“Өвгөн хуурч” төсөлд Rokit Bay, Michel&Amazonka, зураач С.Цогтбаяр нар ажиллажээ

Өнөөдөр /2020.11.05/ “Хандгай” комикийг бүтээгч хамт олон удахгүй нээлтээ хийх гэж буй “Өвгөн хуурч” төслийн талаар танилцууллаа.
Үүгээр уран бүтээлч С.Жамбалцэрэн,
“Та бүгдийн мэдэх Хандгай цуврал комик маань гурван жилийн турш сошиал орчноор дамжуулан үзэгчдэд хүрсэн. Одоо технологийн дэвшлийг ашиглаж, шинэ түвшинд хөгжүүлж буйгаа хүмүүст танилцуулж байна. Энэ бол “Motion Comic Movie”. Шууд орчуулбал мэдээж хөдөлгөөнт комик гэсэн утгатай. Энэхүү шинэ контент маань ойролцоогоор 80 минут үргэлжлэх анимейшн юм. Харин агуулгын хувьд өвгөн хуурч хэмээх дүр дээр суурилсан. Өвгөн хуурч хоёр, гурван хоногийн турш морин хуураа татаж, тууль хайлдаг үлгэрч өвгөний дүр. Тэгэхээр өвгөн хуурч орчин үед хэрхэн үлгэрээ ярих вэ гэдэг маань бидний гол концепц. Тэр реппер болчихсон, хип хоп дууны хэлбэрээр үлгэрээ хүүрнэх болно.

Үүгээр бид өв уламжлалаа орчин үетэй сүлэлдүүлж, контент бүтээж байна. Энэ төслийн хүрээнд альбом гаргана. Мөн нэр бүхий томоохон репперүүд хамтарч “Өвгөн хуурч” цомог гаргах юм. Цомгийн продюсерээр Rokit Bay ажилласан. Тэр өөрөө өвгөн хуурчид дуу оруулсан байгаа. Мөн төслийн хүрээнд хувцасны коллекц гарна, үүнийг “Michel&Amazonka” брэнд хариуцан ажиллана. Мөн ирэх жилийн XMF наадам өвгөн хуурч концепцоор зохион байгуулагдана. Эдгээрийн дээр анимейшн хэлбэрээр гарч байгаа дүрүүдээ бодит болгох зорилгоор “Nomad Toys”-ын залуустай хамтарч буй. Бүх дүрүүд дээрээ тоглоомууд гаргана гэсэн үг. Мөн “Өвгөн хуурч” Art Book ч гаргана.

Бидний хамгийн гол зорьж буй зүйл бол орчин үеийн хийгээд ирэх ирээдүйн залууст үнэ цэнийг бий болгох. Бид өнөөдөр контентын эрин зуунд амьдарч байна. Харин монгол хүмүүс контент хийж чаддаг, нөөц бололцоо нь байдаг гэдгийг харуулах зорилготой юм” хэмээн ярилаа.
Төсөлд сэтгүүлч Х.Бадамсамбуу, шог зураач С.Цогтбаяр нар ч мөн ажилласан байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.