ЯРИЛЦЛАГА

Э.Билэгсайхан: Би ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ жирийн л нэг МОНГОЛ ЗАЛУУ

2019 оны аравдугаар сард Eguur.mn сайтад нийтлэгдсэн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.

Тэр хөгжлийн бэрхшээлтэй. Гэхдээ зөвхөн харагдах байдлаасаа. “Би өөрийгөө хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй гэж бодож байгаагүй” хэмээн ярих түүний дотоод хүн эрч хүчтэй, урам зоригтойгоор урагшилж, мөрөөдөж бас зорьж, хийж бүтээж, зогсолтгүй урагшилсаар буй. Нийгэмд үлгэр дууриал болъё, эерэг зөв хандлага түгээе гэж зориод Инстаграм хуудас хөтөлж эхэлснээс нь хойш адал явдалт хоёр жил хэдийнэ өнгөрчээ.

Эрүүл мэндийн шалтгаанаар тэр богино, цөөн өгүүлбэрээр ярилцсан. Үүнийг нь бичвэрт хэвээр хадгалахыг хичээлээ. Ингээд 21 настай жирийн л нэг монгол залуугийн ярилцлагад уншигч таны анхаарлыг хандуулъя.


-БИ ЗҮГЭЭР СУУГААД БАЙВАЛ ЮУ Ч ОЛЖ ДОЛООХГҮЙ-

-Хичээлийнхээ дундуур цаг зав гаргаж ярилцлагын саналыг маань хүлээж авсанд баярлалаа. Ямар мэргэжлээр суралцаж байна вэ, эндээс хоёул яриагаа эхэлье.

-Та бүхэнд ч бас баярлалаа. Би олон улсын харилцаагаар сурдаг. Ерөнхийдөө Англи хэлийг голчлон үздэг, үүгээр дамжуулаад гадагшаа суръя гэсэн бодол байгаа. Сургуулиа төгсөөд гадны орон руу тэтгэлэгт хамрагдъя гэж бодсон. Австрали улсыг сонирхож байна. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст арай доогуур шалгуур тавьдаг юм билээ. Ирээдүйгээ бодож л энэ мэргэжлийг сонгосон.

Энэ мэргэжлийнхээ дагуу орчуулагч хийж болно. Хэрэв сайн сурч чадвал бас багш болох боломжтой.

-Одоо 3-р курс гэсэн. Суралцахад хэцүү, хүндрэлтэй зүйлс байна уу? Инстаграмаас нь харахад сэтгэлийн тэнхээтэй, юуг ч даван туулна гэсэн итгэлтэй харагддаг.

-Яг уу?

-Тэгэлгүй яах вэ.

-Хүний амьдрал юм чинь хэцүү зүйл байж л байгаа. Гэхдээ тэрийг хэцүү гэж бодохоос илүү боломж гэж харвал зүгээр. Би энд зүгээр суугаад байвал юу ч олж долоохгүй. Ямар нэг зүйл хийж байж өөрчлөлтөд хүрнэ.

Гэрийн даалгавраа хийгээд багш руугаа мейлээр явуулчихдаг юм. Сурахад нэг их бэрхшээл байдаггүй гэж болно оо.

-Хичээлийн бус цагаар фитнессээр хичээллэдэг шүү дээ. Хэдэн жилийн өмнөөс фитнесст явж эхэлсэн юм бэ?

-За, бараг хоёр жилийн өмнөөс явъя гэж шийдсэн. Фитнессээр хичээллэхэд маш олон давуу тал байдаг. Хамгийн наад зах нь эрүүл мэнд. Миний хувьд гол нь эрүүл байх гэж, хөдөлгөөнөө сайжруулах гэж явсан. Би орой, найман настайдаа хөлд орсон. Тийм болохоор булчингийн хөгжил нэг их сайн биш. Gym-д явнаас хойш миний ярих чадвар болон бусад хөдөлгөөнүүд сайжраад байгаа.

Манай залуучууд андуураад байдаг. Булчинтай болохын тулд явж байна гээд. Булчинтай болохоос илүү эрүүл байя гэж явбал дээр шүү дээ. Гуравхан сарын дотор “аймаар” биетэй болно гэж боддог. Энэ бол маш буруу л даа. Гурван сарын дотор үр дүнд хүрнэ гэж байхгүй. Ийм учир тэд амархан шантардаг. Би бол нэгт эрүүл байх гэж, хоёрт хөдөлгөөний дутагдалд орохгүйн тулд явж байна.

-Аль хэдийнэ хоёр жил болчихож ээ?

-Яг ч тасралгүй хоёр жил явсан гэхэд хэцүү л дээ. Дундуур нь зуны амралт энэ тэрээр яваагүй үе бий. Гэхдээ тогтмол явахыг хичээдэг. Боломж байвал долоо хоногт гурван удаа явахыг зорьдог. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бодибилдингийн тэмцээнд орно гэж өөрийгөө зоригжуулж байгаа.

-ЗАРИМДАА 10 ЖИЛИЙН ЖААХАН ХҮҮХДҮҮД ХОЛБОГДОЖ, ЗӨВЛӨГӨӨ АВДАГ-

-Инстаграм ашиглаж эхлээд хэр удаж байгаа билээ?

-2017 оны тавдугаар сараас эхэлж ашигласан. Тэр үед Инстаграм гэж яг юу байдгийг мэддэггүй байсан. Худлаа, үнэн зураг оруулдаг эд л гэсэн ойлголттой байсан. Яваандаа үүгээр дамжуулж бусдад нөлөөлж болох юм байна гэдгийг ойлгосон юм. Ялангуяа залуучууддаа эерэг зүйлсийг түгээе гэж зорьсон. Манай залуус мундаг байгаа л даа. Гэхдээ зарим нь залхуу байна, юу ч хийхгүй байна. Тийм учраас би тэдэнд урам зориг өгөх, бас өөрийгөө таниулах зорилгоор инстаграмаа хөтөлж эхэлсэн.

Жилийн өмнө 100-н хэдхэн дагагчтай байсан. Харин хүмүүс намайг маш их дэмжсэн, үүний ачаар өдий зэрэгтэй явж байгаа. Яг үнэндээ хүмүүс дэмжээгүй байсан бол инстаграмаа хаячихсан байгаа. “Мундаг байна шүү” гээд л хүмүүс чатаар бичдэг. Тэр нь надад эргээд асар их урам зориг өгдөг.

-Өнөөдрийн байдлаар хэдэн дагагчтай байна бэ?

-Өнөөдрийн байдлаар нэг 14 мянга л байна даа. Цаашид энэ тоогоо улам нэмэгдүүлээд явъя гэж бодож байна.

Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ядуу, буурай амьдралтай юм шигээр боддог. Бас тэнэг, эргүү гэж төсөөлдөг. Энэ бол буруу ойлголт. Ингэж буруу ойлгоод байгаа хүмүүст зөвөөр үлгэрлээд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэдэг чинь юм хийж чаддаг шүү, жирийн л эрх чөлөөтэй хүмүүс байхгүй юу гэдэг мессежийг өгөхийг хүсдэг.

Би багаасаа өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж бодож байгаагүй. Дандаа энгийн сургуулиудад суралцаж байсан. Ээж маань намайг өдөр болгон дасгал сургуулилт хийлгэсний ачаар би 8, 9 настайдаа хөл дээрээ босож, сургуульд орж байсан.

-Дандаа жирийн л хүүхдүүдийн хамт суралцаж байжээ?

-Тийм. Тэгж байж би нийгэмшсэн. Бусадтай харилцах чадвараас эхлээд шал өөр болдог. Хүмүүстэй зөв харилцаж чаддаг болсон, эргээд хүний ярьж байгаа юмыг сайн сонсож сурсан. Хоёрдугаарт, найз нөхөдтэй болсон. Манай сургууль гэртэй маань ойр байлаа. Ийм учир ангийн хүүхдүүд гэрээс ирж аваад л, орой хүргэж өгдөг байсан.

-Хүмүүс чатаар их холбогддог гэлээ. Тэр бүрд хэрхэн хандаж байна вэ?

-Сошиал орчинд ерөнхийдөө намайг огт мэдэхгүй шахуу хүмүүс орж ирж байгаа шүү дээ. “Мундаг шүү” гэж урам өгдөг ч гаднаас минь хараад дүгнэдэг нь дийлэнх. Дээр хэлсний дагуу үүнээс мэдээж маш их урам зориг авдаг. Заримдаа 10 жилийн хүүхдүүд орж ирдэг, “аймаар” хөөрхөн. Амьдрал нь болохгүй, бүтэхгүй байгаа хүүхдүүд энийг яаж шийдэх вэ гээд надаас асуудаг. Би эргээд чадахаараа зөвлөж өгдөг. Намайг гээд орж ирж байгаа хүмүүсийг ялгаж чаддаггүй. Би ер нь ялгаварлах үзэлд маш дургүй.

Нийгэмд муу зүйлс их гарж байна. Ийм учир өөрийнхөө зүгээс эерэг, гэрэл гэгээтэй зүйлсийг түгээх гэж хичээж байгаа.

-ХҮМҮҮС ДУРТАЙДАА БИДНИЙГ ЯЛГАВАРЛАДАГГҮЙ-

-Багадаа хамгийн тоглох дуртай байсан тоглоом нь юу вэ?

-Хөвгүүд юу тоглодог, тэрийг л ихэвчлэн тоглодог байсан даа. Компьютер тоглох их дуртай байсан. Контра энэ тэрийг хашрааж байгаа юм чинь /инээв. Сурв/. Одоо бол X-Box тоглож байгаа. Ер нь тоглохгүй юм гэж байхгүй. Бас нөгөө газар шиддэг Мортал гээд карт байдаг байсан ш дээ, тэрийг их тоглодог байсан.

-Хүүхэд насны тань хамгийн сайхан дурсамж юу вэ?

-Би ангийнхантайгаа зугаалгаар, Найрамдал зуслан руу явж байсан юм аа. 5-р ангид байсан бил үү дээ. Тэр хамгийн сайхан дурсамж. Ер нь бол жаахан байсан үе маань эргээд бодоход хамгийн сайхан санагддаг. Нэгийгээ ялгаварлана гэж байхгүй, бие биетэйгээ тоглож, наадаад л.

-10 жилээ төгсөхдөө ямар хүн болно гэж боддог байсан бол?

-Сэтгэлзүйч болно гэж мөрөөддөг байсан л даа /инээв. Сурв/. Гэхдээ англи хэлтэй болчихвол эргээд юуг л бол юуг сурах юм байна гэж ойлгосон. Ингээд 12-р ангидаа зорилго тавиад, ЭЕШ-аа амжилттай өгч МҮИС-д орсон. Өнөөдрийг хүртэл суралцаж байна.

-Дотны найзуудтайгаа ихэвчлэн юу хийж цагийг өнгөрөөдөг вэ?

-Голдуу кино үзэж, видео тоглоом тоглодог. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд манай хотод чөлөөт цагаа сайхан өнгөрөөх боломжтой газар ховор. Найзуудтайгаа хааяа зуслан, хөдөө орон нутаг руу явдаг.

Найзуудын маань ихэнх нь бүр хар багынх. Танилууд бол олон бий. Яг жинхэнэ найзууд бол гарын 10 хуруунд багтана.

-Гаднах байдлаас нь дүгнэж ялгаварладаг хандлагатай багаасаа тулгарч ирсэн байх. Өнөөдрийн хувьд тийм хандлагыг ямар өнцгөөс хүлээж авдаг болсон гэж хэлэх вэ?

-Тухайн хүмүүс дуртайдаа тэгж ялгаварлах хандлага гаргаад байгаа хэрэг биш. Хувь хүний мэдлэг, боловсролын түвшнээс л шалтгаалдаг гэж боддог. “Ийм” хүний тухай мэддэггүй, магадгүй урьд өмнө таарч байгаагүй болохоор л ялгаварлах хандлага гаргадаг байх. Бас нөгөө талаар хүн мэдлэгтэй байж болох ч, хүмүүжил нь илүү чухал. Фэйсбүүкээр харж байхад, хэчнээн мэдлэгтэй ч гэсэн бусдыг маш их доош нь хийдэг хүмүүс олон. Тэднийг би, “Хүн болж хүмүүжээгүй байна даа” гэж боддог. Гэхдээ энэ нэг талаар бас л өөрсдийнх нь буруу биш. Цаанаа ямар ч амьдралыг туулж байгаа юм билээ, бид мэдэхгүй шүү дээ.

-Сайхнаагийн дотор хүнийг ихэнх хүмүүс мэдэхгүй, хараад ойлгохгүй. Өөрийгөө ямар хүн гэж бусдад илэрхийлмээр санагддаг вэ?

-Би чинь жирийн л монгол залуу шд. Гаднаас минь дүгнэж, дотор хүнийг маань ойлгохыг хүсдэггүй хүмүүс ердөө намайг байгаагаар нь л хүлээж авахад болно. Би заавал намайг ойлгоосой гэхээс илүү зүгээр л байгаагаар минь хүлээж авдаг болоосой гэж боддог.

Харин Инстаграмаар өөрийнхөө хэн бэ гэдгийг бусад хүмүүст аль болох ойлгуулахыг хичээдэг. Залуусыг ажиглаж байхад сайнтай, муутай л байна. Би бол хичээж байгаа жирийн л нэг монгол залуу.  

-Цахим орчинд нэлээд танил болж байгаа. Гудамжаар явахад хүмүүс таньж байна уу?

-Яахав, манай Монголчууд чинь жаахан чимээгүй талдаа шүү дээ. Таньсан ч түүнийгээ шууд илэрхийлэх нь бага.

Эхэндээ би айдаг байсан. Намайг хүмүүс юу гэж хэлэх бол гэж. Ялангуяа жаахан хүүхдүүд хэцүү байдаг. Нэг удаа би сургууль руугаа ганцаараа явж байтал над руу жаахан хүүхдүүд чулуу шидэж эхэлсэн. Тэр хавиар явж байсан хүмүүс болиулсан л даа. Тэр бол миний амьдралдаа авч байсан хамгийн хогийн мэдрэмж.

Ерөнхийдөө юм мэдэхгүй жаахан хүүхдүүд тийм хандлага их гаргадаг. Бас том хүмүүс ч байна аа, байна.

-АЗ ЖАРГАЛЫГ ХҮН ӨӨРӨӨ БҮТЭЭДЭГ БОЛОХООС, ЭД МАТЕРИАЛААР ОЛЖ АВДАГГҮЙ-

-Өнөөдөр нийгэмд үлгэр дууриал болъё хэмээн зорьж байна. Харин нийгэм, залуус хэрхэн хүлээж авч байна вэ?

-Залуусын тухайд өнөөдөр намайг сайн ойлгодог болж ээ. “Аймаар” дэмжиж байгаа. Жишээ нь 116 бүжгийн хамтлагийн залуус надтай энгийн л хүн шиг харьцдаг, маш их урам өгдөг. Энд тэндхийн эвентүүд дээр байн байн уригдаж очдог болсон. Би чинь бас нэлээд нийгмийн идэвхтэй /инээв. Сурв/.

Бид нар өөрсдөө л гарч ирж, байр сууриа бий болгохыг хичээхгүй бол хэн ч зөнгөөрөө ойлгодог болохгүй байх гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй гээд гэртээ зүгээр л суугаад байгаа залуус бий. Энэ нь өөрсдийнх нь ч буруу биш. Ээж, аав нь тэднийг юу ч чадахгүй, гэртээ байсан нь дээр гэж ойлгодгоос үүдэлтэй. Энэ буруу. Жирийн оюун ухаантай л бол гадуур гарч нийгэмшиг л дээ.

Би 90-ээд оны тухай ярих уу. Эцэг, эхчүүд 90-ээд онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ бүр гэртээ нуудаг байсан гэдэг. Нэг өрөөнд аваачаад л түгжчихдэг. Одоо л гайгүй болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй гээд л өрөвдөж, хөөрхийлөөд байлгүй хэрэгтэй зүйлээр нь дэмжиж тусалвал урам зориг орж, илүү томыг мөрөөднө шүү дээ.

-Өнөөдрийн нийгэмд амьдрахад хамгийн онцгүй, хөндүүртэй мэдрэмж төрүүлдэг зүйлс ихэвчлэн юу байна вэ?

-Хүмүүс тухайн хүний түүх намтрыг мэдэхгүй байж, зүгээр л гаднах байдлаас нь шүүдэг, дүгнэдэг. Энэ хамгийн хэцүү үзэгдэл. Бас хөгжлийн бэрхшээлтэй хэмээн харж, өрөвдөхөд би дургүй. Яасан гэж намайг өрөвдөөд байгаа юм бэ? Би нийгэмд зүгээр л эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө амьдарч байна шүү дээ. Тиймээс хамгийн “хогийн” мэдрэмж бол өрөвдүүлэх.

-Эсрэгээрээ аз жаргалтай болгож, хөглөдөг зүйлс нь?

-Хүмүүс намайг дэмжих тусам улам л хичээмээр санагддаг. Инстаграм дээр миний дагасан хүмүүс буцаагаад намайг дагах хамгийн бест мэдрэмж. Би Монголын одуудыг Инстаграм дээр их дагадаг. Жишээ нь Ука эгч байна, намайг эргүүлээд дагахад нь их баярласан.

Гэр бүл, найз нөхөд гээд үргэлж миний хажууд байдаг, над руу чат бичиж урам өгдөг хүмүүсийг бодох үед л их аз жаргалтай болдог. Заримдаа би чинь эморно шүү дээ. “Би юу хийгээд байна аа, юуны төлөө яваад байна вэ?” гэж бодно. Харин энэ үед ээж, аав маань үргэлж намайг дэмжиж, хайрлаж ирснийг санахад шууд л амьдралыг өөдрөгөөр хардаг.

Аз жаргал гэдэг хүн өөрөө өөртөө бүтээдэг зүйл болохоос, эд материалаар олж авдаг зүйл биш. Би нэг гоё үг хэлэх дуртай. Хүн юутай байснаараа биш, хэн байснаараа дурсагдаж үлдэнэ гэдэгт итгэдэг.

-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛОН ЭНГИЙН ХҮМҮҮСИЙН ХООРОНД ГҮҮР БОЛОХ ХОЛЫН МӨРӨӨДӨЛ БИЙ-

-Амьдрал гэж яг юу вэ? Сайхнаагийн хувьд хүн яаж зөв амьдрах хэрэгтэй юм бол?

-Аа, амьдрал уу… Амьдрал гэдэг чинь ерөөсөө л энгийн зүйл юм билээ. Утга учиртай л бол амьдрал тийм хэцүү зүйл биш. Харин амьдралыг утга учиртай болгоё гэвэл нэгт, зорилго. Хоёрт эрүүл мэнд. Эрүүл байж урт удаан амьдарна шүү дээ.

Зорилготой байгаа цагт цаанаасаа амьдрах хүсэл эрмэлзэл төрж байдаг. Яг үнэнийг хэлэхэд манай залуус шоу хэсээд л, PC тоглоомын газар олон цагаар тоглоод л явж байна. Хий дэмий цагийн өнгөрөөгөөд. Ямар ч зорилгогүй. Ийм байсаар байвал амьдралын утга учрыг олж мэдрэхгүй шүү дээ. Тодорхой зорилгыг өмнөө тавиад, түүндээ хүрч чадвал дараачийнх нь дахиад л гараад ирдэг.

Манайхан чинь эд баялаг, нэр төрөөрөө гайхуулж их явах юм. Миний бодлоор энэ ямар ч шаардлагагүй зүйл. Хүн даруу байх тусмаа гоё шүү дээ. Залуусдаа хандаад нэг үг хэлчихье. Хүн зорилго мөрөөдөлтэй байж болно. Гэхдээ хүнийг хүндэлдэг, хайрладаг, бусдад тусалдаг байгаарай. Нэг нэгэндээ дэмтэй явбал илүү хол газрыг туулах юм байна гэж би бодоод байгаа.

-Ойрын зорилгоосоо хуваалцаач?

-Ярилцлагад дурьдмааргүй хувийн зорилгууд дийлэнх байна. Харин цаашлаад боломж олдвол зорилтот видео контент хийгээд Youtube-д байршуулъя гэж бодож байгаа. Залуус яаж хүлээж авахыг сайн мэдэхгүй л байна. Гэхдээ суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Юм хийх гэж оролдоод л, махраад л байх хэрэгтэй. “Болно дөө” гэж бодоод л суугаад байвал юу өөрчлөгдөх юм бэ?

Бас хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн хүмүүсийн хооронд гүүр болох холын мөрөөдөл бий. Гүүр болно гэдэг маань хүмүүсийн ойлголт, хандлагыг эерэг тийш нь өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст энгийн л ажиллаж амьдрах боломжийг бий болгоход хувь нэмрээ оруулах. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг арай өөрөөр хардаг болгох зорилго байгаа.

Бас инстаграм дээр 100 мянган дагагчтай болно гэж бодож байна. Тэгэхийн тулд би өөрөө чамгүй хичээх хэрэгтэй байх.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

    1. Чи ч төмсөгөн толгой, ########он хэлтэй нөхөр байх л даа. За тэгээд энэ з####уу шиг байсан бол ч юун төмсөг юун ######## биз.

    1. Чи бүх юм сайхан байхыг хэр олон харсын уулын модонд очдоо мод зарим нь тэгш өндөр ургаж зарим нь н####ж газар унах шахам тэгсэн ч хавар болгон нахи####даг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button