УЛС ТӨР

Ё.Баатарбилэг: Сөрөг хүчин “2020 онд холимог тогтолцоогоор явуулъя” гэдэг хэрүүлийн алим оруулж ирлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Парламентадсуудал бүхий намууд хоорондоо зөвшилцөж болно. Мөн ард түмэнтэйгээ зөвшилцөж болно. Ганцаараа байна гэдэг нь намаа төлөөлж чадахгүй гэсэн үг биш. Намд зориулсан засгийн газар байгуулах зөвшилцөл хийснээ тайлбарлаж өгнө үү.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал 2012 онд гарч байсан. Үндсэн хуулиа хэрхэн яаж өөрчлөх вэ гэж гурван засгийн газар дамнан ярьж байна. Бид Үндсэн хуулийг өөрчлөхдөө аль болох ард түмнээ, эрдэмтэн мэргэд, улс төрийн намуудаа сонсьё гэж хичээсэн. МАН 60 гаруй суудалтай ч, парламентад суудалтай намуудтай зөвшилцсөөр ирсэн. Өнгөрсөн хавраас эхэлж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх ажилд идэвхийлэн орж ирлээ.

БСШУС-ын сайд, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрөө төр шиг болгох асуудлыг хийх гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд дахь бүх болохгүй бүтэхгүй зүйлийг үндсэн хууль руугаа чихээд байдагтай санал нэгдэхгүй. Анх 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн төсөлд нилээн чухал заалтууд орж ирсэн. Харамсалтай нь тэдгээр заалтууд нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн босго давсангүй. Ард нийтийн санал асуулга авна гэж алх цохьсон ч, хэлэлцүүлээгүй. Мөн манай сөрөг хүчин маш чухал заалт оруулж ирнэ гэж харж байтал “сонгуулийн холимог тогтолцоог 2020 оноос оруулж ирье” гэдэг эрх ашгийн зөрчилтэй санал оруулж ирлээ. Маш чухал заалтууд оруулж ирнэ гэж баахан бойкот хийсэн ч оруулж ирсэн санал нь ердөө л намын жагсаалт гэдэг асуудал байлаа. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг баахан саатуулчхаад бөөнө хэрүүлийн алим оруулж ирлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ардчилсан намаас оруулж ирсэн хоёр зарчмын саналууд нь журмын тухай хууль зөрчөөгүй. Орон нутагтай холбоотойгоор сумын Засаг даргыг ард түмнээс сонговол төрдөө удирдагдахгүй байж болзошгүй гэж үзэж, нээлттэй үлдээж шийдэх бололцоотой гэдэг үүднээс хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, органик хуулиар шийдэх боломжтой. Нутгийн удирдлагын чиглэлээр төвлөрлийг сааруулах, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, хот тосгон байгуулах эрхийг нээж өгч байгаа. Энэ мэтээр нутгийн удирдлагатай холбоотой зохицуулалтууд орж байгаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button