УЛС ТӨРУлс төрийн мэдээ

₮34 тэрбумын байранд ажиллаж байгаа яамыг нүүлгэх ₮2.4 тэрбум Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нарын халааснаас гарахгүй

ХХААХҮ-ийн сайдаар хөдөөний гэхээсээ илүү Дорнодын хүнийг томилсон нь зовлон болох нь. “Би хөдөөнийх учраас хөдөө аж ахуйн сайдаар томилж байна” гэдэг хөдөөний яриа нь яах вэ. ХХААХҮЯ-ыг Дарханаас Дорнод руу нүүлгэнэ гэчихсэнгүй. Улаанбаатарт буцааж авчрах тухай ярив. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Нүүлгэхийг гишүүд та хар өөрсдөө дэмжсэн. Буцаад ир гэвэл ирнэ” хэмээн ёжлонгуй хэлж суулаа. Экс сайд Ж.Энхбаяр М.Бадамсүрэнг эсэргүүцсэнгүй.

-Санаачлагч нь Ж.Энхбаяр, дэмжигч нь УИХ, хэрэгжүүлэгч нь ЗГ-

ХХААХҮЯ-ийг Дархан руу нүүлгэх саналыг 2024 оны наймдугаар сард УИХ-д, есдүгээр сард Засгийн газарт таницуулсан. Санаачлагч нь экс сайд Ж.Энхбаяр.

  • УИХ-ын ээлжит бус чуулганы 2024.08.23-ны үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын ХХААХҮЯ-ыг бусад эрхлэх харьяа байгууллагуудын хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх саналыг УИХ-ын гишүүдийн 50.4 хувь нь дэмжсэн. 
  • Улмаар 2024.09.11-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дархан руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан.

Тухайн үедээ утаа, түгжрэлээс бага ч атугай багасгаж ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэсэн нь Засгийн газрын гарын таван хуруунд багтах хэдэн зөв шийдвэрийн нэг боллоо хэмээгдэж байв.

-Нүүлгэх өртөг 2.4 тэрбум-

Дархан дахь ХХААХҮЯ-ны 10 давхар барилга

Спорт цогцолборын зориулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын 34 тэрбум төгрөгөөр барьсан 10 давхар барилгад нүүж очсон. Нүүлгэлтийн 2.4 тэрбум төгрөгийн зардлыг энэ 2025 оны төсөвт суулгуулж байгаад авсан.

Тус яам нь 121 ажилтантай. Нэмээд яамны харьяа байгууллагууд бий.

  • “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХК
  • “Хөдөө аж ахуйн бирж” Жижиг, дунд үйлдвэрийн газар,
  • “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” ТӨХК,
  • Малын удмын сангийн үндэсний төв

Тэгэхээр ХХААХҮЯ-ыг нүүлгэх нь зөвхөн яамны биш хэд хэдэн байгууллагын асуудал юм. Эдгээр тав, зургаан байгууллагын олон зуун хүний төвхнөх, тогтвор суурьшилтай ажиллах асуудал. Шилжсэн ажилтнуудын төрөөс даасан байрны 30 хувийн урьдчилгаа, орон нутагт шилжсэн цалингийн 30 хувийн нэмэгдэл яригдана. Буцаад нүүж ирнэ гэвэл дахиад л 2.4 тэрбумын өртөг болно. Үүнийг шинэ сайд М.Бадамсүрэн өөрийнхөө халааснаас гаргаад өгчихгүй нь лавтай. Мэдээж улсын төсвөөс буюу татвар төлөгчид халааснаасаа өгнө.

-Хөдөө аж ахуйн салбарынх бус хөдөөний сайд-

Өөрийгөө “Хөдөөнийх” гэж тодотгосон М.Бадамсүрэн хөдөө аж ахуйн салбараас онхи ондоо салбарынх. Газрын тосны мэргэжилтэй буюу мэргэжлийн бус хүн. Хөдөөнийх, малчин айлын хүүхэд байсан ч гэлээ хөдөө аж ахуй гэдэг том салбартай эхнээс нь эхлээд танилцана гэсэн үг. Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газрын түгээгчээс ажлын гараагаа эхэлж байсан намтартай хүн. Дараа нь, “Магнай трейд” ХХК-ийн салбарын дарга нь болж байж. 2009 оноос шатахуунаас улстөрд хөл тавьж, аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга болсон. Улсад 18 жил ажиллаад 2024 оноос Улсын Их Хурлын гишүүнээр анх удаа сонгогдсон. Засгийн газрыг үлдээхэд хувь нэмрээ оруулж, сайдын суудлын ёндоог хүртсэн байж болох. Гэхдээ зуд турхан ихтэй, эрсдэл өндөртэй аймгуудын өвөлжилтийн асуудал түүний өмнө байна.

2024 онд УИХ-ын 36 дугаар тогтоолоор хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг буюу төвийн бүс нутгийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгохоор төлөвлөсөн. М.Бадамсүрэн ХХААХҮЯ-аа нүүлгээд ирнэ гэвэл энэ бүх төрийн бодлого, төлөвлөгөө нурна. Хөдөө аж ахуйн салбарыг мэргэжлийн бус томилгоо өөдлүүлсэн түүхгүй. Энэ удаад ч бас.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЭЗочин
ЭЗочин

Эргүү

Дэл
Дэл

Анхнаасаа нүүлгэх ёсгүй байсан юм дээ бодлого ярьдаг газар биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button