Нийгмийн

Газрын дуудлага худалдаа ил тод, шударга, “ШИЛЭН” болжээ

Ирэх сарын 8-нд Нийслэлийн 11 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулагдах гэж байна. Төрийн үйлчилгээ цахимжиж. Илүү ил тод нээлттэй шударга оролцоон дээр тулгуурлаж байгаа нь энэ удаагийн дуудлага худалдааны давуу тал болж байна. Хэн нэгэн танил тал, хамаатан саднаараа дамжуулах шаардлага үүсэхгүй. Тодруулбал, Газрын биржийн цахим систем https://www.mle.mn/-д олон нийт гар утас, таблет, компьютерь ашиглан байршил, цаг хугацаанаас үл хамааран холбогдох боломжтой. Та энэ цахим хаягаар, ЦАХИМ дуудлага худалдаанд оролцон хүссэн газраа авах бүрэн боломжтой.

-ЭНЭ ОНД ГЭХЭД Л 47 БАЙРШИЛД ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАРЧМААР ГАЗАР ЭЗЭМШҮҮЛНЭ-

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийт дөрвөн удаагийн дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 47 байршилд дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлж ашиглуулахаар тусгагджээ. Тодруулбал,
• Дөрөвдүгээр сарын 08
• Дөрөвдүгээр сарын 23
• Тавдугаар сарын 06
• Тавдугаар сарын 14-ний өдрүүдэд 47 байршлын газрыг ЦАХИМ дуудлага худалдаанд оруулна.

-ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 08-НД ДАРААХ ЗОРИУЛАЛТЫН ГАЗРУУДЫГ ЦАХИМ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА-

Хамгийн эхний дуудлага худалдаа дөрөвдүгээр сарын 08-нд 11 байршилд
• Үүрэн холбооны станц
• Аялал жуулчлал
• Хөдөө аж ахуй
• Шатахуун түгээх станц
• Өвлийн хүлэмжийн аж ахуй
• Орон сууц
• Үйлдвэрлэлийн зориулалт бүхий газруудыг худалдана. Эл өдрийн дуудлага худалдаанд оролцохыг хүсэгчид дөрөвдүгээр сарын 03-ны өглөө 09 цагаас дөрөвдүгээр сарын 08-ны өглөөний 08:30 хүртэл хүсэлтээ илгээж баталгаажуулах юм. Иргэн цахимаар хүсэлтээ гаргана.

-ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ ХҮСЭГЧДЭД-

Иргэн та газрын ЦАХИМ дуудлага худалдаан оролцохын тулд дараах шаардлагыг хангана.

-Хамгийн эхний алхам бол mle.mn гэсэн цахим вэб сайтаар зочилж, НЭВТРЭХ хэсэгт нь хандан зааврын дагуу бүртгүүлнэ.

-Бүртгүүлсний дараа ХҮСЭЛТ илгээнэ. Таны илгээсэн хүсэлт шалгагдсаны дараа баталгаажна.

-БАТАЛГААЖИЛТ үүссэн бол иргэн та цахим дуудлага худалдаанд оролцох эрхтэй болно.

Амжилттай бүртгүүлсэн бол та дуудлага худалдаанд оролцохдоо дараах материалуудыг БҮРДҮҮЛНЭ.

• Хүсэлт маягтаар гаргана.
• Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарын зургийг хавсаргана.
• Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
• Улсын тэмдэгтийн хураамж 12,500 төгрөг;
• Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримтын зургийг илгээнэ. /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа, Зориулалт: Дэнчингийн үнэ

Дуудлага худалдаанд оролцохдоо 17 цаг 00 минут 00 секунт хүртэл ҮНИЙН САНАЛАА өгнө.

Дуудлага худалдааны үнийн саналыг ЦАХИМ дуудлага худалдаа зарлагдсан өдрийн 09 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж 15 цаг 00 минут 00 секунд хүртэл авна. Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулах юм. 17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

-Дуудлага худалдаанд өгөх үнийн саналын анхааралд:

-Дуудлага худалдаагаар авах гэж байгаа газар нь нэг сая төгрөгийн үнэтэй байлаа гэхэд оролцогч иргэн, ААН хамгийн багадаа 50 мянган төгрөгөөр өсгөж үнийн саналаа хэлнэ. 50 мянган төгрөгөөс дээш хэдээр ч өсгөж дуудаж болно гэсэн үг.

-ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭЭС ШАЛТГААЛАН
ДАРААХ БАЙДЛААР ҮНИЙН САНАЛЫГ ӨСГӨНӨ-

Ингээд дуудлага худалдаанд ялагч болсон бол нэг 7 хоногийн дотор гэрээ байгуулж, 2 долоо дотор төлбөрөө төлж газраа авна.

Нийслэлээс дуудлага худалдаа зарлачихсан байхад дүүргээс газар олголт хийхгүй байх давуу талтай. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаанд ороод газраа авчихвал шууд гэрээгээ байгуулж газраа эзэмших болно. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаа болсноос долоо хоногийн дотор Нийслэлийн газар зохион байгуулалтын албан дээр очиж гэрээгээ байгуулна. Ингээд гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор дуудлага худалдааныхаа үнийг бүрэн төлснөөр газар таных болно гэсэн үг. Төлөхгүй бол гэрээ бүрэн цуцлагдана. Харин газраа авч чадаагүй иргэд дэнчингийн мөнгөө буцааж авах юм. Харин ялагчид дэнчингийн мөнгийг өгөхгүй.

-Б.УНДРАХ: ИРГЭД АРИЛЖААЛАХЫГ ХҮССЭН ГАЗРАА ҮНЭГҮЙ БАЙРШУУЛЖ БОЛНО-

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ГМТөХ-ийн Хот байгуулалтын мэргэжилтэн Б.Ундрахаас ЦАХИМ дуудлага худалдааны давуу талыг тодрууллаа.

-Цахим дуудлага худалдааны давуу тал юу вэ?

-Олон нийтэд нээлттэй, ил тод, шударга, хурдан шуурхай, заавал биечлэн очих шаардлагагүй, хаанаас ч оролцох боломжтой зэрэг давуу тал ихтэй. Иргэн газар авахыг зорьсон, шаардлага хангасан л бол хүссэн газраа авах боломж нээлттэй. Харин манай албанаас төлөвлөгөөндөө тусгасан газруудынхаа байршлуудыг оруулж, дуудлага худалдаа зохион байгуулах он сар өдрөө товлоод л зарлачихна гэсэн үг. Хялбархан. Газрын цахим биржийн системээс маш олон мэдээллийг нэг дороос харах боломж бүрдсэн. Хаана газар ямар үнэтэй байна вэ гэх мэт.

-Газраа арилжаалах хүсэлтэй иргэдэд ч мөн том боломж нээгдсэн юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хамгийн гол нь иргэд арилжаалах гэж байгаа газрынхаа зарыг өөрсдөө байршуулдаг болсноороо давуу талтай болсон. Unegui.mn сайтад зараа хэрхэн байршуулдаг билээ яг түүн шиг л зараа байршуулан арилжих боломжтой. Иргэн манай вэб сайтад зараа байршуулахад хураамж, төлбөр авахгүй. Өөрөө чадахгүй бол Газрын цахим бирж дээр очиж мэргэжилтний туслалцаа авч болно. Энэ хамгийн том давуу талуудын нэг.

-Танхимаар зохион байгуулдаг байхад ямар хүндрэл үүсдэг байв?

-Танхимаар дуудлага худалдаа зохион байгуулдаг байхад зардал их гардаг байсан. Мөн ажиллагаа ихтэй, цаг хугацаа шаардагддаг. Цахимаар дуудлага худалдаа зохион байгуулдаг болсноор эдгээр хүндрэлүүд арилсан.
Нэмж хэлэхэд, өмнө нь дуудлага худалдаа явуулах бүртээ нийслэлийн Засаг даргын захирамж гаргадаг байсан. Захирамж гаргах үйл ажиллагаа нь өөрөө цаг хугацааны хувьд хүлээгддэг. Ингэхээр жилд 4-5 удаа л дуудлага худалдаа зохион байгуулагддаг байсан. Энэ жилээс энэ байдал өөрчлөгдөж ажлын хэсгийн шийдвэрээр товыг нь зарлахаар захирамжлуулсан.

-Ж.ЖАВХЛАН: АВСАН ГАЗРАА ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛААГҮЙ БОЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ-

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын менежмент төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Жавхлангаас дараах зүйлсийг тодрууллаа.

-Дуудлага худалдаанд оруулж байгаа газруудын байршлын давуу тал юу вэ?

-Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, архитектур төлөвлөлтийн даалгавар байршил тус бүрд батлагдсан, Улаанбаатар хотын хөгжлийн богино, дунд, урт хугацааны бодлоготой уялдуулсан нь давуу талтай байна.

-Цахим дуудлага худалдаагаар худалдаалах 47 байршлаасаа нийслэлийн төсөвт хичнээн төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөө тусгагдсан бэ?

-Төсөвт 2.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөө тусгагдсан. Мэдээж өмнөх онуудад дуудагдаж байсан байршлууд ч бий.

-Өнгөрөгч 2019 онд хичнээн газар дуудлага худалдсан бэ?

-Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 16 газар тусгагдсанаас 14 газрыг дуудлага худалдаанд оруулсан.

-Дуудлага худалдаагаар авсан газраа зориулалтын бусаар ашиглах тохиолдол гардаг уу?

-Одоохондоо бол үгүй. Ер нь зориулалтын дагуу ашиглах ёстой.

-Зориулалтын дагуу ашиглаагүй бол ямар хариуцлага тооцох вэ?

-Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгодог учраас зориулалтын дагуу эзэмшиж ашиглах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button