Ярилцлага

Ч.Бат-Эрдэнэ: Монгол маркын борлуулалт дэлхийд дээгүүр ордог

Монгол Улс мөнгөн тэмдэгттэй болохоосоо ч өмнө марктай болсон байж, марк угаас ч үнэт цаас. Анхны маркыг Марзан Шарав зурж, 1924 оны долоодугаар сарын 01-нд нээсэн нь “Элдэв Очир” хэмээх нэг долларын үнэтэй таван өнгө ялгасан багц марк байжээ.

Хааш хаашаа 10 см дотор багтчихдаг жижиг дөрвөлжинд Монгол улсын бүтэн түүхийг ч багтааж болох тийм нарийн дүрслэл бүхий урлаг, нөгөө талаас соёлыг марк хэмээж болох юм. Маркнаас түүх, баримтуудыг “уншиж” болдог ч гэдэг.

Эх зураг
Марк бэлэн болсон нь

Монгол улсад анхны марк гарснаас хойш өдгөө 95 жилийн хугацаа өнгөрч, үе үеийн маркны зураачид өөр өөрсдийн өнгө төрх бүхий маркуудыг зурж, хэвлүүлэн, хэрэглэгдсээр цөөн хэд нь сонирхогч, цуглуулагчдын гар дээр үлддэг. Тэр марк нь үнэхээр л үнэт цаас болж, шуудан харилцааны хэрэглэгдэхүүн гэхээсээ илүүтэй үл хөдлөх хөрөнгө болох нь ч бий. Хамгийн үнэтэй зарагдаж байсан марк 350 сая төгрөгт хүрсэн гэдэг.

Өнөөдөр Монгол улс маркны салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх хэмжээнд явдаг. Олон улсын наадам, тэмцээнүүдэд тасралтгүй оролцож, цом медалиудаар тасардаггүй. Түүнийг бүтээж буй маркны зураачид, дизайнерууд харин даруу, төлөв. Хоёр жилдээ нэг батлагддаг маркны сэдвүүдийн дагуу судалгаа хийж, өдөр шөнөгүй нухаж, арилгаж, засаж, зөвлөж, зурсаар... ,

Эх зураг
Марк бэлэн болсон нь

Манайхны сүүлд гаргаж байгаа маркууд өдөртөө шахуу зурагдаж дуусдаг болж. Зурагдсан маркыг гадны улсуудад илгээн хэвлүүлдэг тул, бүх ажил хугацааны хувьд нарийн зохион байгуулалттай. Нэг хэвлэхдээ дунджаар 10 мянгаас дээш хэвлээд, тэр сэдэв, загварыг ахин хэвлэхгүй. Ер нь маркыг ахин хэвлэнэ гэдэг ойлголт байдаггүй нь түүний үнэ цэнийг улам нандин болгодог аж.

Уншигч та бүхэнтэйгээ бид энэ удаа Монгол шуудан ХК-ийн  Марк, үнэт цаас бэлтгэн нийлүүлэх төвийн зураач, МУСТА Ч.Бат-Эрдэнийг уулзуулж байна.

ДЭЛХИЙН 210 ГАРУЙ ОРОНД МОНГОЛЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙГАА ҮНЭТ ЦААС

-Сайн байна уу? Юуны өмнө та уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу. Би арван жилийн сургуулиа төгсөөд Дүрслэх урлагийн гүнзгийрүүлсэн сургалттай 86 дугаар сургуульд элсэн орж суралцсан. Ингээд 1998-2003 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн Батмөнх багштай уран зургийн ангид таван жил суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд бусад уран бүтээлчдийн адилаар чөлөөт уран бүтээлч болж, урландаа уран бүтээлээ туурвих болов. Монгол шуудан компанид маркын зураач болно гэж огт бодоогүй. Нэг удаа таньдаг ах маань зураг зуруулж, түүнээр дамжуулан маркын хамт олонтойгоо танилцсан. Тухайн үедээ Чинзориг гэж захирлын захиалгатай хурдан морины зураг зуртал “Энэ зураачтай уулзмаар байна” гэж . Намайг маркийн зураач болоод удаагүй байхад буюу 2011 онд Монгол Улсын хувьд олон түүхэн ой давхацсан жил болж байлаа. Тухайлбал, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Хүннү гүрний 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиосон юм. Тэр жил манай маркийн газрынханд хийх ажил их байсан бөгөөд соёлын тэргүүний ажилтан Ц.Цэнгэл ах ганцаараа зурж суудаг байсан юм билээ. Тэр хүн 1991 оноос хойш тасралтгүй ажилласан юм. Тиймээс л бараг тушаал шууд гарч ажилдаа анх орж байлаа.

-Таны анхны марк ямар зураг байв?

-Бартаат замын уралдаан. 2011 онд болсон дөрвөн том ойг Ц.Цэнгэл ах бид хоёр хоёроор нь хувааж аваад хийв. Их судалгаатай нүсэр маркууд байсан шүү. Би Ардын хувьсгалын 90 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийг нь. Цэнгэл ах Хүннүгийн 2220 он, Чингисийн 805 жилийн ойн маркуудыг хийж байсан бөгөөд бусад сэдвүүдийг нь мөн хувааж зурж байсан. Ерөнхийдөө бүгд л зэрэг зэрэг зурагдаад явж байсан ч бартаат замын уралдааны сэдэвт марк хэвлэлтээс түрүүлээд гарчихсан тул анхных гэж явдаг.  Анх маркийн зураг зурж чадах болов уу гэж эргэлзэж байсан ч өнгөрсөн хугацаанд боловсролын 90, Үндэсний эрх чөлөөний 100, НҮБ – д Монгол Улс нэгдсэний 50, Аугаа их эх орны дайны ялалтын 70, гаалийн байгууллагын 100 жилийн ой, Лондоны олимп, Тарбозавр Батаар Монголдоо ирсэн үеийн гээд л олон түүхэн үйл явдлыг тохиолдуулан гаргасан маркийн зургийг зурсан байна

-Зурж чадах болов уу гэж эргэлзэж байсан үе бий гэсэн. Юу нь хэцүү байв аа?

-Цэвэр уран зургийн анги төгссөн болохоор зохиомж нь л гэхэд ямар байх ёстойг мэдэхгүй байхаас эхэлсэн. Марк бол жижиг хавтгай орон зайд аль болох олон юм багтааж зохиомжлохыг эрмэлздэг. Үүнийг сайн мэдэхгүй болохоор нөгөө зураач ах маань заавар зөвлөгөө өгч их тусалдаг байсан. Манай ахмад мэргэжилтэн байсан н.Чимэд-Очир гэж хүн их тусалсан. Марк дээр байдаг “Mongolia” гэх гадаад үг, уйгаржин монгол бичиг, төрийн соёмбо, нүүрний үнэ гэх мэтээс зайлуулж зохиомжоо яаж авч, зургаа яаж илэрхийлэх вэ гээд маш мундаг зааварчилгаа өгдөг байсан даа, ах минь.

-Өнөөдөр Монгол улсын маркын хөгжил, борлуулалт дэлхийд ямар түвшинд байдаг вэ?

-Манай маркын борлуулалт дэлхийд их сайн. Мэдээж улс бүр онцлогтой. Гэхдээ манай маркын хээ угалз хүмүүсийн сонирхлыг татдаг бололтой, борлуулалтаараа дээгүүрт л ордог. Өөрсдийнхөө хэвлэсэн, хийсэн маркуудыг иж бүрэн цуглуулга болгоод олон улсын үзэсгэлэнгүүдээс медаль аваад байна гэж бодохоор манай нэгэн үеийн маркын зураачид сайн байсны илрэл юм болов уу гэж боддог. 95 жилийн түүхэнд сайн байсан гэж хувьдаа боддог.

ТӨСӨВ МӨНГӨ БАЙДАГ БОЛ ИХЭНХ МАРКУУДАА ӨНДӨР ТЕХНОЛОГИОР ХИЙХСЭН

Гахай жилийн маркны зургийн эскиз
Бэлэн болсон нь

-Маркны урлаг, соёлын хөгжлийг үе үеэр нь тодорхойлбол? Тухайлбал, маркны соёлын эхлэл манайд реалист байсан бол одоо модерн чиглэлд хэлбийж байна уу?

-Ер нь маркан дээрх дүрслэлийг бодит буюу реалист чиглэлээр дэлхийн 200 гаруй орон түлхүү зурж дүрсэлдэг. Өөрөөр ашиглаж болно. Дэлхийн мундаг мундаг изм-үүдийн төлөөлөгчид, монголын төрийн соёрхолтуудын маркууд бий. Тэдний зургинй зөвшөөрлийг уран бүтээлчдээс нь аваад сурталчилж өгөх гэх мэтээр уран бүтээлчдийн зургуудыг хэвлэсэн маркууд  байдаг. Бусдаар маркын зуралтууд бодит тал руугаа. Усан будаг, тосон будаг, график, зураасан зураг чиглэлээр түлхүү зурагддаг. Дэлхийд маркын хөгжил гүйцэгдэхээ байсан шүү дээ. Манайх ч хөл нийлүүлэх гээд жилдээ нэг өндөр технологийн алтан маркууд хийж байна. Өндөр технологийн маркууд зардал өндөртэй. Манайх дандаа гадаадад хэвлүүлдэг. Зөвшөөрлийг дэлхийн шуудан холбоо хэдхэн улсад өгдөг юм билээ. Түүнээс биш улс болгон өөрсдөө маркаа хэвлээд байдаггүй. Цэцэг л гэхэд үртэйгээ, үнэртэйгээ, модон дээр хийсэн, үйсэн дээр хийсэн гэх мэтээр технологи нь хөгжчихсөн. Манайх энэ жилдээ Хутагт, хувилгаад гэдэг маркаа зандан мод үнэртсэн технологиор Францад хэвлүүлнэ. Энэ жил мөн Эрдэнэтийн 40 жилийн ойгоор алтан марк хийлээ. Нийт 95 жилийн түүхэндээ дөрвөн л алтан марк хийсэн байдаг. 2018 онд Монголд явж байсан зүтгүүрүүдийн зураг бүхий вагоны хэлбэртэй өндөр технологийн марк хийсэн. Энэ мэтээр манайх жилдээ нэг удаа өндөр технологийн марк хийхээр зориод байна. Төсөв мөнгө байдаг бол ихэнх маркуудаа өндөр технологиор хийдэг бол гэж бодогдоно. Дэлхийн 210 гаруй оронд Монголыг сурталчилж байгаа үнэт цаас шүү дээ.

Өндөр технологийн алтан марк

-Марк гэж юу юм бэ? Өнөө цагт марк зөвхөн хэрэглээ бус зарим талаараа өртөг мөнгө, гоёо гангараа болчихсон шиг? Энэ тодорхойлолтод магадгүй марк цуглуулагчид их нөлөөлсөн байх.

-Цуглуулагчид байж л байсан. Цуглуулагч дундаа марк цуглуулга гэдэг маш цэвэрхэн, урлаг соёлын болон танин мэдэхүйн ач холбогдолтой. Манайхан  олон жилийн түүхтэй цуглуулагчид. Ер нь ил захидал дугтуйны төлбөр тооцоо, төлөгдсөн гэдгээ баталгаажуулсан үнэт цаас гэдэг ойлголт мэдээж хуучнаараа бий. Цуглуулагчид олон болж байгаа нь надад сайхан санагддаг. Манайхны сүүлд гаргаж байгаа маркууд өдөртөө шахуу дуусаж байна. Энэ нь манай Маркын хамт олны хичээл зүтгэл, Шуудан компанийн маань хичээл зүтгэл юм болов уу гэж боддог.  

-Та ойролцоогоор хэдэн сэдэв, загварын марк зурж гаргасан байдаг юм бол?

-Жилд 11-17 сэдвийн марк гаргадаг. Тэгш ойтой жилүүдэд илүү их сэдэв гардаг. Ингэхдээ блок байх уу, нэг блок, таван сери, дагалдах номиналууд нь хэд байх вэ гэдгээс хамаараад зуралтууд нь олон болоод явчихна. 80-90 сэдвийн марк зурсан юм болов уу. Нэг сэдэв блок, сериэрээ задарчихвал 500 гаруй маркын зураг зурсан юм болов уу даа.

-Эдгээрээс таны санаанд үлдсэн, дурсамж үлдээсэн сэдвийн марк юу байв?

-Марканд жижиг, том сэдэв гэж байдаггүй. Хамгийн гол нь худлаа юм зурж болохгүй, үнэнийг зурах ёстой. Учир нь “Mongolia” гэсэн латин үгтэй, Монгол гэсэн уйгаржин бичигтэй, соёмботой наагдаад дэлхийгээр тарна. Бүх л зураг дээр сайн сууж ажиллана. Марк зурахад судалгааны ажлаа л сайн хийсэн байхад зурах нь хялбар. Хөрөг зураг дээр зуралт жаахан ихтэй байдаг тул цаг хугацаа авна. Тиймээс сар гаруй хугацаанд ажиллаж байж зурдаг. Харин нэг жижиг дөрвөлжин марк зурахад 7-10 хоног ихэвчлэн шаарддаг. Манай түүхэнд маш хурдан түүхтэй бүтэж байсан маркууд ч олон бий.

-Тухайлбал?

-2001 онд Америкийн хоёр ихэр цамхагийг онгоцоор мөргөх үед манай зураач Цэнгэл, Отгонбаяр зэрэг зураачид сэдэв болгон ажиллаж, тэр оройдоо маркаа зураад л, хэвлэлтэд явуулж байж. Өглөгийн марк гэж байдаг, нүүрний үнээс гадна нэмэлтээр 50, 100 төгрөг нэмээд авдаг. Тэр мөнгийг нь АНУ-ын элчинд гардуулж байж.

МАРК ЦУГЛУУЛАГЧ, СОНИРХОГЧДОД ЗОРИУЛАН ЦӨӨН ТООГООР АНХНЫ ӨДРИЙН ДУГТУЙГ ХИЙДЭГ

-Та сүүлийн жилүүдэд ажилласан зарим маркуудаасаа дурдахгүй юу?

-Манайх засгийн газраар сэдвээ хоёр жилээр батлуулдаг. Өөрөөр хэлбэл, 2019 онд зурагдаж буй маркууд бол хоёр жилийн өмнө батлуулсан гэсэн үг. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад 2018 онд тэдэн марк, 2019 онд тэдэн марк гээд батлагдсан сэдвийнхээ хүрээнд судалгааны ажлуудаа хийдэг. Энэ жилийн хувьд жилийн марк мэдээж хийгдэнэ. Улс болгон он гарахаас өмнө жилийнхээ маркыг хийдэг. Хулгана жилийнхээ маркыг зурж хэвлэлтэд явуулсан бөгөөд 2020 оны эхний долоо хоног гэхэд гүйлгээнд гарчихсан байна. Энэ жил ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвүүд, Монгол музейн үзмэрүүд гэж музейн сан хөмрөгт байгаа бүтээлүүдийг зурж байна. Энэ жил гэхэд Оюун ухааны музейн оньсон тоглоом, уран барилга, монголд үйлдвэрлэсэн ноолуур, ноос гээд бүтээгдэхүүнүүдийг сурталчлах зорилготой. Мөн Улаанбаатар хотын 380 жилийн ой, Жүдо бөх, Саран дээр хүн буусны 50 жил, Монгол Хятад хоёр улсын найрамдлын 70 жил, Монгол Турк хоёр улсын дипломат харилцааны 50 жил, Халх голын ялалтын 80 жил гээд сэдвүүд байна.

Түүхт холбогдолтой маркууд их сайхан. Зурахад, санааг нь боловсруулахад, холбогдох хүмүүстэйгээ юу юуг дүрсэлбэл зүгээр вэ гэдэг дээр ярилцахаас эхлээд маш сайхан байдаг. Энэ жил нийт 16 сэдвийн марк гарч байна.

-Марк бүтдэг процессийг та бидэнд сонирхуулахгүй юу?

-Халхын голын ялалтын 80 жилийн сэдэв 2019 онд хийнэ гээд хоёр жилийн өмнө батлагдлаа. Ингэж батлагдахдаа ямар ямар марк байхыг зааж өгсөн байдаг. Тухайлбал, энэ сэдвээр хоёр нэрийн, нэг блок байна. Ингээд холбогдох цэргийн хүмүүс, түүхч, судлаачидтай уулзана. Мөн өөрсдийн өмнө хийж байсан буюу Халх голын ойн тэгш ойгоор гаргаж байсан маркуудыг үзнэ. Ингээд л холбогдох хүмүүстэй уулзаж, юу юуг дүрслэх вэ, юу юуг түлхүү харуулах вэ гэдгээ тохирно. Үүний үндсэн дээр судалгаагаа хийж эскиз загваруудаа гаргана. Маш олон төрлөөр гаргана. Гаргасан сэдвүүдээ хамт олноороо ярьж байгаад энэ л эскиз загварыг маркын эх зураг болгоё, үүнийг үүнтэй хооронд нь нийлүүлье, холбоё гэж ярилцана. Ингээд эх зургаа зурна. Эх зургаа зурж дууссаны дараа дизайнер үсгийн фонд, соёмбо, нүүрний үнээ хаана байрлуулах вэ гээд компьютероор хийх бүх л ажлаа мөн л олон янзаар үзнэ. Зурган дээр бол нэг их өөрчлөгдөхгүй. Зургаа скайнердаж компьтер руу оруулж, хоорондоо сайтар ярилцсаны үндсэн дээр баталж, хэвлэлтэд явуулна. Хэвлүүлэхдээ хэвлэлийн газруудаас үнийн санал авна. Манайх сүүлийн хоёр жил Францад хэвлүүлж байгаа, өмнө БНХАУ-д 6-7 жил хэвлүүлж байсан бол социализмын үед Унгар, Герман гэх мэт улсуудад хэвлүүлж байж. Хэвлэлтэд өгснөөс хойш ихэвчлэн сарын дараа ирдэг.

Тухайн зурагдсан сэдвийнхээ дагуу анхны өдрийн дугтуй гэж хийдэг. Би яг одоо Чагдаржавын маркны анхны өдрийн дугтуйг зураад сууна. Чагдаржав гэж хүний ой энэ жил тохиож байгаа. Марк нь хэвлэлтээс ирчихсэн, нээлт нь тун удахгүй болох гэж байгаа тул марк цуглуулагч, сонирхогчдод зориулан цөөн тоогоор анхны өдрийн дугтуйг хийдэг. Үүнээс гадна нэг удаагийн тамга зориулан зурна, зөвхөн уг дугтуйн дээр л дарагдах бөгөөд өөр маркын дугтуй дээр зурагддаггүйгээр онцлогтой.

-Бидэнд цаг гарган ажлынхаа талаар ярилцсан танд баярлалаа.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-23 01:04

Alfusin [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Zithromax Teeth Cialis scatola Kamagra Acquisto

LesOrdiff
LesOrdiff
2020-02-05 09:12

Buy Xenical Online Usa http://ggenericcialisle.com - cialis online Cialis Donne Cialis Express Buy Pharma

Холбоотой мэдээ

Back to top button