Top StoriesНИЙГЭМ

Овоорсон шороо болж, олон амьдралыг үгүй хийж мэдэх чанаргүй барилгууд

Турк-Сирид болсон газар хөдлөлтийн улмаас их хэмжээний барилга байшин нурж, олон сая хүн бэртэж, гэмтэж, амиа алдсан харамсалтай хэрэг болсон. Байгалийн гамшгийг даван туулах чадваргүй, чанаргүй барилгуудыг барьсан нь их хэмжээний хохирол гарах шалтгаан болсныг дээрх үйл явдлын дараа олж тогтоосон юм.

Манай улсын хувьд уг үйл явдлаас улбаатайгаар газар хөдлөлтөд одоогийн барилга байгууламж хэр тэсвэрлэх чадамжтай байх, стандарт шаардлагын дагуу барьж чадсан эсэх нь хөндөхөөс өөр аргагүй сэдэв болоод буй.

Учир нь 1905 оноос хойш Улаанбаатар хот орчим газар хөдлөлтийн эрчимтэй бүс болсон байдаг. Тэр дундаа 2004-2005 оноос хойш жилд 500 гаруй удаа газар хөдлөлт болдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судалгаанд дурдсан.

Тэр дундаа газар хөдлөлт 2013 онд 2000 давсан үзүүлэлттэй байсан нь өнөөдрийг хүртэлх нэг жилд тохиолдсон хамгийн өндөр үзүүлэлт болоод буй. Сүүлийн жилүүдэд буюу 2021 онд 1123 удаа, 2022 онд 1024 удаагийн газар хөдлөлтийг бүртгэжээ.

-6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд гэр хорооллын 81 хувь нь хохирно-

Өмнөх хэсэгт дурдсан тоон мэдээллүүдээс харахад л Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суух Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүс учраас барилгын чанарын асуудал бол гарцаагүй анхаарах ёстой зүйл юм.

2013 онд хийсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар Улаанбаатар хотод газар хөдлөлт болвол төвлөрсөн орон сууцны 11, хувийн орон сууцны 33 хувь нурна гэх тооцоолол гарсан байдаг. Ингэснээр хотын төвд 7552, гэр хороололд 38 мянган хүн амь үрэгдэх эрсдэлтэй хэмээн тооцоолж байв.

Одоогоос 10 жилийн өмнөх тооцоолол бөгөөд өнөөдрийг хүртэлх энэ төрлийн судалгааны тооцоолол нарийвчлан байхгүй байгаа бөгөөд гэр хорооллолд эрсдэж болох иргэдийн түлхүү нэмэгдэх хандлагтай.

Учир юу хэмээвээс газар хөдлөлтийн улмаас хөрсний суулт, нуралт, гулсалт үүсэх бөгөөд ууланд барьсан барилга, гэр хороолол, уулын энгэр даган амьдарч буй иргэд энэ төрлийн байгалийн гамшгийн гол хохирогчид болох эрсдэлтэй гэсэн үг.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь газар хөдлөлтийн 7-9 баллын бүсэд хамаардаг. Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2012-2013 онд хэрэгжүүлсэн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд хийсэн судалгаагаар 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход нийслэлийн төвийн зургаан дүүргийн барилгын нурах магадлал, хохирлын хэмжээг 22-48 хувь, гэр хорооллын хэсгийн хохирлын хэмжээг 81 хүртэлх хувь гэж тооцоолсон байдаг.

-Газар хөдлөлтөд тэсвэргүй 543 барилга байна-

Улаанбаатар хотод нийт 335,105 барилга байгууламж бий. Үүнээс

  • орон сууц 6140
  • сургууль, цэцэрлэг, эмнэлэг 719
  • гэр хороолол, зуслангийн амины орон сууц 116,911 байна.

Харин төсвийн бүсийн барилга байгууламж буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн

  • таван хувь 40 жилээс дээш
  • 30 хувь 10-40 жил
  • 49 хувь нь 10 хүртэлх жилийн настай ажээ.

Гэсэн хэдий ч нийслэлд буй барилгуудаас 2002 оноос өмнө барьсан 1844 барилга байгааг тооцоолжээ. Зориулалтаар нь ангилж үзвэл орон сууцны 1320, олон нийтийн 524 барилга байгаа юм. Эдгээрээс 944 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадавхын үнэлгээ дүгнэлт хийхэд 543 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй, 195 барилгад бэхэлгээ хийж, хүчитгэх шаардлагатай гэх дүгнэлтийг гаргажээ.

“Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”-ийг 2002 онд баталж, 2021 онд шинчилсэн. Энэ дүрмийг барилга байгууламжийг шинээр барих болон барьсан барилга, сэргээн босгох, засварлах ажлын зураг төсөл зохиоход мөрддөг юм. Норм, дүрэм хэрэгжиж эхэлсэн 2002 оноос хойш хот байгуулалтын мэдээллийн санд шинээр 19630 барилгыг бүртгэсэн байна.

Гэвч дээрх 19 мянган барилгын чанар стандартын шаардлага хангаж буй эсэх нь эргэлзээтэй юм. Учир нь иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад 2021, 2022 онд ирүүлсэн нийт 70380 гомдлын 75.2 хувь нь барилга байгууламжийн чанар аюулгүй байдал, барилгын норм дүрэм  зөрчиж буйг шалгуулах, барилга байгууламжийн зориулалтыг хянах, ажлыг нь зогсоох тухай байжээ.

-Барилгын чанар, аюулгүй байдал, стандартын талаар хэн юу хэлэв-

Дээр дурдсан мэдээллүүдтэй холбоотойгоор албаны хүмүүсээс барилгын чанар, стандарт, аюулгүй байдлын талаарх байр сууриа илэрхийлсэн юм.

Д.Сумъяабазар: Стандартын шаардлага хангаагүй 116 барилгыг нураана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг мөрдөөгүйн барилгын ажлын угсралт, улсын комисс хүлээн авах хүртэлх бүх шатанд хууль, журам, нормыг зөрчсөөр байна. Бид үүнийг шийдвэрлэнэ. Цаашид хариуцлага тооцох схемийг сайжруулж, стандарт нормыг хангаж буй эсэхэд олон улсын хөндлөнгийн аудит хийлгэх шаардлагатай. Стандартын шаардлага хангахгүй байгаа 116 барилгыг нураана. Иргэд, аж ахуйн нэгж ч хариуцлагатай байх хэрэгтэй. Тэд гэрээ хийх, газар эзэмших, хууль зөрчсөн эсэхийг хянах хэрэгтэй. Голын сав, усны эх үүсвэр, нийтийн эзэмшлийн газар гэх мэтэд хууль зөрчин газар олгосон явдал цөөнгүй бий” гэв.

Ц.Батсайхан: Найрамдал зуслангаас Налайх хүртэлх газрын хагарлыг судлах шаардлагатай

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Доктор Ц.Батсайхан дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “Улсын хэмжээнд 7-9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 30 гаруй байдаг. Найман магнитудаас дээш нь дөрвөн удаа болсон. Энэ үед барилга байгууламж манай улсад байгаагүй тул хүн амын хохирол гараагүй. 1957 оны Баянхонгорт болсон газар хөдлөлтийн 8.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт голомтдоо 12 балл байсан. Хохирлын хэмжээгээр 10 хүн амь үрэгдсэн. Голомттой ойрхон гурван сумын барилга байшин нурж, таван сумынх тодорхой эвдрэл гэмтэлтэй болсон. Гэхдээ нэг давхрынх байсан.

Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн хагарлаас хамгийн том нь Хустайн нурууных. Бид нийт зургаан голомт олж, түүний дагуу судалгаа хийж байгаа. Тодруулбал, Эмээлт, Хустайн, Гүнж, Авдар уул, Шархай болон Мөнгөнморьт нь хот орчмын газар хөдлөлтийн голомтууд юм. 1950-аад оны газар хөдлөлтийн үеэр үүссэн хагарал бий. Энэ нь Найрамдал хүүхдийн зуслангаас Хонхор өргөө хүртэл үргэлжилсэн байдаг. Хонхор өргөө гэхээр бараг л Налайх хүртэлх зайд гэсэн үг.

Уг хагарал нь Найрамдал хүүхдийн зуслан, Баянхошуу, Далан давхрын энгэр, Нарантаал худалдааны төв, Скай ресорт, Хүрэлтогоот болон Хонхор өргөөг дайрсан урт хагарал юм. Тиймээс өмнө нь нэрлэсэн зургаан голомтод байх хагарал болон энэ хагаралд бид нарийвчлан судалгаа эхлүүлэх шаардлагатай байна” хэмээв.

Б.Ууганбаяр: Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг тавдугаар сард үндэсний хэмжээнд зохион байгуулна

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлж, тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд үндэсний хэмжээний сургуулилалт зохион байгуулна. Энэ сургалтаар хүчтэй газар хөдлөлтийн үед авах арга хэмжээг заах юм. Хэрэв нэгдүгээр хороололд есөн давхар барилга нурахад аврах ажиллагааг зохион байгуулж чадахгүй. Тиймээс гамшгийн үед хэрхэн тусламж авах, ажиллах талаар мэдэх хэрэгтэй” гэсэн юм.

Ц.Тулга: Газар хөдлөлтөд 144 сургууль, цэцэрлэг тэсвэргүй гэх тооцоо гарсан

Нийслэлийн хэмжээнд 2002 оноос өмнө барьсан 272 сургууль бүртгэлтэй байгаагийн 144 нь газар хөдлөлтөд тэсвэргүй тооцооллыг гаргасан байна. Энэ талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулга дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “Албан ёсоор бүртгүүсэн цэцэрлэгийн барилгын 43 хувь нь 2002 оноос өмнө баригдсан. Эдгээр барилгад нийт 47 мянган хүн ажиллаж сурч байна. Мөн газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн үзсэн барилгуудад 12 мянган өрхийн 45832 хүн амьдарч байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэснээр 377 барилгыг ашиглахыг хориглосон ч 61-ийг нь л буулгаж, дахин төлөвлөсөн. Барилгуудыг яаралтай паспортжуулах шаардлагатай” гэв.

Д.Батзориг: Барилгын материалын 37 хувийг ч дотоодод үйлдвэрлэж байгаа ч нэмэх хэрэгтэй

Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг барлигын материалын дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн юм. Тэрбээр “Бид ашиглаж буй барилгын материалынхаа 37 хувийг л дотооддоо үйлдвэрлэж байна. Тиймээс дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр барилгын материалын үнэ тогтворжиж, нийлүүлэлт нэмэгдэж, чанарт тавих хяналт ч сайжрах юм. Барилгын материалын чанарын хяналтыг сайжруулах шаардлагтай байгаа” гэсэн юм.

-Газар хөдлөлтөд тэсвэргүй 2002 оноос хойш барьсан барилгыг хүлээн авсан хүмүүст хариуцлага тооцно-

Тэгвэл нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, стандартын асуудлаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Энэ үеэр барилгын үйл ажиллагааны үе шат бүрд тавих хяналт, тэр дундаа төрийн хяналт нэн чухал гэдгийг онцолжээ.

Зөвлөгөөний төгсгөлд хууль, эрх зүйн шинэчлэл, хяналтаар хариуцлагыг дээшлүүлэх, зохион байгуулах гэсэн гурван хүрээнд 25 ажлыг төлөвлөсөн байна. Үүнээс хэд хэдэн онцлох ажлуудыг доор дурдъя. Үүнд,

  • Шинээр баригдаад ашиглалтад оруулах боломжгүй барилга байгууламжийг ашиглалтад огт хүлээн авахгүйгээр албадан буулгах, орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхээс сэргийлж олон нийтэд мэдээлж, олон нийтийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг бий болгох
  • Захиалагч барилга байгууламжийг барихдаа өөрийн хөрөнгөөр тухайн орчны авто замыг шинээр барих, өргөтгөх, хүрэлцээтэй авто зогсоол байгуулах, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн барилга байгууламж бүхий цогц төлөвлөгөөний дагуу барилгажуулах зохицуулалтыг бий болгох
  • 2002 оноос хойш баригдсан, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон барилгуудаас газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон барилгын газар олголтоос эхлээд улсын комисст хүлээн авсан бүх үе шатны зөвшөөрөл олголт, хяналт хийсэн эрх бүхий төрийн албан хаагч болон барилгын захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцох
  • Ашиглагдаж байгаа барилгад давхар нэмсэн, үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт оруулсан, барилгын даацын ханыг нурааж газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын шаардлагыг зөрчсөн барилга байгууламжийн нэгдсэн судалгаа, дүгнэлт гаргаж, хууль, дүрэм зөрчсөн хуулийн этгээдэд хариуцлага тооцох
  • Барилгын материалын эрүүл ахуйн үзүүлэлтийг тодорхойлох лаборатори байгуулах
  • Эх орны түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэж, чанарын лабораториор баталгаажсан барилгын материалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх тэргүүтэй ажлуудыг зөвлөгөөнөөс дүгнэн гаргасан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин МИ
Зочин МИ
2023-03-22 10:28

ХУДЛАА БИТҮҮ НУУЦ ЮМ Л ЯРИАД БАЙХ ЮМАА. ЯГ ЯМАР ЯМАР БАРИЛГА ЧАНАРГҮЙ ТЭСВЭРГҮЙГ НЬ НЭР УС БАЙРШИЛААР НЬ ЖАГСААЖ ХЭЛЭЭЧ. ЭРХБИШ ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ НУРАНГИД ДАРАГДАХГҮЙН ТУЛД АРГА БОДНО ШҮҮДЭЭ. ЖИШЭЭ НЬ 1985 ОНООС ХОЙШ БАОЬСАН УГСАРМАЛ ХОООЛУУДЫН БАРИЛГА БОЛОН 2000 ОНООС ОЙШ БАРЬСАН ШИНЭ БАРИЛГУУДЫГ ЖАГСААМААР БАЙНАДАА

Зочин
Зочин
2023-03-22 10:28

Ogloonii mend haan ymar barilag nurhaar bain heleed zarlaad ogoochee ter 5-6 zuun barilagaa niited heleed ogooch shine bair abah gesen bairaa tomruulah gesen hvn ih baigaa shvv dee

иргэн
иргэн
2023-03-22 12:39

СБД " 3р хороо 19 дүгээр байранд 39 -40 тоот даацын хахна өөрчилж цоолсон байгааг засуулж өгөөч

Зочин
Зочин
2023-03-22 21:00

Ард түмний мэдээллийг өргөнөөр авч цоо шинэ орон сууцанд ормогцоо хамаг гол хануудыг нурааж олон өрөө тас�##�гаа болгож байгаа захиргаагүй дураараа дургигчдыг зогсоож орсон орон сууцныхаа барилгад өөрчлөлт хийдэг аюул дагуулсан бүдүүлэг, тэнэг зуршлыг таслан зогсоож хатуу дагаж мөрдөх "ХУУЛЬ"-тай болъё.

Зочин
Зочин
2023-03-23 08:07

Гэр хорооллын 81 хувь хохирно гэнэ үү харин ч орон сууцныхаас илүү тэсэх биш үү юуг үндэслэнээ тодорхой бич

Холбоотой мэдээ

Back to top button