УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ө.Шижир: Төрийн байгууллагууд өөрсдийгөө шалгаад 100 хувь гэж дүгнэж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.03.31/ хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсын 2021- 25 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024- 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн  тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Бид асуусан болоод ажлын хэсэг хариулсан болоод маш чухал гурван дүгнэлт хөтөлбөр хэлэлцээд дуусах юм шиг байна. Харамсалтай байна. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо ямар байгаа нь эндээс харагдаж байна. Төрийн байгууллагууд хороондоо харилцан ажиллах гэрээ зурдаг мөн бие биеийнхээ үйл ажиллагааг дэмжих хамтын ажиллагааны гэрээ зурдаг болсон энэ ямар учиртай юм бэ. Аудитын байгууллагын өгч байгаа хариулт, гишүүдийн асууж байгаа асуултууд газар тэнгэр шиг өөр байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар болон Их Хурлын тамгын газар нь Монгол Улсын Засгийн газрын 206 тогтоолоор яг адилхан дүгнэлт хийдэг ч энд газар тэнгэр шиг өөр дүгнэлт хийсэн байна. Тухайлбал амьдралын чанар болон дундаж давхарга гэдэг хэсэг дээр Нийгмийн халамж зорилтод бүлэгт халамжийн үйлчилгээ ил тод нээлттэй болно гэдгийг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар нь 90 хувь гэж дүгнэсэн бол Их Хурлын тамгын газар нь 30 хувь гээд дүгнэсэн байна. Залуучууд бизнес эрхлэхэд шаардлагатай бүх төрлийн дэмжлэг туслалцааг үзүүлж орчныг бүрдүүлнэ гэдэг дээр Засгийн газраас 90 хувь, Их Хурлын тамгын газраас 30 хувь. Нийтийн биеийн тамирыг эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх амьдралын салшгүй нэг хэсэг болгоно гэдэг дээр Засгийн газар 100 хувь, Их хурал 90 хувь гэж дүгнэсэн байна.

Мөн төрийн бүтээмжийг дээшлүүлнэ гэдгээ 100 хувь гээд дүгнэсэн байна.  Гэвч бид 100 хувь төрийн бүтээмжтэй ажиллаж чадаж байна уу төрийн өмчит компаниудын 5 хувь нь л ашигтай ажилласан шүү дээ. Төрийн өмчид аж ахуй нэгжүүдийг үр ашигтай ажиллуулна гэдгийг мөн адил 100 хувь гэж дүгнэсэн байна. Үнэхээр 100 хувь ажиллаад 100 хувь гэж дүгнээд байгаа юм уу. Төрийн байгууллагууд бие биеэ шалгаж 100 хувь гэж дүгнэж болохгүй. Бодит амьдрал дээрээ энэ нь хэзээ ч нийцдэггүй. Хэдэн биеэ магтаад яваад байж болохгүй.

Ийм байдалтай бид маш олон жил явсан учраас өнөөдөр гурван өөр дүгнэлт яриад, гурван өөр хэрүүл хийгээд сууж байна. Асуусан асуултад маш бөөрөнхийгөөр, тойруулж хариулж байна. Нийгмийн халамж зорилтод бүлэгтээ хүрээд ил тод, ялгаваргүй хариуцдаг болсон уу? Тийм болсон бол тийм, үгүй бол үгүй гээд тодорхой хэлэх хэрэгтэй. Юуг юугаар хэмжих гээд байгаа нь маш ойлгомжгүй болохоор бид энд хэрүүл хийгээд сууж байна. Цахилгааны найдвартай эх үүсвэрээр 100 хувь хангана гээд бичсэн байна. Одоо бид цахилгааны хязгаарлалтгүй байгаа юм уу. Хэрвээ тийм бол үүнийгээ нотлох хэрэгтэй.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button