НийгмийнНИЙГЭМЯрилцлага

Бэлтгэл хурандаа Ц.Нэргүй: Хилийн манаанд хээр хоноод, эх орноороо “бүүвэйлүүлэх” мөн ч сайхан шүү

“Цэх зогсоод буудуулсан ч сум хүрэхгүй

Цээжний алсад эх орон минь бий” гэж Арлааны Эрдэнэ-Очир найрагч шүлэглэсэн удаатай. Хүнд ижий, аав ганцхан заяадаг шиг эх орон тийм үнэ цэнэтэй. Ямар ч улсыг торгон хилгүйгээр, торгон хилийг хилчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Халуун амь, бүлээн цусаа урсган байж эх орныхоо торгон хилийг эрэлхэгээр манаж, ард иргэд, тусгаар улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хилчид бидний бахархал. Хийсэн үйл, гаргасан гавьяагаараа шагшигдаж яваа эрчүүдийн нэг нь Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, бэлтгэл хурандаа Цэрэндоржийн Нэргүй гуай.

Түүхийн ухааны доктор, цэргийн шинжлэх ухааны магистр, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн профессор тэрбээр хил хамгаалах байгууллагад 33 жил ажиллаж, эх орныхоо торгон хилийг манасан гавьяатан.

69 настай Ц.Нэргүй гуай гурван үеийн хилчин удмаараа бахархдаг гэнэ. Түүний аав, ээж, хань нь, ууган охин Н.Түвшинжаргал болон хүргэн нь хилчин. Гурван үеэрээ, тэгээд бүр гурвууланд нь гэр бүлээрээ улсынхаа хилийг манана  гэдэг үнэхээр ховор хувь заяа. Үүний сацуу Монгол Улсын түүхэнд заставын ганцхан эмэгтэй дарга байсан нь Ц.Нэргүй гуайн охин Түвшинжаргал. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн тэрбээр долоон жилийн хугацаанд гурван ч заставын даргаар ажилласан эрэлхэг бүсгүй.

Ц.Нэргүй гуай Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Хууль сахиулахын их сургуулийн захирал, хошууч генерал Ш.Лхачинжав генерал тэргүүтэй 600 гаруй шавиараа их бахархдаг гэнэ. Түүнтэй ярилцлаа.

ХҮСЭЛ ӨӨРӨӨ АМЬДРАЛЫН ШАТАХУУН

-Маргааш “Монгол цэргийн өдөр” тохионо. Та ер нь жилийн жилд эл өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Жил бүрийн энэ өдрийг сэтгэл догдлон хүлээдэг. Их сайхан баяр. Би жилийн жилд ахмад хилчид, шавь нартайгаа уулзан, тэдэнтэйгээ сайхан дурсамж ярилцан тэмдэглэдэг. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Хилийн байгууллагад насаараа ажилласнаа дурсахаар яг л тухайн он жилүүдэд оччихсон юм шиг санагддаг. Ээ, дээ мөн ч сайхан мэргэжил шүү. Хүн ер нь дурсамжаараа хөглөгдөж амьдардаг амьтан юм байна. Би одоо хэчнээн хичээгээд хил манаж, залуугийнх шигээ ажиллаж, хөдөлмөрлөж чадахгүй. Тэгэхээр дурсамжаасаа эрч хүч авч, мэргэжлээрээ бахархаж сууна. Би ирээдүйд, залгамж халаа болж яваа залуустаа итгэдэг бас чадаасай гэж хүсдэг. Хүсэл өөрөө амьдралын шатахуун. Хэрвээ хүсэл байхгүй бол хөдөлгөөн, итгэл, сэтгэл байхгүй.

-Та гурван үеийн хилчин. Аав, ээж тань хилчин байсан. Таныг хилчин болоход, хилийн байгууллагатай амьдралаа холбоход хэр их нөлөөлөв?

-Хүний амьдрал их сонин. Надад үнэндээ өөр мэргэжлээр сурах боломж байсан. Унгар улсын Авто замын инженерийн сургуульд би тэнцсэн юм. Гэхдээ сураагүй. Тухайн үед гадаадад сурна гэдэг ёстой ховор боломж байлаа. Гэхдээ би мөрөөдлөөсөө өөр замыг сонгохыг хүсээгүй. Би багадаа Английн алдарт зохиолч Шерлок Холмсын зохиолуудыг унших дуртай, мөрдөгч болохыг мөрөөддөг байв. Тиймээс л Унгар улсад өөр мэргэжлээр сурахыг түвдээгүй юм.

УНГАРТ АВТО ЗАМЫН ИНЖЕНЕРЭЭР СУРАХ БОЛОМЖ БАЙСАН Ч МӨРӨӨДӨЛДӨӨ ҮНЭНЧ ҮЛДСЭН

-Унгарт Авто замын инженер мэргэжлээр сурна гэдэг том боломж. Та ер нь эргэлзсэн үү?

-Гадаадын сургуульд сурах хуваарь авснаа мэдэх сайхан байсан. Гэхдээ би нэгэнт багаасаа мөрөөдсөн, шийдчихсэн байсан тул ер эргэлзээгүй. Түүндээ бат итгэлтэй зогссон.

-Сургууль гэснээс таныг багадаа их олон сургуульд сурсан, шилжсэн гэж дуулсан.

-Тийм ээ. Би Ерөнхий боловсролын сургуульд сурахдаа нийт зургаан удаа шилжсэн шүү дээ. Би Хэнтий аймгийн Батноров суманд төрж, өссөн, эхээс 11-үүлээ. Өвөө минь Ардын их хурлын депутат байлаа. Чимэдрэгзэн шүү дээ. Аав минь 1953 онд Монголын төмөр замд машинистаар ажилд орсон юм. Түүнээс өмнө Өмнөговь аймгийн Сангийн далай отряд, Улаанбаатарт ирснийхээ дараа дотоодын цэрэг, барилгын цэрэгт олон жил ажилласан. Тэгээд Монголын төмөр замыг байгуулахад нь машинистаар орсон юм билээ. Төмөр зам хагас цэргийн зохион байгуулалттай. Үргэлж ийш, тийшээ томилогдоно. Тэгээд аль нэг аймаг руу томилоход нь би сургуулиасаа шилжихээс аргагүй, дагаад л явна. Би I-IV ангидаа Төмөр замын хоёрдугаар сургуульд, тавдугаар ангидаа Дорнодын Баянтүмэнд, зургадугаар ангидаа Зүүнхараад, долдугаар ангидаа Сэлэнгэд, наймдугаар ангидаа Шарын голд, IX-X ангидаа Сэлэнгэд сурсан юм. Есдүгээр ангид сурч байхад манайх Дархан-Уул аймаг руу нүүв. Би сургуулиа төгсөх дөхчихсөн байсан учраас дахиад шилжихийг хүсээгүй. Миний найз, цагдаагийн хурандаа Ц.Жамъяансэнгээ манай нөгөө ангид сурдаг байлаа. Тэгээд би аравдугаар ангиа төгсөтлөө тэднийд байсан юм. Бид хоёр өвөртөө өссөн найзууд.

За, тэгээд мөрөөдөлдөө үнэнч явж байтал 1968 онд Батлах хамгаалахын их сургууль (өнөөгийн Үндэсний батлан хамгаалахын их сургууль)-д хуулийн дээд боловсролын анги нээгдэв. Найзтайгаа хамт тус сургуульд шалгалт өглөө. Эхлээд би ороод НАХЯ-ны хуваарь авсан. Дараа нь Жамъяансэнгээ оров. Тэгж хувь заяаны төөргөөр найзтайгаа хамт БХИС-ийн хуулийн ангид сурах эрх авч байлаа.

МОСКВА ХОТОД ХИЛИЙН ЦЭРГИЙН МЭРГЭЖЛЭЭР ТАВАН ЖИЛ СУРСАН

Тэрбээр энэхүү газрын зургийг зуржээ

-Та БХИС-д сураагүй, Москва хотын хилийн цэргийн сургуулийг дүүргэсэн. Хойд хөршид мэргэжил эзэмших, сурах гарцыг хэрхэн олов?

-Би түрүүн хүний амьдрал их сонин гэж тодотгосон доо. Манайх тухайн үед Шарын голд амьдардаг байв. Би БХИС-д сурах хуваарь авчихаад нутаг буцахад Жамъяансэнгээ “Найз нь Шарын голыг үзээгүй. Танайд очно оо” гэсэн. Би гэртээ очоод гурван хоног хүлээв. Ирдэггүй ээ. Тэгэхээр нь гайхаад аавтайгаа хамт Улаанбаатар хотод ирсэн юм. НАХЯ-нд ирэхэд Санжмятав гэдэг дэд хурандаа “Хүү минь хоцорчихлоо. Карентин эхэлсэн. Гэрээс нь хүн ирсэн үү” гэв. Аавыгаа надтай хамт ирснээ хэлэхэд “Миний өрөөнд оруулчих” хэмээлээ. Аав минь түүнтэй нэлээд удаан уулзсанаа инээсээр гарч ирэв. “Хүү минь чамайг Москва хотод хилийн цэргийн сургуульд сургахаар болж. Одоо шалгалт авах юм байна” гэхэд нь би итгэж ядсан. 30-аад хүүхэд шалтгалт өгснөөс 13 нь тэнцсэний нэг нь би. Тэдний 10 нь хилийн цэргийн, гурав нь аюулаас хамгаалахын сургуульд сурсан юм. Хилчин болох, хилийн байгууллагатай амьдралын холбохын эхлэл нь тэр байлаа.

-Тэгэхэд 21 аймгаас онц төгссөн 13 хүүхдийг тэнцүүлсэн бил үү?

-Тэгсэн. Бүгд өөр, өөр аймгийнх. Би Сэлэнгээс шалгараад тэнцсэн юм. Москва хотын Аюулаас хамгаалах хорооны сургуульд хилийн цэргийн мэргэжлээр сурсан анхдагчид нь бид. Бидний өмнө тус сургуульд Монголоос анх удаа 10 оффицер сураад зургаа нь дүүргэсэн юм билээ.

-Хойд хөршид очин, Москва хотын Аюулаас хамгаалах хорооны сургуульд сурахад ямар байв. Та бүхнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Юм юм л сонин хийгээд содон байлаа. Тухайн үед нэгдүгээр дайсан бол Хятад гэж үздэг байв. Хятадтай байлдаж болзошгүй гээд биднийг мэргэжлийн түвшинд тултал нь бэлтгэсэн юм. Биднийг яг байлдаанд бэлэн болтол нь бэлтгэж, оросуудтай ижил сургасан. Азаар дайн болоогүй. Бид хойд хөршид таван жил сурсан. Зуны амралтаараа эх орондоо, гэртээ ирдэг байв. Би хойд хөршид мэргэжил эзэмшиж ирээд Өмнөговь аймгийн нэгэн заставт томилогдон, ажлын анхны гараагаа эхлүүлж байлаа. Анхандаа бэрхшээл чамгүй их гарсаан. Адаглаад хойд хөршид сурсан зүйл Монголынхтой зөрнө. Оросын хил хамгаалал жижигхэн хэсэг хариуцна, хүч хэрэгсэл нь чадалтай. Монголынх хамаагүй том зай, талбайг хамгаална. Тухайн үед цэргийн албыг гурван жил хашдаг байсан нь их нэмэр болсон доо.

ХИЛИЙН ЦЭРЭГТ 33  ЖИЛ АЖИЛЛАХДАА 20 ШАХАМ АЛБАН ТУШААЛ ХАШСАН

-Та хилийн байгууллагад 33 жил ажилласан. Нэг газраа хамгийн удаандаа хэдэн жил зүтгэв?

-Зургаан жил юм уу даа. Хамгийн богино хугацаанд ажилласан нь хоёр жил. Хилийн байгууллагад 33 жил ажиллахдаа 20 шахам албан тушаал хашсан. Хилийн цэргийн командлагч, Хилийн цэргийн штабын даргаас бусдыг нь хийсээн.

-Тэгэхээр овоо олон газар ажиллажээ. Очиж үзээгүй отряд, застав бий юү?

-Байхгүй. Бүгдэд нь очсон, цөөнгүйд нь ажилласан. Тэтгэвэрт гарсны дараа шавь нар маань намайг их урьсан. “Та ирээд сургалт зохион байгуулах боломж байна уу” гээд. Би шавь нартаа “Хүний цустай, хар толгой хариуцах тийм амархан ажил гэж бодож байна уу” гэж захидаг. Дарга болсон шавь нар маань “Багшийн захиас ёстой үнэн юм аа” гэдэг. Сургуульд хэрхэн сурснаараа бус ажилласан туршлагаараа л хүн ухаардаг юм билээ.

“ЭХ ОРНЫ МИНЬ ХИЛ ТАЙВАН БАЙНА” ГЭЭД НАР МАНДАХЫГ ХАРАХ ИХ САЙХАН

-Хилчин мэргэжлийн, эх орныхоо хилийг манаж явахын хамгийн сайхан нь юу вэ?

-Хилийнхээ хүндэт баганын өмнө нар мандахыг хараад “Эх орны минь хил тайван байна” гээд зогсож байх хэчнээн сайхан гэж санана. Хээр хоноод, эх орондоо өлгийдүүлээд, бүүвэйлүүлээд унтах, хилийн манаанд явах мөн ч сайхан шүү.

-Та хилийн онц ноцтой хэчнээн хэрэг, зөрчил илрүүлсэн бэ?

-Би ихэвчлэн удирдах албан тушаал хашиж явсан болохоор хилийн хэрэг, зөрчлийг өөрөө илрүүлсэн нь ховор. Дээрээс нь удирдаж, чиглүүлж байгаад илрүүлсэн хэрэг, зөрчил олон бий.

ГУРВАН ҮЕИЙН ХИЛЧИН УДМААРАА БАХАРХДАГ

Дунд, бага охин, хүргэн, хоёр зээгийн хамт.

-Таны аав, ээж, хань, том охин, хүргэн тань хилчин. Гурван үеэрээ, тэгээд бүр гурвууланд нь гэр бүлээрээ хилчин гээд бодохоор бахархахгүй байхын аргагүй. Ийм ховор хувь заяаны эзэд Монголд хэр олон бол?

-Байдаг байх аа. Энэ талаар ёстой судалж байгаагүй юм байна. Би Дорнод аймгийн Хилийн отрядад ажиллаж байхдаа ханьтайгаа танилцаж билээ. Байсхийгээд л өөр газар томилогдох амаргүй. Тэр бүхнийг хэцүү гээд бодвол хэцүү. Байгууллага, орон нутаг нь л өөрчлөгдөж байгаа болохоос бусдаар адилхан шүү дээ. Амин чанар, мөн чанар нь ижилхэн. “Би энд байх ёстой хүн мөн үү. Би хэрэгтэй, өөрийн хүссэн ажлаа хийж байна уу” гэдгээ ойлгож, ухаарсан цагт хэр баргийн бэрхшээлд шантардаггүй юм билээ.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх гурван охинтой. Би гурван үеийн хилчин удмаараа бахархдаг.  

-Цэрэг, армийн хүмүүс “Хүү төрөөсэй, хилээ мануулъя, үйл хэргийг минь үргэлжлүүлээсэй” гэдэг. Танд ч бас тийм хүсэл байсан болов уу?

-Байсаан, юуг нь нуух вэ. Гэхдээ би хүүгийн хувь дутсандаа харамсдаггүй. Том, дунд охины минь хань нь хилчин. Охинтой бол хүүтэй гэдэг яг үнэн юм билээ. Тэгэхээр хүйсийн ялгаа бол мөн чанар биш шүү дээ. Шинж чанар л байх. Эр хүн холыг хардаг, эмэгтэй хүн ойрын бодолтой гэдэг. Тэгж бие биенээ нөхдөг, түшдэг. Эмэгтэй хүн хэчнээн мундаг байгаад алсын хараагүй бол юу болох вэ. Үнэнийг хэлэхэд би гурван охиноо өсгөөгүй хүн шүү дээ. Өглөө ажилдаа гараад орой гэртээ ирнэ. Өдөржингөө ажилтай. За, тэгээд ажлаар ийш, тийшээ хэдэн долоо хоногоор явчихна. Тэр бүхэнд хань минь арыг маань дааж, гурван хүүхдээ өсгөсөн. “Хүүгийнхээ аль ангид сурдгийг нь мэдэхгүй” гэдэг чинь манай цэргийнхний онигоо. Амьдралын бодит үнэн шүү дээ.

УУГАН ОХИН МИНЬ МОНГОЛЫН ЗАСТАВЫН ЦОРЫН ГАНЦ ЭМЭГТЭЙ ДАРГА

Ууган охин Түвшинжаргал, хүргэнийхээ хамт

-Та хүүгээс дутахгүй охинтой хүн. Учир нь Монголын заставын анхны төдийгүй цорын ганц эмэгтэй дарга Түвшинжаргал таны охин. Ууган охиноороо их бахархдаг байх.

-Тэгэлгүй яах вэ. Хилийн байгууллагад ажиллах, хилчин болох өөрийнх нь сонирхол. Би “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын “Байцаан өнгөрүүлэх”-ийн даргаар найман жил ажилласан. Охин маань ерөнхий боловсролын сургууль төгссөнийхөө дараа хилчин больё гэхээр нь би “Буянт-Ухаа”-д шалгагчаар ажиллахыг зөвлөв. Түвшинжаргал тэнд ажиллаад дараа нь хилийн цэргийн сургуульд сурсан юм. Хилийн албыг дөрвөн эмэгтэй төгссөний нэг нь миний охин. Тэндээ тууштай үлдэн, Заставын даргаар долоон жил ажиллаад өнгөрсөн жил гавьяаныхаа амралтад гарсан. Эмэгтэй хүн долоон жилийн хугацаанд гурван өөр заставын даргаар ажиллана гэдэг чанга шүү дээ. Охиноор минь цэргүүд нь, ажлынхан нь их бахархдаг юм билээ.

-Та охиндоо ихэвчлэн юу гэж захиж, зөвлөдөг вэ?

Охин Түвшинжаргал нь застав дээрээ.

-Ажлаа чин сэтгэлээ хийгээрэй, үргэлж шинийг эрэлхийлж, өөрийгөө хөгжүүлж байгаарай гэж захидаг. Охин минь мэргэжлийн сургуулийг нь төгссөн болохоор мэдлэг, ур чадвараар хэнээс ч дутахгүй. Үүний сацуу их эршүүд. Хань нь, хадам аав нь хилчин. Одоо Дорноговь аймагт амьдардаг.

НАЙЗ НАР МААНЬ НАМАЙГ “ДАРХАН ХУРАНДАА” ГЭДЭГ

-Та хурандаа цолоо хураалгаж байсан гэдэг. Үнэн үү?

-Үнээн. Тэгээд эргүүлж авсан шүү дээ. Намайг манай найзууд “Дархан хурандаа” гэдэг юм.

-Яагаад цолыг нь хураасан юм бэ?

-Би ер нь шударга. Тэгээд яах вэ бодож явдгаа нэг албан тушаалтанд архи уусан үедээ шулуун хэлчихгүй юү. Түүнийгээ эрүүлдээ бус согтуудаа хэлсэн нь миний буруу болсон. Тухайн үед Батлан хамгаалах яамнаас цэрэг, армийнхныг архи уухыг хатуу хориглосон байлаа. Ерөөсөө тэглээ гээд л цолоо хураалгаж, золиослогдсон юм. Тэр үйл явдал 1996 онд болсон.

Хилийн цэргийнхнээс хурандаа цолоо хураалгасан анхны хүн нь би. Хамгийн хэцүү, хамгийн гутамшигтай зүйл тэр шүү дээ. Сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалд орсон. Хань минь уйлж билээ. Би дараа жил нь цолоо буцааж авсан. Магтаал хамгийн аюултай. Хүмүүс магтаад байхаар нь тухайн үед онгирсон тал бий.

Цолоо хураалгах ч яах вэ эргүүлээд авчихаж болно. Ханиа алдах л хамгийн хэцүү юм билээ. Хөөрхий минь өглөө ажилдаа гараад л автын ослоор өөд болсон юм. Машинд дайруулчихсан юм, 16 жилийн өмнө. Аливаа зүйл хоёр талтай. Хүмүүс “Өрх толгойлсон эмэгтэй” гэж их ярьдаг. Яс юман дээрээ өрх толгойлсон эрэгтэй хүн хамгийн хэцүү шүү дээ. Хэзээ ч би эмээ, ээж болж чадахгүй. Ханиа алдаад сэтгэлээр унасан үе надад бий. Архи уулаа гээд юу өөрчлөгдөхгүй. Хэдэн хүүхдээ л зовоохын нэмэр. Тийм болохоор би тэгээд л өөрийгөө хатуужуулчихсан.

Ингээд бодоход хүний амьдрал их сонин. Нэг удаа миний бие цус харвасан юм. Тэгэхэд хүн хийн биеэрээ амьдарч болохыг би мэдсэн. Махан бие энд байлаа ч хийн биеэрээ хүссэн газраа очиж болдог юм билээ. Надад ямар ч автобус, такси хэрэггүй, нисээд л явчихдаг юм байна лээ. Юмыг харна, сонсоно, үнэрлэнэ. Би үг хэлж, гар хүрч байгааг бусад хүн ер мэдэхгүй байсан.

ХҮН ХИЙН БИЕЭРЭЭ АМЬДАРЧ БОЛДГИЙГ БИ МЭДЭРСЭН

-Хөөх, тийм үү. Ингээд ярихаар хүмүүс таныг худлаа ярьж байна гэх вий дээ.

-Ах нь цэргийн хүн. Юу гэж худлаа ярих вэ. Өөрөө л өөрийнхөө биеэр мэдрэхгүй бол ойлгохгүй. Тийм болохоор би энэ талаар өмнө нь ер дурсаж байгаагүй юм. Үхлийн шоконд орж, хийн биеэрээ амьдарч болохыг мэдэрсэн хүнтэй таарч ч явлаа. Би 72 цагийн дараа ухаан орсон. Нүдээ нээх л хамгийн хэцүү юм билээ. Ам хатаад, цангасан гэж жигтэйхэн. Гурван хоног нойргүй сахьсан хань минь баярласандаа амны халбагаар ус халбагадаж өгсөн юм. Тэр жаахан ус хэчнээн сайхан санагдсан гээч. Тэгэхэд миний тархинд цус харвасан юм билээ.

-Таны бодлоор эх оронтой байхын үнэ цэнэ, монгол хүн болж төрсний утга учир юу вэ?

-Ерөөсөө хайр, хүсэл. Эх орныхоо үнэ цэнийг мэдэрснээс эх орон эхэлнэ. Эх орноо хайрлахгүй бол юу болох вэ. Өнөөдөр зөвхөн хилчдийг эх оронч гэж хэлж болохгүй. Эх орондоо хайртай, монгол хүн болж төрснөөрөө бахархаж буй хүн бүхэн эх оронч. Миний амьдралын утга учир эх оронтой минь салшгүй холбоотой. Аав, ээж, ханиа, үр хүүхдээ алдах шиг хэцүү юм байхгүй. Яг үүнтэй адил эх орон хүнд тийм чухал, үнэ цэнэтэй. Надад аав, ээж, хань эргээд олдохгүй. Эх орон ч мөн адил ганцхан заяана. Би хүн болж төрснөө мэднэ. Хэзээ бурхан болохоо мэдэхгүй.

ДАРГА БАЙСНААСАА ИЛҮҮ ШАВЬ НАРААРАА БАХАРХДАГ

-Хилийн байгууллагад, боловсролын салбарт ажиллаж байхдаа хийсэн гол ажлаа сонирхуулна уу гэвэл та юугаа онцлох вэ?

-Хилийн байгууллагад 33  жил ажиллахдаа хийсэн олон ажил бий. Үүнийг манай салбарынхан сайн мэднэ. Үнэндээ ийм, тийм ажил хийсэн хэмээн ярих гэхээр өөрийгөө магтаад байгаа юм шиг эвгүй юм. Би ер нь дарга байснаасаа илүү шавь нараараа бахархдаг. Миний аваагүй цолыг аваад, хашаагүй албан тушаалыг хашаад явахаар нь баярлалгүй яах вэ. Би Цагдаагийн сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Тагнуулын сургууль, Гаалийн сургуульд багшаар ажилласан.

-Та хэдэн шавьтай вэ?

-Ойролцоогоор 600 хол гарна. Яг өөрийнхөө мэргэжлээр бэлтгэсэн 200-гаад шавь бий.

-Өнөөгийн хилийн байгууллагын үйл ажиллагаа, хилчдийн ур чадварт та ямар дүн тавих вэ?

-Би сэтгэл хангалуун явдаг, онц дүн тавина. Цалин хангамж, техник хэрэгслээр бусад орноос дутах юм алга. Дрон нисгээд шалгачихаж байна. Энэ чинь дэвшил шүү дээ. Гэхдээ ямар ч техник хэрэгслээс илүү чухал зүйл бол боловсон хүчин.  Дээхнэ үеэс монгол цэрэг яагаад хүчтэй, алдартай байсан бэ гэвэл таван зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт өөрийнх нь амь, хоёрдугаарт хамт яваа нөхрийнх нь амь, гуравдугаарт хүлэг нь, дөрөвдүгээрт нохой, тавдугаарт шувуу. Морь, нохой ямар чадвартай билээ, шувуу алсын холбоочин. Тийм учраас дийлдэшгүй байсан. Хүн ямар ч нөхцөлд амьдрах чадвартай байх хэрэгтэй. Энэ хилчин хүнд бүр ч чухал.

-Хилчин хүнд байх ёстой хамгийн чухал чанар юу вэ?

-Үнэнч, тууштай, шударга байх ёстой. Хэрвээ тийм байж чадахгүй бол юунд ч хүрэхгүй. Өөрөөсөө, бусдаас, эх орноосоо урвах, худал ярихыг хэзээд жигших хэрэгтэй.

БИ ӨГЛӨӨ БҮР 3-5, САРД НЭГ УДАА 10 КМ ГҮЙДЭГ

-Таныг 69 настай гэж таамаглахааргүй их сайхан хөнгөн, шингэн юм. Насаараа хилийн байгууллагад ажиллаж, хөдөлмөрлөж явсны өгөөж үү?

-Тийм ээ. Би өглөө бүр багадаа 3-5, сард нэг удаа 10 км гүйдэг.

-10 км гүйхдээ дунд нь амардаг уу?

-Юу гэж амрах вэ. Тэгвэл олигтой гүйсэн, дасгал хийсэн болохгүй шүү дээ. Замаа дуусгасныхаа дараа л амардаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Пүрэвдорж
Пүрэвдорж
2020-03-18 08:41

Баяр хүргье, Нэргүй ээ.

Зочин
Зочин
2020-03-18 09:34

Бахархаж байна

зочин
зочин
2020-03-18 11:56

Одоо эх оронч гэгддэг хүмүүс эх орондоо ирж ясаа тавих зорилготой. Бусад хугацаанд гадаадад амьдрах. Унтаж байгаа хүнийг эх орон нь аүүвэйлээд сайхан юм аа.

Холбоотой мэдээ

Back to top button