Top StoriesЯрилцлага

Анн Латтимор: Өвөөгийн туулсан амьдрал, түүний орон зай бол миний хүрч чадах тэр хэмжүүрээс тэс өөр

Дилав хутагт Жамсранжавын үргэлж гартаа барьж явсан ховор нандин хөөрөг Хятад, Өвөр Монгол, Төвөд, Энэтхэг, Тайвань, Америк хэмээн улс тивийг дамнан явсаар Анн Латтимор Монголын Үндэсний музейн сан хөмрөгт бэлэглэв. Юмс анх хөдөлсөн байрандаа эргэн ирж буй энэ бэлгэдэлт үйл явдлын ард Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын анд нөхөр болох Монгол судлаач, эрдэмтэн Оуэн Латтиморын ач охин Анн Латтмиор Прайс түүхийн тодорхой он цагийг гэрчлэн, эх оронд минь ирсэн явдал байв. 2022 онд Дилав Хутагт Жамсранжавд холбогдох 1039 хуудас хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс Засгийн газрын тогтоолоор гаргасан юм. Улмаар эл үйл явдал Дилав хутагтыг Монголын төлөөх үйл хэрэгт гар бие оролцож, тэр ч бүү хэл хэлмэгдэн эх орноосоо гарч Хятадын ерөнхийлөгчид зөвлөж байхдаа ч Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхэд нэн чухал үүргийг гүйцэтгэснийг нотлох олон зуун бичиг баримт ийн монголчуудын хувьд хэзээд мэдэхэд нээлттэй, онцгой үйл явдал болж байв. Монгол Улсыг НҮБ-ын гишүүн орон болгохын төлөө зүйл бүрээр хичээн зүтгэснийхээ үр дүнг 1961 онд Дилав хутагт даруухнаар хүлээн авч, Америкт байхдаа НҮБ-ын төв байрны гадна Монголын далбаа мандсаныг үзээд чимээгүйхэн, сүслэж залбираад явсан гэдэг. Түүний их үйл хэрэгт анд нөхөр Оуэн Латтимор татагдан орж, тэдний нөхөрлөл 1930 оноос эхэлсэн түүхтэй. Төв Азийн нутгаар олонтаа аялаж, Монголын талаар илүү ихээр таних тусам Оуэн Латтиморын Монголын Америкт таниулах, эрдэмтний үйл хэрэг нь ч гүнзгийрч байв. Тэр Дилав хутагтаар өөрийн хүү Дэвид Латтиморыг адислуулж, Батбилэг гэх монгол нэрээр дуудах эрхэм хүндэтгэлийг ч мөн өгч байжээ. Тэд хэр ойр дотно байсныг өгүүлэх олон жишээ бий ч Дилав хутагт амьдралынхаа сүүлийн жилүүдэд Дэвид буюу Батбилэг хүүгийнхээ гэрт амьдарч байсныг дурдвал юмсын цаад мөн чанар илүү тодрох биз ээ. Ийм нөхөрлөл, үүх түүхийг гэрчлэн, Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Монголд ирсэн нь бидэнд их олон түүхийг сэргээв. Түүнийг Дилав хутагтын төрсөн нутаг Завхан аймгийн Түдэвтэй сумаас ирээд удаагүй халуун сэтгэгдэл дээр нь бид уулзаж ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

-Нэгэн цагт та сонсож, дуулж байсан Монгол оронд, тэр дундаа ааваасаа олон сайхан түүхийг нь яриулж өссөн Дилав хутагтын төрсөн нутагт очоод ирлээ. Гурван үеийн ийм гайхалтай давхцал, аялал, дурсамжуудын огтлолцол дээр ирэхэд танд яг одоо ямар мэдрэмж төрж байна вэ?

-Монголд ирээд төрсөн энэ сэтгэгдлээ би яг хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй юм. Завхан аймагт очиход багагүй цаг зарцуулсан. Улиастайгаас засмал замаар хоёр цаг орчим, шороон замаар бас хоёр цаг орчим давхисан. Бидний туулсан зам их бартаатай байсан ч үзэгдэх орчин үнэхээрийн үзэсгэлэнтэй байв. Алсад хөхрөн үзэгдэх уулс биднийг цаг үргэлж хүрээлж байсан болохоор би тэр дүр зургийг дарж, хадгалж авахыг тэсэлгүй хүссэн. Үнэхээр гайхалтай харагдаж байсан. Урагшлах тусам улам үзэсгэлэнтэй сайхан байгалийн дүр зургийг ар араасаа тодорсоор явлаа. Ийн явсаар эцэст нь бид хоёр бор толгод өөд өгссөөр, лам нарын суух бяцхан хийдэд очсон. Тэндээсээ хутагтын төрсөн газрыг нь тэмдэглэсэн газарт мөн хүрч очсон. Хутагтын төрсөн он сар өдрийг монгол, англи хэлээр бичсэн тэр л чулууг түүний зураг болон төрөл бүрийн хээ угалзаар чимэглэж, эргэн тойронд нь хадаг уяж зарим хүмүүс жижигхэн зураг үлдээсэн байсан нь сэтгэл их хөдөлгөсөн.

Өдгөө ч хүмүүс ихэд анхаарч хайрладаг нь илт байлаа. Тиймээс анх тэр газрын байгалийг харахад бор хүрэн харагдаж байсан ч тэнд удаан байх тусам улам бүр ногоорч байх шиг санагдсан. Эргэн тойрноо сониучирхан харах зууртаа арай өндөр толгодынх нь нэг рүү гарахыг хичээж, оройд нь гарч чадаагүй ч замд таарсан хэдэн шар бас ягаан цэцгийг хараад Дилав хутагтын төрсөн нутгийн бодит өнгө төрх энэ байх нь ээ гэж бодогдсон. Би Хутагтийн гэрийнх нь буурин дээр эргэж очоод алсыг ширтэхэд тэртээд нэг нуур мэлтийж үзэгдсэн юм. Суварган цэнхэр уулсын дунд тэр жижигхэн нуур толиотон байх нь үнэхээрийн амар амгалангийн оронд очсон мэт сэтгэгдэл төрсөн. Тийн зогсохдоо би “Энэ бол миний нандигнан хайрлах учиртай хором мөч шүү” гэж дотроосоо мэдэрсэн юм. Учир нь надад яг тэр газарт, яг тэгэж зогсоод, тийм үзэсгэлэн төгөлдөр байгалийг тольдож байх цаг хугацаа, мөч хором, орон зай дахин олдохгүй шүү дээ. Намайг тэнд тийн буйг минь харсан бол Хутагтын магнай лав тэнийх байсан.

Монголын Үндэсний музейд | Анн Латтимор

-Хутагт болон өвөө тань таныг харсан гэдэгт итгэж байна?

-Тийм гэж үү. Тийм байгаасай. Үнэхээр сайхан байх сан.

-Монголын дөрвөн цагийг үзнэ гэдэг холын зочдод соньхон. Таныг Завханыг зорих үед Монгол танд энэ дөрвөн цаг, улирлаа харамгүй дэлгэн харуулжээ дээ?

-Үнэхээр үзэсгэлэнтэй. “Үзэсгэлэнтэй“ гэдэг ганцхан үгэнд багтамгүй тийм уран гоё, уудам тансаг ертөнц ажээ. Дурлам сайхан хүрэн уулсыг цав цагаан цас нөмрөхүйд тэс өөр нэгэн гоо үзэсгэлэн дахин тодорч, үлэмж сүрлэг бөгөөд эрхэмсэг дүрийг олдог юм байна. Тэнгэрт тунаран хөвөх үүлсийн завсраар нарны алтан цацраг асгарахад уудам тал, сүрлэг уулс, хад асга, цас мөс бүгд нийлээд яг л нэгэн агуу туульс мэт сүр жавхланг цогцлооно. Би тийм гоо өвлийг харсан. Харин маргааш нь өнөөх цас хайлж, байгаль дэлхийд ус чийг, ундарга бэлэглээд, ердөө ганцхан шөнийн дотор бүх зүйл амилан ногоорсон юм.

Тэгээд би хаврыг үзлээ. Түүний өмнөхөн дулаахан байхад зуны өнгийг ч тольдож амжсан. Энэ дэлхийн хаана ч орших сүрлэг уулсын мөн чанар ерөөс ийм л байдаг болов уу гэж би бодсон. Харах тусам өнгө нь хувирч, харц тулгарах бүрд өөр өөр өнгөөр гоо үзэсгэлэнгээ гайхуулна. Надад тохиосон, миний сэтгэлд үлдсэн тэрхүү гайхамшигт агшин яг л ийм байлаа. Магадгүй энэ мэдрэмжээ би шүлэг болгож бичих байх. Гэхдээ би үүнийг толгойдоо жаахан суулгаж, хэсэг хугацаанд юу ч хийхгүй байж, сэтгэл бодлоо эргээд тэр зүгт аялуулах хэрэгтэй болно. Тэгээд бэлэн болохоор нь танд шүлэг илгээнэ ээ, эсвэл Даваа руу илгээж болох юм. Гэхдээ та намайг бичих хүртэл хүлээх хэрэгтэй болох байх аа даа. Үүнд хэр хугацаа орохыг би мэдэхгүй ч Монголчууд яруу найрагт хайртай бас Монгол хэл яруу найргийн хэл гэдгийг би мэднэ. Яруу найраг бол өвөөгийн минь дурлаж асан зүйлсийн нэг юм.

-Монголын ажин түжин ахуй, хөдөөгийн амар тайван байдлаас Улаанбаатарт ирэхэд ялгаа их байв уу. Та нэг ярилцлагадаа нийслэл хотыг дуу чимээ, хөл хөдөлгөөн ихтэй нүргээнт хот гэж тодорхойлсон байсан. Өвөөгийн тань тэмдэглэн, дурсаж байсан тэр л хотоос хэр өөр санагдав?

-Улаанбаатарыг том хот гэж мэдэж байсан ч яг ирээд харахаар үнэхээр гайхмаар том юм. Хотын нэг хэсгийг хараад “Өө, нөгөө том хот чинь энэ байна шүү дээ” гэж бодтол өөр тийшээ явахаар дахиад л зөндөө олон өндөр барилгатай том хотын хэсэг гараад ирэх юм. Тэгээд “Эдгээр нь орон сууц юм болов уу, эсвэл албан байгууллага, компаниуд юм болов уу” гэж өөрийн эрхгүй сониучирхан бодсон. Бас нөгөө талд нь намхан барилгууд, хүмүүсийн амьдардаг гэр хороолол байгальтайгаа илүү ойр байгаа нь хоёр тэс өөр хэмнэл орчин цагт ингэж зэрэгцэн оршиж буй нь үнэхээр сонирхолтой санагдсан. Би Улаанбаатар хотыг эрчимлэг гэсэн нь зам гарах зуур машин тэрэгний хөдөлгөөн нь хүртэл ямар эрчимтэйг хараад тэгсэн хэрэг, өршөөгөөрэй (инээв). Ёстой түм түжигнэж, бум бужигнасан, сонирхолтой хот байна.

-Дилав хутагт таны дурсамжид хэрхэн үлдсэн бол?

-Хутагтыг 1965 онд жанч халахад би долоон настай байв. Яг нарийн тодорхой санаж байгаа гэж хэлэхгүй ч надад түүнээс төрж, үлдсэн мэдрэмжүүд бий. Хутагтын зөн совинг би мэдэрдэг байсан. Дилав хутагтыг манайд ирж явааг дуулаад маш их баярлаж байсан минь түүний дэргэд байхад төрдөг байсан тэрхүү амар амгалан, тайван бөгөөд хөгжилтэй, найрсаг мэдрэмжүүд тод үлджээ. Хутагт их хөгжилтэй хүн байсан. Яг юу болж байсныг нарийн санахгүй ч, түүнийг санах бүр хайрлаж хүндэлдэг хүнийхээ дэргэд мэдэрдэг тийм нэг нандин сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмж төрдөг юм.

-Монголд ирснээс хойш танд Хутагтын зан ааш, магад түүний хөгжилтэй зан байдалтай ижил төстэй занг биднээс олж мэдрэв үү?

-Энд байх хугацаандаа би түүний тэр хөгжилтэй занг яг олж харж, мэдрээгүй л байна. Гэхдээ би ах, эгч, дүү нартайгаа хутагтын тухай ярилцаж байхдаа түүнийг үнэхээр хичнээн хөгжилтэй, сайхан хүн байсан бэ гэдгийг улам бүр ойлгодог. Тэрээр тоглоом наргиан хийчихдэг, үргэлж баяр баясгалантай явдаг, бас элдэв сонин жижиг зүйлсийг хараад баярлаж баясаж чаддаг хүн байжээ. Харин би монголд ирээд яг түүнтэй ижил хүнтэй уулзаагүй гэвэл гайхаж магадгүй. Энэ нь хутагтын талаарх зөвхөн миний л мэдрэмж байх. Түүнийг цор ганц гэж бодсоных ч байж мэднэ.

-Тэгэлгүй яах вэ. Таны тэр дурсамжийг юу ч орлож чадахгүй. Тэр бол таны сэтгэлд хадгалагдаж буй нандин дурсамж байх?

-Тийм ээ, би тэр утгаар нь гэж хэлэх гэсэн юм.

-Магадгүй та эх оронд маань ирээд удаагүй болохоор хариулахад бэрх байх. Гэхдээ монгол хүний талаарх бодол мэдрэмжийг тань асуувал та юу гэх бол?

-Хөдөө явах зууртаа би харьцангуй цөөн хүнтэй уулзсан. Гэхдээ миний уулзсан тэр хүмүүс бүгд гайхам сайхан. Би Ринбүчитэй хамт явсан болохоор ч тэр үү, бүгдээрээ үндэснийхээ хувцас дээлээр гоёчихсон хүрч ирээд Ринбүчид бараалхаж адис авч байв.

Түүнтэй уулзаж буй хүмүүсийн царай үлэмж баяртайн сацуу тайван дөлгөөн, жаргалтай сайхан харагдаж байсан. Ринбүчи тэр хүмүүсийг нэг бүрчлэн адислахыг хараад миний сэтгэл маш их хөдөлж, түүний адислал гүн гүнзгий утга учиртай гэдгийг ойлгож мэдэрсэн. Үндэсний хувцсаа өмссөн ийм жаргалтай, тайван сайхан хүмүүсийг харах сайхан санагдсан.

-Та Монголд ирэхдээ бидний үндэсний хувцсыг өмсөж ирсэн тань ихэд анхаарал татлаа. Орчин цагийн ганган хээнцэр дээлээс харагдсан юм?

-Тийм ээ, тэр дээл магадгүй 70 эсвэл 80 жилийн настай байх. Торгон дээл болов уу гэж тааварлаж байна. Өвөөг минь өөд болсны дараа надад өвлөгдөж ирсэн эд юм л даа. Өвөө маань өөрөө худалдаж аваагүй. Харин миний эмээ Элеанорийнх. Монголоос авсан болов уу гэж боддог.

Эмээ маань 1970 онд өөд болсон. Тэгэхээр тэр улаан дээл хамгийн багаар бодоход 50 гаруй жилийн настай байж таарна. Эмээ маань мэдээж тэр дээлийг 1970 оноос өмнө авсан байх. Тиймээс тэр дээл бараг 60-80 жилийн ч настай, үнэ цэнтэй нандин өв юм. Өнгө нь хичнээн гоё гээч.Хүрэн улаан өнгө дээр гүн цэнхэр нударга нь уусч харагдах нь үнэхээр тод, чамин шүү. Бас энэ эрхитэйгээ цуг зүүхээр бүр гоё зохидог юм. Нэг өдөр дээлээ өмсөхдөө эрхиэ зүүлгүй гарчихаад “Эрхиэ зүүх минь яалаа” гэж харамсан бодож билээ (инээв).

Анн Латтимор эмээ Элеанорынхоо дээлийг өмсөн суугаа нь

-Энэ дээл танд ийм эрхэм нандин лугаа адил таны өөрийн гараар монголчуудад хүргэж авчирсан Дилав хутагтын хөөрөг бидний хувьд ихэд утга учиртай, чухал өв юм. Хутагтын хөөрөг олон жилийн дараа Монголд эргэн ирлээ. Ийм боломжийг бүрдүүлсэн Латтиморын гэр бүлийнхэнд монголчууд талархаж байна?

-Баярлалаа. Би энд болох эрдэм шинжилгээний хуралд ирэхээр бэлдэж байхдаа ах Эваныдаа очих үед, түүнд хадгалагдаж буй өвөө, аав хоёрын эд зүйлсийг үзсэн юм. Тэр дотор одоо тэр хайрцагт заларч буй хөөрөг байв. Би тэр хөөргийг анх хармагцаа л уулга алдсан. Учир нь би энэ хөөрөг ямар үнэ цэнтэйг, Монголд заавал эргэж очих ёстой зүйл мөн гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн. Энэ хөөрөг бол Дилав хутагтын биенээсээ салгадаггүй, гартаа байнга атгаж, зүрхэндээ ойр нандигнаж явсан хөөрөг шүү дээ.

Тиймээс  эх нутаг Монголд нь заавал авчрах ёстой үнэхээр онцгой нандин зүйл гэж бодоод бид авчирч, үйл ажиллагааны нээлтийн ёслол дээр хүндэтгэлтэйгээр залсан билээ. Өнөөдөр би том ах Майклтайгаа мессежээр харилцахад, тэр надад өвөө минь Дилав хутагтыг үргэлж санан дурсаж, энэ хөөргийг түүнээс үлдсэн хамгийн нандин дурсгал болгон хадгалдаг байсан гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол маш онцгой түүхтэй өв бөгөөд тэр хоёр агуу хүний сэтгэл шингэсэн эд байгаа юм. Та бүхэн энэ түүхийг хамгийн анх сонсож байгаа шүү.

-Хутагтын зөн совингийн талаар бид яриандаа цухас дурдаад өнгөрсөн. Танд түүний энэ зөн мэдрэмжийн талаарх нэгэн түүх бий гэж дуулсан юм?

-Тийм ээ, их сонирхолтой дурсамж, түүх бий. 1959 он билгийн тооллын гахай жил байсан юм. Ээж минь хөл хүнд болсноо мэдсэн ч хэнд ч хэлээгүй байж л дээ. Гэтэл Дилав хутагт ээжид хандаад “Энэ жил танайх хоёр бяцхан гахайн тооройтой болох нь дээ” гэсэн гэдэг. Түүнээс долоон сарын дараа ээж маань ихэр хүүхэд төрүүлсэн. 

Ээж минь хутагтыг цэцэн мэргэн, далд чинадыг мэддэг, элэгсэг дулаан хүн байсан гэж үргэлж бишрэн ярьдаг сан. Ээж минь энэ гахай жилийн түүхийг ярих их дуртай байж билээ. Бас аалзны түүх байна. Дилав хутагт амьтны амь хороож болохгүй гэж ихэд аминчлан хэлдэг байсан болохоор ээж минь ч бидэнд тийн захиж хэлдэг байсан. Тийм болохоор одоо ч гэсэн би аалз ч алж чаддаггүй юм. Гэр бүлийн маань уламжлал болсон дадал гэх үү дээ.

- Та АНУ-ын түүхэнд нэрээ үлдээсэн агуу эрдэмтэн Оуэн Латтиморын ач охин төдийгүй бага насандаа Монголын төр, шашны томоохон зүтгэлтэн V Дилав хутагтын дэргэд өсөж, түүний амар амгалан оршихуйг мэдэрч явсан ховор хувь заяатай. Ийм онцгой хүмүүс, түүхэн дурсамжуудын дунд өсөх нь таны хувийн амьдрал, зан чанар, амьдралыг үзэх үзэл төлөвшихөд хэрхэн нөлөөлсөн бэ? Таны бусдаас ялгарах амьдралын тань хамгийн том үнэт зүйл юу болж үлдсэн бэ?

-Намайг өсөж торниж байх үед би дэлхий дахины улс төрийн нөхцлийн ерөнхий дүр зургийг сайн мэддэггүй байлаа. Харин өвөөг маань Жо Маккартигаар удирдуулсан АНУ-ын Сенаттай маш их асуудалтай байсныг, үүнээсээ болоод асар их дарамт туулж байсныг, мөн үүнээс шалтгаалан хүмүүс түүнийг сайн мэддэг байсныг л гадарладаг байв. Гэхдээ би нэлээд хожуу, том болсон хойноо түүний Монголыг гэсэн чин сэтгэл, хайрыг олж мэдсэн юм.Түүний Монголыг хайрлах тэр хайр үнэхээр агуу бөгөөд гүн гүнзгий. Тэрээр Монгол хэлэнд, Монголын ард түмэнд, бас Монгол нутгийн байгальд голт зүрхний угаас хайртай байжээ. Өвөө минь надад энэ тухайгаа биечлэн яриагүй ч түүний бичсэн ном бүтээлүүд, ялангуяа “Монголд аялсан тэмдэглэл”-ийг нь уншвал үүнийг шууд мэдрэх болно. 

Тэр номдоо өвөө минь 1920-1930-аад оны үед Монгол хэл сурч байсан тухайгаа бичсэн байдаг юм. Тэрхүү бичвэрүүдээс нь харахад өвөө минь Монгол орныг улам бүр гүнзгийрүүлэн таньж мэдэхийг, үргэлж илүү ихийг сурч танихыг чин сэтгэлээсээ хүсэж байсан нь илт мэдрэгддэг юм. Би Дилав хутагтыг үргэлж амар амгалан, баяр баясгалан дагуулж явдаг, маш онцгой, ер бусын хүн гэдгийг мэддэг байлаа. Гэвч түүнийг асар их эрдэм чадалтай мэргэн хүн, эрдэмтэн хүн байсныг би сүүлд олж мэдсэн. Түүний АНУ-д байхдаа хийсэн томоохон ажлуудын нэг нь өөрийн цээжилж үлдсэн, цөвүүн цагийн шуурганд үрэгдэж үгүй болсон буддын шашны судар номуудыг цаасан дээр буулгаж бичих явдал байсан юм билээ. Мөн Йелийн Их Сургуульд уригдан очиж тэндхийн сан хөмрөг дэх Төвөд, Монгол хэлээр бичигдсэн судар шастируудыг судалж, орчуулах ажилд хүчин зүтгэж байжээ. Түүний энэ эрдэм номын үйлсийг олж мэдсэнээр өвөө маань хутагттай яагаад тийм гүн сэтгэлийн холбоотой, ижил сонирхолтой байсныг илүү сайн ойлгосон юм даа. Учир нь тэд хоёулаа судалгаа шинжилгээнд маш нямбай, нухацтай ханддаг, аливаа зүйлийг яг таг, нарийн мэдэхийг эрмэлздэг, үг хэллэг бүрийг утга санаандаа яг цав нийцэж байхыг хичээдэг эрдэмтэн хүмүүс байжээ. Бас хошин шогийн мэдрэмж өндөртэй хүмүүс байж, хэн нэгийг наргиантай юм ярихад хоёулаа элгээ хөштөл инээдэг байсан гэдэг. 

Бас хоёулаа яруу найрагт дуртай хүмүүс байв. Өвөөгийн маань дүү шүлэг найргаараа их алдартай болохоор би түүнийг яруу найрагч гэж боддог байлаа. Сүүлд мэдэх нь ээ, өвөө маань ч гэсэн шүлэг найрагт хачин их хайртай хүн байжээ. Ямар сайндаа, Монголд наадмаар бөх барилдахыг үзсэнээ хуучлахдаа “Бөхчүүд барилдаж, нэг нь давах нь тодорхой. Гэхдээ бөхийн цол дуудах нь дэвжээн дээрх барилдаанаас илүү чухал. Учир нь хамгийн уран яруу цоллуулсан бөх жинхэнэ ялагч байдаг” гэж хэлсэн байдаг юм.

-Түүхэн том зүтгэлтнүүдийн гэр бүлийн өвийг тээж, “Латтимор” гэдэг нэрийг хамгаалж, олон нийтийн өмнө түүхийг нь таниулж явах нь нэр төрийн хэрэг ч нөгөө талаар маш том хариуцлага, ачаа. Та өөрийн хувийн амьдрал, карьер, сонирхол болон энэхүү гэр бүлийнхээ түүхэн өв уламжлалыг хамгаалах ажлын хоорондох тэнцвэрийг хэрхэн хадгалж ирэв? Анн Латтимор Прайс яг хувь хүнийхээ хувьд юунд хамгийн их дуртай, ямар сонирхолтой хүн бэ?

-Би бүр их сургуулийн хоёрдугаар дамжаанаас эхлэн англи хэл, уран зохиолын чиглэлээр суралцаж, улмаар ахисан түвшний сургалтад хамрагдан, энэ чиглэлд олон жил гүнзгийрүүлэн суралцсан юм. Өвөөгийнхөө адил би ч бас хэл шинжлэл, уран зохиолд үнэн голоосоо дуртай. Би дотроо “Би хэзээ ч өвөөгийнхөө хэмжээнд хүрч чадахгүй байх” гэж бодовч “Өвөө шигээ агуу хүн болохсон” гэсэн мөрөөдөл тээж, түүнийхээ төлөө хичээж байв. Нэлээд сүүлд амьдралыг таньж мэдэхийн хэрээр “Би заавал өвөөгөө дуурайх албагүй, зөвхөн өөрийнхөөрөө л байх хэрэгтэй юм байна. Учир нь өвөөгийн туулсан амьдрал, түүний орон зай бол миний амьдралдаа хүрч чадах тэр хэмжүүрээс тэс өөр, бүхэл бүтэн өөр цаг үе, өөр цар хүрээнийх юм байна” гэдгийг ухаарч билээ. Миний амьдралын хамгийн том баяр баясгалан, аз жаргал бол ханьтайгаа гэрлэж, хоёр сайхан хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн минь юм. Би их сургууль төгсөж, эрдмийн зэрэг хамгаалсан ч гэлээ, амьдралаа эргээд нэг харахад миний хамгийн эрхэм, хамгийн үнэ цэнтэй зүйл бол миний гэр бүл билээ. 

Би Монголд ирснээр өмнө нь мэддэг байснаасаа хавьгүй ихийг олж мэдлээ. Тиймээс энд ирснээсээ хойш үзэж харсан, таньж мэдсэн бүх зүйлээ үр хүүхдүүддээ заавал хэлж захих ёстой гэдгээ ойлголоо. Монголд биеэрээ ирж байж л өвөөгөө Монгол Улсад асар их нэр хүндтэй, чухал хүн байсныг чин сэтгэлээсээ мэдэрч, бас ухаарлаа. Одоо надад маш том хариуцлага ноогдож байна. Би гэртээ хариад нас биед хэдийнээ хүрсэн хүүхдүүдтэйгээ тухлан сууж, элэнц өвөөгийнх нь тухай, түүний дотны анд Дилав хутагтын тухай бүх түүхийг хүүрнэх болно. Тэдний бидэнд үлдээсэн үнэт өвийг ухааруулан хэлж, өвлүүлэн үлдээх ухамсарт үүрэг намайг хүлээж байна.

Дилав хутагтын гарын хөөрөг | Монголын Үндэсний музей

-Тийм ээ, таньтай ийнхүү ярилцах үнэхээр таатай байна. Мөн та бүхэн энэхүү агуу өв уламжлалыг үеэс үедээ залгамжлан авч явааг үнэхээр их хүндэтгэж, талархаж байна?

-Би өмнө нь энэ өв уламжлалыг үргэлжлүүлнэ гэдэг нь заавал яруу найрагч эсвэл их сургуулийн профессор болох явдал гэж боддог байлаа. Гэвч одоо бол тэгж бодохоо больсон. Энэхүү өвийг залгамжлан үлдээнэ гэдэг нь Оуэн Латтимор болон Дилав хутагт хоёрын хамтдаа болон бие даан хийж бүтээсэн тэр бүх агуу үйлсийг үнэн зүрхнээсээ гүн гүнзгий ухаарч, танин мэдэх явдал юм байна гэж бодох болсон. Тэдний тэрхүү зүтгэл л Монгол Улс тусгаар тогтнолоо хадгалж үлдэх, улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болох тэрхүү түүхэн боломжийг бүрдүүлсэн юм шүү дээ.

-Таны өвөө Оуэн Латтимор бол Монголын түүх, соёлыг барууны ертөнцөд таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан эрдэмтэн. Таны хувьд өвөөгийнхөө энэхүү соёлын болон эрдэм шинжилгээний өвийг залуу үед өвлүүлэх, Монгол-Америкийн харилцааг урлаг, соёлоор дамжуулан улам ойртуулахад цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Миний хамгийн гол зорилго бол энд ирэхээсээ өмнө өөрөө ч мэддэггүй байсан тэр бүх нандин түүх, нарийн нандин зүйлсийг хүүхдүүддээ танин мэдүүлж, тэд маань энэ мэдлэгийг цааш нь өвлөн тээж, магадгүй миний өвөөгийнх шиг, манай гэр бүлийнх шиг тийм гүн хайраар Монгол орныг хайрладаг болоосой гэж хүсэж, үүний төлөө л хамаг анхаарлаа хандуулах явдал юм даа.

-Дилав хутагт болон Оуэн Латтимор нарын нөхөрлөл, түүхэн холбоо, гэр бүлийн нандин дурсамжаас хуваалцсанд тань баярлалаа. Монгол Улсын түүх, тусгаар тогтнолд танай гэр бүлийн оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй билээ. Үр хүүхдүүддээ энэ агуу түүхийг өвлүүлэн үлдээх эрхэм үйлсэд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Та бүхэнд баярлалаа. Надад ч мөн та бүхэнтэй ярилцаж, үнэ цэнтэй асуултуудад хариулахад таатай байлаа.

Р.БОЛОР

Ц.ТАМИР

Гэрэл зургийг: О.УЛСБОЛД

Зураг авалтыг: Г.ЗОЛБОО

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

уншиж эхлэх гэсэн чинь л алдаатай үг гарч ирээд, нэгэн цагт та сонсож асан Монголд, гэсэн нь юу гэсэн үг юм болоо, сонсож байсан гэж бичих гэсэн юм болов у, монгол маань монголоороо л байгаа биз дэ, асан болчихоогүй биз дэ,

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. Явж явж, эцэстээ "COMMON SENSE(АМЬДРАЛЫН САРУУЛ ЭРҮҮЛ УХААНГ)" таньсан~мэдсэн~мэдэрсэн, юм гээчийн ухагдахуунг~агуулагдахуунг~ойлгодохуунг болон аливаан ухаарлыг~сэхээрлийг~ойлголлыг БИЙ ХҮНДИЙН ЗҮЙГЭЭР~ЗӨВӨӨР, БОДИОР~ БИЕТЭЭР~ЖИНХЭНЭЭР, БАРЬЦТАЙ~БАРИЛТАЙ~БАРИМЖААТАЙ БОЛЖ ТОГТСОН НЬ, ХҮН СУРЧ~СУРАЛЦАЖ БОЛОВСРОХ ТУСМАА Л "ЧУХАМ ҮНЭНД"~""АМЬДРАЛЫН САРУУЛ ЭРҮҮЛ УХААНД" ДӨТӨЛДӨГ~ДӨХДӨГ~ОЙРТДОГ "ЮМ БАЙНА" ГЭДГИЙГ БИЙ БИЕЭРЭЭ ЯМАРТАА Ч ГЭЛЭЭ ТУУЛААД ХҮРЭЭД ЯВЖ БУЙ БҮСГҮЙ ЮМДАА гэдэг нь бат нот санагдаж үзэгдлээ ГЭЖ. ЖИЧ: Сайхан ярилцлага болж. Р. Болор, Ц.Тамир, гэрэл зургийг О.Улсболд, зураг авалтыг Г.Золбоо гэх хүмүүстээ Гялайлаа.

Зочин
Зочин

Тэр их хүмүүний хэрэглэж бсан хөөргийг эх нутагт нь авчирч өгсөн таньд баярлалаа.

Зочин
Зочин

SELECT * FROM Users WHERE Username = admin AND Password = --'

ДарьСүхбаатар
ДарьСүхбаатар

Эртийн Сайхан Ерөөл гэж ийм ажгуу

ДарьСүхбаатар
ДарьСүхбаатар

Эртийн сайхан ерөөл гэж байдаг билээ л
Индиан хэмээн нэрлэгдсэн дээдэсийн уугуул орон Ами-Эрэгт амин учир бий

Зочин
Зочин

Ийм түүхийг уншихаар Монголынхоо төлөө зүтгэсэн хүмүүсээр бахархах юм

Зочин
Зочин

Дилав хутагтын хөөрөг эх орондоо ирсэн нь үнэхээр бэлгэшээлтэй үйл явдал байна

Зочин
Зочин

Анн Латтиморын ярианаас их ухаан, хүндлэл мэдрэгдлээ

Зочин
Зочин

Монголыг ингэж хайрлаж хүндэлдэг гадаад хүмүүс байсныг мэдэх сайхан юм

Зочин
Зочин

Өвөө эмээгийнхээ түүхийг ингэж хадгалж яваа нь үнэхээр гоё

Зочин
Зочин

Ярилцлагыг бүтэн уншлаа их уянгатай сайхан байжээ

Зочин
Зочин

Монголын байгалийг ингэж дүрсэлсэн нь сэтгэл хөдөлгөм санагдлаа

Зочин
Зочин

Дилав хутагтын тухай улам ихийг мэдмээр боллоо

Зочин
Зочин

Ийм нөхөрлөл түүхэнд үлддэг байх нь ээ

Зочин
Зочин

uneheer setgel hodlom saihan yariltslaga bn

Зочин
Зочин

Dilav hutagtiin tuhai sonsoh tusam hundetgel toroh yum

Зочин
Зочин

Mongoliin baigaliig mash goe ilerhiilsen bn

Зочин
Зочин

Mongold irsen ni bidend hurtel baharhal turuulj bn

Зочин
Зочин

Mongol hunii setgelgeeg mash saihan medersen yum shig sanagdlaa

Зочин
Зочин

Yaruu nairgiin hel gedgiig unshaad setgel hudluu

Зочин
Зочин

Mongoliin tusgaar togtnold oroltsoj baisan gedeg ni gaihaltai

Tugs
Tugs

Их сайхан ярилцлага бн. Баярлалаа.

Зочин
Зочин

Мундаг

Холбоотой мэдээ

Back to top button