Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Ерөнхийлөгчийн хүртэл харааг булаасан, 360 см өндөр, 320 см өргөнтэй, сурагчдын бүтээл

“Хөөх, ийм том бүтээлийг яаж хийсэн юм бол оо. Жижигхэн цаасан дээр уран бичихэд ямар хэцүү байдаг билээ. Гэтэл ийм том цаасан дээр бичиж. Ёстой их хөдөлмөрлөж, уйгагүй шамдаж байгаад хийсэн нь илт мэдрэгдэж байна” хэмээн хажууд зогсож байсан нэгэн хүн дуу алдав. Тэгснээ “Энэ мөн нүсэр эд ээ. Хэр хэмжээтэй бол” хэмээн нэгэн сурагчаас асуухад “Өндөр нь 360, өргөн нь 320 см хэмжээтэй” гэж хариулав.

Бүтээлд оролцсон зарим сурагч

Уншигч та бүхэн ийм нүсэр бүтээл өмнө нь харж байсан уу, тэгээд бүр уран бичлэгээр ерийтэл нь бичсэнийг. Монголын хүүхдийн урлан бүтээх төв (МХУБТ)-ийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд нээлтээ өчигдөр хийсэн “Мөнх тэнгэрийн бичиг-2019” үзэсгэлэнгийн шилдгээр шилдгээр шалгарсан бүтээлийг хурсан олон бахдаж байгаа нь энэ.

Тус үзэсгэлэнд дэлгэсэн олон бүтээлүүд дундаас МХУБТ-ийн сурагчдынх яах аргагүй ялгарч, олны сонирхлыг ихэд татсан юм. Эл бүтээлийг тэд 14-үүлээ бичжээ. Тэд Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан бүтээлдээ “Монголын нууц товчоо”-ны эхний таван бүлгийг урласан юм.

Г.ОЮУН-ЭРДЭНЭ: БИ ӨӨРТ ОНОГДСОН  53 МӨРӨӨ ОГТ ЗАВСАРЛАЛГҮЙ ДОЛООН ЦАГ БИЧСЭН

Үзэсгэлэнгийн үеэр МХУБТ-ийн уран бичлэгийн дугуйлан болон Нийслэлийн хоёрдугаар сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Г.Оюун-Эрдэнээс сэтгэгдлийг нь сонирхоход “Бид бүтээлээ МХУБТ-ийн зааланд хэвтэж байгаад бичсэн. Анх ерөнхий загварыг нь хараад их сүрдсэн шүү. Яаж ийм том цаасан дээр бичнэ ээ, ямар нэгэн алдаа гаргах вий гэж санаа зовсон. Би 53 мөр бичсэн. Хэвтэж байгаад бичихэд нуруу  их чилсэн, өвдөг улайгаад хөндүүрлэсэн. Ямар нэгэн алдаа гаргахаас болгоомжлон ер завсарлалгүй долоон цаг бичсэн. Азаар ямар нэгэн алдаа гаргаагүй.

Тэд бүтээлээ урлаж байгаа нь

Би өмнө нь ийм том бүтээлд оролцож байгаагүй. МХУБТ-ийн уран бичлэгийн дугуйланд нэг жил сурч байна. Тийм болохоор өөрийгөө бага зэрэг голсон. Анхны жилээ ийм сайхан бүтээлд оролцсондоо баяртай байна. Би Монгол бичгийн хичээлдээ их дуртай. Уран бичиж сурснаасаа хойш хэр баргийн зүйлээс шантардаггүй, тэвчээртэй, хэдэн ч цаг суун төвлөрч сурсан. Бүтээлээ хараад зогсож байхад их сайхан санагдаж байна. Аав, ээж хоёр намайг их дэмждэг, охиноороо бахархаж байна гэсэн.

Бид бүтээлээ Монгол барархлын өдөрт зориулж хийсэн. Би монгол хүн болж төрснөөрөө, эх орноороо бахархдаг. Зарим хүн монголчуудын ахуй соёл, зан ааш даяарчлагдан, өөрчлөгдөж байгаа гэж ярьдаг. Би лав өв уламжлалаа гээж болохгүй гэж боддог. Монголын соёл урлаг их сонирхолтой санагддаг. Би шанз, хуучир, ятга тоглож чаддаг, монгол бүжиг бүжиглэдэг. Монголынхоо өв соёл, уламжлал, язгуур урлагаар их бахархдаг” гэлээ.  

Д.ГАНБААТАР: БИДНИЙ БҮТЭЭЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ АВАХАА ИЛЭРХИЙЛСЭН

Эл бүтээлийн талаар МХУБТ-ийн уран бичлэгийн дугуйлангийн багш Д.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Бүтээлээ хараад зогсож байхад яг одоо юу бодогдож байна вэ?

-Хүүхдүүдээрээ бахархаж байна.  Би дугуйландаа дөрөв дэх жилдээ багшилж байна. МХУБТ-ийн уран бичлэгийн дугуйлангийн хоёр ангид 200 гаруй хүүхэд сурдаг.

-Ийм хэлбэр, хийцтэй бүтээл хийх, түүндээ “Монголын нууц товчоо”-ноос бичих санаа танд хэрхэн төрсөн бэ?

-Энэ жилийн “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд содон, том хэмжээтэй хийгээд олон хүн оролцсон бүтээл хийх сэн гэж нэлээд бодсон. Тэгж яваад энэ бүтээлийг хийх санаа төрсөн юм. Загварыг нь би өөрөө гаргаж, зураач Баатарцогоос зөвлөгөө авсан. Бидний бүтээл гурван тойрогтой. Эхнийх нь 32, голынх нь 194, захынх нь 570 мөртэй. Чингис хааны төрсөн өдрийг бэлгэдээд “Монголын нууц товчоо”-г онцолсон юм.

Манай төвийн уран бичлэгийн ангийн 14 хүүхэд эл бүтээлийг бичсэн. Зүгээр уран бичдэг бус багаар ажиллах чадвартай, шинэ санаа эрэлхийлдэг, биентэйгээ ойлголцож байж л энэ бүтээлийг урлана. Тиймээс шавь нараа атгасан гар мэт эв нэгдэлтэй, биедээ хүндэтгэлтэй хандах тал дээр их сайн ажилласан. Ер нь нэг хүүхэд дунджаар 50 гаруй мөр бичсэн. Нэг нь өөрт оногдсон мөрөө бичлээ гэхэд дараагийнх нь яг товлосон цагтаа ирээд үргэлжлүүлнэ. Тэгэхгүй бол дараагийнх нь хүүхэд хүлээнэ.

Харандаагаар бичихэд арилгаж, дахиад бичиж болно. Харин бийрээр бичсэнийг тэгж болохгүй. Тиймээс хүүхэд бүр урнаас гадна ямар нэгэн алдаагүй, цэвэрхэн бичих чухал байлаа. Жижигхэн алдаа гарахад энэ олон хүний хөдөлмөр салхинд хийсэх эрсдэлтэй байв. Тиймээс хүн бүхэн дор бүрнээ хичээлээ. Бүтээлийг минь Ерөнхийлөгч их сонирхлоо. Үзэсгэлэнгийн дараа авахаа илэрхийлсэн.

-Эл бүтээлийг урлахад хэр хугацаа зарцуулсан бэ?

-Ер нь яг бичихэд бол дөрвөн хоног зарцууллаа. Бэлтгэл ажил гээд нэлээд юм болсоон. Монголд 360x320 см хэмжээтэй цаас байхгүй. Тиймээс гурван цаасыг эвлүүлж, наасан. Зөвхөн цаасан дээр бичих шугам татахад л гэхэд хоёр өдөр зарцуулсан. Өчүүхэн далий шугамдахад л нийт аяараа муруй харагдана. Тиймээс ийм олон мөрийг тэгшхэн шугамдах үнэхээр амаргүй байлаа.

-Бүтээлдээ “Монголын нууц товчоо”-ны эхний таван бүлгийг бүтэн бичсэн үү?

-Тэгсэн, Монголын нууц товчооны талыг нь шахам бичсэн гэсэн үг. Ш.Чоймоо багшийн хөрвүүлгийг ашигласан.

-Ийм том бүтээлийг урлах, хүүхдүүдээ зангидах амаргүй. Ер нь шавь нартаа юу гэж захиж, зөвлөж байв?

-Олон цагийн турш хэвтэж байгаад бичих амаргүй. Тиймээс хүүхдүүд биеэ их сайн бэлдэх хэрэгтэй байлаа. Ямар нэгэн алдаа гаргахгүй, цэвэрхэн, болгоомжтой хийхийг л их захилаа. Үнэнийг хэлэхэд дуустал нь санаа зовсон. Хоёр талаасаа бичээд нийлүүлтэл зөрчих вий, муруйчих вий, бэх асгарчих вий гээд.

Бүтээлийн дээхнэ цэг байгаа биз. Манай нэг эмэгтэй сурагч бичиж байгаад үс нь бэхэнд дүрэгдсэнийг анзаараагүй юм билээ. Тэгээд мэдэлгүй цаасан дээр үсээрээ дарчихсан юм. Өнөөх сурагч зөндөө сандарсан, шоконд орсон. “Яана аа, та нарынхаа олон өдөр сууж хийсэн бүтээлийг баллачихлаа, уучлаарай” гэсэн. Гэхдээ яах вэ, зүгээр л харагдаж байгаа биз дээ.

-Тийм байна. Мөр бүрийн төгсгөлийг тэнцүүлж, тойрог хэлбэрийг нь хадгалах чухал юм байна.

-Яг үнэн. Зөв анзаарч байна. Хүүхэд бүр 50 гаруй мөр ямар нэгэн алдаа гаргалгүй бичнэ гэдэг чинь чанга шүү дээ.

Ц.АНХЦЭЦЭГ: “ОЮУН ТҮЛХҮҮР” БҮТЭЭЛЭЭРЭЭ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН

Мөн бид МХУБТ-ийн уран бичлэгийн дугуйлангийн болон “Оюуны ундраа” сургуулийн 9-ийн зургадугаар ангийн сурагч Ц.Анхцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр “Оюун түлхүүр” бүтээлээрээ “Мөнх тэнгэрийн бичиг-2019” үзэсгэлэнгийн 8-9 дүгээр ангийн буюу дунд ангийн төрөлд тэргүүн байр эзэлсэн юм.

-Олон цаг хэвтэж бичих амаргүй байсан нь мэдээж. Хамгийн хэцүү нь юу байв?

-Нуруу чилж, гэдэсний хэсгээр холгож өвдсөн. Шүд зуугаад тэссэн.

-Хэдэн мөр бичсэн бэ

-52. Би өөрийгөө хурдан бичсэн гэж бодож байгаа. Өөрт ногдсон мөрүүдээ гурван цаг бичсэн. Маш их хичээсэн болохоор ямар нэг алдаа гаргаагүй. Энэ бол миний оролцсон хамгийн том бүтээл. Олуулаа зүтгээд хийсэн бүтээлээ харахаар гоё санагдаж байна, багийнхнаараа, өөрөөрөө бахархаж байна. Би МХУБТ-д гурав дахь жилдээ уран бичлэг сурч байна, Д.Ганбаатар багшийн шавь. “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд гурав дахь жилдээ оролцож байна.

-Та нарт олон хүн урмыг үг хэлж байгаа болов уу. Хамгийн сайхан үгийг хэн хэлэв?

-Зөндөө олон “Бахархаж байна” гэсэн. Их урам авлаа.

-Уран бичлэгээр тийм л бүтээл туурьвих сан гэж бодож яваа шинэ санаа бий юү?

-Одоохондоо алга. Ер нь цаашдаа хичээллэж, өөрийгөө улам хөгжүүлнэ.

-Та “Оюун түлхүүр” бүтээлээрээ мөн түрүүлсэн. Бүтээлдээ “Оюун түлхүүр”-ийг ашигласан тань сонирхол татаж байна. Хэн нэгэн зөвлөсөн үү, эсвэл та өөрөө сонгосон юм уу?

-Энэ миний бие дааж хийсэн бүтээл. Ерөнхий загварыг нь Д.Ганбаатар багштайгаа хамтарч гаргасан. Ер нь бүтээлээ урлаж, бичихэд гурав хоног зарцуулсан. Багштайгаа ярилцаж байгаад “Оюун түлхүүр”-ийг сонгосон.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2019-11-26 10:03

Ийм сайхан хойч үе гарч ирж байхыг хараад "Монгол минь арай ч мөхчихгүй юм болов уу? " гэх горьдлого төрөх л юм. Хоёр мангас хоёр т�##�аас ангайж байгаа цагт Монголын хувь заяа ямар хицүү байлаа, хойшид улам л хицүү болно доо, хойч үеийнхэн минь. Я�##�тай ч билээ?

Зочин
Зочин
2019-11-26 16:36

Үнэхээр сайн, сайхан бүтээл болжээ. Харахад ямар урамтай юм бэ? Бахарх�##�тай сайхан байна.

Номт Ширанад Нямын Цэнд
Номт Ширанад Нямын Цэнд
2019-11-27 11:09

Ийм эрхэм бүтээл туурвисан багш, хүүхдүүдэд баяр хүргэж, ЭНХ МЭНДИЙГ ЕРӨӨЕ ӨӨ! Элгэн х�##�уун Монгол нутаг минь онгон дагшин, Элдэвт авьяастай Монгол хүн нь эр зоригтой, эрдэм чад�##�тай ,эх оронч, Эртнээс улбаатай Монгол төр минь ардадаа ойр, авилгаас хол, �##�иваад чигч - голч шудрага, эрлийзэд х�##�тай, эх орончиддоо элэгтэй байж Энэ Монгол улс минь энх амар, өнө мөнхөд оршиг ээ!

Meme
Meme
2019-11-28 15:52

Munkh tenger Minii Mongoliig iveej uurd mandan badrag, huuhduudeeree baharhaj bn chadaj bn ^^

Зочин
Зочин
2020-01-18 09:41

Үнэхээр сайхан бүтээл болжээ. Багшаар, хүүхдүүдээр, Монгол орноороо их бахарх�##�аа. Сайхан байна.

Холбоотой мэдээ

Back to top button