НИЙГЭМ

Хилчин бүсгүй Б.Болор-Эрдэнэ: Аав шигээ хүн болохоор мэргэжлээ орхисон, одоо мөрөөдлөөрөө амьдарч явна

Дорнод аймгийн Баян-Уул сумын Хилийн цэргийн 0275 дугаар ангийн хилчин бүсгүйчүүд Улаанбаатар хотод Арга зүйн цугларалтаа зохион байгууллаа. Тэд энэхүү үйл ажиллагаагаа жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байсан ч сүүлийн дөрвөн жил тодорхой шалтгааны улмаас өнжөөд байж.

Харин энэ онд уламжлалаа дахин сэргээж, хилчин бүсгүйчүүд нэгэн дор цуглаж буй нь энэ бөгөөд нийслэл хотдоо зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог гэдгийг хэлж байсан юм. Бид эдгээр хилчин бүсгүйчүүдээс М.Наранцэцэг, Б.Болор-Эрдэнэ нарыг онцлон ярилцлаа.

Аав шигээ л хүн болно гэж зүтгэсээр сурсан мэргэжлээ орхиж, хилчин болсон бүсгүй Б.Болор-Эрдэнэ

-Таны хувьд хил хамгаалах байгууллагад ямар үүрэг гүйцэтгэж байна?

-Намайг Будын Болор-Эрдэнэ гэдэг. Хил хамгаалах байгууллагад ес дэх жилдээ ажиллаж байна. Одоо хилийн цэргийн 0275 дугаар ангид ажилладаг. Энэ анги маань миний ажиллаж буй хоёр дахь нь. Анх Сэлэнгэ аймгийн 0101 дүгээр ангид ажиллаж байсан. Тухайн үедээ соёлын арга зүйчээр ажилд ороод дараа нь ахлагчийн эгнээнд шилжин ажилласан. Үүнийхээ дараа тээврийн хэрэгслийн шалгагчаар мөн ажиллаж байгаад одоо 0275 дугаар ангидаа хөгжимчнөөр ажиллаж байна.

-Хилийн цэрэгт ажиллахад хамгийн сайхан санагддаг үе?

-Хил дээр үүр цайлгаж, нар мандахыг харах хамгийн сайхан. Би Алтанбулагийн шалган нэвтрүүлэх заставт шалгагч хийдэг байлаа. Тухайн боомт маань 24 цаг ажилладаг байсан учир шөнөжин ажиллаад ядарсан ч хоёр орны хилийн заагт өглөө болж нар мандахыг харах тэр мөч л их сайхан. Нэг тийм дүүрэн мэдрэмжийг авдаг даа.

-Хилийн цэрэгт ажиллахаар анхлан хөл тавьсан ангийн тухайд. Шийдвэрээ хэрхэн гараж байв?

-Анх Сэлэнгэ аймагт ажиллах уу, миний охин чадах уу гээд аав санал тавьж байсан. Тухайн үед сургуулиа төгсөөд удаагүй ч байлаа. Тэгээд л чадна, ажиллаж үзнэ гэдэг шийдвэр гаргаад ээжээсээ асуугаад явж байсан. Эхлээд очиход нэг ч таних  хүн байхгүй учир мэдээж эвгүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр л дассан. Ижийгээ, гэрийнхнээ их санадаг, сургуулиа төгсөөд удаагүй байсан болохоор найз нөхдийн хүрээллээ ч үгүйлдэг тийм л байлаа. 

-Шантармаар үе мэдээж таардаг л байх?

-24 цагаар ажиллана эсвэл 12 цагаар үүрэг гүйцэтгэнэ гэдэг эмэгтэй хүний хувьд хүнд л дээ. Мөн ар гэр орхигдоно гэдэг ч юм уу асуудлууд гарна. Гэхдээ би аав шигээ цэргийн хүн болохыг л мөрөөдсөөр ирсэн болохоор одоо хийж байгаа ажилдаа, энэ салбартаа хачин хайртай. Яагаад гэвэл, би энэ салбарын мэргэжлээр ийм хүн болно гээд ч юм уу анхнаасаа зориглож суралцаагүй. Зүгээр л нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаж төгссөн. Гэхдээ миний доторх нөгөө л нэг аав шигээ хүн болно гэдэг мөрөөдөл мань байсаар л байсан. Аав маань хүртэл эмэгтэй хүнд хилийн цэрэг хэцүү хүнд алба, миний охин өөр хүн бол оо гээд зөндөө л хэлдэг байсан. Гэсэн ч би үгүй ээ, хилийн цэрэгт л ажиллана гэж зөрж орсон. Харин одоо дурлаж, зүтгэсээр яваад нэг л мэдэхэд есөн жил өнгөрчихжээ. Яагаад ч юм цэрэг, албаны хувцастай хүн харахаар цаанаа л нэг тийм бахархахгүй, хайрлахгүй байх аргагүй тийм мэдрэмжийг дандаа авдаг байсан. Одоо ч хэвээрээ. Ер нь мөрөөдлөөрөө амьдарч яваа гэж хэлж болно. Тиймээс нэгэнт хүсэж зорьж ажиллаж яваагийнх эцсийг нь үзнэ ээ л гэж их хичээж байна. 

-Хань нь мөн л хилчин хүн. Тиймээс хүүхдүүд нь аав, ээж шигээ цэргийн хүн болно гэвэл дэмжих үү?

-Би хоёр хүүтэй. Тэд минь мэдээж том залуус болоод эр цэргийн албаа хаах нь ойлгомжтой. Яг амьдралаа холбоод аав ээж хоёр шигээ хүн болоод явна аа гэвэл үгүйсгэж чадахгүй. Үнэхээр над шиг, аав шигээ хүн болно гээд боддог байж ч болно шүү дээ. Тиймээс тэднийгээ л эхлээд сонсоно. Мэдээж сонголтыг нь хүндэтгэнэ. Нэг хүү маань бол цэргийн хүн болно л гэдэг. Хань бид хоёрын хувьд 2015 оноос эхлэн нэг ангид ажиллаж эхэлсэн. Ингээд л бид анх танилцаж, одоо хүртэл хамтдаа ажиллаж, амьдарч байна даа.

-Хилийн зөрчил илрүүлж байсан гэж сонссон. Энэ тухайд?

-Тийм ээ. Алтанбулаг боомтод байхдаа хилийн зөрчил илрүүлж байсан. ОХУ талаас зэвсэг, галт хэрэгсэл нэвтрүүлэх гэж байсан мотоциклтой иргэнийг илрүүлсэн. Тухайн үед би тээврийн хэрэгслийн шалгагчаар ажилладаг байсан юм.

Хил хамгаалах байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж буй М.Наранцэцэг

-Сайн явж ирэв үү, хил хамгаалах байгууллагт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Намайг М.Наранцэцэг гэдэг. Хил хамгаалах байгууллагад 20 гаруй жил ажиллаж байна. Одоо Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн цэргийн 0275 дугаар ангид албаны нягтлан бодогч хийдэг. Миний хувьд улсад нийт 30 гаруй жил ажиллаж байгаа. Үүнийхээ 22 жилийг хил хамгаалах байгууллагатай холбоод явж байна. Хань маань бас хилийн хүн л дээ. Тиймээс ханьтайгаа хамт ажиллаад хамтдаа энэ салбартаа зүтгээд эх орноо хамгаалах чухал үүрэгт биеэрээ оролцоод явна гэдэг ялангуяа хилчин хүний амьдралаар амьдарна гэдэг сайхан  хувь заяа гэж бодож явдаг. Нөхөр маань одоо ангидаа мал аж ахуйн албаны даргаар ажиллаж байна.

-Их олон жил ажиллажээ. Анзаараад байх нь ээ хилчин бүсгүйчүүдийг их хөдөлмөрч, аж ахуйч хүмүүс гээд тодорхойлчихвол болмоор санагддаг?

-Миний хувьд хүн бүрд олдоод байхгүй сайхан амьдралаар амьдарч яваа гэж өөрийгөө боддог. Хилчин эмэгтэй байна гэдэг нь өөрөө маш их зүйлийг сурах боломжийг олгодог. Бидэнд хийж үзээгүй ажил гэж байхгүй, их ховор байх. Учир нь сувилагч, эмч, тогооч, ногоочин, оёдолчин гээд бүх л зүйлийг хийхэд хүргэдэг. Жишээ нь нөхрөө дагаад хилийн цэрэгт ажиллахаар очиж байхад мэргэжлийн ажил нь байхгүй бол цэргүүдийнхээ хоол хийхээс л эхэлдэг. Тэгэхээр хүн бүхэн мэргэжлийн ажлаа хийх боломжгүй учир ангид байгаа боломж нөөцөд тулгуурлаад ямар нэгэн байдлаар мэргэжлийн бус ажлаа хийх л болдог. Энэ нь биднийг олон талын ажил мэргэжилд сурах, хөрвөх чадвартай болох гэдэг ч юм уу өөр зүйлүүдэд сургаж байдаг гэж хэлж болно. Мөн зарим цэрэггүй отрядуудад эмэгтэйчүүд маань албаны, амины гээд бүх л ажилд оролцох шаардлагатай болдог. 

-Нэг талаараа хатуужил олж авдаг байх?

-Ажлын ачаалал даах чадвартай, аливаад тэвчээртэй болдог гэж боддог. Жишээ нь манай нөхөр тэтгэвэртээ гараад бид хот руу ирж хэсэг ажилласан. Ингээд би мэргэжлээрээ өөр газар орох болоход хил хамгаалах байгууллагат ажиллаж байсан юм чинь ачаалал даах ч гэдэг юм уу зарим талууд дээр их давуу талтай гээд дуртай авч байсан. Гэхдээ олон жил хөдөө хил дээр, том суурин газраас хол амьдарсан болохоор дасчихдаг юм байна лээ. Удалгүй буцаад л хил рүүгээ явах шийдвэр гаргаад одоог хүртэл ажиллацгааж байна даа. Хүний дассан газар, дурласан салбар гэдэг яах ч аргагүй амьдралд уяатай л явдаг юм байна. 

-Шинэ цэрэг ирэх, хуучин цэргүүд халагдах тэр үеийн тухай та яриач. Өөр өөр мэдрэмжүүдийг өгдөг байх?

-Би хил хамгаалах байгууллагад ажиллах болоод ажлын гараагаа Сэлэнгэ аймгийн 101 дүгээр ангиас эхэлж байлаа. Анхныхаа тэр ангид ажилд орсны дараахан шинэ цэргүүд ирж байсан юм. Тэр үе маань бодогдож байна. Их л хөөрхөн хүүхдүүд ирцгээж байсан. Ангийн зүгээс бидэнд энэ хүүхдүүд анх ирж байгаа учир дасах хүртлээ гэрээ санах, хүнтэй ярилцмаар санагдах гээд олон зүйлүүдтэй тулгардаг. Тэр болгонд та бүхэн аль болох чадахаараа дэм тус болох ёстой шүү гэж хэлж байсан. Аргагүй шинэ хүүхдүүд учир бид гутлаа ингэж гоё тосолж өмсөнө, захны даавуугаа ингэж хадна, ярилцмаар, асуумаар зүйл байвал нээлттэй хандаж болно гэхчлэнгээр өөрийн үр хүүхдээс ялгаагүй л хандах болдог л доо. Нэг талаараа бидний үүрэг шүү дээ. 

Харин цэргүүд халагдаад явах үе их хэцүү. Хүүхдээ хол газар явуулж байгаа юм шиг л тийм мэдрэмжийг авдаг. Одоо бол жил болоод халагддаг. Өмнө нь хоёр жил байхад бүр л хэцүү санагддаг байсан. Дасал болчихсон хүүхдүүд маань ах аа, эгч ээ явлаа гээд ирээд тэврэх ч мэдээж хүнд л тусдаг. 

Мөн цэрэггүй ангиудад залуухан дөнгөж сургуулиа төгссөн хүүхдүүд хуваарилагдаж ирдэг. Тэдэндээ бас тусалж, зөвлөж, чиглүүлэх зүйлүүд цөөнгүй л дээ. Аав, ээж, гэр бүлээсээ хол дөнгөж ажлын байран дээр гарч байгаа тэдгээр залуучуудаа хэрхэн биеэ зөв авч явах уу, юуг анхаарвал зохих гэдэг ч юм уу мэдэхгүйгээсээ болоод алдаа гаргачих вий гэдэг үүднээс эгчийн хувиар, найзын хувиар дандаа л зөвлөдөг. Өөрөө ч биеэрээ үлгэрлэхийг их хичээдэг. Зарим охид маань та ээж шиг минь л байх юм аа гэдэг. 

-Хилийн цэргийн хүмүүс жилийн аль ч улиралд, ямар ч нөхцөлд үүргээ биелүүлж л байдаг онцлогтой. Үүрэг хариуцлага тэр хэмжээгээрээ өндөр. Энэ албаны үнэ цэнийг та хэрхэн хардаг вэ?

-Хилээ манаж байна гэдэг эх орноо аюулаас хамгаалж байна л гэсэн үг шүү дээ. Аюулаас хамгаална гэдэг ард түмэн, ахуй нийгэм тайван байхын үндэс. Хэдий энх цаг ч гэсэн орхиж болохгүй маш чухал ажил. Өөрөөр хэлбэл хилчид жилийн дөрвөн улирлын цастай, бороотой, шуургатай гээд аль ч хүйтэн, ширүүн нөхцөлд албаа нэр төртэйгөөр биелүүлсээр ирсэн. Энэ бол онцгой үүрэг. Харин эмэгтэйчүүд бид энэ хүнд хэцүү бүхэнд тэднийхээ ард нь байж хамтдаа байх үүргийг ч мөн ямагт хүлээж байдаг. Хил тайван бол эх орон минь тайван шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочинзочин
зочинзочин
2023-05-25 11:06

Одоо хүүхнүүд хил манадаг болжээ. Харчуул хаанас явнаа. Тэнэгтээд байх юм.

Зочин
Зочин
2023-05-25 17:49

ХАРЧУУЛ ХААШАА ОДОВОО ГЭЖ...ЗҮГЭЭРЭЭ ХИЛЧИН БҮЁГҮЙЧҮҮДЭЭ ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ ЗОРИГТОЙ БҮСГҮЙЧҮҮД ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button