгт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.
- Төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэн, сургалт, судалгааны чанарыг сайжруулна.
- Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
- Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ.
- Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёлын төв болгох бодлого хэрэгжүүлнэ.
- Үндэсний урлагийн их театр, “Чингис хаан”, Байгалийн түүхийн музей, Хүүхдийн соёл, хөгжлийн төв, Соёл, урлагийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт зэргийг барьж ашиглалтад оруулна.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ: Малчдыг орон сууцжуулах аян өрнүүлнэ
- Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж “Монгол малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлнэ.
- Сум бүрт малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг тодорхойлох, баталгаажуулах лаборатори байгуулна.
- Аймаг бүрт малын гаралтай түүхий эд ангилан хадгалах агуулах барина.
- Малчдыг орон сууцжуулах аян өрнүүлнэ.
- Хүнсний ногооны дотоодын хэрэглээг жилийн турш тогтвортой хангана.
- Газар тариалангийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг тухай бүр хийж, усалгаатай тариаланг хөгжүүлнэ.
- “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ: Асгат Салхитын мөнгөний орд зэргийг ашиглалтад оруулна
- Зэсийн баяжмал боловсруулах, алт цэвэршүүлэх, газрын тос боловсруулах, нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр байгуулна.
- Асгат Салхитын мөнгөний орд зэргийг ашиглалтад оруулна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ: Хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг ес хүртэл хувиар бууруулна
- Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлнэ.
- Монгол хүний дундаж наслалтыг 74-т хүргэнэ.
- Эхийн эндэгдлийн түвшинг 10 мянган амьд төрөлтөд 20, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 12, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 11 болгож бууруулна.
- 10 мянган хүнд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 16, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг ес хүртэл хувиар бууруулна.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ: Жуулчдын тоог 1.5 сая, салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэнэ
- Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авна.
- Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно.
- Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, түлш борлуулах, түгээх, сүлжээний хэвийн байдлыг хангана.
- Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлж, бага, дунд оврын уурын зуухуудыг буулгаж, төвлөрсөн системд холбоно.
- Ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлж, нийт нутаг дэвсгэрийн 8.3 хувьд хүргэнэ.
- Жуулчдын тоог 1.5 сая, салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.