Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Иргэдийн мэдэх эрхэд халдсан ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хүлээж авах уу

Ногоон автобус, баривчилгаа, улстөрийн халаа сэлгээ, допингийн нэгжлэг, хүүхэд алга болсон мэдээллийн хажуугаар олон нийтийн анзааралгүй өнгөрүүлсэн нэг сэдэв бий. Тэр нь ҮХЦ-ийн 2023 оны 05 дугаар дүгнэлт юм.

2021.12.24-нд өдөр УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг батлагдсан. Ингэхдээ уг хуулийн 29 дүгээр зүйлийн холбогдох заалтад УИХ-аас ҮХЦ-ийн гишүүн, ШЕЗ-ийн гишүүн, ШСХ-ны гишүүнийг томилох, УДШ-ийн шүүгчтэй танилцахдаа нэр дэвшигчийн сонсгол хийхээр өөрчилсөн.

Гэтэл Баянгол дүүргийн гуравдугаар хорооны иргэн Ж.Батмөнх Ерөнхийлөгчийн бүрэн эрх болон шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдалд халдсан. Төрийн эрх мэдлийн хяналт харилцан тэнцвэрээ алдах, нэг талын бүрэн эрхэд халдаж, нөлөөлөхөөр байна гэж үзэж ҮХЦ-д хандсан билээ.

Улмаар ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаар:

  • Үндсэн хуулийн цэцийн гишүүн
  • Улсын ерөнхий прокурор
  • Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө УИХ-дээр сонсгол зохион байгуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.

Харин

  • ШЕЗ-ийн шүүгч гишүүн
  • ШСХ-ны шүүгч бус гишүүн,
  • АТГ-ын дарга, дэд даргыг томилохдоо нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ.

-ҮХЦ шүүхийн байгууллагуудад олон нийтийн мэдэх эрхэнд хаалт тавив-

Өнгөрсөн хугацаанд АТГ-ын дэд дарга, ХЭҮК-ын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнийг тус тус томилохын өмнө нээлттэй сонсгол явуулж байсан билээ.

Томилгооны сонсгол хийх тухай бүрт нь нэр дэвшигчийг ямар намтар түүх, ажлын туршлага, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг иргэд нээлттэй хардаг болсон. Мөн УИХ-ын гишүүдийн шийдвэр гаргалтад ч их бага хэмжээгээр нөлөөлж байсан билээ.

Тэгэхээр нэн түрүүнд иргэдийн мэдэх эрхийн асуудал хөндөгдсөн юм.

Нэгдүгээрт, томилгооны өмнө сонсгол хийхгүй байна гэдэг нь иргэдийн мэдэх эрхийг шууд хааж байгаа хэлбэр.

Хоёрдугаарт, Ноцтой нь, өөрсдийгөө сонсголоор оруулах уу, үгүй юу гэдгийг хэлэлцэж байгаа нь ашиг сонирхлын том зөрчил юм. ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдох гишүүнийг томилгооны сонсголоор оруулахыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ хэлэлцэнэ гэдэг утгагүй асуудал.

Гуравдугаарт, Томилгооны сонсгол хийх нь томилгоо хийнэ гэдгээс ангид ойлголт. Томилох шийдвэр гаргахын өмнөх хуулиар олгосон процесс юм. Иргэдийн оролцоо, ил тод байдал гэсэн хоёр арга замыг хэрэгжүүлж буй асуудал.

Парламент ҮХЦ-ийн гишүүнийг томилох бүрэн эрхээ хэвээр хадгалахын зэрэгцээ нээлттэй сонсголоор дамжуулан ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлж, ардчиллын легитим шинжийг хангах давуу нөхцөл байдал бий болсон.

Дөрөвдүгээрт, Сонсголоор орох сонирхолгүй, олон нийтийн нүд чихэнд өртөхийг хүсэхгүй байгаа хүмүүс эсэргүүцэх шалтгаан болж буй нь үнэн. Олон улсад сайшаагдаж байсан том практикийг үгүй хийсэн алхам.

Анх нээлттэй сонсголын журмыг баталж байх үед мөрдөн шалгах нээлттэй сонсголыг Үндсэн хуульд нийцэхгүй гэх шалтгаанаар нээлттэй сонсголын журмаас хассан. Тиймээс нээлттэй сонсгол одоогоор зөвхөн мэдээлэл цуглуулах нь хэмжээнд хийгддэг. Шүүлтүүрийн хэлбэр төдий гэсэн үг болохоос шийдвэр гаргах түвшнийх биш. Сонсгод дээр олж авсан мэдээлэл дээр үндэслэж гишүүд дэмжих, дэмжихгүйгээ шийддэг. Өмнө нь шаардлагатай мэдээллээ авч чадахгүйгээр харанхуйгаар дэмждэг байсан гэсэн үг.


Гэхдээ анхаарах, засах, маргаантай асуудал:

ҮХЦ-ийн дунд суудлын шийдвэрийг зөв гэж үзэж байгаа УИХ-ын гишүүд дараах гаргалгааг тайлбарласан.

Зөвшилцөнө, танилцана, томилно гэж юу гэсэн үг вэ гэдэг эрх зүйн агуулгын маргаан гараад байгааг УИХ-ын Тамгын газрынхан ялгамжилж өгөх хэрэгтэй гэх. УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэдэг Үндсэн хуулийн заалтын том агуулга нь юу юм гэдэг агуулгын маргаан болж байгааг онцолж буй.

ҮХЦ-ийн гишүүний томилгоон дээр парламент сонсгол явуулахаас илүү томилох, томилохгүйгээ шийдэх нь зөв. Харин  Ерөнхийлөгч нэр дэвшүүлэхээсээ өмнө институци дундаа нээлттэй сонсголоо хийгээд хүнээ оруулж ирдэг. Улсын дээд шүүх нь бас дотроо сонсголоо хийгээд хүнээ оруулж ирэхийг л хуульд тусгах шаардлагатай байна.

Томилгооны сонсгол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байвал ҮХЦ-ийг шууд ашиглаж, механикаар шийдвэр гаргуулахгүйгээр хууль, эрхзүйд шинэчлэл хийх замаар өөрчлөх ёстой гэх.


-УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд “гадаадад байж” шалтаглав-

Олон нийтийн мэдэх эрхтэй холбоотой ийм чухал хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Ганболд хариуцлагагүй хандсан асуудал гарсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь ҮХЦ дунд суудлын хуралдаанаараа хоёр салаа утгатай шийдвэр гаргахад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тэрбээр гадаадад явсан юм.

Үүнийгээ бүр хэзээ хойно нь Байнгын хорооны хурлдаанд оролцохдоо “УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр жилийн өмнө томилогдсон. Цэц хуралдаан зарлахадаа урьд өдөр нь л мэдэгддэг юм билээ. Есдүгээр сарын 26 нд хурал зарлахдаа урьд өдөр нь буюу 25-нд хэлсэн. Туслахаар дамжуулсан. Гэвч би есдүгээр сарын 26-нд олон улсын хуралд оролцохоор төлөвлөж, онгоцны билет захиалчихсан байсан. Оролцох боломжгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн. Гэтэл Цэц дунд суудлын хуралдаанаа хийсэн" гэж цагаатгаж тайлбарласан билээ.

“Иргэдийн мэдэх эрхэд баталгаатай хамгаалалт болж чадсангүй” гэж иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд үзсэн юм.

Мөн парламентаас түүний оронд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй, тайлбараа ирүүлээгүй бол парламентын үйл ажиллагаа, зохион байгуулалтын буруу болж буй хэрэг.


Процесс цаашаа хэрхэн өрнөх вэ:

ҮХЦ-ийн дунд суудлыг хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг ХЗБХ, ТББХ-ны аль аль нь хүлээж аваагүй буюу дэмжээгүй. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Парламент хүлээж авахгүй бол ҮХЦ Их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ. ҮХЦ-ийн Их хуралдаанаас гаргасан шийдвэр эцсийнх болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-05 10:39

энийг л хэлээд бна Олон мэдээгээр сатааруулж бна

ыбө
ыбө
2023-10-05 10:42

хуулийнхан арай ажилгүй тэ хойш нь сунжруулаад л байдаг новшийн

Холбоотой мэдээ

Back to top button