НийгмийнНИЙГЭМУРЛАГ

Зураач, барималч Э.Эрхэмбаяр: Бүх хүн “гэрийн даалгавар”-тай төрсөн

Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын Шинийн есөн буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр монголчууд бид үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхтэй. Энэ өдрийг тохиолдуулан зураач, барималч Э.Эрхэмбаяр “ОЛНОО ӨРГӨГДСӨН БОГД ХААН ӨЧИГ” үзэсгэлэнгээ Богд хааны Ордон музейд маргааш (2019.12.29) нээнэ. Үзэсгэлэнгийн талаар, мөн түүний уран бүтээлийн тухай ярилцлагыг толилуулъя.

ЭХ ОРОНЧДЫН СУРГААЛ, ӨЧИГ ҮГ ГЭДЭГ ӨНӨӨГИЙН БИДЭНД ХАНДСАН ЗАХИАС ЮМ

-Өнгөрсөн жил та Төрийн түүхийн музейд Монгол хаадын хөрөг зургууд, сургаал захиасыг уран бичлэгт буулгасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Энэ удаагийн үзэсгэлэнгээ Олноо өргөгдсөн оны ойд зориулж, XX зууны эхэн үеийн Төрийн зүтгэлтнүүдийн хөрөг баримлуудаар гаргаж байна. Энэ үзэсгэлэнг гаргах санаа хэзээнээс төрөв?

-Дүрслэх урлагийн сургуульд оюутан байсан 2000-аад оны эхэн үеэс эхлэлтэй гэж хэлж болно. СУИС-иас өмнө Дүрслэх урлагийн коллеж гэж байхад би нэг жил суралцсан юм. Тэгээд сургуулиа түр завсарлаад цэрэгт явлаа. Би чинь нэлээн хожуу их сургуулийн баримлын ангид орж cуралцсан л даа. Гэхдээ түүхэн сэдэв гэж ярьсных миний хувьд коллежид сурах үе, бараг түүнээс ч өмнө дунд сургуульд байхаасаа л түүхийн хичээлд дуртай хүүхэд байлаа. Яагаад ч юм Да лам Цэрэнчимэдийн тухай их шимтэж уншдаг, дээр нь барималчин болох гэж байгаа хүн юм чинь хөргийг нь урлах юмсан гэж бодоод л яваад байсан. Гэхдээ тэр бодлоо тухайн үед бүтээл болгож завдаагүй. Яахав, өөртөө бол хүн хийж байна, баримал бариад л байна гээд янз бүрийн оролдлогууд туршаад л байсан. Тэгээд яахав хүний хөрөг хийж байна гэж нэг хэсэг яваад, чадахгүй нь гэж хэсэг орхиж үзлээ. Ер нь хүний хөрөг дүрийг хийнэ, адилхан болгоно гэдэг гадна дүрийн хувьд баримал дээр нэг хэрэг. Дотоод сэтгэлийг нь таниулах өнцгөөс хийнэ гэдэг нэлээд өндөр түвшний мэргэжлийн ажил болно. Шулуухан хэлэхэд одоо ч би яг хийж чадаж байна уу гэж эргэлздэг. Гэхдээ бараг 20-иод жилийн өмнө өөрийгөө хүн хийж чадаад байна гэсэн бодол одоо өөрчлөгдсөнтэй адил одоо хийж байгаа энэ хэдийгээ ч дараа нь юу гэж харах бол гэдэг бас сонин. Няцсан буцсан хэрэг биш. Уран бүтээлчийн хувьд өөрийгөө өсөж хөгжсөн гэсэн санасных. Өнөөдөр бол болж байгаа юм шиг санагдаж байна. Бас мэргэжлийн хүрээний мэр сэр хүмүүс, “Болж байна” гэж хэлж байна. Эрх биш энэ дүрслэх урлагийн салбарт эргэлт буцалтгүй ороод явж байгаа хүний хувьд өөрийгөө дүгнэхэд ахиц байна л гэж хардаг.

Цаашид ч хөрөгтэйгээ зууралдана. Хөрөг гэдэг бол зураг, фотогоос гадна уран баримал, хүрэл метал дээр бууж ирнэ гээд нэлээд өөр л дөө. Эртний Грекийн уран баримлууд чулуу, хүрэл дээр буусан учир одоо ч байж л байна. Европын болон бусад улс орнуудын хотын гудамж, барилга байшин нь өөрөө уран баримал байдаг. Тэгэхээр хүн төрөлхтний түүхэн явцад урлагийг дүрсжүүлж мөнхөлж  байдаг нь маш том соёл юм даа. Дайн дажин болоод хядчихдаггүй л юм бол байж л байна. Тийм болохоор хөргийг фото зураг болгож үлдээхээс илүү баримал болгож үлдээвэл олон мянган жилийн настай үнэ цэнтэй болдог.

-Уран бүтээлч хүн түүхийн сэдэв барьж авахгүйгээр бяр сууна гэж байхгүй. Ялангуяа монгол уран бүтээлч байна гэдэг түүх уламжлалыг тойрч явах аргагүй гэж нэгэн түүхч ярьж байсан. Түүх, соёл болон уран бүтээлчийн хамаарлыг та юу гэж ойлгодог вэ?

-Ер нь аливаа юмны “А”-г мэдэхгүйгээр цааш явна гэж үгүй. Бичиг үсэг сурахад "А" үзэхгүйгээр “Я”-г мэдээд яах билээ, тийм үү. Өөрөөр хэлбэл суурийг нь бүрэн сурч, ойлгож авч байж цааш явна. Тэгэхээр миний харж байгаагаар дүрслэх урлагийн сүүлийн үеийн хандлага манайд абсурд, модерн тийш хэтэрхий ханараад, туйлшрал явж байна уу гэж боддог юм. Үнэхээр харахад л сэтгэл татдаг, нүд булаадаг абстракт байна л даа.Тийм модерн, тийм контемпорари ч байна. Хогоор хийсэн ч бай, юугаар хийсэн ч бай хүнийг алмайруулдаг, урдаа уяж зогсоодог тийм бүтээлүүд бий. Тэр бол урлаг мөн. Мэдээж бас тиймийг хийхийн тулд заавал бүгдийг сурсан ч юм уу, бүх түүхийг мэддэг байх албагүй. Урлагийн хүрээ өөрөө өргөн юм чинь. Гэхдээ аливаа зүйлийн мөн чанарыг нь мэдэхгүйгээр, дуурайх байдлаар ч юм уу урлагт хандаж болохгүй л дээ. Түүх бол яг л ийм мөн чанартай зүйл.

-Европ, Америкаар тоглолтоо хийгээд шуугиулж байгаа “Хү” хамтлагийн тухай УИХ-ын гишүүн асан Д.Энхбат гуай твиттертээ бичихдээ, “Хү” хамтлагийн өөрийн соёлоо орчин үеийн эрдэмтэй холбож модернизацийн замаар явсан. Харин барууныг шууд дуурайх вестернизацийн зам шинэ зүйл авчрахгүй” гэсэн байсан.

-Д.Энхбат гуайтай санал нэг байна. Ер нь бол уламжлал дээр суурилсан шинэчлэл гэсэн үг. “Хү” хамтлагийг харахад стиль, имижээс эхлээд олон зүйл нь эртний Монголыг санагдуулж байна. Тэгээд одоо цагтай ингэж хослуулж чадсан байгаа юм. Америк, Европыг байлдан дагуулна гэдэг бол дэлхий нийтийн хүлээж байсан урлаг гэсэн үг байхлдаа. Тэгэхээр шинэчлэгдэх ёстой, гэхдээ уламжлал дээр суурилах ёстой. Орчин үеийн байшин гээд агаар дээр байх боломжгүй шүү дээ. Заавал нэг суурин дээр тогтох ёстой.

-Энэ удаагийн үзэсгэлэнгээ “Өчиг” гэж нэрлэх болсон шалтгаан юу вэ?

-Ерөнхийдөө Богд хаант Монгол Улсын Төрийн зүтгэлтнүүдийн хөрөг баримлууд, тэдний хэлсэн үгийг уран бичлэг, каллиграфи маягаар хийлээ. Эх орончдын хэлсэн үг сургаал, өчиг гэдэг өнөөгийн бидэнд хандсан захиас юм гэдгийг бид мартаж болохгүй. Нөгөө талаас бид түүнийг нь одоо ямар хэмжээнд ойлгож, биелүүлж байна вэ. Бараг биелүүлэх нь байтугай эсрэгээр нь яваад байна гэсэн эмзэглэл хааяа төрдөг юм. Тийм учраас энэ хүмүүсийн хийсэн үйл, гавьяаг сануулах зуураа одоо бид ямар байгаа билээ гэдгийг бодуулахыг зориод байна.

-Дүрүүдийн судалгаан дээр хэр удаан ажилласан бэ?

-Багаасаа түүхэд дуртай, коллежийн оюутан болоод Да лам Цэрэнчимэдийн хөргийг хиймээр болж байсан гэхээр тэр үеэс судалсан болж таарч байна уу даа. Яг энэ баримлууд дээр эрчимтэй суусан нь сүүлийн хоёр жил орчим юм байна.

-Яагаад Да лам Цэрэнчимэдийн хөргийг хийе гэж бодсон бэ?

-Яахав, түрүүлж уншсан нь энэ хүний тухай байсан байх. Да лам Цэрэнчимэдийн зүтгэл, болохгүй бол японыг түшье болхгүй бол өөр гарц хайж байсан тэр алсын хараа, хилийн дээс гарч байгаа, “хутганы ирэн дээгүүр” тэгж тэмцэж байсан нь миний сэтгэлд хүчтэй буусан. Ер нь тэр цагаас хойш л энэ эх орончдын түүхийг уншиж эхэлсэн байхаа. Нэг ном уншина гэдэг нэг л өнцгөөс харна гэсэн үг. Тийм болохоор их олон судалгаанаас харьцуулж судалж байж алтан дундаж иймэрхүү байх нь гээд ажилдаа орсон. Тэгээд яахав энэ хөргүүдээ би ерөнхийдөө суугаа, хурлын байдалтай хийж байгаа юм. Айхтар дотоод зан чанар гаргаж дүр хөөе гэж зориогүй. Эхэндээ бол миний “амлаж авсан” 20 гаруй хүн байсан. Хоёр жил нэлээн суугаад зууралдахад өнөөдрийн байдлаар энэ хэдийг л тавьчихъя даа гэсэн зургаан хүн л гарч ирлээ. Тэгэхээр миний ур чадвар дутаад тэр үү, эсвэл үнэхээр хоёрын хооронд юм гараасаа гаргамааргүй байсан уу гэдгийг үзэсгэлэнг зорин ирсэн хүмүүс хараад ойлгох байх.

УРЛАНД ОРЖ ИРСЭН ХҮМҮҮС МИНИЙ БАРИМЛУУДЫГ ХАРААД "ХЭНИЙ ЗАХИАЛГА ВЭ, АРДЫН НАМЫНХ УУ" ГЭЖ АСУУДАГ

-Түүхэн хүмүүсийн дүр, үгээр түүхэн сургамжийг сануулъя гэж уран бүтээлчийн хувьд бодсон уу. Эсвэл нийгмийн гишүүн, иргэн хүний хувьд өөрт ногдуулсан үүрэг байв уу?

-Шулуухан хэлэхэд уран бүтээлчийн хувьд ч, иргэн хүний хувьд ч надад ирсэн нийгмийн захиалга гэж бодож байгаа шүү. Хүмүүс миний урланд орж ирээд, энэ баримлуудыг хараад “Хэний захиалга вэ, Ардын намынх уу” гэж асуудаг л юм. Надад хэн ч захиалаагүй.Тэгэхээр нийгмийн захиалга гэж хэлэх шалтгаан юу вэ гэхээр өнөөдөр монголчууд бид энэ хүмүүсийг мартаад, ер нь Монгол гэдгээ ч мартаад байна. Хүн болж төрнө гэдэг, эрэгтэй эсвэл эмэгтэй хүн болж төрнө гэдэг, яагаад заавал Монголд төрсөн юм гэдэг чинь учиртай. Үүнийгээ бид мартаж байна. Бид бол Америк шиг ч юм уу, Орос шиг улс биш. Үндэстний хувьд дангаар байх ёстой, даяаршилд хэт автаж болохгүй тийм улс гэж боддог. Одоо бол энэ талаар бодох нь бүү хэл харьд очиж дуртайяа боолын ажил хийж байна. Энэ бол үнэгүйдсэн, хүчгүйдсэн, өөрсдийгөө мартсаны том илрэл. Тиймээс энэ агуу хүмүүсийн үгээр, хөрөг дүрээр сануулъя гэж бодсон. Энэ хүмүүс тэр үед тэмцээгүй, босоогүй бол өнөөдөр Монгол Улс газрын зураг дээр байхгүй.

Яг өнөөдрөөс 100 жилийн өмнө энэ хүмүүсийн зүтгэж байсан зүтгэл талаар болж Орос, Хятадын дунд бид Тусгаар тогтнолоо алдсан. 1919 онд Монгол Улс үгүй болж Дундад иргэн улсын харьяа болж байсан шүү дээ. Энэ зуун жилийг бүү март гэж эх орончдын үгийг сануулж байгаа юм. Заримыг нь амьд байхад тусгаар тогтнолоо алдсан. Өнөөдөр тэгвэл бид хэр бат, баталгаатай тусгаар тогтнолтой вэ. Энэ л миний асуулт.

-Таны өөрийн “өчиг”, амьдралын философи юу вэ?

-Эх оронч хүн гэж хэн бэ? гэж асууж, энэ талаар олон хүнтэй ярилцахыг хүсдэг юм. Хэрвээ бидний өвөг дээдэс биднээс өнөөдөр өчиг үг асуувал бид юу гэж хэлэх бол. Тэмцэл, газар шороо, эрх чөлөө яасан бэ гэж асуувал юү бид гэж хэлэх вэ. Асуултыг асуултаар хариулсан болчихов уу. Нэгэнт амьдралыг үзэх үзлийг минь асуусан учраас энэ улсад төрж, энд амьдарч байгаагийн хувьд газар шорооныхоо тухай ярих ёстой гэж боддог. Ер нь энэ газар шороог бид өмчлөх зүйл биш харин дамжин өнгөрөх газар гэж харах ёстой байх. Миний, манай газар шороо гэж ярих нь ч зөв үү, буруу юу. Харин мөнхөд байх газар шороог дамжин өнгөрч байна гэж бодох хэрэгтэй байх. Хүний заяанд төрж 60, 70 магадгүй 80 наслахдаа энэ газар шороонд маш хүндтэй хандаж, үүгээр дайран өнгөрч байгаа хүн шиг хайрлаж хамгаалж хандах ёстой. Хулгайч шиг хандаж болохгүй. Тэгэхээр газар шороо, нутаг усаа бид “миний”, “манай” гэж харснаас болоод газар шороогоо зарж байгаа юм уу даа гэж харах болсон. Энэ их уул уурхай, газрын хэвлийг онгочиж байгаа байдал, хэрээс хэтэрсэн наймаа бол том алдаа. Тийм болохоор одоо бидний газар шороо биш дараа дараачийн зуу зуун жил, мянга мянган жилд амьдрах монгол хүмүүст очих газар. Уул уурхайд өнөөдөр хятадууд маш их мөнгө хаяж байна. Энэ бол дэмжлэг биш шүү. Хятад хүн хэзээ ч Монголыг дэмжихгүй. Мөнгө зээлнэ гэдэг дэмжиж байгаа юм биш. Өрөнд оруулж байна, авах гэж байна гэсэн үг.

-Уул уурхайг дэмждэггүй, “ногоон” үзэлтэй хүн байх нь ээ?

-Тийм ээ, би уул уурхайг дэмждэггүй. Ухаж аваад, баяжуулж байна гээд угааж хаядаг. Гэтэл энэ дэлхий дээр илүү юм нэг ч үгүй. Элс шороо, чулуу бүгд өөрийн гэсэн үүрэгтэй. Товчхондоо хүн төрөлхтөн бид байгальд дайсагнаж байна уу л гэж боддог. Энэ дайсагналын улмаас байгаль эх үе үе биднийг шилгээж байна. Заримдаа би хүн төрөлхтөн бид ер нь энэ дэлхийн амьтан мөн үү гэж боддог юм. Яагаад бид хэн нэгнийг үхэхээр биеийг нь газарт булах атлаа сүнсийг нь дээшээ явчихлаа гэдэг юм. Дэлхийн бүх хүн, бүх шашин тэгж үздэг. Яагаад “тэндээс миний аав харж байгаа” гэж ярьдаг юм. Тэгэхээр л хүмүүс бид хаа нэгтэйгээс энэ цэнхэр гараг дээр урилгагүй ирсэн дуракууд байж ч магадгүй. (инээв)

- Монгол зураг, баримлаас гадна та каллиграфи бичдэг. Тэр талаар ярих уу?

-Төрийн түүхийн музейд өнгөрсөн жил гарсан “Үл тасарна” үзэсгэлэндээ монгол зураг болон уран бичлэгийг харуулахыг зорьсон. Олон хүн ирж үзсэн. Хүмүүс анзаарсан бол тэнд бас үндэсний үзлийн тухай санаа явж байгаа. Манайхан Алтан ургийн хаад Лигдэнгээр дуусчихсан юм шиг ярьдаг. Би бол үгүй ээ, танд ч, надад ч яваа гэж хэлдэг. Заавал Алтан ураг л биш бол гэдэг яриа одоо утгагүй. Тэр цаг үе өнгөрсөн. Одоо бол та бид бүгд Монгол. Ер нь эрлийз байсан ч гэсэн Монголд амьдардаг, Монголд хайртай бол тэр хүн өөрийгөө Алтан ургийн хүн гэж бодож болно шүү дээ. Тийм л санаагаар өнгөрсөн жилийн үзэсгэлэнгээ гаргасан. Одоо ингээд баримал хөргүүд маань гарч байна. Ер нь би үзэсгэлэн гаргах гэж яараагүй. Мэдээж 20-иод жил дүрслэх урлагийн хаяа хатавчинд зүтгэснийх янз бүрийн захиалгын шагнал, одон медаль, цом гэдэг ч юм уу амьдралын шаардлагаар зөндөө юм хийсэн. Их олныг хийсэн дээ. Гэхдээ тэр болгон маань надад дадлага болоод явдаг байсан. Одоо ч тийм юм хийхгүй гэж байгаа юм биш. Хаа нэг хийхийг үгүйсгэхгүй. Хүн чинь бас амьдрах хэрэгтэй шүү дээ.

-Уран бичлэгт суралцахын тулд хэдэн жилийг зарцуулсэн бэ?

-Би цэрэгт хил дээр алба хаасан юм. Тэгээд хил дээр манаанд гараад зогсож байхад өдөр өнгөрөхгүй маягтай байна шүү. Нүд цавчилгүй харна гээд хүмүүс яридаг. Үнэндээ тайван цагт юугаа ширтээд зогсож байх вэ дээ, нэлийсэн тал дээр. Тэгээд элдэв юм дэвтэртээ бичнэ. Шүлэг, хайку ч юм уу бүгдийг монгол бичгээр бичнэ. Тэр үеэс л калиграф бичиж сурах юмсан гэж бодож эхэлсэн. Би чинь 1991 оны анхны монгол бичгийн анги. Бидэнд чинь шууд нэгдүгээр ангиас монгол бичиг заасан. Тэгээд яахав цэрэгт байхдаа монгол бичгээр бичсэнээ харандаагаар засаад, өргөн болгож, тодруулж нэг үзээд, засаад л суугаад байна. Одоо манай найзууд ярьдаг юм. Харандаан каллиграфи ингэж хөгжих гэж гээд намайг явуулна. Тэгж яваад, нэлээн сүүлд бэх рүү орсон. Бэхээр шууд бичиж эхлэхэд нэг л болж өгдөггүй. Д.Баттөмөр гээд уран бичлэгийн их мастер байлаа. Одоо хөөрхий минь өөд болсон. Бид албан ёсны багш шавь гэж яваагүй ч би багшаа гэж хүндэлдэг юм. Одоо уран бичлэг хийхдээ тэр хүний онолоор хийх гэж үздэг. Багшийг ид зурдаг байхад нь би их очдог байлаа. Мань хүн яахав, бор дарсанд жаахан дуртай. Архи захихаар нь том, бага хамаагүй юм бариад орно. Эхлээд харж сууж байгаад надаар хэд бичүүлсэн юм. Тэгээд, “Битгий бичих гээд хичээгээд бай. Наадах чинь эмоци явах ёстой. Бугуйгаар биш мөр, далаараа хөдлө, Цац л даа, наад бэх ээ” гээд л заана. Яг гарыг минь барьж байгаад бичүүлж байсан удаа ч бий. Нээрээ л багшийн хэлснээр би яг л дунд сургуулийн цэвэр бичигтэн хүүхэд шиг хичээгээд, мөрөө хавчаад нэг л болж өгдөггүй л байсан юм билээ. Олон ч удаа очиж, заалгаж байж жаахан зүгширсэн. Овоо урам зориг авсан. Тэр л урам зоригийн хөрсөн дээр одоо бичихийг оролдож байна даа.

ХЭДЭН МЯНГАН ЖИЛИЙН НАСТАЙ ХАДНЫ СҮГ ЗУРАГ ДЭЭР НЭЛИЙТЭЛ НЬ НЭРЭЭ БИЧЧИХСЭН БАЙГААГ ХАРСАН УУ

-Эргээд баримлын тухай нэг зүйл асууя. Хотын баримлууд гэж бий. Жишээ нь сүүлд Шөнийн гудамж гэж байгуулаад, удалгүй буулгасан. Тэнд зам дагуу байх сөгдөж суугаад цэцэг барьсан залуу эрийн барималыг эвдчихсэн зураг “явж” байсныг та харсан байх. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бас баримал сүйдэлсэн гээд зураг интернэтээс харсан. Ер нь манайхан хотын баримлыг үл тоодог ард түмэн юм шиг санагддаг уу?

-Яг тэр баримал эвдсэн тухайд хэлэхэд суурьшмал болон суурьшаад удаагүй нүүдэлчин ард түмний ялгаа байгаа байна гэж боддог. Одоо болтол чөмгөнд нь сууж өгөхгүй байгаа юм юу гэхээр хатуухан хэлэхэд бид соёлжиж чадахгүй бүдүүлгээрээ л яваад байна. Гадны хотуудын тэр уран баримлууд, усан оргилууруудыг ярья л даа. Тэндэхийн иргэд нь хүүхэд байхаасаа дэргэд нь тоглож өссөн, тэрэндээ хайртай, эвдэж сүйдлэх талаар бодох ч үгүй. Манайхан чинь хүүхэд ахуйдаа сумын төв дээр ч юмуу эсвэл бүүр хөдөө уран баримлаас хол өссөн улс чинь оюутан болоод хотод орж ирэхээр хотын юмыг ойлгохгүй байж болох шүү дээ. Нөгөө талаас хотод амьдарч байгаа бол ингэж амьдар, энэ хот чинь ийм түүхтэй, ингэж амьдардаг дүрэмтэй гээд тэр хөдөөний хүүхдэд зааж өгөхгүй болохоор эвдэж сүйтгэх сэдэлтэй хүүхэд хотоор дүүрэн байгаа. Нураачихсан байлаа гэхэд хариуцлага ярих хүн ч алга. Тэр байтугай хэдэн мянган жилийн настай хадны сүг зураг дээр нэлийтэл нь нэрээ биччихсэн байгааг харсан биз дээ. Хэчнээн гоё юмыг тэгж хайрлахгүй хэн дээр нэмэх нь хэн гээд биччихсэн. Энэ бол ерөөсөө боловсрол хүмүүжилтэй шууд хамааралтай. Хүмүүжих гэдгийг заавал оруулаарай. Энэ чинь одоо л хоцрогдсон үг юм шиг үзэгддэг болчихож. Хүмүүжил бол маш чухал. Түүхийн тийм нандин өвөө зурж баллах биш харин ч тоосыг нь арчих ёстой гэж тэр сургуульд нь заах ёстой. Боловсролын наад захын ийм юмыг ярьж байж урлаг, цаашаа хотын баримал ярих хэрэгтэй болж байх шиг.

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн баримлуудаа хурлын байдалтай суугаа төлөв байдлаар урласан гэлээ. Даши Намдаковын баримлууд шиг тэрслүү чанар харуулсан баримал магадгүй та хийх байх. Тэр хүний баримлуудын талаар таны бодол?

-Намдаков бол ярианы эхэнд хэлсэн шиг уламжлал дээр суурилсан шинэчлэл юм. Өнөөдөр дэлхийн хөгжмийн ертөнц “Хү” хамтлагийг яаж хүлээж авч байна, яг тийм байдлаар дүрслэх урлагийн ертөнц Намдаковыг хүлээж авсан. Монголчууд бид бол устаж болохгүй үндэстэн. Соёлын хувьд урлагийн хувьд ч монголчууд бид эртнээс агуу ард түмэн байсан. Одоо ч гэсэн тэр зүйл бидний дотор байгаа гэдгийг сэрээж чадсан хүмүүсийн жишээ нь Намдаковг эж би боддог.

2004 онд Москвад явж байхдаа Намдаковын урлангаар орж, өөртэй нь уулзаж байсан. Яг тухайн үед мань хүн одоогийнх шиг нэр хүндтэй болж хараахан амжаагүй байв. Гэхдээ бас В.Путин үзэсгэлэн дээр нь ирсэн гээд зураг үзүүлж байсан, яг л ид гарч ирсэн үе нь байх. Яг тэр үед бол баримлуудыг нь анх хараад би бараг л няцсан. Барималд дурлах минь бол улам хурцлагдсан хэдий ч би баримал хийх хүн мөн үү гэж эргэлзэхэд хүрсэн. Тухайн үед 20 гаруй настай жоохон ч байж. Хүрлээр цутгасан том том баримлууд, харахад л бүх юм нь монгол харагдаад байдаг. Тэр анатоми, тэр дүрслэлүүд нь яах аргагүй монгол. Ер нь бол Намдаковын баримлуудыг үзэхээс өмнө уран баримлын тодорхой нэг тиг онолоор харж байсан бол тэнд очоод хайрцагнаас гарч сэтгэнэ гэдгийг жинхэнэ харуулсан бүтээлүүд байсан. Одоо эргээд харахад Намдаковын баримлууд бол жишээ нь яг л бидний мэддэг монгол ахуй, монгол хүн байдаг. Тэр байдлыг уран бүтээлчийн тоглолт, сэтгэхүйгээр тордоход тийм нандин бүтээлүүд гарч байгаа байх. Тийм модерн харагдаж чадаж байгаа. Түүнээс биш тэр баримлууд бол огт хүний ой тойнд оромгүй, дэлхий дээр байдаггүй зүйлийг хийгээгүй шүү дээ.

-Лондон хотын төвд байсан, түүний урласан Чингис хааны баримал англичуудын дургүйцлийг төрүүлсэн учир буулгаад, манай нэг том улстөрч, бизнесмэн хүн худалдан авсан сураг байсан. Тэр одоо хаана байдаг юм бол?

-Лондонгийн баримлын тухайд бол би бага зэрэг өөр таамагтай явдаг. Тэр баримлыг авчрах хэрэг байсан уу, үнэхээр лондончууд эсэргүүцээд буулгасан уу. Бараг тэндээ байж байсан нь дээр байсан юм биш үү гэж боддог. Англичууд хэрвээ эсэргүүцэх байсан бол юу гэж анхнаас нь тэнд тавих вэ дээ. Айхтар улс шүү дээ тэд чинь. Бидэн шиг Сүхбаатарын талбай тойруулж баахан чулуу тавиад буцаагаад авдаг улс биш байх. Тэр утгаараа одоо энэ глобалчлалын үед, бэлгэ тэмдэг болоод тэндээ байж байсан нь л дээр байсан болов уу даа. Лондонг зорьж очсон хүмүүс мэдээж Биг Бен очно, тэгээд дэл нь цацарч байгаа тэр сүрлэг баримлыг хараад бидний тухай бодно шүү дээ. Тэр чинь “Зүүдний Чингис” гэдэг бүтээл. Гол нь тэр баримлыг Монголд гадны хэдэн хүн үзэх вэ, Англид байвал хэдэн хүн үзэх вэ. Бас л бодох л асуудал, тийм үү.

-Таны яриаг сонсож суухад Хятадын нөлөөнд автахгүй байх, хятадуудаас жийрхэх хандлага ажиглагдах юм. Мэдээж энэ бодлыг тань зөвтгөж эсвэл буруутгах эрх надад байхгүй. Нэгэнт энэ талаар ярьсных, хэдэн жилийн өмнө Хятад судлаач Д.Болдбаатар гуайтай уулзахад, “Энэ үеийнх шиг олон арван мянгаараа монголын хүүхэд, залуус Хятадад сурч байсан түүх байхгүй. Бодох л асуудал” гэж хэлж байсан?

-Тэгэлгүй яахав энэ бол шууд хятадчилах бодлого явж байна гэсэн үг. Арав гаруй жилийн өмнө Бээжинд явж байхад хэдэн мянга билээ, өнөөдрийнхөөс лав цөөхөн хүүхэд дунд сургуульд нь сурдаг гээд сонссон. Өвөрмонгол биш Монголоос шүү. Зөвхөн Бээжинд ийм юм бол Хөх хот, бусад хотуудад ямар байгаа бол гэж тухайн үед бодож л байсан. Одоо урд сурах тэтгэлэг, урамшуулал ч яасан их болчихсон юм.Тэтгэлэг өгч байна гээд явж сураад байж боломгүй байна аа. Эхлээд монгол хүн байх гэдгийг бид нэгдүгээрт тавих ёстой. Одоо манай найзуудын хүүхдүүд зарим нь эндхийн хятад хэлтэй сургуульд явж байна. Би бол тэр найзууддаа шууд хэлдэг. “Та нар яагаад Хятадыг дэмжээд байгаа юм. Улам хүчирхэг болгоход нь тус болоод байна шүү дээ” гэдэг. Монгол даяараа хятад хэл сурах гээд байна гэдэг чинь шууд хүлээн зөвшөөрчихлөө гэсэн үг. Хэлийг нь сурахгүй гэдэг чинь харин тэмцэж байгаа хэрэг байх шүү. Яадаг юм, шаардлагатай бол англи хэлээр, дэлхийн хэлээр ярьчихъя. Хэлийг нь сурчихаар цаашид хоол нь ч гоё санагадаад, дуу нь, кино нь ч таалагдана. Манай аав ээжүүд орос дуу явахаар дагаад дуулдаг шиг одоо тэгээд хятад дуу явбал дагаад дуулдаг болох нь л дээ. Гэхдээ мөнхийн хөрш, мөнхийн дайсан гээд алалцаад байя гэж хэлэхгүй. Нэгийг бодож л явах ёстой. Ер нь бүх хүн гэрийн даалгавартай төрсөн гэж би хэлэх дуртай. Яагаад чи төрсөн юм, яагаад Монголд төрсөн юм. Энд ямар нэг даалгавар бий гэж итгэдэг. Тийм болохоор энэ амьдралдаа монгол хүн, Монголын төлөө гэсэн үзэл, өчиг, үгсийг ухуулж явсаар дуусна гэж боддог доо.

-Эх оронч хүн гэж таныхаар хэн бэ?

-Эх оронч хүн гэхээр заавал тийм ширүүн царайтай, нүүрэндээ сорвитой, энд тэнд очиж гадны хүнийг хөөж туудаг хүнийг хэлмээргүй байна. Өнөөдөр хоногийн хоолныхоо төлөө та ажиллаж байгаа ч таны ажлын үр дүн Монгол Улсын төлөө байж чадаж байгаа бол та эх оронч хүн мөн гэж боддог. Хүүхдээ буруу хүн болгохгүй хүмүүжүүлж чадаж байгаа хүн жишээ нь эх оронч. Хүүхдээ ямар нэг байдлаар харь хандлагатай болгож, гадагшаа яваад тэндээ үлдэх мөрөөсөлтэй залуу болгочихолгүй хүмүүжүүлж байвал эх оронч хүн гэсэн үг. Гэхдээ монгол, монгол гээд малд хайртай, дээл өмссөн нөхөр бүтээ гэсэн үг бас биш. Хөгжиж болно, тултал хөгжиж болно. Япон хүн цаанаа нэг ялгараад байдаг даа. Солонгос, Хятад хүмүүсээс шал өөр байдаг биз дээ.Тэгэхээр тэр япон хүний ялгарах байдлыг хийгээд өгчихсөнд л байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд оргилуун сайхныг ерөөе.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button