Д.Батлут: ТББХ-ны дарга нэг талыг барьж Дэгийн тухай хуулийг зөрчлөө

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут дараах байр суурийг өөрийн цахим хуудсанд хуваалцжээ.
Тэрбээр “Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нэг талыг барьж Дэгийн тухай хуулийг зөрчлөө. Өнгөрсөн баасан гарагт ТББХ хуралдаж 18:00 буюу ажлын цаг дууссан тул өнөөдрийн 11:00 цагт үргэлжлүүлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл хуралдаан эцэслэгдээгүй, үргэлжилж байсан гэсэн үг. Дэгийн тухай хууль дээр ирцэд орчихоод тухайн асуудлаар санал өгөхөд байгаагүй бол эсрэг санал өгсөнд тооцдог зохицуулалттай. Нэг хүн рүү чиглэсэн, нэг хүнийг боорлосон ажил нь санаснаар болохгүй болохоор ингээд хурлаа хаачихдаг юм уу.
Хуралдааныг даргалагч нь өөрөө Засгийн газрын огцруулах санал дээр гарын үсэг зурчихсан. ТББХ-оор хэлэлцэж буй асуудал нь Ерөнхий сайдыг огцруулах.
УИХ-ын тухай хуульд “Байнгын хорооны дарга тухайн хуралдааныг удирдах ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хуралдаан удирдахаас татгалзаж хуралдаан даргалагчийг томилж болно” гээд заачихсан.
Хуралдаан даргалагч ашиг сонирхлын зөрчилтэйгөө хүлээн зөвшөөрч байгаа бол саналаараа татгалзах бүрэн эрх нь бий. Ард иргэдийн эрх ашгаас давж ЗГ-ын үйл ажиллагааг санаатайгаар саатуулж, төрийг тогтворгүй байдал руу түлхэж байгаа энэ үйлдлийн цаана ашиг сонирхлын зөрчил байгаа гэдэг нь илт болчихлоо. Энэ байдлаараа үргэлжилбэл төр, ард түмэнд үүсэх эрсдэл, үүссэн хохирлыг хэн хариуцаж, хэн барагдуулах вэ” хэмээжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батлут гэгч этгээдийг сайдаас нь огцруулж, ард түмнийг их хохироох гээд байгаа юм байх даа. Нэг тийм л ойлголт өгөөд байх чинь ээ.