Нийгэм ярилцлага

Ү.Батбаяр: 36 жилийн турш гарын ур дүйгээрээ үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

Мужаан аавынхаа ажлыг өвлөж, тавдугаар ангиасаа мод сийлж эхэлсэн хүү өнөөдөр 36 жилийн турш гарын ур дүй, хөдөлмөрөөрөө амьдралаа бүтээж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн төлөө ажиллаж явна. Мал хариулж явахдаа хүртэл шилбүүрийнхээ модыг сийлж, хусуур, хэвийн боовны хэв, жаазны хүрээ хийж байсан тэрээр наймдугаар ангидаа анх сийлбэртэй ор урлаж, тугалтай үнээгээр зарж байжээ.

2004 онд байгуулсан компани нь өдгөө Монголын тавилга үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн байр суурийг бий болгосон. Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгарч буй эдийн засгийн хүндрэл, импортын бүтээгдэхүүний өрсөлдөөн, түүхий эдийн үнэ, НӨАТ, зээлийн дарамтын талаар “Бест буйдан” ХХК-ийн захирал Ү.Батбаяртай ярилцлаа.

- Үйлдвэрлэгч хүн хамгийн түрүүнд бууж өгч болохгүй гэж боддог-

–Таны хувьд үндэсний томоохон хэмжээний тавилга үйлвэрлэлийн бизнесийг бүтээж, энэ олон жилийн хугацаанд тогтвортой авч явах эхлэл хэзээнэээс тавигдсан гэж бодож байна вэ?

–Манай аав мужаан хүн байсан. Би багаасаа аавынхаа хийж байгаа ажлыг харж өссөн. Тэгээд тавдугаар ангиасаа мод сийлж эхэлсэн. Тухайн үед хүүхэд байсан болохоор үүнийг амьдралын нэгээхэн салшгүй хэсэг болгоно, насан туршдаа энэ ажлыг хийнэ гэж бодож байгаагүй байх. Мал хариулж явахдаа хүртэл шилбүүрийнхээ модонд янз бүрийн хээ угалз сийлдэг байлаа. Хусуур, ул боовны хэв, жаазны хүрээ гээд модоор хийж болох бүхнийг шахуу хийж үзсэн. гарын ур дүйтэй хүүхэд байлаа.

–Таны хийсэн анхны бүтээл, анхны орлого олсон үе хэзээ байсан бэ?

–Наймдугаар ангид байхдаа анх удаа сийлбэртэй ор хийж үзсэн. Тэгээд тэр ороо тугалтай үнээгээр зарж байсан юм. Тухайн үед ээж маань тэтгэвэртээ гараад удаагүй, цөөхөн хэдэн малтай тул хөдөлмөрөө үнэлүүлээд, гэрийнхэндээ нэмэр болж чадсан нь надад их урам өгсөн. Тэр үеэс л “гарын ур дүйгээрээ өөрийнхөө амьдралыг авч явж болох юм байна” гэж мэдэрсэн дээ.

–Цахим орчинд таны нийтлэлийг хараад дараагийн хаалгаа барих үндэсний үйлдвэрлэл байх вий гэсэн зовнил байх шиг байна? Одоогоор танай компаний нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай компаний үйл ажиллагаа анхнаасаа тоосго өрөх замаар босож ирсэн үйлдвэрлэл. Тиймээс хүнд үеийг ч амархан даван туулна гэж бодож байна. Ажилчдынхаа цалинд нэмэр болох зорилгоор 9911-тэй дугаараа зарахаар болсон. Нэг ажлаа 36 жил тасралтгүй хийж байна гэдэг амар зүйл биш. 19 настайдаа өөрийгөө их л том залуу гэж боддог байлаа. Цэрэгт явахынхаа өмнө хотод орж ирээд захуудаар явж, порлон авч, керосин сандал хийж үзэж байсан. Дэнжийн мянга, Нарантуул гээд тухайн үед зогсож үзээгүй газар бараг байхгүй. Өнөөдөр би өөрийнхөө гарын ур дүйгээр амьдралаа авч явж байгаагаараа бахархдаг. Цаашдаа ч үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх хүсэл маань хэвээрээ байна.

–Таны бизнесийн суурь болох “Бест буйдан” компани хэзээ, ямар зорилгоор байгуулагдсан бэ?

-2004 оноос эхэлж тавилга засварын үйлчилгээ эрхэлдэг байлаа. Энэхүү үйлчилгээг эрхлэх явцдаа нэг зүйлийг их анзаарсан. Монгол айлуудын хэрэглэж байгаа тавилга яагаад эвдэрч байна вэ, юун дээр нь анхаарах хэрэгтэй вэ, хүмүүс яг ямар хэрэгцээтэй байна вэ гэдгийг судалж эхэлсэн. Тэгээд зүгээр нэг тавилга хийе гэхээс илүүтэй монгол хүний амьдралын хэв маяг, хэрэглээнд тохирсон буйдан хийх хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Тэр үед айлуудын дийлэнх нь төмөр ор, эсвэл диваан ортой байсан. Буйдангийн үйлдвэрлэл өнөөдрийнх шиг хөгжөөгүй байлаа. Тиймээс Монголд буйдан үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээнд манай хамт олон хүч хөдөлмөрөө зориулсан гэж боддог.

–Манай улсын зах зээлд нэлээдгүй байр суурь эзэлдэг урдаас орж ирдэг буйдангуудаас танай үйлдвэрлэл юугаараа ялгардаг вэ?

–Бидний үйлдвэрлэл гэнэт бий болоогүй. Тоосго нэг нэгээр нь өрж байж байшин босдог шиг л олон жилийн хөдөлмөр, алдаа, сургамж, хэрэглэгчдийн итгэл дээр бий болсон. 2008 оны эдийн засгийн хямралыг бид хамт олноороо давсан. Дараа нь Ковид-19-ийн үеийг ч давсан. Өнөөдөр дахиад эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ хүнд үе бүрд бид “яаж давж гарах вэ” гэдэгт анхаардаг. Үйлдвэрлэгч хүн хамгийн түрүүнд бууж өгч болохгүй гэж боддог.

–Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал танай үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлж байна вэ?

–Маш их нөлөөлж байна. Өнөөдөр иргэдийн хувьд гэрийн тавилга шинэчлэхээс илүүтэй хүнсээ авах, хүүхдүүдийнхээ хувцас хэрэгслийг бэлдэх нь нэн тэргүүний хэрэгцээ болж байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд энэ нөхцөл байдал мэдрэгдэж байгаа. Үйлдвэр зогсохгүй байлаа ч борлуулалт, эргэлтийн хөрөнгө, ажилчдын цалин, түүхий эдийн зардал гээд олон асуудал бий. Гэхдээ бид хүнд үеийг өмнө нь ч давж байсан. Тиймээс энэ удаагийн хүндрэлийг ч давна гэж бодож байна.

- Их эзэн Чингис хааны “Өөрсдийн хийсэн хүнсийг идэж, өөрсдийн бүтээсэн зүйлсийг өмс” гэсэн үзэл санаа өнөөдөр ч утга учиртай санагддаг-

–Үндэсний үйлдвэрлэгчдийг хэрэглэгчид яагаад сонгох ёстой вэ?

–Үндэсний үйлдвэрлэлийн нэг том давуу тал нь “буух эзэнтэй, буцах хаягтай” байдаг. Хэрэв бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэг асуудал гарвал бидэнтэй шууд холбогдож болно. Хэрэглэгчийн санал, гомдлыг сонсоно. Тиймээс үндэсний үйлдвэрлэл зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай биш. Хэрэглэгчтэйгээ урт хугацаанд харилцах, итгэл бий болгох тухай юм.

Үндэсний үйлдвэрлэлийн нэг том давуу тал нь “буух эзэнтэй, буцах хаягтай” байдаг.

–Буйдангийн үнэ юунаас хамгийн их шалтгаалдаг вэ?

–Буйдангийн үндсэн үнэ бүрдэхэд гурван зүйл маш чухал. Нэгдүгээрт, чанартай бүрээс. Хоёрдугаарт, нягтаршил сайтай, зориулалтдаа тохирсон порлон. Гуравдугаарт, хийц, модон материал болон үйлдвэрлэлийн зардал. Бид модон материалаа дотоодоос авдаг. Харин порлоны хувьд нягтаршил, зориулалтдаа таарсан өөр өөр марк байдаг. Бензинтэй адилхан гэж ойлгож болно. Зүгээр л “зөөлөн, хатуу” гэж хоёрхон ангилал байхгүй. Бид чанартай түүхий эдээ хойд болон урд хөршөөс захиалж авдаг. Үүн дээр ажилчдын цалин, цахилгаан, дулаан, тээвэр, урсгал зардал, татвар гээд үйлдвэрлэлийн бүх зардал шингэнэ.

– Хэрэглэгчид заримдаа “яагаад Монголд үйлдвэрлэсэн буйдан ийм үнэтэй байдаг вэ?” гэж асуудаг. Үүнд та юу гэж хариулах вэ?

–Хэрэглэгч үнэ хараад шууд харьцуулах нь ойлгомжтой. Гэхдээ бүтээгдэхүүний цаана ямар түүхий эд ашигласан, ямар нягтаршилтай порлон хэрэглэсэн, бүрээс нь ямар чанартай, хийц нь ямар вэ гэдгийг хамт харах хэрэгтэй. Нэг ижил хэмжээтэй хоёр буйдан харагдаж болно. Гэхдээ доторх материал нь өөр байвал эдэлгээ нь өөр байна. Мөн бид үйлдвэрлэсэн буйдан бүр дээрээ НӨАТ-аа бүрэн төлдөг. Үйлдвэрлэгчийн хувьд татвар, цалин, нийгмийн даатгал, урсгал зардал гээд олон төрлийн зардал гарна.

–Түүхий эдийн үнийн өсөлт, импортын бүтээгдэхүүн танай үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлдөг вэ?

–Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагуудын хувьд түүхий эдийн үнэ маш том асуудал. Зарим үед их хэмжээгээр материал авах шаардлагатай болдог. Нэг удаа их хэмжээний боодол даавуу авч байгаад алдаатай бараа авсан тохиолдол ч байсан. Үйлдвэрлэлээ тогтвортой явуулахын тулд түүхий эдээ урьдчилж татах шаардлагатай байдаг. Гэтэл үүнд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй. Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгчдийн олонх нь банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлээр үйл ажиллагаагаа авч явж байна.

–Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд төрөөс ямар дэмжлэг хамгийн хэрэгтэй байна вэ?

–Бидэнд зүгээр нэг “үйлдвэрлэлээ дэмжинэ” гэсэн үг биш, бодит дэмжлэг хэрэгтэй. Зээлийн хүү, эргэлтийн хөрөнгө, түүхий эдийн татан авалт, татварын орчин зэрэг олон асуудал байна. Зарим улс орон үйлдвэрлэгчдээ бодитоор дэмждэг. Тухайлбал, Хятадад үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй, бага хүүтэй санхүүжилтийн хэлбэрүүд байдаг. Монголд ч үндэсний үйлдвэрлэгчдээ урт хугацаанд тогтвортой ажиллах боломжийг нь бүрдүүлсэн бодлого хэрэгтэй.

–Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй гэж та боддог вэ?

–Хэрэглэгчийн сонголт маш чухал. Монголчууд өөрсдийнхөө хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болох хэрэгтэй. Манай 150 ажилтны ард багадаа таван ам бүл байдаг. Үндэсний үйлдвэрлэл хөгжвөл ажлын байр бий болно, татвар төлнө, мөнгө дотооддоо эргэлдэнэ. Бидний өвөг дээдэс ч өөрсдөө хийсэн зүйлээ хэрэглэж, өөрсдийн бүтээсэн зүйлээрээ амьдарч ирсэн ард түмэн. Их эзэн Чингис хааны “Өөрсдийн хийсэн хүнсийг идэж, өөрсдийн бүтээсэн зүйлсийг өмс” гэсэн үзэл санаа өнөөдөр ч утга учиртай санагддаг.

–Танай компани 2013 оноос “Орон даяар буйданжуулах аян” зарласан байдаг. Энэ аяныг эхлүүлэх болсон шалтгаан нь юу байсан бэ?

–Буйдан гэдэг зөвхөн хотын айлын хэрэглээ биш гэдгийг харуулахыг хүссэн. Монголын өнцөг булан бүрд айл өрхүүд байна. Тэдний хэрэглээнд тохирсон, чанартай, хүртээмжтэй бүтээгдэхүүн хүргэх зорилготой байсан. Тэр үеэс эхлээд орон нутаг руу бүтээгдэхүүнээ хүргэх, хэрэглэгчдэдээ ойр байх тал дээр илүү анхаарсан. Нэг айл манай буйданг олон жил хэрэглээд “сайн байна” гэж хэлэхэд тэр нь мөнгөнөөс илүү үнэ цэнтэй. Анх наймдугаар ангид байхдаа нэг орыг тугалтай үнээгээр зарж байсан хүү өнөөдөр олон хүнийг ажлын байртай болгож, олон айлын гэрт өөрийнхөө хийсэн бүтээгдэхүүнийг хүргэж явна гэдэг өөрөө том зүйл гэж боддог.

–Та өөрийнхөө энэ бүх замыг эргээд харахад хамгийн их бахархдаг зүйл тань юу вэ?

–Бууж өгөөгүйдээ л хамгийн их бахархдаг. Хямрал олон удаа тохиолдсон. Мөнгө санхүүгийн асуудал ч байсан. Гэхдээ үйлдвэрлэлээ орхиж байгаагүй. “Хүнд байна, тэгээд болилоо” гэж бодоод зогссон бол өнөөдөр энд хүрэхгүй байсан. Үйлдвэрлэл гэдэг өдөр бүр тоосго нэг нэгээр нь өрөхтэй адил. Өнөөдөр багахан зүйл хийсэн мэт боловч олон жилийн дараа харахад том бүтээн байгуулалт болсон байдаг. Монгол хүн өөрөө чанартай бүтээгдэхүүн хийж чаддаг гэдгийг харуулах хэрэгтэй. Мөн залуучууд гарын ур дүйтэй мэргэжлийг сонирхож, үйлдвэрлэл эрхлэхээс битгий айгаасай гэж хүсдэг. Аливаа бизнес нэг өдөрт бий болдоггүй. Тиймээс цаашдаа ч хүнд үеийг хамт олноороо давж гарна гэдэгтээ итгэлтэй байна. Мэдээж энэ бүхнийг ганцаараа хийгээгүй. Өдий зэрэгтэй үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад биднийг сонгож, дэмжиж ирсэн хэрэглэгчдийн хувь нэмэр маш их. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын итгэлцэл хамгийн чухал гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button