Ярилцлага

ThunderZ: Би ямар ч айдас мэдрэхгүй байна

Залуу уран бүтээлч, реппэр ThunderZ манай сайтад гуравдугаар сарын 24-нд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ. Тус ярилцлагыг сэргээн нийтлэв.

Ярилцлагын зочин хоймортоо шинэ залуу уран бүтээлч, реппэр ThunderZ-ийг урилаа. Илэн далангүй, өргөн хүрээнд өрнөсөн ярилцлагадаа уншигчдынхаа анхаарлыг хандуулъя.


-БИ ЕР ГАНЦААРДАНГУЙ, ӨӨРТЭЙГӨӨ АЖИЛЛАХ "ДОНТОЙ” ГЭМЭЭР ХҮН-

-Сүүлийн үед та ямар уран бүтээл дээр төвлөрч байна?

-Ойрд вирусийн халдвар тархах эрсдэлтэй, хөл хориотой цаг үе үргэлжилж байна. Иймд шинэ уран бүтээл гаргахаас илүү өмнө нь аудио хэлбэрээр бэлэн болгосон дуунуудаа дүрсжүүлэх тухайд багаараа ярилцаж, бэлдэж сууна. Өнгөрсөн жилээс хойш хоёр, гурван ч цомог болохуйц цөөнгүй дуу хийсэн байгаа.

Цомог гаргана гэж яриад бараг хоёр жил болчихлоо. Шинэ дуу гаргахаар тэр нь урьдынхаасаа илүү чанартай болж, хуучин нь гологдоод байх шиг. Үүний дээр манай уран бүтээлийн баг бэлтгэл ажлаа нэлээд сайн хийдэг хүмүүс. Иймэрхүү шалтгаанууд цомог гаргах ажилд багагүй нөлөөлж байна.

-Таны урын сан одоо нийт хэдэн дуутай болов?

-Олон нийтэд цацсан 17 дуу байна, бүгдийг нь дүрсжүүлсэн. Харин цацагдаагүй 20, 30-аад дуу бий.

-Шинэ дуу хийхийн хэрээр хуучнаа голж байна гэлээ. Уран бүтээлчийнхээ хувьд хурдацтай хөгжиж, дэвшиж буйн илрэл байх. Ойрд юу таныг уран бүтээл хийхэд хөтөлж, хөглөж байна вэ?

-Хөгжиж, дэвшсэний илрэл байх гэлээ, би ч бас тэгж харсан юм байна. Сүүлийн жилүүдэд хувь хүний хөгжлийн хувьд нэлээдгүй зүйлсийн ард гарсан гэж болно.

Төрмөл авьяастай уран бүтээлч хүн гэж байдаггүй юм байна, миний бодлоор. Өөртэйгөө уйгагүй ажиллаж, хөгжүүлсний дүнд л уран бүтээлч “би”-гээ олдог юм шиг санагдсан. Дээрээс нь би өөрөө ер нь ганцаардуу, өөртэйгөө ажиллах донтой гэмээр хүн л дээ. Ер нь яг сургуульд сурч байгаа мэт л амьдарч байна даа.

Уран бүтээл хийх сэдлийн тухайд, тухайн үеийн мэдрэмжүүдээс шалтгаалдаг гэж болно. Бодоод байх нь ээ, уран бүтээл хийхэд тухайн хүний өөрийнх нь хөгжлийн түвшин нөлөөлдөг бололтой. Би өмнө нь “Ийм сэдэвтэй дуу хийвэл хүмүүст таалагдана даа” гэсэн өнцгөөр ажилладаг байсан. Аажимдаа үүнийг худлаа юм байна гэдгийг ойлгосон, уран бүтээлч хүн ингэж гарч ирдэггүй юм билээ. Сэтгэл зүрхээ мэдэрнэ үү гэхээс тархиараа бодож уран бүтээл хийнэ гэж байхгүй. Одоо бол сэтгэлээ сонсдог болж, өөрчлөгдсөн.

Хүн цаг хугацааны эрхээр бага ч болов өөрчлөгддөг амьтан шүү дээ. Түүнчлэн амьдралд унаж босох, сэтгэлзүйн хувьд “эвгүй болох” янз бүрийн үе таардаг. Энэ бүрээс шалтгаалж өөр, өөр уран бүтээл төрдөг.

-НЭГ ХЭСЭГ ДОТОР ХООСОРЧИХСОН БАЙСАН. ЮУ Ч ГАРАХГҮЙ, ХҮЧЛЭЭД ГАРГАСАН ДУУ МААНЬ СЭТГЭЛД ХҮРЭХГҮЙ-

-Та долоо, найман жилийн өмнө “Rap Dembee”, “Universe Best Songs” гэхчлэн тэмцээнүүдэд оролцож байж. Тэгэхэд ер уран бүтээлч болохоор шийдчихсэн байв уу?

-Ер нь тийм шүү. Тэр гэлтгүй янз бүрийн арга хэмжээ, уралдаан тэмцээнүүдэд оролцож л явдаг нэгэн байлаа.

-Одоо бол цөөнгүй хүнд уран бүтээлч дүрээрээ танил болсон байна. Гэхдээ миний харснаар сүүлийн нэг, хоёр жилд л огцом гараад ирэх шиг. Юу үүнд нөлөөлөв?

-Энэ ч бас зөв л дөө. Яс яривал 2019 оны эхнээс л би идэвхтэй ажиллаж эхэлсэн юм. Түүнээс өмнө оюутан ч байлаа, төгсөөд мэргэжлээрээ ч нэг хэсэг ажилласан. Бүрэн хэмжээнд төвлөрч чаддаггүй байв. Ингээд ажлаасаа гарч, бүтэн цагаа уран бүтээлд зарцуулж эхэлснээр юмс өөрчлөгдсөн.

Гэхдээ энэ гэлтгүй олон зүйл нөлөөлсөн юм билээ л дээ. Хувийн асуудлууд, сэтгэл санааны уналт босолт гээд л. Нэлээд гүн бодол руу нэг хэсэг хугацааны турш унах үе хүнд тохиодог юм билээ. Нэг хэсэгтээ дотор маань хоосорчихсон байсан. Уран бүтээл гарахгүй, юу ч гарахгүй, хүчлээд гаргасан зүйл нь хачин юм болчихно, сэтгэлд хүрэхгүй. Ингэж бүтэн жилийн турш хийх тогтсон ажилгүй, долоо хоногт ганц нэгхэн удаа студи дээрээ очдог, гар утсанд ирсэн дуудлага ч авахгүйгээр амьдарсан. Сүүлдээ яг өөртэйгөө ажиллах хэрэгтэй юм байна, эс тэгвэл бууж өгөх юм байна гэдгээ ойлгосон.

Ингээд өөр лүүгээ улам гүн орж эхэлсэн дээ. Тэр нэг жилийн ганцаардмал хугацаанд найз нөхөдтэйгөө ч төдийлөн уулзаагүй. Тэдний зарим нь одоо алга болж эхэлж л байна. Намайг бүрэн таниагүй хүмүүс тул алдар нэрд гаруутаа тоохоо болилоо гэж ойлгосон байх. Угтаа угаас л ийм зожиг хүн байсан юм шүү дээ /инээв. Сурв/.

-Ер нь сайн уран бүтээл дурлаж, эсвэл айхтар ганцаардаж гэмээ нь төрдөг. Ганцаардлаас урьтаад асуухад танд дурлалаас болж түгжээтэйявсан удаа бий л байх?

-Тэр бас байгаа, байгаа. Үнэнийг хэлэхэд тийм. Миний хувьд оюутан байхдаа дурлал, хайр энэ тэрийн араас явж үзээгүй юм. Ний нуугүй хэлэхэд би чинь нэг тийм тэнэгдүү, дүйнгэ хүүхэд байлаа шүү дээ. Ингээд оюутан болсон хойноо нэг охинтой танилцаж, дотно харилцаа үүсгэсэн. Угаас анхны юм гэдэг хүчтэй мэдрэмж өгдөг шүү дээ. Унаж үзээгүй хүн анх унаад өвддөг шиг л зүйл болсон гэмээр.

Мэдээж энэ асуудал хувь хүнд маань нэлээд том цохилт бас түлхэц болсон. Ялангуяа над шиг дотогшоо хүнд бусдад үл тоогдох тийм мэдрэмж маш хүчтэй нөлөөлдөг. Зөвхөн дурлал биш, олон зүйлсээс ийм мэдрэмж авсаар байгаад багагүй хүндээр хүлээж авдаг болчихсон байсан.

Үнэхээр их сэтгэлтэй байсан юм л даа, тэгээд навс унасан хэрэг.

-Анхны харилцаа нь бүтэлгүйтэж гэж ойлголоо.

-Тийм ээ.

-Хоёр, гурав дахь гэж бий болсон уу?

-...Үгүй. Ерөнхийдөө ганц нэг уулзаж, учирдаг энгийн харилцааг бий болгосон нь бий. Гэхдээ учиргүй үерхэж, гүнзгий түвшинд үргэлжлүүлсэн харилцаа үүсгээгүй. Ганцаараа байсаар энэ нь сүүлдээ надад таалагддаг болчихдог бололтой юм. Нам, гүмхэн.

-ХҮМҮҮСИЙГ ЦУСАН ХОЛБОО ГЭХЭЭС ИЛҮҮ ХАМТДАА БҮТЭЭСЭН ДУРСАМЖ Л ДОТНОЧЛОН ХОЛБОДОГ БАЙХ-

-Ганцаардлын тухай ярьж байгааг тань ажихад, багаасаа л өөрийнхөө дотор амьдарч ирсэн хүн шиг санагдах юм. Гэр бүлийн хүмүүжил байв уу, юу нөлөөлөө бол?

-Энэ талаар нэг их бодож байгаагүй юм байна. Би ер нь багаасаа л хөндлөнгийн хүнтэй байж чаддаггүй хүүхэд байсан юм билээ. Цэцэрлэгтээ л гэхэд хүүхдүүдтэй биш, ганцаараа нэг буланд л тоглож байдаг хүү... Гэхдээ ганцаар мөртөө уйдахгүй, өөрийгөө хөгжөөж чаддаг байж л дээ. Энэ талаас нь харахад сайн ч гэлээ нөгөө талаасаа зожиг, яриа хөөрөө муутай нэгэн болж төлөвшсөн шиг. Одоо л ажлын шаардлагаар өөрийгөө ойлгуулж, ярьж сурч байна шүү дээ.

Ийм болоход маань гэр бүлийн хүмүүжил нэг их нөлөөлөөгүй байх гэж бодож байна. Манай ээж сайн хүн бий, зөөлөн сэтгэлтэй. Тийм ч болохоор би өөрийгөө их өр зөөлөн сэтгэлтэй хүн болж өссөн юм уу гэж боддог. Яагаад ч юм мэдэхгүй, анхнаасаа л миний ойр хүрээлэлд тун цөөн тооны хүн байсаар ирсэн.

-Та айлын ганц хүү бил үү?

-Ер нь ганц, гэхдээ ахтайгаа өссөн. Төрсөн ах биш ч гэсэн төрснөөс ялгаагүй гэж ойлгож болно.

-Шуудхан асуухад бүдүүлэг байх. Та аав, ээж хоёрын бүтэн амьдралаар өссөн үү?

-Би аавгүй өссөн. Тухайн үед тэр ээж бид хоёрыг хаяад явсан юм билээ. Сүүлд, намайг дунд ангид байхад бурхан болсон.

Ээжийн маань хувьд оёдлын цехэд ажиллаж байгаад хожим үсчин болсон хүн л дээ. Би ээжтэйгээ л хамт өсөж, төлөвшсөн дөө. Аавын талаар тийм ч их мэдэхгүй, мэдэх ч нэг их дуртай биш. Тухайн үед ээжээс түүний талаар төдийлөн асууж байгаагүй. Ингэж явсаар л нэг мэдэхэд том болчихсон байсан. Аавтай бүтээсэн дурсамж байхгүй учраас л одоо энэ тал дээр ямар нэг зүйл мэдэрдэггүй байх. Тэгэхээр ер хүмүүсийг цусан холбоо гэхээс илүү хамт өнгөрүүлсэн дурсамж л дотночлон холбодог юм шиг санагддаг.

-Урлагийн хүн болох энэ хүсэл бага ахуйд нь байв уу. Ер чөлөөт цагаараа юу хийж, тайвшрал мэдэрдэг хүү байсан бол?

-Би багадаа шүлэг унших их дуртай байсан. Харин ном уншаагүй үедээ төдийлөн өөр зүйл хийдэггүй, юм бодоод л сууж байдаг хүүхэд байсан санагддаг.

Дараа нь дунд ангид суралцаж эхэлсэн үеэс шүлэг зохиох их сонирхолтой санагдаж эхэлсэн. Үүнийг залгуулаад хип хоп хөгжмөөр хүмүүжих болсон гэж боддог. Реппэр Gee, Desant, Rokit Bay гэх мэт монгол уран бүтээлчдийг болон гадаадаас Eminem-ийг их сонсдог байсан. Тэр хүн ч гэсэн аавгүй өссөн байдаг шүү дээ. Энэ гэхчлэн амьдралын түүхийг нь уншаад л, түүнээс нь үлгэр дуурайл авдаг болсон.

Яваандаа өөрөө бичсэн шүлгэндээ өөрөө ая зохионо, тэгээд дуулна гэдэг ямар сайхан мэдрэмж өгдгийг олж мэдсэн. Угаас дуу султай, дотогшоо хүн уран бүтээл гаргахаар, тодруулбал дуу хийхээр маш их нээгддэг юм билээ. Дотор бөөгнөрч байсан хамаг юмыг гаргаад л хаях шиг санагддаг. Ингээд уран бүтээл хийх ажилд татагдаж эхэлсэн дээ.

-Хэд орчим насны үе гэж ойлгох вэ?

-ЕБС-ийн төгсөх ангийн хүүхэд байхдаа тэр.

-Дотогшоо хүн нийгмийн амьдралаас шарх авч үлдэх нь элбэг. Танд одоо хэр бодогдож явдаг тэр үеийн эмзэг дурсамжууд бий юу?

-Би ер нь иймэрхүү зүйлсийг дотроо хадгалаад байхаас илүү зүгээр өнгөрөөчихийг хичээдэг юм. Асуултын дагуу эргээд нэг бодоход санаанд орж ирэх зүйл алга аа.

Хүүхэд байхад зарим нэг хүмүүсийн асуулт ядаргаатай санагддаг л байлаа. “Аав чинь юу хийдэг юм”, “Чи өөрөө яг яадаг юм” гэхчлэн асуултууд. Хүний юу өмсөж зүүдэг, ямар амьдралтай зэрэг нь хэнд ч хамаагүй шүү дээ, уг нь. Яагаад зарим хүмүүс бусдын ийм асуудлыг сонирхож явдгийг би ойлгодоггүй юм. Хүний амьдралд мөнгөндөө тааруулаад хоёр хуушуур авч идээд суух үе бий. Эсрэгээрээ мөнгөн дүнг нь харалгүй шууд тооцоогоо хийгээд гарах ч үе тохиолддог.

Багадаа иймэрхүү хандлагад их эмзэглэдэг байж, одоо бол шууд л уурлачих байх аа.

-ХҮН ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ БАЙЖ УРАН БҮТЭЭЛ ХИЙДЭГ ЮМ БИЛЭЭ-

-Одоо та уран бүтээл хийж буй шалтгаанаа чухам юу гэж тодорхойлох вэ. Алдар нэр, эд хөрөнгө хөөж энэ салбарт мацаж байгаа хүмүүс цөөнгүй.

-Амьд явах, амьд яваагаа мэдрэхийн тулд гэж хэлнэ дээ. Угтаа бид бүгдээрээ л амьдарч байгаа л даа. Гэхдээ ний нуугүй хэлэхэд тэдний дийлэнх нь яг л робот шиг хүсэл тэмүүлэлгүй, гал цоггүй болчихсон юм шиг санагддаг. Миний хувьд дуртай юмаа хийж, ингэснээр амьдарсан шиг амьдарч байна гэдгээ мэдрэх гэж уран бүтээл хийдэг.

Гэхдээ бас худлаа хэлж болохгүй байхгүй юу. Зарим хүмүүс огт нэр хүнд хүсээгүй гэхчлэнгээр ярьдаг. Тийм биш болов уу. Би хүн бүхэнд тодорхой хүсэл бий, хүн л болсон хойно шунал байгаа гэж боддог. Ямар ч мөнгө горьдохгүй, хоосон халаастай гудамжинд алхана гэдэг утгагүй шүү дээ. Би тодорхой цаг зав, хөдөлмөрөө үүнд зарцуулж байна. Ирэх ашиг нь надад хэрэгтэй, гэр бүлийнхэндээ би санхүүгийн дэмжлэг үзүүлэх учиртай. Түүнчлэн өөрийгөө “аятайхан” авч явж гэмээ нь уран бүтээл хийж, түүгээрээ хүмүүст нөлөөлнө.

Амьдралд чухал зүйлсийн дараалал гэж байна. Нэгт, би уран бүтээлээсээ гоё мэдрэмж авч, дараачийн үеийн залууст эергээр нөлөөлөхийг хүссэн. Харин хоёр, гуравт нь алдар нэр гэхчлэн эргээд олж болох зүйлсээ тавьдаг гэж болно. Огт алдар нэр хүсээгүй гэж худал хэлэхгүй.

-Та их сургуульд тэс хөндлөн мэргэжлээр сурсан юм шиг байна?

-Тийм, программист мэргэжлээр сурч, төгссөн.

-Яагаад энэ мэргэжлийн сонгосон юм бол?

-Компьютер дээр юм хийнэ гэдэг нь таалагдаад орсон л доо. Орсон хойноо зүгээр тоглоом тоглоод суухтай адилгүй юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ математиктаа гайгүй, толгой сайтай хүүхэд байсан тул амжилттай сурч төгссөн. Дундаас нь хаях дээрээ тулсан үе бий л дээ. Гэхдээ тухайн үед өөрийгөө бүрэн дайчлаагүй гэдгээ мэдэж байсан. Ингээд “Өөрийгөө тултал нь дайчлаад үз, үнэхээр болохгүй бол хая” гэж өөртөө хэлсэн. Болсон, мэргэжилдээ дурласан. Ажиллаж үзсэн, цаашдаа ажиллаад явах ч бүрэн боломж байсан.

Хүний дотор туйлын хүсэл гэж нэг зүйл байдаг шүү дээ. Түүнийгээ гүйцэлдүүлэх гээд л ийшээ /урлагийн амьдрал руу, сурв./ орчихсон юм л даа.

-Орсондоо харамссан удаа бий юу?

-Нэг удаа ч үгүй. Уран бүтээлч болох энэ замыг сонгосноос хойш миний амьдралд мөнгөтэй, мөнгөгүй янз бүрийн л үе таарсан. Гэхдээ харамсаж байгаагүй, эсрэгээрээ үнэхээр сонгосон нь болжээ гэж боддог. Өөрийгөө ямар хүн бэ, хэн бэ гэдгийг танихад дуу хөгжим л надад тусалсан. Магадгүй программист болсон бол өөртэйгөө ингэж нүүр тулахгүй байсан байх. Хүн өөрийгөө бүрэн таньж байж л чанартай уран бүтээл гаргадаг юм билээ шүү дээ.

-МӨРӨӨРӨӨ Л ЯВЖ БАЙХАД БОЛОХ ЮМ, УГ НЬ-

-Уран бүтээлчийн карьерыг тэгээс эхлүүлэх хэцүү, тэр тусмаа Монголын зах зээл дээр. Тодорхой байр суурь бий болгосны хувьд залуу уран бүтээлчдэд саад тушаа болдог бодит шалтгаануудыг юу гэж харав?

-Юм хийе, бүтээе гэж яваа залуусыг хүнд сурталтай хүлээж авдаг байдал л их төвөгтэй. Уг нь урлагийн салбараа дэмжих нь улсын хөгжилд эергээр нөлөөлнө. Тэгэхэд Монголчууд урлаг, соёлд маш дутуу ач холбогдол өгцгөөдөг, ний нуугүй хэлэхэд. “Наадах чинь нэг удаа сарын цалингаар дуулчхаад л яваад өгдөг, юу хийсэн юм” гэхчлэнгээр бидэнд хандах тохиолдол цөөнгүй. Ганц дуу гаргаж, клипжүүлэхийн тулд өөртөө сохор зоос наах бололцоогүй хичээх үе залуу уран бүтээлчдэд тохиолддог. Түүнчлэн гаргасан дуу болгон хит болохгүй, зургаа долоон сая төгрөгөөр зүгээр л шатаж болно.

Гэхдээ эцсийн дүндээ энэ миний л хийсэн сонголт. Уран бүтээлч болохоор шийдсэн л бол Монгол орныхоо цаг үеийн нөхцөл байдалд зохицох хэрэгтэй.

-Залуу хүн ч гэлээ тодорхой хэмжээгээр урлагийн ертөнцөд ороод ирлээ, та. Хэр байдаг юм байна, атаа жөтөө их гэхчлэн ярьдаг?

-Би ер нь хэл амнаас хол явахыг хичээдэг хүн л дээ. Ардуур атаархсан, муулсан янз бүрийн л зүйл сонсогддог юм. Жингийн цуваа явж л байдаг, замын нохой хуцаж л байдаг гэх үг бий. Хуцсан бүр лүү эргэж хуцаад байвал цаг хугацаа алдахаас цаашгүй хэрэг. Тэр бүрийг гай болохоос илүү нэмэр болчихлоо л гэж хардаг.

Ер нь миний бодлоор залуу хүмүүс бусдын амьдралд биш өөрөө өөртөө л төвлөрөх хэрэгтэй. Бусдын мууд дурлаж, түүнээсээ гоё мэдрэмж авч байвал чи болохоо байжээ л гэсэн үг. Атаархал энэ тэрээр яах юм бэ, хэрэггүй. Хатуу хэлэхэд чадахгүй бол хохь нь. Атаархуу, явцгүй сэтгэхүйгээ өөрчлөхгүй бол цагийн эрхээр алга болдог юм билээ, урлагийн амьдралаас. Санаа зөв бол заяа зөв. Мөрөөрөө л явж байхад болох юм, уг нь.

-Таныг өрсөлдөгч гэж хардаг уран бүтээлчид байх юм уу?

-Бусад хүмүүс намайг яаж хардгийг яг таг мэдэхгүй юм. Мэдээж нэг салбарт хөдөлмөрлөж буйн хувьд цагаанаар ч бай, хараар ч бай өрсөлдөгч гэх байр сууринаас хардаг тохиолдол бий л байх. Гэхдээ өөрийгөө ийн харьцуулж, ингэснээр хөгжиж дэвшиж чадаж байгаа бол болж л байна.

-НАДАД МУУ ЗАН ЧАНАР, ХАРААДАГ, ХАШХИРДАГ ЗҮЙЛ БИЙ-

-Та боксоор хичээллэдэг юм билээ. Үүнээс нь нэлээд эрүүл амьдралын хэв маягтай болов уу гэж бодлоо. Та ер архи, тамхи хэрэглэдэг үү?

-Боксоор хичээллээд нэг их удаагүй, хоёр жил гаран л болох гэж байна. Би ахлах анги төгстлөө тийм ч биеийн тамирын идэвхтэй байгаагүй. Ер биеийн хөгжил жаахан муу хүүхэд байсан л даа. Сүүлд боксоор хичээллэж эхэлсэн, их таалагдсан. Боксыг тэвчээрийн спорт гэж нэрлэдэг. Зодолдож, нүдэлцэхдээ ер гол биш. Өөрөө өөрийгөө ялахад л гол учир нь оршдог юм билээ.

Би амьдралдаа нэг ч удаа тамхи татаж үзээгүй. Архи дарснаас ч хол байдаг. Мөн илүү дутуу хорт зуршлын тухай асуудал мэр сэр яригддаг шүү дээ, тийм зүйл ч байхгүй. Нэг удаа ч сонирхож үзээгүй гэж хэлнэ. Надад үүний хэрэгцээ байхгүй.

-Та жаахан хүүхдүүдээс авхуулаад л фен олонтой болж. Олны хараанд үргэлж байгаагийн хувьд зөв үлгэр дуурайл болох их чухал. Ямар хариуцлага мэдэрч байх юм?

-Зарим уран бүтээлчид хэлдэг “Энэ миний хариуцлага биш, эцэг эхийнх нь” гэж. Харин би бол үгүй гэж боддог. Уран бүтээлч хүний хариуцлага үүнд их, бага хэмжээгээр байх л ёстой. Чи өөрөө олны танил болохыг хүсэж, дурлаад гарч ирсэн бол хариуцлагыг нь хүлээх л ёстой. Хүмүүсийн хайрыг мэдэрч байгаа бол эргээд олны хараан дор байх хариуцлагаа төлөх ёстой. Би төлж, бусдын хайрыг гайгүй хэмжээнд дааж яваа гэж өөрийгөө боддог. Гэхдээ одоогийн хүүхэд залуус аливаа зүйлийн хэлбэр биш агуулгад нь ач холбогдол өгдөг, ухаалаг болж байгаа нь харагддаг аа.

Ташрамд хэлэхэд, “Энэ залуу дуун дээрх шигээ хүн мөн болов уу” гэх зарим хүмүүсийн хандлага надад таалагддаггүй. Уран бүтээл бодит амьдралаас тодорхой хэмжээнд ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Машин барьж явтал урдуур нэг хүн улаан гэрлээр, гарцгүй газраар дайруулчих шахан гэнэт гараад ирвэл би уурласандаа цонхоор орилж л таараа. Надад муу зан чанар, хараадаг, хашхирдаг зүйл бий. Дэнслээд л явж байна. Ерөнхий хандлага маань эерэг, хүн шиг л хүн.

-Танд хэцүү үедээ өөрийгөө сэгсэрч, засаад аваад явдаг ухаан, нэг тийм потенциал байна. Ийм дадлыг та өөртөө хэрхэн төлөвшүүлэв?

-Би өвөөгийн маань зан чанар юм болов уу гэж боддог. Багадаа түүнтэй цуг байгаагүй л дээ. Гэхдээ хүмүүсийн ярианаас сонсоход надтай нэлээд ойролцоо төрлийн хүн байсан шиг санагддаг.

Ер нь хүн шархтайгаа шуудхан нүүр тулах нь зөв. Шархалж байгаа бол тултал нь мэдэрчих хэрэгтэй.

-Зарим хүмүүст тэнгэрт хальсан хэн нэгэнд бүтээсэн амжилтаа үзүүлэх сэн гэх бодол байдаг. Таны хувьд?

-Намайг харах ёстой хүмүүс нь өнөөдөр бүгдээрээ харж байгаа. Бурхан болсон аавдаа харуулах юм сан ч гэдэг юм уу, тийм бодол байхгүй гэж болно. Мэдээж хаяад явсан тэр хүн эргэж хараад харамсвал гоё, муухайгаар хэлэхэд. Гэхдээ нэгэнтээ байхгүй хүний талаар яриад байх дургүй. Ер нь “Тийм байсан бол...” гэж ярих би дургүй л дээ. Энэ бол өнгөрсөн цаг, харамссан хүний яриа.

-ХҮН БҮР ЗУРАГ, ТӨӨРГӨӨРӨӨ АМЬДАРЧ ЯВАА. ӨӨРӨӨС ШАЛТГААЛАХ ЗҮЙЛЭЭ ТУЛТАЛ ХИЙЧИХВЭЛ БОЛОХ НЬ ТЭР-

-Та хийсэн уран бүтээлүүддээ огт 100 хувь сэтгэл ханаж үзээгүй юм шиг байна.

-Чи яг зөв мэдэрсэн байна. 100 хувь сэтгэл ханаж байсан удаагүй.

-Дандаа л дутуу мэдрэмжтэй үлддэг шиг. Гэхдээ хамгийн давгүй боллоо гэж өөртөө тоосон уран бүтээл гэвэл алийг нэрлэх вэ?

-“Байгаагаар минь хүлээж авах уу?” гэдэг дууг л нэрлэнэ дээ.

-Яагаад?

-Тэр дуу миний дотоод мэдрэмжийг нэлээн дөхүү гаргаж чадсан шиг. Мөн өөрийнхөө хэлэх гээд байдаг зүйлээ клипээр хамгийн гайгүй илэрхийлсэн нь тэр болсон байх. Яг төсөөлсөн хэмжээндээ клип хийх гэхээр нэг л болж өгдөггүй, дутуу үлддэг юм. Үүнд техник технологи, мөнгө санхүүгийн гэхчлэн олон зүйл нөлөөлдөг л дөө. 100 хувь сэтгэл ханахгүй байна гэдэг нэг талаар сайн ч, нөгөөтээгүүр муу юм билээ. Энгийн зүйлсээс ч таашаал авч чадахаа байчихдаг бололтой.

-Цааш урагшлахад тань ямар нэг айдас байна уу?

-Байхгүй. Яг одоо бол ямар ч айдас мэдрэхгүй байна. Өмнө нь сүүлдээ яах билээ, яаж амьдрах билээ гэхчлэн боддог байсан. Eminem 50 хүрчхээд реп хийгээд амьдарч болж л байна, харин энд тэгэх боломж юу билээ. Бас нэг л өдөр гаргах ёстой байсан дуунуудаа гаргаж амжилгүй, гэнэтхэн үхчихвэл яах вэ гэх бодол төрдөг байсан. Одоо бол тийм сонин юм бодохоо больсон.

Ер нь хүн бүр зураг төөргөөрөө л амьдарч байгаа. Өөрөөс шалтгаалах зүйлээ тултал хийчихвэл л болох нь тэр.

-Ер нь амбицаа аль хэрийн холд тодорхойлоод хөдөлмөрлөж байгаа вэ?

-Мэдээж дотроо олон ч зүйл бодсон, түүндээ бэлдэж л байгаа. Гэхдээ би аливаа зүйлийн талаар урьдчилж ярих маш дургүй. Худлаа хэлбэрдээд байх шиг санагддаг юм. Зүгээр л амаа жимийгээд, хийх ёстой зүйлээ цаг алдалгүй хийж эхлэх хэрэгтэй.

Харин ойрын хугацаандаа бол мэдээж илүү чанартай уран бүтээл хийх, илүү таашаал авах. Гоё амьдрах. Ер нь гоё амьдаръя л гэж боддог юм байна, сүүлдээ.

-Өнөөдөр нэр шигээ, аянга шиг цахилж чадаж байна уу?

-Нэр шигээ яваа л гэж боддог. Аливаа нэрний бэлгэдэл гэдэг цаагуураа сонин шүү дээ. Би өөрөө өөртөө энэ нэрийг өгөөгүй л гэж бодож явдаг. Цаг хугацааны явцад, тохиолдлоор гэнэт гарч ирсэн нэр гэж боддог.

Миний жинхэнэ нэр Б.Өлзий-Учрал. Харин Thunder гэдэг нь аянга, цахилгаан гэсэн утгатай. Z үсэг нь ч мөн харагдах байдлын хувьд цахилгаан цахилж буй мэт дүрстэй.

Аянга үргэлж цахиад байдаггүй шүү дээ. Хэсэг хугацаанд анир сураггүй байж байгаад нэг гарч ирэхдээ хүн бүрийг цочоодог, ингээд араас нь бороо хур ордог. Ингэж амьтан ургамал бүгд тэжээгддэг. Аливаа юмны урьтал дохио ч юм шиг. Гялтганаад л алга болдог эд.

-Одоогийн амьдралдаа та хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Би өөр ямар ч амьдралыг сонгосноос илүү сэтгэл хангалуун байгаа гэж хэлнэ. Гэхдээ яг хувь хүнийхээ хувьд, амьдралын жижиг сажиг зүйлс дээр яг сэтгэл дүүрэн амьдарч байна уу гэвэл, ний нуугүй хэлэхэд үгүй юм даа.

-Танд ярилцлагаараа дамжуулж хэлэх зүйл үлдэв үү?

-Одоо өвчин, вирустэй хэцүү цаг үе үргэлжилж байна. Ялангуяа сурагч, оюутнуудад хандаж хэлэхэд энэ нөхцөл байдлыг аль болох өөрсдөдөө ашигтай талаас нь хараарай. Зуны улирлыг амрах биш, бусдаас тасрах үе гэж харвал амжилтад хүрнэ гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг үүнийг өөрийгөө нэг шат ахиулж болох цаг хугацаа гэж, зөв талаас нь бодоорой. Түүнчлэн улсаас гаргаж буй захирамж, зөвлөгөөнүүдийг сайтар мөрдөөрэй.

Эцэст нь хэлэхэд нэг их зүйл бодож, өөрсдийгөө шаналгах хэрэггүй, гоё өөдрөг байхыг л хичээ. Гоё байх л гоё шүү дээ. Таатай мэдрэмж авдаг хүмүүстэйгээ уулзаж, сайхан мэдрэмж авдаг зүйлсээ л хий. Ярилцлагыг маань уншсан бүх хүмүүст баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
мисү б
мисү б
2020-03-24 12:35

мундаг з�##�ууу шүү

abaazan
abaazan
2020-03-24 12:58

mundag zaluu bna . uulna setgel sudlaach boloh yum bna lee kk tsaajdaa amjilt

Зочин
Зочин
2020-03-24 18:58

Nileed heden jil yu hiij buteej baigaag ni harj yavlaa. Uneheer tuushtai baij oorchlogdoj, ulgerlej chadaj baigaa shuu. Ulam gyltganaad og ThunderZ. Gants udaa bitgii gylalzaad alga bolooroi. Solirin boroo shig tsutgaad ogoorei ❤️

Зочин
Зочин
2020-03-24 21:17

Уха�##�аг, сайхан энэ з�##�ууг хүндэтгэхгүй байхын аргагүй.

Зочин
Зочин
2020-03-25 00:07

uneheer goy yriltslag boljee

Зочин
Зочин
2020-03-25 08:33

mundag zaluu

Зочин
Зочин
2020-03-25 08:36

Архи уудаггүй тамхи татдаггүй өвөрмөц гоё ертөнцтэй сайн хүү байнадаа. Ер нь ээжийн хүү нар сайн сайхан иргэн болдог нь бат�##�гаатай үнэн шүү. Амжилт хүсэе

Зочин
Зочин
2020-03-25 10:54

Sain yriltslaga boljee.handlaga ni taalagdlaa.amjilt husie.

Зочин
Зочин
2020-03-25 15:11

Нийгмийн сэтгэл зүйд эерэг энерги түгээж чаддаг уха�##�аг, авьяаслаг з�##�ууг дэмжье. Олон хүүхэд з�##�уусыг үлгэрлэж дагуулаарай. Монгол Улсад маань ийм л з�##�уус хэрэгтэй байна.

ng__
ng__
2020-04-10 17:37

mundg zov ulgr duurillta ah shuu ajild n amjilt husiy!buuj ogolgu uragsh temlre

Зочин
Зочин
2020-04-11 16:34

Ёстой ном шиг л ярилцлага байна. Мундаг л сэтгүүлч юм

Зочин
Зочин
2020-06-07 17:11

???????????????????? мундаг шүү

Tseel
Tseel
2020-07-09 22:13

удам сайтай хүн гэдэг байхаа

saaraa
saaraa
2021-01-25 23:03

????

Зочин
Зочин
2021-05-17 18:42

dajgui shu

Зочин
Зочин
2022-03-12 12:28

Мундаг з�##�уу байна
Ийм з�##�уучууд ховор шүү
Сайн сайхныг хүсье
Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button