Монгол Улсын хэмжээнд 2024 онд зам тээврийн осолд 1,377 хүүхэд өртжээ
Энэ жилийг "Хүүхдийн эрхийг хамгаалах жил" болгон зарласан. Мөн сүүлийн жилүүдэд хүүхэд сургуулийн орчинд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байна. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байна.
Монгол Улсын хэмжээнд 2024 онд зам тээврийн осолд 1,377 хүүхэд өртсөн. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн тоог эхний жилээс 20 хүртэл хувиар бууруулах боломжтой.
Хуулийн төслийн талаар Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах замдаа гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, автомашины хөдөлгөөн ихтэй бүсээр зорчих, гэрэлтүүлэг, камержуулалт хангалтгүй хэсгээр явах зэрэг эрсдэлтэй нөхцөлтэй тулгардаг. Иймд нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2026-2027 оны хичээлийн жилд "Сургууль хүрэх зам" төслийг хэрэгжүүлж байна. Энэ үед Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах нь цагаа олсон санаачилга юм.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар сургууль орчмын аюулгүй байдлын стандарт болон төсвийн чиглэл тодорхой болж, хүүхдийн аюулгүй байдал бүрэн хангагдах боломж бүрдэнэ” гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.