УЛС ТӨР

Амьд мал хилээр гаргахыг ажлыг эхлүүлсэн Ч.Улаан сайдыг АТГ шалгуулна

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Махны холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооноос хамтран хилээр амьд мал гаргах шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ үеэр “2017 оны арваннэгдүгээр сард хилээр малыг хөлөөр нь гаргах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор малыг амьдаар нь хилээр гаргах үйл ажиллагаа эрчимжиж байна. Тиймээс махны холбооноос амьд мал экспортлохыг эсэргүүцсэн албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Зургадугаар сарын 17-ны өдрөөс амьд мал экспортлох ажил эхлэх гэж байна” гэлээ.

Бид 1950, 1960 оны үед ОХУ руу малыг амьдаар нь экспортлодог байсан. Үүнээс хойш энэ үйл ажиллагааг дэмжсэн шийдвэрийг дахин гаргасан нь ухралт гэж үзэж буйгаа дээрх холбоод хэллээ.

Тодруулбал, Арьс ширний холбооны тэргүүн Д.Баярсайхан “Арьс ширний салбарынхан технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлдээ ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ салбар тогтвортой хөгжилдөө хүрсэн байгаа. Өнөөдөр бид малын гаралтай түүхээ эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож байж ажилтай, орлоготой байна. Гэтэл энэ боломжийг хаасан шийдвэрийг Засгийн газраас гаргасан” гэлээ.

Өлөн гэдэс үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны тэргүүн Б.Мөнхзаяа “Малын өлөн гэдэс, зайдасны бүрхэвч уламжлал экспортын бүтээгдэхүүн. Яг нарийн яривал Монголоос Европын холбоо руу гаргаж байгаа ганцхан бүтээгдэхүүн нь зайдасны бүрхэвч. Энэ ажлыг хувийн хэвшил олон жил нуруундаа үүрч байна. Энэ салбарт 1000 гаруй хүн ажиллаж байна. Жилдээ 3.5 сая малын өлөн гэдсийг боловсруулаад экспортолж байна. Тэгэхээр энэ салбарын ажил зогсох нь. Бид түүхий эдгүй болох нь. Махны үнэнд оролцож байгаа бодлогынхоо эсрэг шийдвэрийг гаргалаа” гэсэн юм.

Хэрвээ энэ шийдвэр хэрэгжиж эхэлбэл мах болон малын түүхий эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүхий л үйлдвэрүүд хаагдахаар байна. Тэр дундаа ноолуурын салбарт ноцтой хохирол учруулж байна. Гурван жилийн дараа Монголын бүхий л үйлдвэрүүд хаагдсан байх болно гэж дээрх холбоод мэдэгдлээ. Нэг компани буюу “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд”*-ийн төлөө Монголын махны экспортыг устгах гэж байна. Ганц компанид давуу байдал бий болгосон энэ явдлын цаана авлигын хэрэг байж болзошгүй. Тиймээс Ч.Улаан сайдыг АТГ-т өгнө. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх ёстой. Энэ бол монгол малын генд ноцтой хохирол учруулж байна. 

Д.НАРАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button