Top StoriesДЭЛХИЙ

Хүчирхэг НАТО Турк улсыг ятгаж чадах уу

Турк улсын иргэд өнгөрсөн сарын 14-ний өдөр чухал ач холбогдолтой сонгууль өгч Режеп Тайип Эрдоган болон Кемал Килиждароглу хоёрын хэн нь Ерөнхийлөгч болохыг сонгосон. Гэвч тус сонгуулиар хоёр нэр дэвшигчийн аль нь ч сонгогчдын 50 хувиас дээш санал авч чадаагүй тул дахин санал хураалт явуулсан. Тавдугаар сарын 28-ний өдөр болсон дахин сонгуулиар Эрдоган 52.1% санал авч Турк улсад түүний ноёрхол дуусаагүй гэдгээ баталсан билээ. Хэдийгээр 14-ний сонгуулийн өмнө санал асуулгаар Килиждароглу Эрдоганаас бага зэрэг илүү байсан ч тэрээр өвдөг шороодсон юм.

НАТО-гийн холбоотнууд Туркийн Ерөнхийлөгчийн сонгуулийг сөрөг хүчний нэр дэвшигч Килиждароглуг ялалт байгуулаасай гэж чимээгүйхэн хүсэж байжээ. Учир нь гэвэл Украины дайны улмаас Финланд, Швед улсууд ОХУ-аас үзүүлж буй заналхийллээс сэргийлж НАТО-д элсэх хүсэлтэй болсон. Өнгөрсөн жилүүдийн турш Финланд иргэдийн 20 хувь л НАТО-д элсэхийг дэмжиж ирсэн бол Украины дайны дараа энэ үзүүлэлт 70 хувь болж нэмэгдсэн. Эхэндээ Турк тус хоёр улсыг НАТО-д элсүүлэхээс татгалзаж байсан юм. Тус холбоонд элсэхийн тулд НАТО-гийн журмын дагуу 30 гишүүн бүгд санал нэгтэй дэмжих шаардлагатай. Олон сар татгалзсаны эцэст Туркийн Парламент өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Финландыг НАТО-д элсүүлэх саналыг зөвшөөрсөн юм. Харин Швед тийм ч азтай байгаагүй.

Шведийг ямар учраас Турк эсэргүүцэв

Шведэд Курдын тусгаар тогтнолыг дэмждэг “PKK” буюу Курдистаны ажилчдын нам нэртэй бүлгийн гишүүдбайгаа юм. Тэднийг Турк улс төрийн эргэлт зохион байгуулахыг оролдсон гэж буруутган экстремист үзэлтэй бүлгэм хэмээн нэрлэж эрэн сурвалжлах болсон. Эрдоган тэрхүү гишүүдийг Турк руу шилжүүлэн өгч, тус бүлгэмийг дэмжиж буй хөдөлгөөнийг таслан зогсоохыг Шведээс шаардад байгаа юм. Гэвч Швед улсын хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан байдаг тул Курд экстремист бүлгэмийг дэмжиж буй хүмүүсийн дуу хоолойг дарахадхүндрэлтэй. 

Турк, Сири, Ирак болон Иранд нийтдээ 30 сая гаруй Курд түмэн амьдардаг. “PKK” нь 1980-иад оноос хойш Туркын зэвсэгт хүчинтэй байлдаж, тус улс дотор Курд түмний автономит бүс үүсгэх зорилготой байгаа юм. Тэгвэл яагаад Швед Курдуудтэй холбогдов? Швед хүний эрхийг хүндэтгэж үндэстний цөөнхийг хүндлэхийг эрмэлздэг орон. Ийм учраас 100 мянга гаруй Курд цагаачдыг Швед хүлээн авсан байдаг. Тэдгээр цагаачид дунд Туркийн засгийн газраас эрэн сурвалжилж буй хүмүүс байгаа юм. Эрдоган Шведэд буй Курд цагаачдаас 120 хүнийг шилжүүлэн авч баривчлах зорилготой. Харин Шведийн засгийн газар хуулийн дагуу зохих процедургүй хэн нэгнийг шилжүүлж өгөхгүй хэмээсэн юм. Шведийн Дээд шүүх энэхүү хүлээлгэн өгөх процедурыг шийддэг бөгөөд Туркын хүсэлтийг хэд хэдэн удаа хүлээн аваагүй байна. Ийм учраас Эрдоган өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдөр “Бидэнд тэдгээр хүмүүсийг шилжүүлж өгөхгүй байгаа учраас Шведийг эергээр харах боломжгүй. Ийм болохоор Финланд Шведээс ялгаатай” хэмээсэн юм.

НАТО Туркийг ятгах ямар арга хэмжээ авав

Швед терроризмын эсрэг шинэхэн хууль баталж өнгөрсөн пүрэв гарагаас (2023.06.01) хэрэгжүүлж эхэлсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд Тобиас Биллстром лхагва гарагт (2023.05.31) шинэ хуулийн талаар мэдэгдэл хийхдээ Шведыг НАТО-д элсэх замыг үүсгэж өгөн, Турк тавьсан хоригоо цуцлах хангалттай шалтгаан гэж үзэж буйгаа хэлсэн юм. Тэрхүү хуулийн хамрах хүрээ нь өргөн учраас зарим Швед иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт бусад үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж магадгүй гэж үзэж байгаа аж. Харин Шведийн засгийн газар шинээр баталсан хууль Эрдоганыг бодлоо өөрчилхөд хүргэнэ гэсэн хүлээлттэй байна. 

Мөн НАТО холбооны хамгийн хүчирхэг гишүүн орон болох АНУ Туркийг тавьсан хоригоо авахыг уриалсаар ирсэн. Тухайлбал өнгөрсөн даваа гарагт (2023.05.29)АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Р.Эрдогантай утсаар ярьж НАТО-д Шведийг элсүүлэх мөн F-16 байлдааны нисэх онгоц худалдаалах талаар ярьсан байна. Байден Эрдоганд баяр хүргэж ярьсныхаа дараа сэтгүүлчдэд “Би Эрдогантай ярилаа. Түүнд баяр хүргэсэн. Тэр F-16байлдагч онгоцны худалдан авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Харин би түүнд Шведтэй тохиролцоо хийх хэрэгтэй байна, тийм болохоор тохиролцоонд хүрцгээе гэсэн. Үүн дээр бид байнга холбоотой байх болно” гэж хэлсэн юм. Мөн нэгэн эх сурвалжийн мэдээлснээр Шведийн эсрэг тавьсан хоригоо авахгүй бол F-16онгоцыг зарах худалдааг Конгресс батлахад хүндрэл гарга гэж АНУ-ын Засгийн газар Туркт хэлсэн байна.

Ирэх долдугаар сард НАТО-гийн гишүүн орнуудын удирдагч нар Литва улсад чуулна. Барууны орнууд тэрхүү уулзалтаас өмнө Шведийг НАТО-д элсүүлэх хүсэлтэй байгаа юм. Швед терроризмын эсрэг хуулиа баталж, Байден F-16 онгоцны худалдааг сөхөж Эрдогантай ярьсан тул шинжээчид Швед НАТО-д элсэх зам тавигдсан гэж үзэж буй.

Эх сурвалж: Reuters, Washington Post, Politico

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button