Чөлөөт нйитлэлч

Т.Баярхүүгийн "Итгэл зүй" нийтлэл: Ингэхэд бид өнөөдөр хэнд, юунд итгэж байна вэ

Eguur News агентлагийн "Чөлөөт нийтлэлч" буланд Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү нэгдлээ.

Түүний "Итгэл зүй" нийтлэлийн нэгдүгээр хэсгийг хүргэж байна.


Эртний Монголын :

1.Амь зүй

2.Итгэл зүй

3.Гурамсан сэтгэхүй нь:

Их эзэн Чингис хааны ертөнцийг төвхнүүлсэн “Ил нууц” мөн.

Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү миний бие “Эртний Монголын гүн ухаан” судлаачийн хувьд Их хааны дээрх гурван “Ил нууц” (Хүн ухаан-Гүн ухаан-Онол)-аас эхний удаад “Итгэл зүй”-г нь сонгон, та бүхэн маань “Өнөөдрийнхөө амьдралдаа ОНОШ-ГАРЦ-ШИЙДЭЛ болгон хэрхэн ашиглаж хэрэглэж үр дүнд хүрэх вэ” гэсэн бодит амьдралын хэрэглээ утгаар нь тайлж, тайлбарлан түгээх зорилгоор цувралаар бичиж, таниулахаар эхлүүлж байна.

ИТГЭЛ ЗҮЙ

Хүний ухамсар, мэдлэг, ухаан санааны хамгийн дээд үнэлэмж бөгөөд ядарсан цагт хонгилийн үзүүрт харагдах гэрэл, болж бүтэж байгаа үед ХАЙРЛАХ-ХАДГАЛАХ-ХАМГААЛАХ хамгийн нандин өв, ирээдүйн гол тэмүүлэл зорилго бол ИТГЭЛ мөн.

Амьдрал өөрөө итгэл бөгөөд итгэлээрээ амьдрахын төлөө тэмцэл юм. Тухайн хүн, нийгэм хамт олон, улс төр эдийн засгийн сэдвүүдийн оргил - үнэн зөв гэж сонгосон ойлголт дүгнэлт, зорьсон гоц зам (өрнийнхөөр бол феномен), тэр нь биелбээс төгс үр дүнд хүрмээр үнэмшил найдвар (шашныхаар бол нирваан дүрийг олох) учир шалтгааны ЭХЛЭЛ-ҮРГЭЛЖЛЭЛ-ТӨГСГӨЛ яах аргагүй итгэл, түүний үр дагавар мөн.

Амьдрал хайр дээр биш бодит байдалдаа итгэл дээр орших аж. Эхнэр нөхөр, ах дүү найз нөхөд, хамт олон бүгд л бие биенээсээ итгэл хайж, авч, урам орж амьдрах. Амьдалын өөрийнх нь ОРШИХУЙ-УДИРДАХУЙ-АМЬДРАХУЙ нь:

  • Тухайн хүний өөртөө, аав ээждээ, ах дүүс, садан төрлүүд , найз нөхөд, өвөг дээдэстээ итгэх - ХУВЬ ИТГЭЛ
  • Хамт олон, улс төрийн намууд, бүлхэмдэл,галуудын гишүүд, хамтрагсдын дундын ЭВ ИТГЭЛ
  • Нийт ард түмний дундах ЭЕ ИТГЭЛ гэсэн дарааллаар бүрдсэн итгэл юм.

Ард түмэн төрөө итгэлээрээ дундаасаа төрүүлж байгуулдаг бол төр нь бүх ард түмнийхээ нийлбэр итгэлтэй тэнцэхүйц СЭТГЭЛ гаргаж ард түмэн ба ТӨР хоёр хамтран зүтгэж байж тухайн улс хөгжиж хүчирхэгждэг жамтай. Монголчууд итгэлээ сэвтээхгүй, дүүрэн байлгахыг маш их эрхэмлэдэг. Ийм ч учраас бид өнөөдөр “Дүүрэн билэгтэй төвшин жаргалтай” гэж юм болгоноо итгэл болгон ерөөдөг, язгуурын АНХ-ЭНХ-МӨНХ-ийн зурхайг бэлгэддэг, ЭСЭРГҮҮЦЭХ-ЭЕРЭГЛЭХ-ЭРГЭЛЗЭХ амин “Гурамсан онол”-ын сэдэхүйдээ итгэж сүсэглэдэг, бадрангуй цагийн ухаанаа бэтгэртлээ санасан мунхарсан үндэстэн болжээ.

Итгэлгүй байж сургуульд ороод, мэргэжил эзэмшээд, итгэлгүй дундуур үр дүнд хүрнэ. Сургууль төгсчихөөд ажилгүйчүүдийн эгнээнд алхана. Эхнэр нөхөр бие биендээ итгэхгүй аваас хамтын амьдрал утгагүй, голомт үүсэхгүй. Гэх мэтээр сайн тунгаан бодох аваас амьдрал өөрөө итгэл ба итгэлээрээ амьдрахын төлөөх тэмцэл байх.

Ингэхэд өнөөдөр бид хэнд, юунд итгэж байна вэ?

Бурханд уу? Төрд үү? Гадаадын юм уу бусдын тусламж дэмжлэгт үү? Сүүлийн 30 гаруй жилийн амьдралаараа өөрсдөө итгэлээ олж, дор бүрдээ СЭРЖ-СЭХЭЭРЧ-УХААРЧ шамдахгүй бол угжуулах сэдэхүйтэй унтаа хүмүүс ууж идэж бараад шавхруун дээр нь өрөнд ороод үлддэг түүхийг бид туулсаар.

Их эзэн Чингис хааны Монгол газар нутаг, хүн амын хувьд, улс төр эдийн засгийн хүрээнд ч давжаарсан нь “ҮНДЭСНИЙ ИТГЭЛ”-ээ алдсаны ноцтой баримт бөгөөд “ИТГЭЛ”-ээ алдсан нь харийн тоглоомын үзлүүдэд ( изм-үүдэд) хэт үнэмшсэний уршиг гэдгийг өнөөдөр ч содлон тодлон анхаарахгүй, анзаарахгүй л байна.

Сүүлийн гурван зуу гаруй жил Төвөдийн шашинд сүсэглэн биширсэн, Манжийн ивээлд үнэмшсэн, коммунизмын онолд найдсан, одоо капитализмын замд төргүй байж зөвхөн хувийн корпорацууд бүхнийг мэдэж, захиран зарцуулах эрхтэй байж, харин хариуцлага ялыг нь ард түмэн үүрч эдэлдэг байхыг номлодог НЕО ЛИБЕРАЛ онолоор түрий барьсан улс төр эдийн засгийн олигарх бүлэглэлүүд улсаа аймаг аймгаар нь, эдийн засгаа салбар салбараар нь өмчлөн авах тэмцэлдээн тэрсэлдээн ид өрнөж байна.

Хажуугаар нь газар газрын харийнхны янз бүрийн гоё үзлүүдэд итгэгч олон намаар тэрсэлдэн “Улс орноо хөгжүүлнэ” гэдэг тоглоомд улайраад, тэр замаараа бас улс орноо болдог сон бол хэд хувааж хувьчлаад хөгжүүлчих санаатай үзэж тарцгааж байна.  Гэхдээ тэр тоглоомын дүрэм, өрсөлдөөн нь худалд үнэмших, бусдад найдах үзлүүдэд итгэх жүжигэрхүү юм байх. Зах зээлийн өрсөлдөөнт нийгэм нь итгэх, итгүүүлэх заль мэхэнд суурилдгийг энд тэндгүй эрээлжлэх реклам гэгч үнэмшүүлэл  гэрчилнэ.

Улс орны хувь заяа, ард түмний ахуй амьдралыг шийдэх улс төр, эдийн засгийн шийдвэр гаргадаг УИХ ба Засгийн газрын гишүүд, тэдэнтэй сүлбэлдсэн мэдээлэлд ойрхон улс төр эдийн засгийн бүлэглэлүүд нь болохоор ард түмний татвар ба төсвөөс ЖДҮХС, БЗС гэх мэт тусгай сан нэртэй хулгай хийх бүтцүүдийг байгуулж өөрсдөө жилийн 3%-н хүүтэй зээл авах, зарим тохиолдолд бүр хүүгүй тендер, концесс гэх нэртэй луйвраар мөнгөжиж байхад тэдний хулгайлсан болон луйвардсан мөнгийг нь жилийн 20-30%-н хүүтэй зээлтэй ард түмэн хариуцаж төлдөг ийм шударга бус тогтолцоонд яаж ч бодоод чөлөөт зах зээл ба шударга өрсөлдөөн байх уу?

Үндсэн хуулиар ард түмэн эзэн эрхтэй байж, 100% өмчлөх ёстой байсан байгалын баялгийг ашигт малтмалын лиценз нэртэй алга дарам цаас, тусгай зөвшөөрөл  болгон авсан, ард түмний орлого цалинг буцааж хураан авдаг тусгай зөвшөөрлүүд (Мобиком, Юнител, архи үйлдвэрлэх, банк, нефть импортлох…)-тэй бүлэглэлүүд нь жилийн 3%-н хүүтэй зээл авдаг, тэдний тэр зээлийг нь ард түмэн бид нар бултаараа жилийн 20-30%-н хүүтэй зээлээр төлдөг ялтай байхад энэ улсад ямар юмных нь чөлөөт шударга өрсөлдөөн байх вэ?

 “Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй” гэдэг нь Монгол Улсын хүн болгонд, хуулийн этгээд болгонд яг ижил тэгш хүүтэй зээл олгогдсон тохиолдолд л хэрэгжих ба жинхнээсээ шударга өрсөлдөөн үүсэж, хүн бүр өөрийн авьяасаар хөгжин дэвжих, улмаар эвлэн нэгдэж хамтарч бизнес цэцэглэх нөхцөл бүрдэнэ. Бид харийн шинэ колончлогчдын зах зээлийн чөлөөт өрсөлдөөний тухай (бодит амьдралд болохоор тухайн улсад байгаа шуналтнуудад тусгай зөвшөөрөл авхуулан, тэд нарт хүү багатай зээл өгөх замаар өөрсдөд нь үйлчлэх, барьцаанд нь орсон хүмүүсийг бэлддэг) номлолд адаглаад итгэх биш үнэмшээд найдаад алдсан бол яая гэх вэ. ГЭНЭДЛЭЭ-ХЭРСҮҮЖЛЭЭ-ХАШИРЛАА гэх сэн. Гэтэл бүгдэд нь итгэсэн. Бусдаар тархи толгойгоо угаалгасан бузар ичгүүр, аймшигтай харуусал гэдгийг одоо ч бид ухаарахгүй ахиад л мангууран итгэсээр л.

Үргэлжлэл бий...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button