Хүнсний барааны үнэ инфляцын өсөлтийн гол дарамт болж байна

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний найман сарын статистик үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа.
Монгол Улсын жилийн инфляц 2026 оны наймдугаар сард 12.5 хувьд хүрсэн билээ. Үүний дотор хүнсний бараа, ундаа, усны үнэ өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өссөн нь инфляцын өсөлтөд голлон нөлөөлсөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хүнсний бараа, ундаа, усны үнэ 21.5 хувиар өссөн бол согтууруулах ундаа, тамхины үнэ 14.2, хувцас, бөс бараа, гутлын үнэ 7.4, орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 5.4, эм, эмнэлгийн үйлчилгээний үнэ 8.9, тээврийн үйлчилгээний үнэ 13.2 хувиар тус тус өсжээ.
Харин хүнсний бараа, ундаа, усны үнийн өсөлт нийт инфляцын түвшнээс ес нэгж хувиар өндөр байгаа нь өрхийн өдөр тутмын хэрэглээнд үнийн дарамт хамгийн ихээр мэдрэгдэж байгааг харуулж байна. Ийнхүү инфляц хоёр оронтой түвшинд хадгалагдаж, хүнсний бүтээгдэхүүний үнэ илүү хурдацтай өсөж байгаа нь иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлөх нөхцөл болж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.