Б.Дэлгэрсайхан: Он гараад монголын төмөр замаар 10 сая тонн нүүрс тээвэрлэнэ

Өнөөдрийн /2025.12.10/ Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Гашуунсухайт-Ганцмод боомтын автотээвэр болон галт тэргээр тээвэрлэж байгаа нүүрс экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийе. 2025 онд боомтуудаар нүүрс хэвийн экспортлогдсон. Гашуунсухайт-Ганцмод боомтоор 41.2 сая тонн нүүрс экспортлогдоод байна. Он гараад Монголын төмөр замаар 10 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөж байна. Хоногт 8-9 галт тэрэг цуваа явж байна гэсэн үг. БНХАУ руу хоногт 1400 машин нүүрс гарч байна. Үүнийг нэмэгдүүлэхээр БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийнэ.
Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт найман хувьтай үргэлжилж байна. Төлөвлөсөн хугацаанд нь буюу 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна. Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт 100 сая тонныг давна гэж тооцож байгаа.
Нүүрс тээврийн компаниуд гэрээний дагуу мөнгөө авч байгаа боловч жолооч нарынхаа цалинг нэмэхгүй байгаатай холбоотойгоор жолооч нар цалингаа чамлах болсон. Тиймээс би ирэх долоо хоногт Гашуунсухайтад ажиллахдаа нүүрс тээврийн жолооч нартай уулзана. Нүүрсний тээврийн үнийг гурван удаа нэмсэн. Гэтэл тээврийн компаниуд цаашаа жолооч нарынхаа цалинг нэмэхгүй байна" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.