НИЙГЭМ

Монгол, Хятадын дипломат харилцааны 70 жилийн ойн шуудангийн марк худалдаанд гарлаа

“Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд нээлээ. 

Уг ёслолд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны хүмүүс оролцов.

Хоёр орны дипломат харилцааны түүхийн бэлэг тэмдэг болсон ойн шуудангийн маркийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Шадар сайдын санаачилгаар Монгол шуудан компаниас эрхлэн гаргаж буй.

Тус марк нь Монгол Улс 1924 онд анхны марк гаргаж байснаас хойшхи 1,052 дахь дугаарын сэдвийн марк болжээ.  Монгол, Хятадын ирээдүй, хойч үе болсон Үндэсний хувцастай бяцхан хүүхдүүд,  хоёр орны төрийн далбаа,  улсын нэрийн бичвэр, улс үндэстний онцлогийг шингээсэн хээ хуарыг марканд дүрсэлж, 12,000 сер, 6,000 анхны өдрийн дугтуйны хамтаар хэвлэж, худалдаанд гаргажээ.

Энэхүү шуудангийн марк нь "Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн манай хоёр орны харилцааны бэлэгдлийн эд өлгийн зүйл болж, марк сонирхогчдын үнэт цуглуулга, дэлхийн улс орнуудад түүхийн сурталчилгаа, хойч үед өвлөгдөн үлдэх бүтээл болох нь гарцаагүй" гэж Шадар сайд Ө.Энхтүвшин тодотгов.

Элчин сайд Шин Хаймин энэхүү үйл явдлыг Монголын ард түмнээс манай ард иргэдэд хандан ирүүлж буй том хүндэтгэл хэмээн тодорхойлсон юм.

Сайд нар “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” шуудангийн маркийн анхны дугтуйд гарын үсэг зурж Монгол маркийн музейд хадгалуулахаар болов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button