СПОРТ

Ж.Өлзий-Орших багшийнхаа үргэлжлэл нь болж яваа дугуйчин

Монголчууд спортын ганцаарчилсан төрөлд илүү амжилт гаргадаг. Үүнийг олимп, ДАШТ-д гаргасан манай тамирчдын амжилтаас бэлхнээ харж болно. Хэдийгээр дэлхийн олон шилдэгтэй ч бокс, холимог тулааны тамирчдыг эс тооцвол мэргэжлийн дэвжээнд бид төдийлөнч гялалзаж чадахгүй байгаа нь үнэн. Манай улсад мэргэжлийн спорт төдийлөн хөгжөөгүй нь үүнд нөлөөлдөг. 

Сонирхогчдын ангилалд өөрийгөө таниулж, мэргэжлийн спортынхны хараанд өртөн, дэлхийд шуугиулж яваа цөөнгүй тамирчин манай улсад бий. Тэдний нэг нь дугуйчин Батмөнхийн Марал-Эрдэнэ юм. Ази тивд чансаагаараа гуравт эрэмбэтэй, Малайзын мэргэжлийн “Тerengganu INC, улсынхаа “Хас” клубийн тамирчин тэрбээр Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй дугуйчин. 

Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших агсны шавь, олон улсын хэмжээний мастер цолтой Б.Марал-Эрдэнэ оюутны ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий гурван алт, гурван хүрэл медальтай.

19 НАСТАЙДАА УЛСЫН АВАРГА БОЛЖЭЭ

Б.Марал-Эрдэнийнх спортлог гэр бүл. Түүний аав хөнгөн атлетикаар хичээллэн, чамлахааргүй амжилт гаргасан. Өвөө Ш.Очирбат нь залуудаа спортын олон төрлөөр хичээллэдэг байсан, биеийн тамирын багш, спортын мастер цолтой. Тэрбээр Хөвсгөл аймагт дугуйн спортыг сэргээн хөгжүүлсэн гавьяатан. Хөвсгөлд дугуйн спортыг сэргээхийн тулд 2006 онд аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсныг нь спортын хүрээнийхэн сайн мэднэ. Энэ бүхэн Б.Марал-Эрдэнийг багаасаа спортод хорхойсон, цөөнгүй төрлөөр хичээллэхэд нь нөлөөлжээ. Тэрбээр хүйтний улиралд цана, тэшүүрийн, дулаарахаар хөнгөн атлетик, дугуйн бэлтгэл хийдэг байсан юм билээ. Түүний анхны дасгалжуулагч нь өвөө нь.

Б.Марал-Эрдэнэ спортын цөөнгүй төрлөөр жигд хичээллэж явсаар 2009 онд дугуйг онцлон, тэмцээнд оролцох болжээ. Тэгэхэд нь Ж.Өлзий-Орших гавьяат их нөлөөлсөн гэдэг. Б.Марал-Эрдэнэ ер нь багаасаа тодорсон, ирээдүйд юм дуулгахаа мэдрүүлсэн тамирчин. Тэрбээр 19 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, шуугиулсан юм. Түүний амжилтыг Ж.Өлзий-Орших гавьяатгүйгээр төсөөлөх аргагүй. Тэрбээр багшийнхаа удирдлагад 2009 оноос бэлтгэл хийж эхэлсэн юм.

Монголын дугуйчдын мөс зүсэгч нь байж, боломжгүй мэт байсан анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн болсон Ж.Өлзий-Орших гавьяат түүнийг багаас нь бэлтгэн, өөрийнхөө дутууг гүйцээлгэхийн төлөө зорьсон гэдэг. Эртхэн туршлага суулгаж, амжилтыг нь ахиулъя гэсэндээ насыг нь нэмээд тэмцээнд оролцуулдаг байсан юм билээ. Гавьяатын удирдлагад бэлтгэл хийн, арга, туршлагаас нь хуваалцсан нь Б.Марал-Эрдэнийн өнөөгийн амжилтад их нөлөөлсөн нь мэдээж.

БАЯРТАЙ, УЙ ГАШУУТАЙ МЭДЭЭ ЗЭРЭГ ДУУЛСАН ХҮНД ӨДӨР

Энэ он гарснаас хойш түүний оролцсон олон улсын гурав дахь тэмцээн нь “Tour of Thailand” байлаа. Үүнээс өмнө тэрбээр Малайзад болсон олон улсын тэмцээнд түрүүлж, Филиппин улсад зохион байгуулсан уралдаанаас мөнгөн медаль хүртээд байсан юм. Тэрбээр дөрөвдүгээр сард болсон “Tour of Thailand” уралдааны дөрөв дэх өдрийн гараанд түрүүлэн, баярлаж зогсоход нэгэн харамсалтай мэдээ сонсжээ. Б.Марал-Эрдэнэ Ж.Өлзий-Орших багшийгаа бурхан болсныг сонссон даруйдаа тэмцээнээ дундаас нь орхин, эх орондоо яаран ирсэн юм.

Тухайн үед түүнтэй уулзахад “Багш үнэхээр хөдөлмөрч, шударга. Шударга бус зүйлийн хажуугаар дуугүй өнгөрөхийг нь би хараагүй. Түүнээсээ болж бусдад адлагдаж явсан үе ч бий. Юманд чин сэтгэлээсэй ханддаг, жинхэнэ монгол эр хүн байж билээ. Их зарчимч. Багаас минь надаар ачаалалтай бэлтгэл хийлгэн, шахсан. Үеийн хүүхдүүд хөнгөн дасгал хийж байхад би тэднээс хэд дахин ачаалалтай бэлтгэл базаадаг байлаа. Заримдаа шантарна. Одоо эргээд бодоход намайг тэгж шахсаных нь хүчинд би өдий зэрэгт хүрлээ. Азидаа танигдсаныхаа дараа дэлхийн уралдаануудад оролцох, олимпод өрсөлдөх зорилготой байсан юм, багш бид хоёр. Азийн АШТ-д түрүүлэн, Азийн мэргэжлийн 100 гаруй багаас чансаагаараа гуравт эрэмбэтэй “Тerengganu INC” клубийн тамирчин болж, зорилгодоо хүрэхэд алхам алхмаар ойртож явсан юм сан. Үнэхээр харамсалтай” гэсэн юм.

АЗИЙН АШТ-д ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН АНХНЫ ЭРЭГТЭЙ ДУГУЙЧИН

Б.Марал-Эрдэнэ 2016 оны хоёрдугаар сард Японд болсон Азийн АШТ-д Төрийн дууллаа эгшиглүүлсэн. Тэгэхдээ Монголын үе үеийн дугуйчдын мөрөөдлийг биелүүлж, Ж.Өлзий-Орших тэргүүтэй олон шилдэг тамирчдын дутууг гүйцээсэн юм. Улмаар Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны дугуйчин болж, анхны жимийг нь гаргасан билээ. Тэр жил тэрбээр арванхоёрдугаар сараас хойш Өмнөговьд бэлтгэлээ хийж байгаад Азийн шилдгүүдтэй өрсөлдсөн юм.

МЭРГЭЖЛИЙН “TERENGGANU INC” БАГТ ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ УРАЛДАЖ БАЙНА

Багш, шавь хоёрын олон жилийн хөдөлмөрийн үр шимээр Б.Марал-Эрдэнэ тивийн төдийгүй дэлхийн хэмжээний амжилт гаргаж эхэлсэн. Улмаар тэр хэрээр мэргэжлийн багуудын хараанд өртөх болов. Б.Марал-Эрдэнэ БНХАУ-ын “Ningxia” багт хоёр жил гаруй уралдсан. Тэгж байхдаа Азид чансаагаараа гуравдугаарт эрэмбэтэй “Тerengganu INC”-гийнхны хараанд өртсөн юм билээ. Нөгөө талаар тэдний бүрэлдэхүүнд багтахад Ж.Өлзий-Орших гавьяат их нөлөөлсөн. “Тerengganu INC” багийн менежер Б.Марал-Эрдэнэд санал тавихад нь багштайгаа зөвлөж байгаад жилийн гэрээ байгуулсан гэнэ. Одоо тэрбээр жил бүр гэрээгээ сунгадаг.

Б.Марал-Эрдэнэ дэлхийн томоохон уралдаанд оролцох, Европын багийн бүрэлдэхүүнд багтах мөрөөдөлтэй. Зарим хүн түүнийг Малайз улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцдог гэж буруугаар ойлгодог. “Тerengganu INC” баг 15 тамирчинтай. Тэдний зургаа нь легионер. Б.Марал-Эрдэнээс гадна Орос, Алжир, Сингапурын тамирчин улсынхаа аварга. Б.Марал-Эрдэнэ Монгол Улсын аваргыг нь илтгэх цагаан өмсгөлөөр гоёдог. Мэргэжлийн төдийгүй сонирхогчдын уралдаанд улсынхаа шилдгийг илтгэх цагаан өмсгөлтэй уралдана гэдэг нэр төрийн хэрэг. Үүнийг Б.Марал-Эрдэнэ үргэлж ухамсарлан, хичээж явдаг гэсэн. Тэрбээр энэ тухай “Дугуйчдын хувьд УАШТ маш чухал. Улсын аварга болж, чансааны оноогоо цуглуулах, цагаан өмсгөл өмсөх их ач холбогдолтой. Тиймээс манай багийнхан тамирчдаа УАШТ-д заавал оролцуулдаг. Энгэрт нь төрийнхөө алтан соёмбо хадсан цагаан өмсгөл өмсөөд тэмцээнд оролцох их сайхан. Бусад орны тамирчин их хүндэлдэг. Тэр хэрээр хариуцлага өндөртэй. Би тааруу амжилт гаргавал “Аварга тамирчин нь ийм юм чинь бусад монгол дугуйчны ур чадвар тааруу нь тодорхой” гэж бодно шүү дээ. Тиймээс өөрийгөө үргэлж дайчлан, шилдэг нь болохын төлөө зүтгэдэг. Тэгж л чадвал олон монгол дугуйчин мэргэжлийн спортод хөл тавих, гадаадын томоохон багт уралдах гарцыг нээж чадна” гэлээ.

ӨГСҮҮР ИХТЭЙ, ТАЛЫН УРАЛДААНД ТҮҮНИЙГ ТҮЛХҮҮ АШИГЛАДАГ

Дугуй бол багийн спорт. Тухайн уралдаанд багаараа хэрхэн ажиллаж, биенээ ойлгохоос их зүйл шалтгаална. Б.Марал-Эрдэнэ багтаа биерхүү, бас бядтай нь. Өгсүүр ихтэй, талын уралдаанд түүнийг түлхүү ашигладаг. Бөөн, цуваа гарааны аль ч төрөлд жигд амжилт гаргадаг нь Б.Марал-Эрдэнийн онцлог.

Тэрбээр ачаалал даах чадвараараа бусдаас ялгардаг. Сонирхогчдын тэмцээнд түүнийг оролцуулдаггүй. Дэлхийн дугуйн холбоо (UCA)-ноос зохион байгуулдаг тэмцээнд, зөвхөн мэргэжлийн шилдгүүдтэй л өрсөлддөг нь мэдээж. Олон улсын тэмцээнд нэг багаас багадаа таван тамирчин өрсөлдөх боломжтой. Дунджаар 100 гаруй тамирчин хурд сорьдог билээ. 

ТЭР МӨН “ХАС”-ын ДУГУЙЧИН

Б.Марал-Эрдэнэ “Тerengganu INC” багаас гадна “Хас” клубийн дугуйчин. Чансаа өндөртэй, томоохон уралдаанд “Тerengganu INC” багийн бүрэлдэхүүнд өрсөлддөг. Заримдаа “Хас”-ын дугуйчид, Монголын шигшээ багийн тамирчидтайгаа хамт оролцоно. Тухайн тэмцээнийг зохион байгуулагчид аль багийг урьснаас шалтгаалдаг юм билээ.

Олон улсын тэмцээнд аль багаас оролцохоос шалтгаалж түүний зардлыг “Тerengganu INC” клуб, “Хас” банкны аль нэг нь даадаг гэнэ. Б.Марал-Эрдэнэ хоёулангаас нь цалинждаг. Түүнийг Ж.Өлзий-Орших багшийн гэргий Ариунаа, “Giant Mongolia”, “Хас” клубийн ивээн тэтгэгч “Хас” банкны хамт олон үргэлж дэмждэг юм билээ.

ТЭШҮҮРИЙН УАШТ-д ТҮРҮҮЛСЭН

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан Б.Марал-Эрдэнэ багадаа цөөнгүй төрлөөр хичээллэсэн. Түүгээр ч үл барам заримаар нь чамлахааргүй амжилт гаргасан юм билээ. Тэшүүрээр л гэхэд насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн элдэвтэй тамирчин.

ЯПОНЫ ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭХДЭЭ ЧИНЖҮҮГЭЭР УРЛАСАН МАЛГАЙГААР ШАГНУУЛЖЭЭ

Б.Марал-Эрдэнэ ойролцоогоор 140-өөд медальтай. Олон улсын тэмцээний аваргын 30 гаруй цом түүнд бий. Тэгэхдээ тухайн тэмцээн болсон орноос шалтгаалан өөр, өөр шагнал авчээ. Зарим тэмцээнд түрүүлэхэд медаль, цом бус, тухайн орны өв уламжлалыг илтгэсэн сувинер, сонирхолтой зүйл бэлэглэдэг гэнэ. Токиогийн тэмцээнд түрүүлэхдээ бүр чинжүүгээр хийсэн малгайгаар шагнуулснаа дурсах дуртай юм билээ.

ОЛИМПЫН ЭРХ АВАХ БОЛОМЖ ТҮҮНД БИЙ

Тамирчин бүхэн олимпын наадамд оролцох, медаль хүртэх, түрүүлэхийг мөрөөддөг. Б.Марал-Эрдэнийн мөрөөдөл ч бас тийм. Монголчууд олимпод дугуйн төрөлд оролцолгүй олон жил болж байгаа. Үүнийг зогсоох, шилдгүүдийн амжилтыг үргэлжлүүлэх нь түүний гол зорилго. Б.Марал-Эрдэнэ уг нь энэ жил Азийн АШТ-ээс алт юм уу мөнгөн медаль хүртсэн бол олимпын эрх авах боломжтой байлаа.

Ер нь ази дугуйчин олимпын эрх авах боломж маш бага. Учир нь дэлхийн томоохон уралдаанд өрсөлддөг, Европын тамирчдад эрх шууд олгодог. Үүний сацуу Азийн багт уралддаг Европын тамирчид олимпын эрхийн төлөө азичуудтай өрсөлддөг. Тэр хэрээр өрсөлдөөнтэй, “Токио-2020”-ын эрх улам хухигдах эрсдэлтэй. Мэдээж чансааны оноогоо цуглуулаад, олимпын эрх авах боломж Б.Марал-Эрдэнэд бүрэн бий.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Chantsal bagsh
Chantsal bagsh
2019-11-23 15:29

Manai marlaa maani europiin bagt uraldah huselltee yum bol
Manai mongoloos neleen heden tamirchin europiin meregjliin bagt baidag tiishege shingechij boldogui yum baihta

Gantulga
Gantulga
2019-11-23 15:39
Reply to  Chantsal bagsh

Ene aaziin baga n ter euriin bagaasn neeh duthaargui baga baiga

Unen
Unen
2019-11-23 15:34

Manai mongol ulsaas temtseen uraldadn orhod n turuulhedn yuch ugoggui geed boddo . Bor zurheere gadaadiin meregjiliin baga baraadatsgaj . Ter gazarara zardal mungo tehnik heregselee hanguulj baiga

Duguin holboond
Duguin holboond
2019-11-23 15:37

Eric gej ajilaa medehgui p i z d a g z##luulval taarna . 10 jil tasraltgui zohiogdson mongoliin olon udoriin temtseen . Shine zaluuchud gants yum surah bolomj .
Tour de mongolia ,
ene jil zohiogdsongui orj ovoo yum surii ahnaraasa gej bodoj bailaa

Холбоотой мэдээ

Back to top button