Агаарын температур нэг градусаар дулаарснаар ДНБ 0.48 хувиар буурна
Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж буй нь улс орны эдийн засагт нөлөө үзүүлдэг. Хамгийн энгийн жишээгээр Дэлхийн банкны тооцоолсноор уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2030 он гэхэд 100 сая хүн туйлын ядууралд нэрвэгдэх бөгөөд өлсгөлөн, цэвэр усны хомсдол, далайн эрэг дагасан байгалийн гамшигт олон сая хүн өртөнө хэмээжээ.
Дэлхийн банкны судалгаагаар хүнсний үнэ өсөж, Саб-Сахар, Африк, Өмнөз Азийн улсуудад голчлон сөрөг байдлаар нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа аж.
Үүнд хамгийн ихээр нөлөө үзүүлж буй нь аж үйлдвэржилт юм. Судлаачид дэлхийн дулаарал, дундаж температурыг үйлдвэржилтийн өмнөх болон дараа хэмээн ангилан үзэж буй. Шалтгаан нь үйлдвэржилт нэмэгдсэнээс хойших буюу эрчимтэй хөгжсөн сүүлийн 30-40 жилийн хугацаанд уур амьсгалын дулаарал сүүлийн 20 мянган жилд байгаагүйгээр хурдацтай өөрчлөгдсөн байдаг.
Одоогийн цаг агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс нэг градусаар өссөн. Энэ байдлаараа үргэжилбэл 2040 онд 1.5 градусаар өсөх төлөвтэй байна.
-Эдийн засгаа өсгөхийн тулд уур амьсгалын өөрчлөлтийг анхаарах хэрэгтэй-
Эдийн засаг уур амьсгалтай хэрхэн уялдахыг энэ хэсэгт тайлбарлая. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар ДНБ жилд дунджаар таван хувиа алдах магадлалтай ажээ.
Илүү дэлгэрүүлбэл, хүн төрөлхтний буруутай үйл ажиллагааны улмаас хүлэмжийн хий нэмэгдэж, дэлхийн дулаарлыг хурдасгасан. Хүлэмжийн хийг үүсгэж буй голлох зүйлс нь нүүрс, нефть болон газрын тос бөгөөд нийт хүлэмжийн хийний 94 орчим хувийг бүрдүүлдэг гэх.
Барууны орнуудад дээрх үзүүлэлт буурч байгаа бол Азийн улс орнуудад эсрэгээрээ өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал, БНХАУ өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг бий болгохын зэрэгцээ нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлж байна. Энэ нь дэлхийн нийт хорт хийн 50 гаруй хувийг дангаар эзлэхэд хүргэжээ.
Хүлэмжийн хийн ялгаруулалт нь хур тунадасны өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх, биологийн төрөл зүйл алдагдах зэргээр байгалийн тогтоцод сөрөг нөлөө үзүүлдэг байна. Энэ бүхэн нь эргээд нийгэмд тэгш бус байдлыг бий болгох, ядуурлыг нэмэх, санхүүгийн тогтвортой бус байдлыг нэмэгдүүлснээр эдийн засаг эмзэг болох зэргээр макро түвшинд нөлөө үзүүлдэг ажээ.
-Монголын нөхцөл байдал-
Харин манай улсад сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.25 градусаар дулаарчээ. Дээр дурдсан үзүүлэлттэй харьцуулахад манай улсын агаарын дундаж температур 2.25 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт гэсэн үг.
Тиймээс ч газарзүйн байршил, эх газрын уур амьсгалаас үүдэлтэйгээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий 25 орны нэг нь манай улс юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн нийгэм, эдийн засагт үзүүлж болох нөлөө, учирч болох эрсдэлийн талаарх Л.Даваажаргал, Б.Ананд, Э.Хосбаяр нарын хийсэн судалгаагаар температур нэг градусаар нэмэгдэх нь ДНБ-ий өсөлтийг 0.48 хувиар буурдаг гэжээ. Улмаар 7-8 улирлын дараа нөлөө нь илэрч, нэг удаагийн шок гурван жилийн дараагаас тогтворжих төлөвтэй байгаа хэмээн үзсэн.
Манай улсын хувьд агаарын дундаж температур нэмэгдсэнээр хур тунадасны хэмжээ буурч, ган, зуд, газар хөдлөлт зэрэг гамшигт үзэгдэл тохиолдох хугацаа ойртдог байна. Мөн бэлчээрийн доройтол, цөлжилт зэрэг асуудал үүссээр байдаг ажээ. Манайх шиг мал аж ахуйг чиглүүлэх улсад малын чанар хийгээд ургацын гарц буурах сөрөг нөлөөг тус салбарт үзүүлэх юм.
Тухайлбал, 2020 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 га талбай доройтсон. Үүнээс,
- 4.7 хувь нь нэн хүчтэй
- 18.6 хувь нь хүчтэй доройтсон ангилалд оржээ.
Монгол орны ихэнх нутагт ургамалжилт сүүлийн 20 жилд доройтож байгаагийн дотор төв болон зүүн бүсийн баруун хэсгээр 1961-1990 оны дунджаас 5-13 хувиар буурчээ. Манай улс Парисын хэлэлцээрийн дагуу 2030 он гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулна гэх зорилтыг тавьсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.