"Алт-3" дээрх Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хороогоор дэмжжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хэлэлжээ.
Хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулахдаа “Монгол Улс тусгй хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж байгаль орчноо хамгаалах бодлогыг баримтлах ёстой. УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолын 5 дугаар заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг боловсруулж, УИХ яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан. Энэхүү яаралтай өргөн мэдүүлж, өөрчлөлт оруулахаар дурдсан УИХ-ын 2020 оны 46, 47 дугаар тогтоолд зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлсэн. Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжүүлэх нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан авсан газар нутаг, түүний хилийн заагийн өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгааг дурдав.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчин, ой, усны сан бүхий газрыг хамгаалах, цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон эко системд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан байдаг. Иймд байгаль орчны талаарх төрийн бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй гэлээ.
Мөн холбогдох хуулийн дагуу илгээсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг дурдлаа.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр “Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud