НийгмийнСПОРТ

Ш.Даваадорж: Энэ жил Тюменд болсон Дэлхийн цомд оролцохдоо -27 хэмийн хүйтэнд хурд сорьсон

Чонын арьсан малгай, хүрэм, монгол гутал өмсөн, мөсөн дээгүүр хөл нүцгэн алхаж, юу ч ажирсан шинжгүй зогсох түүний бичлэгийг цахим ертөнцөөс анх үзэхдээ их гайхаж билээ. Юун тэгэх байтугай төсөөлөхөд ч голд хүйт ормоор. Дэлхийд эх орныхоо нэрийг дуурсган, “Монгол Майкл Фелпс” гэгдэн алдаршиж яваа Баянгол дүүргийн тамирчин, ОБЕГ-ын аврагч Шагдарсүрэнгийн Даваадоржтой ярилцлаа. Өвлийн болон мөстэй усанд сэлэлтээр хичээллэдэг Монголын цорын ганц тамирчин, 50 настай тэрбээр 2018-2019 онд ахмадын ДАШТ, Дэлхийм цом, олон улсын тэмцээнээс 32 алт, 29 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж, цом эзэмшиж байгаа юм.

БЭЛТГЭЛЭЭ ӨДӨР БҮР 05.30 ЦАГТ ХИЙДЭГ

-Усанд сэлэлтийн тамирчид бэлтгэлээ бассейнд базаадаг. Харин өвлийн усанд сэлэлтээр хичээллэдэг та хэрхэн хийдэг вэ?
-Монголд хүйтэн устай бассейн, бэлтгэлийн зориулалтын төвгүй болохоор тэмцээн болох газар таваас цөөнгүй хоногийн өмнө очиж хийхээс өөр арга байдаггүй. Бассейнд сэлэх хүйтэн болон мөстэй усанд шумбахаас тэс өөр. Би Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвд техникийнхээ бэлтгэлийг л хийдэг. Ер нь өдөр бүр 05.00 цагт босдог. Өглөөний ундаа уучихаад бэлтгэлдээ 05.30 цагт ирнэ. Бассейнд хүмүүс бужигнахаас өмнө, сэлүүхэнд хийхэд амар байдаг, илүү үр дүнтэй. Би бэлтгэлээ долоо хоногт зургаан удаа базаадаг. Үүнийхээ хажуугаар унадаг дугуй унан, хүчний бэлтгэл хийнэ. Ингэж л хичээж, хөдөлмөрлөхгүй бол амжилтад хүрэхгүй шүү дээ.

“АЛТАН ДОРНОД МОНГОЛ” КОМПАНИАС НАМАЙГ ИВЭЭН ТЭТГЭЖ, ДЭМЖДЭГ

-Тэгэхээр та тэмцээнд оролцохын тулд бусад тамирчдаас илүү мөнгө зарцуулдаг юм байна. Бүх зардлаа хувиасаа гаргадаг уу?

-Монголын өвлийн усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгчөөр “Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал М.Идэр, Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр тус компанийн хамгаалалтын албаны дарга Б.Булган мөн Д.Содбилэг, Б.Золоо нар ажилладаг. Тэд намайг ивээн тэтгэж, дэмждэг. Ер нь санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийн тулд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд олон жил явсан. 2014 оноос хойш 30-аад тэмцээнд оролцсон. Нэг тэмцээнд өрсөлдөхөд дунджаар таван сая гаруй төгрөг зарцуулдаг. Би өмнө нь хувийн бизнес эрхэлдэг, гурван өрөө байртай байв. Бизнес, спорт хоёр нэг саванд багтдаггүй юм билээ. Амжилтын төлөө бизнес эрхлэхээ больж, байраа нэг өрөө болгон жижигрүүлсэн. Зөрүү мөнгийг нь тэмцээний зардалд зарцуулав. Дуусахаар нь автомашинаа зарсан. Одоо миний байр, автомашин хоёр ломбарданд бий. Тэмцээний зардал дутахаар нь барьцаанд тавьчихсан юм. Өглөө, оройд бэлтгэл хийдэг болохоор ажил хийх завгүй. Тийм болохоор адаглаад л зээлийн хүүгээ төлөхийн тулд чөлөөт цагаараа юу эсийг хийх вэ. Амралтын өдрүүдэд барилгын туслах хийх энүүхэнд. Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвд багшлах боломж надад нээлттэй. Гэтэл тэмцээнд оролцохоор байсхийгээд л гадаад явдаг болохоор тэгж амждаггүй. Ер нь бэлтгэлд сард ойролцоогоор сая төгрөг зарцуулдаг. Би ОБЕГ-ын аврагч, дэд ахлагч цолтой. ОБЕГ-ын усанд сэлэлтийн бүх сургалтыг явуулж, хичээл заадаг.

-Таныг өвлийн усанд сэлэлтээр хичээллэдэг Монголын цорын ганц тамирчин гэдгийг спортын хүрээнийхэн сайн мэднэ. Энэ жилээс мөстэй усанд сэлэлтээр өрсөлдөх болсон тань сонирхол татаж байна. Өвлийн усанд сэлэлтээс юугаараа ялгаатай вэ?

-Дүрэм нь өвлийн усанд сэлэлтийнхтэй ойролцоо ч усных нь хэм тэс өөр. Бассейны ус дунджаар +26-гаас 28 хэм байдаг. Ерөнхийдөө би -2-оос +2 хэмтэй усанд уралддаг. Энэ оны эхээр Тюменд болсон мөстэй усанд сэлэлтийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн -2 хэмийн хүйтэн усанд болсон. Тэгэхэд би эл төрөлд анх удаа хурд сорьсон юм л даа. -27 хэмийн хүйтэнд өрсөлдөж, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тэмцээний үеэр өмнө нь бээрч үзээгүйгээрээ даарсан шүү. Ер нь хаана зартай хүйтэн газар байна, тэнд өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Миний дараа уралдсан нутгийн нэгэн тамирчин нас барсан. Уг нь тэрбээр 30 жил харзны усанд орсон хүн юм билээ. Бэлтгэл дутуу, биеэ сайн бэлдэхгүй бол энэ мэт эрсдэл их.

-Тэр тэмцээнээс 10 хоногийн дараа болсон өвлийн усанд сэлэлтийн олон улсын наадмаас 10 медаль авсан юм билээ. Танаас олон медаль авсан тамирчин бий юү?

-Байхгүй. Би 12 зайд уралдахдаа гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль авсан. Оросын нэг тамирчин зургаан медаль хүртсэн гэнэ лээ. Бэлтгэл сайтай байсан болохоор өөртөө итгэлтэй өрсөлдлөө. Би ер нь өнгөрсөн оноос хойш олон улсын 10-аад тэмцээнд оролцоод байна. Латви, Беларусь, БНХАУ, ОХУ-д зохион байгуулсан Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс л гэхэд дөрвөн алт, есөн мөнгө, гурван хүрэл медаль авсан. Өдий хүртэл уйгагүй хөдөлмөрлөн, зүтгэснийхээ өгөөжөөр дэлхийн чансааг тэргүүлэх боллоо.

ӨВЛИЙН УСАНД СЭЛЭЛТИЙН ДЭЛХИЙН ЦОМЫГ ИРЭХ ЖИЛ ЭХ ОРОНДОО ЗОХИОН БАЙГУУЛНА

-Тэмцээний үеэр ирэх жил Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах эрх авсан гэж дуулсан. Болзлыг нь хэрхэн хангав?

-Би Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоог дөрвөн жилийн өмнө үүсгэн байгуулсан. Ганцаараа хамаг ажлыг нь хийж, зүтгэсээр байгаад холбоогоо дараа жил нь Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбоо, Дэлхийн мөстэй усанд сэлэлтийн холбоонд элсүүлсэн. Эх орондоо эл спортыг хөгжүүлэх, сурталчлах, хүмүүсийг олноор хичээллүүлэх нь миний чин хүсэл. Усанд сэлэлтийн спортыг хүмүүс андахгүй. Гэтэл эдгээр төрлийг мэдэх нь ховор. Тиймээс өөрөөрөө үлгэрлэхээс гадна Монголд олон улсын тэмцээн зохион байгуулахыг олон жилийн өмнөөс хүссэн минь биелэх боломж бүрдлээ. Би Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооны удирдлагад хүсэлт гарган, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг 2020 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл далайд зохион байгуулахаар болсон. Ойролцоогоор 15 орны 700-800 тамирчин оролцоно. Бусад орны усанд сэлэгчид “Чингис хааны нутагт очих нь. Танай улс Европынх шиг өндөр барилгагүй гэдэг, үнэн үү. Хараа цуцам талаар чинь морьтой давьхих юм сан” гээд их сонирхож байна лээ.
-Хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ. Хэр их санхүү шаардах вэ

-Би ганцаараа энэ тэмцээнийг хийж чадахгүй нь ойлгомжтой. Монголын өвлийн усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгчөөр “Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал М.Идэр, Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр тус компанийн хамгаалалтын албаны дарга Б.Булган мөн Д.Содбилэг, Б.Золоо нар ажилладаг. Би ерөнхий нарийн бичгийн даргаа хийгээд тэмцээн, уралдаан, үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хариуцдаг. Хамгийн чухал нь санхүү. Бусад орны туршлагаас харахад ойролцоогоор 100 сая төгрөг шаардлагатай. Хөвсгөл далайн мөсийг цоолоод уралдах замаа олон улсын стандартын дагуу 25 метр урт, найман замтайгаар хийнэ. Тамирчид хөлөөрөө тийрэх ханыг усан дотор байрлуулах хамгийн хэцүү. Үзэгчдийн суудал, тамирчдыг байрлуулах гэр, хоол, унд, нойл, эмч, аврагчаас авхуулаад бэлтгэл ажил маш их. Дараа жилийн гуравдугаар сар гэхэд бүх ажил жин тан болсон байх учиртай.

45 НАСАНДАА ӨВЛИЙН УСАНД СЭЛЭЛТЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН

-Та багаасаа усанд сэлэлтээр хичээллэсэн ч нэг хэсэг бодибилдинг, фитнес рүү урвасан. Монголдоо шилдэг болчихоод, бүр хожим буюу 45 насандаа өвлийн усанд сэлэлттэй амьдралаа холбоход юу нөлөөлөв?
-Багаасаа усан спортод хорхойсож, дурласаар 1983 онд хичээллэн, амжилтын төлөө 36 жил зүтгэж байна. 1986 онд УАШТ-д оролцохдоо насанд хүрэгчдийн ангиллын нэгдүгээр зэргийн болзол хангасан. Монголын усанд сэлэлтийн шигшээ багийн анхны тамирчдын нэг нь би.

ОХУ-д цахилгаанчны мэргэжлээр сурч байхдаа эл спортоос нэлээд хөндийрч, бодибилдинг, фитнесээр хичээллэсэн. 1990 онд “Монголын сайхан залуу” тэмцээн (одоогийн “Монголын мистер”)-д анх оролцоод IV байрт шалгарсан. Дараа жилээс нь 1996 он хүртэл завсаргүй өрсөлдөөд гурван алт, нэг мөнгөн медаль хүртэж билээ. Түүнээс хойш бодибилдингийн тэмцээнд ер оролцоогүй ч бэлтэл тогтмол хийдэг. Тухайн үед хичээл, ном гээд спортоо хөөх зав, боломж байгаагүй. Монголд ирснийхээ дараа Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Тагнуулын дээд сургуулийг төгссөн. Тэгснийхээ дараа Новосибирскийн олон улсын харилцааны сургуульд эрхзүйч мэргэжлээр таван жил сурсан юм. Хамгийн сүүлд Москвагийн олон улсын харилцааны сургуулийг “Терроризмын эсрэг үйл ажиллагааны онцлог” сэдвээр магистрын зэрэг хамгааллаа. Таван их сургууль төгссөн, таван ач, зээтэй, тавьхан настай залуу байна аа , би (инээв).


Энэ үеэр тэрбээр “Би нээрэн, залуу хүн. Тийм биз дээ. Хүн хөгширч бус, хөшиж үхдэг гэдэг яг үнэн” хэмээн инээсэн. Үнэхээр Ш.Даваадорж сэтгэлгээгээрээ, сэтгэлээрээ, бие хаагаараа залуу үеийнхнээс ер дутахгүй.

УСАНД СЭЛЭЛТИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТАЙ НАДААС ӨӨР ТАМИРЧИН МОНГОЛД БАЙХГҮЙ

-Хойд хөршид сурч байхдаа усанд сэлэлтийн бэлтгэлээ тогтмол хийсэн үү?

-Тэгсэн. Москвад номын дуу сонсож байхдаа өвлийн усанд сэлэлтийн төрөл байдгийг мэдсэн. Тухайн үед юу ч гэсэн 2018 оныг дуустал үзээд алдъя гэж бодсон юм. Хүйтэн усанд сэлэхийн тулд юуны өмнө дасах нь чухал юм билээ. Тэгэхийн тулд ваннанд анхандаа хүйтэн ус, дараа нь мөстэй ус хийн хэвтэв. Байнгын тэгж орсоор дассан. Ваннын ус хэчнээн хүйтэн, мөстэй байлаа ч +4 хэмээс доош буудаггүй юм билээ. Бэлтгэлээ тэгж жил гаруй хийн, биеэ бэлдээд 2014 оны тавдугаар сард болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод түрүүлсэн. Дараа жил нь олон улсын тэмцээнээс хоёр алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэн, Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд анхдагч болсон. Мөн 2016 онд Украины олон улсын тэмцээнээс долоон алтан медаль авахдаа их баярлаж билээ. Ер нь Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд олон улсын тэмцээний медальтай надаас өөр тамирчин байхгүй. Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д өнгөрсөн жил анх удаа өрсөлдөөд IV байрт шалгарсан. Уг нь медаль хүртэх, түрүүлэх боломж байсан юм. Замын зардлаа хэмнэн гурван хоног онгоц, автобус, таксигаар давхисаар тэмцээний өглөө арайхийж амжиж очоод л оролцсон. Цагийн зөрүүг гаргах нь байтугай амарч амжилгүй өрсөлдсөн болохоор яаж олигтой амжилт гаргах вэ дээ. Өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн ДАШТ хоёр жилд нэг удаа, хоорондоо сөөлжиж болдог. Дараа жил даагаа нэхнэ дээ. Эдгээр төрлийн тэмцээнд оролцох тамирчид эмчийн магадлагаатай, амь насны даатгалд хамрагдсан байх шаардлагатай. Би өөрийгөө 200 мянган ам.доллароор даатгуулсан.

“Ганцхан тамирчинтай спорт байдаг юм уу” гэж харьяа яамныхан гайхсан

-Олон улсын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад улсаас мөнгөн урамшуулал олгодог. Та ер нь хэдэн удаа авсан бэ?

-Огт авч үзээгүй. Олимпын бус төрөл гээд манайхыг тоодоггүй шүү дээ. Би нэг удаа хөөцөлдсөн, амны гарз юм билээ. “Ганцхан тамирчинтай спорт, холбоо байдаг юм уу” гэж харьяа яамныхан гайхсан. Монголд үндэсний бөхөөс өөр спортын төрөл байдаг гэдгийг хүмүүс мэдээсэй. Ой тогтоолтынхон дэлхийн рекорд эзэмшин, гурван тамирчин Гиннесийн амжилт тогтоолоо. Би усанд сэлэлтээр 36, бодибилдинг, фитнесээр 30 жил хичээллэж байна. Өнгөрсөн жилээс хойш л гэхэд ахмадын ДАШТ, Дэлхийн цом, олон улсын тэмцээнээс 32 алт, 29 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн. Эл амжилтаараа саяхнаас дэлхийн чансааг тэргүүлж, цом эзэмшиж байна. Энэ амжилт, хөдөлмөр биш үү.

-Өнөөгийн нийгэмд ахмад тамирчдын амжилтыг дутуу үнэлээд байх шиг. Зарим хүн “Настай, хэдхэн тамирчинтай өрсөлдөөд гаргасан амжилтыг дөвийлгөх хэрэггүй” гэж шүүмжилдэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Би энэ оны эхээр Хятадын тэмцээнд өрсөлдөхдөө л гэхэд өөрөөсөө 10 насаар дүү тамирчидтай хурд сорьсон. Өвлийн усанд сэлэлт 2022 оны өвлийн олимпын хөтөлбөрт багтах магадлал өндөр. Тиймээс орон бүр үүнд их ач холбогдол өгч, тамирчдаа улам дэмжиж байна. Тэр хэрээр усанд сэлэгчдийн өрсөлдөөн эрс ширүүссэн. Хятадын тэмцээнд л гэхэд 31 орны 1200 гаруй тамирчин оролцлоо. Ер нь надтай эн тэнцүү өрсөлддөг 100-120 усанд сэлэгч бий. Бүх гараанд ийм олон тамирчинтай, жигд өрсөлдөөн дундаас амжилт гаргана гэдэг чинь жинхэнэ алаан байхгүй юү (инээв). Энэ тэгээд өрсөлдөөн биш үү. Тэгж шүүмжилдэг хүмүүс өвлийн хүйтэнд голд сэлээд үзээсэй. Ваннын хүйтэн усанд ч орж чадахгүй байж бусдыг шүүмжлээд яах вэ дээ, уг нь.

БИ ӨӨРИЙГӨӨ ДАСГАЛЖУУЛААД Л ТЭМЦЭЭНД ОРОЛЦДОГ

-Танд дасгалжуулагч бий юү?

-Байхгүй ээ, өөрөө өөрийгөө дасгалжуулдаг. Бусад орны шилдэг, олимп, дэлхийн аваргуудаас суралцдаг. Өсвөрийн тамирчдыг дасгалжуулах, анхан шатны суурийг нь тавих хэмжээний дасгалжуулагч Монголд олон. Харин мэргэжлийн түвшинд дасгалжуулах хүн үнэндээ алга. Манай тамирчид олон улсын тэмцээнд 40, 50 дугаар байр эзэллээ, улсынхаа дээд амжилтыг шинэчиллээ гэдэг. Энэ яавч хангалтгүй зүйл. Намайг дасгалжуулах хэмжээний мэдлэгтэй, ур чадвартай хүн Монголд байхгүй.

ХЭН НЭГЭН ӨВЛИЙН УСАНД СЭЛЭЛТЭЭР ХИЧЭЭЛЛЭЕ ГЭВЭЛ ДУРТАЙЯА ДАСГАЛЖУУЛНА

-Өвлийн усанд сэлэлтээр хичээллэе гэж хүмүүс танд ханддаг уу?

-Тун цөөн. Олонх нь хүйтэн усанд хэрхэн дасах тухай зөвлөгөө авдаг. Монголд эл төрлөөр хичээллэдэг надаас өөр тамирчин байхгүй. Залуу тамирчдыг өвлийн усанд сэлэлтээр оролдоод үз гэж ятгахгүй. Өөрсдөө хүсвэл би дуртайяа тусална, дасгалжуулна. Түүнээс биш бусдын албадлагаар хийсэн юм үр дүнд хүрэх нь ховор. Одоогоор би 11 настай нэг шавьтай. Нэгдүгээр сард БНХАУ-д болох Дэлхийн цомд хамт оролцоно.

-Таны чонын арьсан малгай, дээл, монгол гутал их содон харагдаг. Хэн урлаж өгсөн бэ?

-Малгай, гутлаа худалдаж авсан. Хүрмийг манай дүү оёж өгсөн юм. Жирийн хувцас өмсөөд тэмцээнд оролцвол хүмүүс намайг монгол хүн гэж танихгүй, бусдаас ялгарахгүй. Хятад хүн байна гэж бодох ч юм бил үү. Би тэгж хэлүүлэхийг хүсдэггүй. Тийм болохоор ингэж гоёдог юм. Би ер нь хаана ч аль болох эх орноо сурталчлахыг эрхэмлэдэг. “Монгол хүн гэж ярихаас өмнө Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой” гэж Хатанбаатар Магсаржав хэлсэн байдаг. Би энэ үгэнд хачин их дуртай.

БНХАУ, ТУРК УЛС НАДАД САНАЛ ТАВИХАД НЬ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ

-Цөөнгүй орноос танд санал тавьсан гэж дуулсан, үнэн үү?

-Үнээн, БНХАУ, Турк улс намайг тамирчнаа болгох санал тавихад нь би зөвшөөрөөгүй. Тэд сард найман сая төгрөгөөр цалинжуулж, уураг, витамин, бүх тэмцээн, бэлтгэлийн зардлыг даах санал тавьсан юм. Тэгээд бас 60.000 ам.долларын үнэ бүхий автомашин авч өгье гэсэн. Би зөвшөөрөөгүй. Эх орныхоо нэрийн өмнөөс тэмцээнд оролцон, Төрийн дууллаа эгшиглүүлэхээс илүү жаргал гэж юу байх вэ. 2022 оны өвлийн олимпийн хөтөлбөрт өвлийн усанд сэлэлт багтах гэж байгаа. Олимпийн наадамд сэлэх, түрүүлэх нь миний хамгийн том зорилго.

-Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий юү?

Арваннэгдүгээр сард Тюменд, нэгдүгээр сард БНХАУ-д болох Дэлхийн цомд, он гарахаар өвлийн сэлэлтийн ДАШТ-д дараа нь Швед, Шотланд, ОХУ-д зохион байгуулах Дэлхийн цомд өрсөлдөнө. Үүний сацуу зургадугаар сард Байгаль нуурын цомд, аравдугаар сард мөстэй усанд сэлэлтийн ДАШТ-д хурд сорино.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button