Ярилцлага

Л.Цэрмаа: Нөхрөө эзгүйд хоёр ирвэстэй таарч, дарж явсан түүхээ олон ч жил нуулаа

Залуудаа эр хоёр ирвэстэй ганцаар тулж, эрэлхэг зоригоор дарж авсан түүхтэй Л.Цэрмаа гуайн 2020 оны нэгдүгээр сард өгсөн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.

Хорвоогийн тоосыг төчнөөн жил хөдөлгөсөн настан буурлуудын туулсан амьдрал, хадгалсан дурсамжийн авдрыг сөхөх бүрийд сонин. Тэдний хуучилж чадах нийгэм цаг үеийн өөр ондоо байдлын дэвсгэртэй, чих дэлдийлгэм түүхүүд олон билээ. Залуу цагтаа эр хоёр ирвэстэй ганцаар тулж, айхыг мэдэхгүй эрэлхэг зоригоор сөрж, амь гараад зогсохгүй агнаж чадсан тийм л нэг дурсамжийг 35 жил олонд дэлгээгүй  Л.Цэрмаа гуайтай ярилцлаа.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/1019683645076082/

ЗАЛУУ БАЙХАД ГАЛЗУУ БАРЫН АМАНД ГАРАА ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ ГЭДЭГ Л БОЛДОГ ЮМ БИЛЭЭ

-Сайхан өвөлжиж байна уу, та. Ярилцлагын саналыг маань хүлээж авсанд гялайлаа. Юуны өмнө та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайхан өвөлжиж байна аа. Хүүхдүүд минь сайхан өвөлжиж байна уу. Би Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, насаараа мал малласан Л.Цэрмаа гэдэг настан байна даа. Төрсөн газраа мал малласаар, хоёр хүү, долоон охиноо өсгөж өндийлгөн өдий хүрлээ. Хоёр нь Япон улсад байна. Улаанбаатарт гурав нь, сумын төвд нэг нь, мал дээр гурав нь бий. “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж, есөн хүүхэд маань сайхан амьдарч байна аа.

-Залуу цагтаа мэргэжил эзэмшиж, мал маллахаас өөр ажил хийж байсан удаа бий болов уу?

-Үгүй дээ. Гэхдээ залуудаа спортоор жаахан оролдож явсан удаа бий.

-Ямар спортоор хичээллэж явсан бэ?

-Зээрэнцэг, бөөрөнцөг шидэлт. Өндрийн, уртын харайлт. “Зуугийн” гүйлт. Үгүй, ер тиймэрхүү юм хөөцөлдөж байгаад л удалгүй больсон юмдаг /инээв. Сурв/. Зээрэнцэг шидэлтээр Баянхонгор аймагтаа рекорд тогтоож байлаа. Миний үед спартакиад гэж нэг юм болдог байв. Бригадаас шалгарсан нь сумын төв явдаг, сумын төвөөс аймгийн төв явна, ингээд долоо юм уу найман аймгийн тамирчид хоорондоо өрсөлдөнө. Тэндээс шалгарсан нь хот руу явж спартакиадад ордог байсан юм. Үүнээс зээрэнцгээр мөнгө, хүрэл медаль авч байсан удаатай.

-Тэр үедээ та хэдэн настай байв?

-Өө, хорин хэдхэн настай байсан. Хоёр ойтой нэг хүүтэй, бас болоогүй бие давхар хэрнээ тэмцээнд оролцоод л гүйдэг байж дээ. Залуу байхад ёстой “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” гэдэг чинь л болдог юм билээ шүү дээ.

1967 онд жирэмсэн байхдаа аймгийнхаа тэмцээнд зээрэнцэг шидэлт, өндрийн харайлтаар байр эзэлж, хот руу явах боллоо. Тэгэхэд эмч нар жинлэж үзээд л шууд л мэдэлгүй яах вэ дээ. Нөхөр ч бас явуулахгүй гэж хориглосон учир хотын тэмцээнд оролгүй үлдчихсэн. Гэтэл гуравхан сарын дараа амаржиж, ихэр охид төрүүлж байлаа. Залуу насны чадал гэдэг чинь юм бүхнийг давдаг юм билээ, хүүхдүүд минь.

Спорт, тэмцээн гээд явчихсан хойгуур хүүхдүүд гэрт уйлна. Ийм үед ах, дүү нар “Хүний амьдралд хүүхэд хэрэг болно. Хэдэн төмөрний араас яваад хэрэг байхгүй” гэж зөвлөнө. Ингээд л үгэнд нь орж, больсон. Лав тэгэхэд гурван ч медаль алдсанаа одоо хэр санадаг юм /инээв. Сурв/

-Уг нь спортоо үргэлжлүүлэх хүсэл байсан юм аа даа?

-Хүсэл байсан. Гэхдээ нэг талд мал хариулах хүн үгүй. Нөгөөтээгүүр ээждээ болон хүний өөрийн олон хүүхдэд сэтгэл хорогдоод спорт хөөгөөгүй, ахуй амьдралаа орхиж чадаагүй.

-Бие чийрэг бүсгүй байж дээ, та.

-Одоо би 78 настай. Ойрын жилүүдэд гурван ч хагалгааг давлаа. Залуудаа спорт хөөж, бие чийрэг явсны маань ач юм уу л гэж бодох юм. Эмч нар намайг урамшуулж, “Та үгүй мөн сайн биетэй юм аа” гэж хэлэхэд сайхан санагдсан шүү. Үнэндээ газар нутаг, алтан хөрс, хөх тэнгэр минь надад сайхан бие заяасан юм билээ. Өдийд ингээд явж буй минь миний аз юм даа.

ҮГҮЙ, ТЭР ӨДРИЙГ МАРТАНА ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ, БАЗАРВААНЬ. ЦООХОР ХАД РУУ ЗУРВАС ХАРАХ ТӨДИЙД БИЕ ЖИРЭЛЗДЭГ

-Одоо хоёулаа, ганцаар ирвэс агнаж байсан түүх рүү тань оръё. 1983 онд, 43 настай байхад нь энэ үйл явдал тохиолдсон юм билээ?

-Тийм байх шүү. Цагаан сар дөхчихсөн, хүүхдүүдийн аав хуралд яваад өгсөн үе. Тэгэхэд манайх нэг сайн нохойтой байсан юм аа. Тэр нэг өдөр нохой маань хүн барих гээд байгаа юм шиг боорлоод сүйд болов. Гараад иртэл малын хорооны хашаа өөд цоройж, хуцаад л байна. Очвол хотны шар тоос босчихсон юм харагдахгүй, хонь ч гүйцэгдэхгүй майлалдаад л байв. Хашаа давж ороод жаахан явтал малын хотны мухарт бүдүүн, нарийн хоёр эрээн юм хөдөлж үзэгдсэн. “Үгүй, аварга могой энд байж баймааргүй юм” гэж бодон, жаахан гайхасхийснээ бушуухан гүйгээд амбаараас урт иштэй хүрзээ аваад ирсэн. Буу байхгүй байсан, тэр үед.

Ингээд тэр амьтанд дөхөж очсон. Би ер их ойроос харсан, байгаль намайг өршөөсөн шүү, хөөрхий. Хонь барьчихсан хэвтэж байна, нэг их урт сүүл эргээд л чирэгдээд байх юм. Нүд ч овоо даслаа, залуу ч байж. Хүрзээрээ цээжин дундуур нь хоёр цохиод автал хүрзний иш хугараад ойчлоо. Тэгсэн яг л буур хүрхэрч байгаа юм шиг хүрхрээд л явчихсан, архирч байгаа юм уу, бүү мэд. Хонь нь ч бушуу гүйж одов. Өнөөх чинь цаашаа мөлхсөөр байгаад хашааг шажигнатал маажаад давж байна. Гартаа байсан ганж шиг модоор толгой руу нь дахиад хоёр цохитол муужраад, өнхрөөд ойчсон.

Нохойг хот руу орж болохгүй гэж загнахад, хотон дотроос амьтан барьдаггүй юм билээ. Нөгөө алаг амьтан хашаа даваад муужирч унав уу үгүй юу нохой маань боорлож очоод л бариад авсан.

-Хоёр ирвэс байсан гэж дуулсан?

-Тэр өдөр тусад нь бэлчээрт гаргаж туусан мал оройдоо буцаж ирдэггүй ээ. Тэгэхээр нь үүр цаймагц, хөдөөний хүн галаа л боддог юм хойно аргаа үүрээд нохойгоо дагуулчхаад хайхаар явсан юм. Хойт хар уул руу нэлээн өгсөөд, алсыг дурандаж суутал нохой хормой доогуур минь учиргүй үнэрлэж байснаа надаас өнгөрөөд л явчихлаа. Тэгсэн чинь хар хур гээд л нэг их урт хөвөрсөн юм бараг толгой дээр буухаа алдан даваад, урд гүвээн дээр гарчхав. “Өчигдрийн амьтан бололтой, муу нохойгоо бариулчих вий” гэж бодоод хойноос нь явтал нөгөө юм чинь цохионы хананд наалдчихсан, нохой руу хүржигнээд л байж байх юм. Нохой наана нь тал, тал тийшээ үсрээд л хуцаад байна. Өө, шөнө нэгийг “унагачихсан” болохоор айсангүй ээ. Би ч бас насандаа иртэй, бяртай явсан. Газраас тамхин чинээ хоёр чулуу аваад, дөхөж очоод шидтэл яг хааны нь хавьд оносон юм. Чулуунд оногдож наашаа өнхрөөд ороод ирүүт нохой бариад авлаа. Ингэж нохойтойгоо хамжиж нөгөөхийг нь дарсан байдаг юм. Ийм сонин. Аргандаа хийгээд үүрэх гэтэл ам нь ангалзаад нэг л эвгүй. Хөшиж амжаагүй амьтан чинь ус хийчихсэн мэт балхалзаад үүрэхэд эвгүй золиг байна билээ.

-Тэр үед ирвэс гэдэг амьтныг урьд нь огт үзээгүй байжээ?

-Тийм, огт үзээгүй байсан. Тийм учраас хараад таниагүй хэрэг.

-Дараа нь юу болсон бэ?

-Манайд саахалт болдог н.Батсүх гэж хүү байсан юм. Байсгээд л, “Урд шөнө нэг хонь алга болчихлоо, нэг ишиг аваад явчихлаа” гэж ярьдаг байв. Болсон явдлын маргааш нь тэр хүү, “Өнгөрсөн шөнө харин гайгүй хонолоо” гэхээр нь, “Өө, нөгөө амьтныг чинь эгч нь нухчих шиг боллоо. Миний дүү юу байна, хар даа” гэж хэлээд үзүүлсэн. Тэгтэл, “Ирвэс, шилүүсний нэг л бололтой. Үгүй, танд алуулна гэж баймааргүй юм” гэдэг юм байна.

н.Батсүх хүн амьтанд хэлсэн бололтой, маргааш нь сумын төвийн удирдлагууд хурлаа тараад манайд ирцгээсэн. “Зам” сонингоос /Баянхонгор аймгийн сонин, сурв/ ирвэс агнасан бол торгуультай гэж уншиж байсан тул айгаад дуугарахгүй байсан юм. Гэтэл, “Үгүй чи юу алчхав?” гэхээр нь оруулж ирээд үзүүлсэн, тэд мөн л таниагүй. Сүүлийг нь хараад “Ирвэс бололтой” гэцгээж байсан. Дараа нь аймгийн төвөөс учир мэдэх хүн ирээд, эр ирвэснүүд байна гэж хэлсэн. Түүнд нэгийг нь бэлэглээд, нэгийг нь сумандаа ан амьтны үзвэр байгуулна гэж ярьдаг байсан н.Жамсран гуайд өгсөн дөө.

-Арагандаа хийж үүрээд ирсэн гэхээр, насанд хүрээгүй ирвэсүүд л байж ээ дээ?

-Тийм юм шиг байна лээ. Би яаж насанд хүрээгүй гэдгийг нь мэдсэн бэ гэхээр, сүүлд том шар цоохор ирвэс хадаар явж байна гэж дуулсан. Түүнийг эх нь байж гэж бодоод л өнгөрсөн.

-Урд шөнө нь нэгийг унагачихсан болохоор зориг орсон гэлээ. Ер нь хэр зэрэг айдас байсан бэ, танд?

-Ирвэс байна гэж таньсан бол айх л байсан байх. Аав маань ирвэсэнд толгойгоо хага базуулж нас барсан цуутай анчны тухай домог ярьж өгдөг байсан юм. Таниагүй, “Ямар амьтан юм бол” гэсэн гайхшрал тэнэг зориг дагуулж л ийм үйлдэл хийсэн байх.

-Нутаг усныхан тань мэдээд яаж хүлээж авсан бол. Дуулиан болсон уу?

-Тухайн үед нам засгийн үзэл суртал хүчтэй байлаа. Би өөрөө Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүн явсан. Ийм учраас хориотой ан агнасан гэж хэзээ ч дуудагдаж магадгүй учир сумын удирдлага тэргүүтэн хүмүүс бид ярилцан, идүүлсэн малаа өөрөө төлөөд л дуугүй өнгөрсөн. Хоёр жилийн өмнө зээ охин маань Ховд аймагт сурагч солилцоогоор явж, тэндхийн багш нартаа энэ тухай үг унагасан юм билээ. Энэ сургаар аймгийн нэг сурвалжлагч ирж, ярилцлага авахад анх удаа ирвэс агнаж байсан тухайгаа дэлгэсэн. Тэгэхээр 35 жилийн турш олон нийтэд ил ярилгүй дарж ирсэн байна.

Одоо 80 хүрсэн миний ах л тухайн үед “Яаж бариулчихалгүй хоёр ирвэс агначхав аа” гэж их баярласан гэдэг юм. “Өнөө Цэрмаа чинь ирвэс нухчихсан байна” гэж сумын нэгдлийн дарга хэлэхэд ах тунчиг хөөрсөн удаатай. “Сайрхаж хүнд хэльюү гэвч хэлэх хүн олдоогүй” гэж одоо ярьдаг юм /инээв. Сурв/.

-Өнөөдөр эргээд бодоход ямар санагдаж байна вэ?

-Үгүй, тэр өдрийг мартана гэж юу байх вэ, базарваань. Эмэгтэй л хүн болсон хойно сүүлд бодох бүртээ айдаг байсан. Шувууд эрээн цоохор болтол нь баачихсан хар хад руу зурвас харахад бие жирэлзээд л явчихдаг байсан шүү. Эвгүй юм билээ. Алтан дэлхий, тэнгэр хангай минь намайг аварсан даа, хөөрхий.

-Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж байгаа агнасан ирвэсээ та сүүлд хэзээ харсан бэ?

-Би ч тэрийг хараагүй удаж байна шүү. Бараг 10-аад жил болчихсон байх. Сүүлд харахад лав нэлээд жижгэрчихсэн байсан санагдаж байна.

-Залуу хүүхдүүдэд зориулан сургаалиа хайрлаач, та. Ингээд ярилцлагаа өндөрлөе.

-Залуучууд жаахан замбараагүй болчихсон шиг санагддаг. Зурагтаар, “Монголоороо байя” гэж их ярих боллоо. Үүний оронд дотроо ухаантай, даруу төлөв байя гэж уриалах нь зүйтэй. Бас их бэлэнчлэх сэтгэлгээтэй болж. Манай хүүхдүүд ч гайгүй ээ. Эрт өнчирсөн, би ч их зовлон үзэж, туулсан. Ийм ч болохоор өнчин хүний зүрх сэтгэлийг би бараг мэдэх байх аа гэж боддог. Хүн ер нь өрөөл бусдын зовлонг л хуваалцаж чадах сэтгэлтэй байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

 ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

ЗУРАГЛААЧ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-01-16 09:24

Buurainhaa surgaaliig bodoj yviyaa

Зочин
Зочин
2020-01-16 09:52

бас л сонирхолтой түүх юм аа

Нар
Нар
2020-01-16 12:28

Гайх�##�тай

Zochin
Zochin
2020-01-16 15:40

Manai emee bas l negiig tsohij alj bsan tuuh bdag. Tustei tuuh bna.

Esuu
Esuu
2020-01-16 20:54

????

Эрдэнэчимэг
Эрдэнэчимэг
2020-01-26 15:31

Сая хэдхээн жилийн өмнө төв аймгийн эрдэнэсантад шөнө айлын хотонд чоно орж ирээд нөхөр нь нүцгэн гараараа ноцоод эхнэр нь к�##�ибр бууг нь авч гарч ирээд нүдсээр баыгаад �##�сан байдаг...эмэгтэй хүн харанхуйд буудах боломжгүй цаг давчуу бсан гэдэг...нөхрийх нь уруулийг сэт урсан байдаг шүү

Зочин
Зочин
2020-08-10 11:00

Аз дайрсан байна. Үнэхээр юу ч мэдэхгүй хүн л аргандаа ирвэс хийж явах байх. Ирвэс хүн рүү дайрахаараа араас нь мөрөн дээр нь мордож буугаад шууд улаан хоолойн гол судсыг тас�##�ж �##�даг юм. Энэ хүн ирвэсний хамгийн дуртай байрл�##�аар авч явж

Зочин
Зочин
2020-08-10 11:07

Тэр үед ч монголд ирвэс байдаг гэж ил ярьдаггүй байсан. Бодвол хулгайн анчдаас хамга�##�ах гэж тэгдэг байсан байх. Ирвэс хөөрхөн амьтан. Устгачих�##�гүй авч үлдэх юм сан. Би л м�##�чин байсан бол ирвэст өглөг өгнө. Идэж л байг. Хүмүүс м�##� өгөхгүй

Зочин
Зочин
2020-08-10 11:09
Reply to  Зочин

Хүмүүс м�##� өгөхгүй гэж улаан гараарай зэрлэг махчин амьтадтай тул�##�дахын оронд өгөх хэрэгтэй. Буугүй л бол дарахад хэцүү. Буутай байсан ч ховор амьтанг бууд�##�тай биш.

Зочин
Зочин
2020-08-10 11:41

Ирвэсээс нэгдлийн м�##�ыг хамга�##�сан нь сонин туух юм. Хоосон суржин урианаас хун бур дотроо ухаантай, даруу толов явахыг заах нь чухаг гэсэн сурга�##�ь дээр дээ гэсэн нь тун мэргэн санагдлаа

zochin
zochin
2020-08-10 11:46

Odoo huuhduud ogotno hulgana ter buu hel joomnoos aigaad zugtaad baih yum. Neg ohin bur buusnuus aigaad baina lee.

Зочин
Зочин
2020-11-08 22:30

Худлаа бураад л. Хаха. Чулуу шидээд хаа хавьд оноод л кк.

Холбоотой мэдээ

Back to top button