Баян-Өлгийн зам тээврийн ослоос амьд үлдсэн гурван хүүгийн биеийн байдал тогтворжлоо

Баян-Өлгий аймагт насанд хүрээгүй буюу 17 настай хүү автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, хурд хэтрүүлсний улмаас осолдож гурван хүүхэд амиа алдсан хэрэг хүүхдийн баяраар гарсан. Тодруулан хэлбэл /2025-06-01/-ний үүрийн 05 цагт эл ослын дуудлага Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар бүртгэгдсэн юм.
Автомашинд насанд хүрээгүй 16-17 насны долоон эрэгтэй хүүхэд зорчиж явсан ба ослын улмаас гурав нь газар дээрээ нас барж, дөрөв нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэн. Гэтэл тухайн автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцсон М хүнд бэртэл авсан бөгөөд Ховд аймгаас хагалгааны баг очиж тархины хагалгаа хийсэн боловч өвчнөө даалгүй /2025-06-02/-нд нас барсан тухай тус эмнэлгийн зүгээс мэдээлсэн билээ.
Тухайн автомашинд зорчиж явсан хөвүүд энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй. Уг өдөр нэгнийхээ гэрт цуглаж хөлбөмбөг үзэж, хөзөр тогложээ. Улмаар 17 настай эрэгтэй М ахынхаа Приус-20 маркын автомашины түлхүүрийг авч ирснээр тэд шөнөөр автомашин жолоодон ийн явах болсон байдаг.
Ослоос амьд үлдсэн гурван эрэгтэй хүүхдийн биеийн байдлыг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн даргаас тодруулахад "Энэ сарын 01-ний өдөр зам тээврийн осолд орж манай эмнэлэгт хүргэгдсэн дөрвөн хүүхдийн нэг нь харамсалтайгаар амиа алдсан. Одоогоор гурван хүүгийн биеийн байдал тогтвортой, нуруу нугас, шилбэ ясны хугарал болон бусад зөөлөн эдийн гэмтэлтэй. Биеийн байдал харьцангуй тогтворжсон тул эрчимт эмчилгээний тасгаас гэмтлийн тасагт шилжүүлсэн байгаа. Бид шаардлагатай эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсээр буй" хэмээсэн юм.
2025 оны эхний улирлын байдлаар зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Үүнээс 52.4 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 26.2 хувь нь 10-13 насныхан, харин 15.8 хувь нь 6-9, 3.6 хувь нь 3-5 нас, 1.8 хувь нь гурав хүртэлх насныхан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 85 нь эрэгтэй, 79 нь эмэгтэй хүүхэд байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.