Энтертайнмент

ART PODCAST: “Хэц” киног 48 цагт хэрхэн бүтээсэн бэ

Өнгөрсөн амралтын өдөр /2019.10.12/ 48 цаг олон улсын кино наадам 10 дахь жилдээ болж өнгөрлөө. Уг наадамд оролцож тэргүүн байр эзэлсэн Талх-77 багийн продюсер А.Тэргэл, Л.Базарсад болон уг кинонд зохиолчоор ажилласан сэтгүүлч Б.Гэрэлмаа миний бие хамтдаа гурвалсан яриа өрнүүлэв.  

https://soundcloud.com/artpodcastmongolia/48-tsagt-khets-kinog-kherkhen-bteesen-be

УРАН БҮТЭЭЛЧДЭД МАШ ИХ БОЛОМЖ НЭЭГДДЭГ ГЭДГИЙГ МЭДЭЭД БОГИНО ХУГАЦААНД БАГАА БҮРДҮҮЛСЭН

-Энэ удаа өөрийн давуу талыг ашиглан 48 цаг кино наадамд орж түрүүлсэн өөрийн баг болох Талх-77-ийн залуустайгаа 48 цагаа хэрхэн өнгөрүүлсэн тухай ярилцана. Юуны өмнө уран бүтээлчдийг 48 цагт зөвхөн уран бүтээлдээ анхаарал хандуулах бүх нөхцөл бололцоогоор хангасан продюсер А.Тэргэлээсээ асууя. Яагаад 48 цаг кино наадамд оролцохоор болж, хэрхэн багаа бүрдүүлэв?

А.Тэргэл: Сайн байцгаана уу. 48 цаг кино наадмын өмнө жилүүдийн кинонуудыг үзээд л явдаг байсан. Яагаад ч юм сонирхогчдын наадам гэж боддог байсан ч 48 цаг олон улсын наадамд амжилттай оролцоод ирсэн “Бид хэд нэгдэл”-ийн Дашдооровтой цуг энэ зун ажиллах боломж олдсон. Бид хол замд 48 цаг кино наадмын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлж, мэргэжлийн уран бүтээлчид орох боломжтой юм байна, уг наадамд оролцсоноор уран бүтээлчдэд маш их боломж нээгддэг юм байна гэдгийг олж мэдсэн. Ингээд энэ жилийн наадамд оролцоно гэсэн зорилготой байгаад фэйсбүүк дэх мэдээллийг нь олж харсан. Юуны өмнө багаа бүрдүүлэх асуудал тулгарсан. Бүгд л урдах урдах ажлаа маш сайн хийдэг, богино хугацаанд чанартай ажиллах чадвартай хүмүүсийг цуглуулах чухал. Зохиолч, зураач, мэйк ап артист – стилист, жүжигчид, найруулагч, эвлүүлэг гээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлээд, наадамдаа бүртгүүлэх ажилдаа орсон.

-Манай багийн зарим гишүүд өөрсдийн гэсэн студид хамтран ажилладаг шүү дээ. Өмнө ажиллаж байсан томоохон уран бүтээлүүдээс дурдахгүй юу?

А.Тэргэл: Манай багийн Тэргэл миний бие, Базарсад, Тэмүүжин нар нь “Монгал филм продакшн”-ий уран бүтээлчид. Бид өмнө нь Дува кино наадамд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлж байсан. Ихэвчлэн  энертаймент чиглэлд ажилладаг гэж хэлж болно. Дуучдын клип, реклам, зар сурталчилгаа зэрэг видео, фото контентууд бүтээх чиглэлд ажилладаг.

-Харин “Талх 77” багийн найруулагч, зураглаачаар ажилласан Базарсад өөрийн өмнөх туршлагуудаасаа танилцуулахгүй юу. Та өөрийн уран бүтээлч хамтрагчидтайгаа хоёр ч удаа үзэсгэлэн гаргаж байсан шүү дээ?

Л.Базарсад: Миний бие Радио телевизийн дээд сургуульд 2008 онд элсэн орж, 2012 онд Дэмидийн Хишигт найруулагчийн шавь болж төгссөн. Үүндээ маш их талархаж, бахархаж явдаг. Энэ сайхан багшийнхаа шавь болж төгссөндөө азтай гэж боддог. 2012 онд сургуулиа төгссөнөөсөө хойш яг л мэргэжлээрээ дагнан ажиллаж яваа. Төгссөн жилээ Дүрслэх урлагийн сургуулийн хоёр зураач залуутай ааваараа дамжуулан, азаар танилцсан. Аав Энхчулуун, Мөнхжаргал гэж монгол зургийн нэг ангийн хоёр залуутай танилцуулахдаа “Та нар залуу улс, нийлээд сайхан юм хий” гэж хэлсэн. Бид 2013 оны өвөл танилцсаныхаа дараа тухайн жилдээ “Далд төрх” нэртэй видео болон фото арт үзэсгэлэн гаргая гэж ярилцан, гаргаж байсан. Үүний дараа СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн 70 жилийн ой болж, бид тэдэнтэй хамтран ажиллах боллоо. Урнаа захиралтай хамт олонтой нэг баг болон ажиллаж “Алтан огтлол” нэртэй 60 минутын арт киног дүрслэхийн багш нарыг оролцуулан хийсэн. Үүний хоёрдугаар консепт болгон “Далд төрх 2” фото арт үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Зураачидтай хамтран ажиллаж, тэдний хардаг өөр нэгэн ертөнцийн зах зухаас таньж мэдсэн тул арт тал руугаа илүү хэлбийх хандлагатай болсон гэж хэлж болно. Ингээд хоёр жилийн өмнөөс Тэргүүлэн, Тэмүүжин хоёртойгоо нийлж, медиа контент хийхээр зориглон студиэ байгуулан ажиллаж байна.

БЭЛТГЭЛ АЖЛЫН ҮЕЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭЭГҮЙ, АЛГАССАН ЖАНРАА СУГАЛСАН

-Уран бүтээлчид аливаа тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө сориход мэдээж дотооддоо айдастай, догдлолтой байдаг. Нөгөөтэйгүүр, 48 цаг кино наадам 10 дахь жилдээ Монгол улсад зохион байгуулагдаж байгаа гэдэг нь ямар чансаатай наадам болохыг нь батлан харуулах мэт. Уг кино наадамд оролцох саналыг танд Продюсер тавьсан уу?

Л.Базарсад: Тиймээ. Тэргэл энэ саналыг анх гаргасан. Зарлалыг нь хожимдож олж мэдсэн ч “Оролцъё” гэж шийдсэн даруйдаа багаа маш богино хугацаанд бүрдүүлсэн. Маш сайн баг бүрдсэн гэж бодож байна. Бүгд өөр өөрийн хийх ажлыг яс тас хийсэн. Манай залуусын алддаг нэг зүйл бол бүгдийг өөрөө хийх, бүгдийг өөрөө чадах гэдэг явдал. “All In” байх нь болохгүй гэдэг зарчмаар салбар бүрийн хүнийг цуглуулсан учир маш сайн баг бүрдсэн болов уу. 48 цаг кино наадам ч маш сонирхолтой. Зохион байгуулагч “48 цагийн хугацаанд хүний тархинаас юу тэсэрч гарахыг харах нь сонирхолтой байдаг” гэж хэлж байсан. Яг тийм. Өөрсдийгөө сорихоор оролцоод амжилт гаргасандаа баяртай байгаа.

-Магадгүй ирэх жилийн 48 цаг кино наадамд оролцох залууст хэрэгтэй болов уу гэж бодон дараагийн асуултыг асууя. Бидний хувьд 48 цагт бэлтгэх бэлтгэл ажил гэж хийсэн. Кино наадмаас өгөгдөл болгон сайтдаа байршуулсан 30 гаруй жанраас аль нь ч ирж магадгүй тул жанр бүрийг ярилцаж сууснаа дундаас нь шантраад больчихсон. Тухайлбал, драма төрөл сугалвал яах билээ гээд ярилцах гэснээ “За за, түр алгасаад дараагийнхныг нь ярьж байя” гээд орхисон байх жишээтэй. Тэгэхээр 48 цаг эхлэхээс өмнө юун дээр анхаарч ажиллавал зохистой гэж та хоёр бодож байна?

А.Тэргэл: Бид нэг алдаа гаргасан. 30 жанр ямар байх тухай мэдээлэл тэмцээн эхлэхээс 5-6 хоногийн өмнө зарлагдсан. Бидний хувьд оройтож багаа цуглуулсан тул жанрууд дээр хэлэлцүүлэг хийж, зохиолоо гаргаж чадаагүй. Сэдвээ сугалахаас өмнөх өдөр нь бид уулзаад “За, 30 жанр дээрээ жижиг жижиг санаа гаргаад явбал 48 цагаасаа маш сайн хэмнэнэ” гэж тохирсон. Гэвч 30 жанрыг нэг өдрийн дотор ярих боломж тун хомс тул байж болох хамгийн хүнд жанруудыг нь авч ярилцсан. Тухайлбал, cowboy, musical гэх мэт бидний хувьд хүнд гэсэн сэдвүүдээ ярилцаад саллаа. Гэтэл маргааш нь сэдвээ сугалахад “Энэ ч ирэхгүй дээ” гэж ярьж ярьж алгассан сэдэв маань гараад ирсэн. Магадгүй багаа эрт цуглуулсан бол 30 жанр бүр дээр агуулгаа яриад тогтчихвол сандрал их бага байх байсан болов уу.

-Магадгүй цаг их хэмнэх давуу тал болдог юм билээ. Шөнийн 2-3 цагийн нойр ч уран бүтээлчдэд их чухал болж байсан шүү дээ.

А.Тэргэл: Тийм шүү. Багаар ажиллаж л байгаа бол мөн ажил үүргийн хуваарийг маш сайн гаргаж чухал юм билээ. Тухайлбал, зохиол гарч байх үед эвлүүлэгчээ тэнд ядраагаад л суулгаад байх шаардлагагүй байж л дээ. Эвлүүлэгч, найруулагч, зураглаачаа амраагаад, тухайн үед зохиолч өөрөө зохиолоо бичээд, зураг авалт эхлэх үед зохиолч амрах гэх мэт дүрмээр явбал зөв санагдсан. Өөрийн хэрэгтэй хэрэгтэй үедээ л ажиллахгүй бол 48 цагийн хугацаанд махраад зүтгэхээр сүүлийн өдөр ажлын бүтээмж их мууддаг юм билээ.

48 ЦАГ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ТУСЛАХ БОЛОМЖТОЙ ЖҮЖИГЧДИЙН НЭРС ГАРГАЖ, ЯРЬЖ ТОХИРОЛЦСОН БАЙСАН

-Найруулагчийн хувьд бэлтгэл ажлыг хэрхэн хангах нь зүйтэй гэж дараагийн оролцох багууддаа зөвлөх вэ? Нөгөөтэйгүүр, бидэнд алдаа оноогоо дэнслэх боломж олдож байна.

Л.Базарсад: Багш нар маань ч хэлдэг байсан. Нэг мундаг найруулагч сэтгүүлчтэй уулзаад “Киногоо хийж дуусгасан” гэжээ. Сэтгүүлч “Тэгээд таны кино байна вэ” гэж асуутал зохиолоо гаргаж ирэн ширээн дээр тавиад “Энэ байна, одоо зөвхөн зураг авалт л үлдсэн” гэж хэлдэг. Энэ зарчмаар явбал их зүгээр. Зохиолоо маш нарийн төлөвлөж, түүнийгээ цаасан дээр буулгачихсан байхад зураг авах, дүрсэн дээр буулгах гайгүй. Хамгийн хэцүү зүйл бол цаасан дээрх киног бий болгох. Үүн дээрээ л сайн ажиллаарай гэж захья.

-Манай багийн хувьд бөөндөө шөнөжин сууж зохиолоо ярилцаж гаргасан шүү дээ. Киноны зураач Мөнхжаргал анхны санааг гаргаж, гишүүн бүрийн эд эс шингэсэн кино зохиол бүтсэн. Миний хувьд кинонд зохиолчоор ажилласан хэдий ч багаараа ярилцсан зохиолоо буулгаж, найруулах ажлыг л нугалсан. Харин багийнхан өглөө зохиолоо аваад шууд зургандаа гарч, би гэртээ харьж унтсан. Одоо бид зохиол бүтсэний дараагийн үе буюу жүжигчдээ сонгосон туршлагаа хуваалцах уу?

А.Тэргэл: Өмнө хэлсэнчлэн сэдэв сонгохын өмнөх өдөр уулзаж, бэлтгэл хийхдээ ярилцаад ямар ч сэдэв сугалсан бай, бидэнд туслах боломжтой жүжигчдийнхээ жагсаалтыг эрэгтэй, эмэгтэйгээр нь гаргасан. Үүнийхээ хажууд хэн нь ямар дүрд тохирох вэ гэдгийг ч бичлээ. Ингээд бүгд рүү нь яриад “Бид 48 цаг кино наадамд оролцох гэж байна шүү, оролцон тоглох боломжтой юу, өөр багт битгий ороорой” гээд захьчихсан. Сэдэв сугалж, зохиол гарсны дараа бидний төлөвлөсөн жүжигчдээс хэн нь тохирохыг хялбархан олж, утсаар ярихад маш эелдгээр хүлээн авч оролцож өгсөн. Дүр сонголтын хувьд Базраа ярих болов уу.

Л.Базарсад: Дүр сонголтын тал дээр 48 цаг кино наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсан Бямбасүрэн гэж жүжигчин залууг сонгосон. СУИС-ийг төгсөөд Дундговь аймгийн театрт жүжигчнээр ажиллаж байгаад сүүлийн 2-3 жил тэндээ туслах найруулагчаар ажиллаж буй, саяхан ОХУ-руу “Ууганхүү” жүжгээрээ тэмцээнд оролцоход гол дүрд нь тоглосон. Бямбаа бидний зохиолд яг л таарахаар байсан, бид ч саналаа тавьсан, манай хүн ч маш нээлттэй, эерэгээр хүлээн авч орсон. Эмэгтэй дүрдээ УДЭТ-ын жүжигчин Золзаяаг бид сонгож, саналаа тавихад мөн л маш сайхнаар хүлээн авсан.

-Жүжигчнээ сонгосны дараагийн үе бол яах аргагүй зураг авалтын талбай сонгох ажил шүү дээ. Ахынх маань хоосон билүү, эмээгийнх яалаа, найзынх тохирох билүү гээд л бүгд л боломжит талбайг хайж байсан. Ер нь зураг авалтын талбайгаа хэрхэн төлөвлөвөл зүгээр вэ? Манай зураг авалтын талбай тухайлбал киноны санаатай хэрхэн уялдаж байв?

Л.Базарсад: Зураг авалтын талбайгаа урьдчилаад олчихсон байвал их зүгээр юм билээ. Мюзикл байсан ч авч болохоор, гэрлээ тавиад комеди авсан ч болохоор, халаасандаа 1-2 талбай төлөвлөөрэй. Бидний хувьд драма сугалсан тул зохиолтойгоо уялдуулаад нэг байшин хэрэгтэй болсон. Гэр хороололд байх жирийн нэг дундаж амьдралтай айлын гэр бодож байгаад Тэргэлийнхээ эмээгийнд зураг авалтаа хийсэн. Зураг авалтын талбайдаа зохиолтойгоо нийцэхүйц орчин бүрдүүлнэ гэдэг дараагийн асуудал бий. Гял цал ч бай, муухай ч бай зураач бий учир өөрийн мэргэжлийн ажлыг хийж кино орчин болгож чадсан.

48 ЦАГТ ИРДЭГ КИНОНУУДЫН ДУУ ИХЭВЧЛЭН ГОЛОГДДОГ ТУЛ МАШ ИХ АНХААРАХЫГ САНУУЛСАН

-Зураг авалт хэдэн цагийн хугацаанд үргэлжилсэн бэ?

Л.Базарсад: Оройн 19 цагт сэдвээ сугалж авснаас хойш, өглөөний 09 цагаас эхлэн шөнийн 02 цаг гэхэд зураг авалт дууссан. Ингээд маргааш нь эвлүүлэг, пост продакшн дээрээ суусан.

-Зураг авалт явж байхад эхнээс нь гарсан дүрсүүдээ эвлүүлэгчдээ өгөх боломж байсан уу?

Л.Базарсад: Энэ их чухал. Гэхдээ багийн хүний нөөцөөс шалтгаална. Туслахууд байх нь их зүгээр санагдсан. Бидний хувьд зургаахан хүн ажилласан учир яг эвлүүлэгч рүүгээ дүрсээ өгөх цаг байгаагүй, маргааш өдөр нь бүтэн сууя гэдэг төлөвлөгөөтэй ажилласан. Уг нь эхнээс дүрсээ өгөөд байвал өнгө шүүлтээ хийх, дуу амыг нь таруулах, дууны найруулгыг нь хийгээд давхар хийж байвал зүгээр.

А.Тэргэл: Бидний гаргасан бас нэг алдаа бол энэ байсан. Туслах байгаагүй учир эвлүүлэгч маань бүүм оператор хийсэн. Тиймээс ч дүрсээ аваад явах ямар ч боломж байгаагүй. Хэрэв бидэнд 2-3 туслах байсан бол нэг нь гэрлийг нь, нэг нь бүүм оператор хийгээд явах боломж байж.

-Манай баг шилдэг дууны найруулга шагналыг авсан шүү дээ. Миний хувьд 48 цаг кино наадамд ирсэн бүтээлүүдийг Тэнгис кино театрт үзүүлэхэд очиж үзсэн. Ингэхэд дууны хувьд яах аргагүй ялгарч сонсогдсон. Мэдээж бусад багууд ч энэ тал дээрээ анхаарч ажилласан нь лавтай. Манайх яаж ажилласан болоод дууны хувьд ийм түвшинд байв? Ахиад л дараа дараагийн залууст хэрэгцээтэй болов уу гэж энэ мэдээллийг өгье.

Л.Базарсад: Дуу гэдэг яах аргагүй 50 хувь. Аймшгийн кинонд хичнээн аймар дүрс авсан ч инээдмийн дуу тавьчихад тэр хүн айхаа больдог гэдэг шиг жүжигчний уран чадвар, найруулагчийн уран чадвар дээр нэмэгдэл болж сэтгэгдэл, мэдрэмж төрүүлж байгаа зүйл бол яах аргагүй дуу. Бид дуугаа их чухалчилж, чадах чинээгээрээ сайн ажилласан. Би саяхан Польшийн нэг найруулагчийн ворк шопод суусан. Хүмүүс тэр хүнээс маш их зүйлийг асууж байсан хамгийн чухал зүйл бол зохиол, хичнээн сайн камер техник байгаад стори муу бол хэн ч үзэхгүй гэсэн. Хоёрдугаарт, тэр хүн дууны тухай ярьсан. Магадгүй хүмүүс үйл явдал, зураг авалт хөөж яваад гол зүйлсээ мартдаг тул тэр хүн тэгж хэлсэн байх магадлалтай.

А.Тэргэл: Дуундаа маш сайн анхаарах болсон шалтгаан бол 48 цаг кино наадмын техникийн хурал байсан. Уг хурал дээр зохион байгуулагч жичийн жич гэж байгаад сануулсан. “Манайд ирж байгаа кинонуудын дуу маш их гологддог шүү” гэж бараг л 3-4 удаа хэлсэн. Тиймээс бид хүнийг хэлсээр байхад алдахгүй шүү гэж чадлаараа ажилласан.

-Зургийн талбай дээр бид тийм өндөр хэмжээний, олон тооны техникгүй байсан ч зураг авалтаа маш эвтэйхэн шийдэж өгсөн. Яг ямар ямар техникүүдтэй ажилласан тухайгаа дурдвал?

Үргэлжлэлийг ART PODCAST MONGOLIA сувгаас сонсоно уу.

Б.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button