УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Байнгын хороодын тоог 11 болгож нэмснээр гишүүдийн ирц, идэвх, бүтээмж сайжрах уу

2026 оны намрын чуулган ирцээ бүрдүүлэх гэж зүдэрсэн чуулган болж байна. Чуулганы нэгдсэн хуралдааны ч, байнгын хорооны ч ирц бүрдэхгүй, арайхийн бүрдэхээрээ төсөв тойрч маргасан энэ өдрүүдэд УИХ-ын байнгын хороодын бүтцийн өөрчлөлт дахин анхаарлын татав.

2024 оны УИХ-ын сонгуулийн дараа 11 байнгын хороотой ажиллаж байсан парламент өнгөрсөн жилийндолоодугаар сарын 9-нд найман байнгын хороо, 15 дэд хороотой байхаар зохион байгуулагдсан. Гэтэл жил хүрэхгүй хугацааны дараа буюу энэ оны тавдугаар сард байнгын хороодын тоог наймаас дахин 11 болгон нэмэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Тэгвэл энэ өдрүүдэд парламент гурав дахь бүтцийн өөрчлөлтөө зурахаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг нь хийчихлээ.  

Нэг байнгын хороо 21 хүртэл гишүүнтэй байхаар тусгажээ

Уг төслийн танилцуулгад УИХ-ын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, гишүүдийн ирц, оролцоо, хариуцлагыг сайжруулах, парламентын бүтээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэлэлцүүлгийн чанарыг дээшлүүлэх, мэргэшсэн байнгын хороодод түшиглэх зорилготойг онцолсон. Байнгын хороодын бүрэлдэхүүнийг нэг хороо 21 хүртэл гишүүнтэй байхаар тусгаж, дэд хороодын тоог цөөлөхөөр болжээ.  

Спикер солигдох тоолонд дагаж өөрчлөгддөг парламентын бүтцийн өөрчлөлт нь салбаруудын бодлогыг илүү нарийвчлан хэлэлцэх шаардлагаас үүдсэн үү, эсвэл өмнөх бүтцийн шийдвэр тооцоо судалгаагүй, үр нөлөөгүй байсны илрэл үү? 

Ямартай ч одоо байгаа УИХ-ын байнгын хороодоос Аюулгүй байдал, гадаад бодлогын, Эдийн засгийн, Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Төсвийн гэсэн таван байнгын хороо хуучин нэршлээрээ, харин Хүний хөгжил, нийгмийн бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Хууль зүйн байнгын хороодыг задалж, холио солио хийх нь. 

Цахим хөгжил, хиймэл оюуны бодлогыг тусдаа хороо болгох нь 

УИХ-ын байнгын хороодын бүтцийг сүүлийн хоёр жилийн хугацаанд харьцуулж үзвэл зөвхөн тоо нь өөрчлөгдөөгүй, салбаруудын хуваарилалт ч дахин дахин өөрчлөгдөж байна. 2025 оны долоодугаар сард Аж үйлдвэржилтийн бодлого, Инновац, цахим бодлогын хороог Эдийн засгийн хороонд нэгтгэж, боловсролын салбарыг нийгмийн бодлоготой, ёс зүй, дэгийн асуудлыг төрийн байгуулалтын чиглэлтэй нэгтгэн, 11 байнгын хороог найм болгосон.

Харин одоо боловсролын салбарыг дахин тусгаарлаж, байгаль орчныг хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээс салгаж, цахим хөгжил, хиймэл оюуны бодлогыг тусдаа хороо болгохоор хэлэлцэж  байна. 

2026 оны тавдугаар сард буюу өнгөрсөн хаврын чуулганд өргөн бариад, өдгөө парламентын  хэлэлцэж буй Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийн 22.6-д дараах 11 байнгын хороодтой байхаар тусгажээ. 

“22.6.Улсын Их Хурал дараах Байнгын хороотой байна:

22.6.1.Аюулгүй байдал, гадаад бодлогын;

22.6.2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн;

22.6.3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын;

22.6.4.Өргөдлийн;

22.6.5.Төрийн байгуулалтын;

22.6.6.Төсвийн;

22.6.7.Хууль зүй, хүний эрхийн;

22.6.8.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн;

22.6.9.Цахим хөгжил, хиймэл оюуны бодлогын;

22.6.10.Эдийн засгийн;

22.6.11.Эрүүл мэнд, нийгмийн бодлогын.

Жилийн өмнө нэгтгэсэн зарим салбараа одоо дахин салгаж, өмнөх бүтцийн логикийг  өөрчилж байгаа нь хачирхалтай. Өмнө нь 11 байнгын хороонд хамаарч байсан салбаруудыг нэгтгэх ямар шаардлага байгаад, одоо буцаан салгах ямар яаралтай нөхцөл байдал үүсэн гарав? 

Байнгын хороодын тоог буцааж нэмэх нь салбарын асуудлыг нарийвчлан хэлэлцэх боломж олгоно гэж өөдрөгөөр харлаа гэхэд энэ нь хуралдааны ирц хүрэхгүй, төрийн бодлого шийдвэр гацах, хууль хэлэлцэх хугацаа хойшлох зэрэг асуудлыг дангаараа шийдэхгүй. Тиймээс бүтцийн өөрчлөлтийг ирцээс гадна ажлын ачаалал, хэлэлцүүлгийн чанар, зардлын тооцоотой холбон авч үзэх ёстой. 

Төрийн эрх барих дээд байгууллагынхаа бүтцийг ойр ойрхон өөрчлөх бүрдээ өмнөх шийдвэрийнхээ үр дүнг үнэлж, шинэ өөрчлөлтийн үндэслэлээ олон нийтэд тайлагнадаг байх нь чухал. Байнгын хорооны тоог нэмэх нь бүтэц, орон тоо, бичиг баримтын өөрчлөлтөөс эхлээд хэдий хэмжээний зардал гарахыг ядаж мэдмээр байна.    

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button