Өнөөдөр | Улаанбаатар хотноо 197 орны зочид, төлөөлөгч чуулах СОР17 хурал албан ёсоор эхэлж байна
Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн улс орнуудын шийдвэр гаргагчид, эрдэмтэд, бизнесийн төлөөлөл, иргэний нийгэм болон малчид нэг дор чуулж, шийдэл эрэлхийлэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна.
Монгол Улсад анх удаа зохиогдож буй энэхүү хурлаар, дэлхийн хэмжээнд хурдацтай нэмэгдэж буй газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, усны нөөцийг хамгаалах, бэлчээр болон хүнсний тогтолцоог тогтвортой болгох асуудлыг хэлэлцэнэ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын мэдээллээр Монгол Улсын 1.56 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийн бараг 77 хувь нь газрын доройтолд өртсөн байна. Тиймээс COP17-г Монголд зохион байгуулснаар зөвхөн Монголын цөлжилтийн асуудалд бус, хуурай бүс нутгийн бэлчээр, малчдын амьжиргаа, усны хомсдол, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудалд дэлхий нийтийн анхаарлыг төвлөрүүлэх боломж бүрдэх юм.
COP17 Монгол Улсад зохион байгуулагдаж буй нь бас нэг онцлогтой бөгөөд НҮБ-аас 2026 оныг “Олон улсын бэлчээр ба малчдын жил” болгож, уг санаачилгыг Монгол Улс дэвшүүлэн ажилласан билээ.
Дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг бэлчээр эзэлдэг бөгөөд ойролцоогоор 500 сая хүний амьжиргаа бэлчээртэй шууд холбоотой байдаг. Гэсэн хэдий ч бэлчээр нь газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд улам их өртөж буй экосистемийн нэг болсоор байгаа юм. Иймээс COP17-гийн хүрээнд бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, малчдын амьжиргааг хамгаалах, уламжлалт мэдлэгийг шинжлэх ухаан, орчин үеийн технологитой хослуулах асуудал чухал байр суурь эзэлнэ.
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP) болон “Торгоны замын жингийн цуваа” малчдын тунхаглалуудыг КОП17-д хүргэснээр өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаа эхлэх юм.
Мөн КОП17-ын анхны хуралдаанаар чуулганыг албан ёсоор нээж, Ерөнхийлөгчийг сонгоно. Мөн шинээр сонгогдох КОП17-ын Ерөнхийлөгч, UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, бүс нутгийн болон сонирхлын бүлгүүд, иргэний нийгмийн төлөөлөгчид үг хэлнэ.
Илтгэгчид:
- Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, КОП17-ийг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад
- Монгол Улсын Гадаад харилцааны сайд, UNCCD КОП17-ийн Ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Батцэцэг
- Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчны дэд сайд, UNCCD КОП16-ийн Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Осама Факеха
- Мариолди Санчес Сантиваньес - Латин Америк ба Карибын тэнгисийн бүс
- Эллен Отару-Окоэдион - Африк
- Амия Прапан Чакра Борти - Ази
- Энди Моррис - Баруун Европ
- Сопико Бабалашвили - Төв ба Зүүн Европ
Хэвлэлийн бага хурлаар КОП17-ын тэргүүлэх чиглэл, хүлээгдэж буй үр дүн, Монгол Улсын бага хурлын талаарх алсын хараа, UNCCD КОП16-ын Ерөнхийлөгчийн үүргийг КОП17-д шилжүүлэх үйл явц, мөн ирэх хоёр долоо хоногт Засгийн газруудын хэлэлцэх гол асуудлуудыг танилцуулна. Түүнлэн КОП17-ийн хэлэлцээ эхэлж буй энэ үедиргэний нийгмийн байр суурь, тэргүүлэх чиглэлүүдийг онцлон танилцуулах аж.
Сэдэвчилсэн өдрүүд
- Санхүүгийн өдөр - 8 дугаар сарын 24: Газрын нөхөн сэргээлт, ганыг тэсвэрлэх чадварт чиглэсэн төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
- Усны өдөр - 8 дугаар сарын 25: Ганыг тэсвэрлэх чадварыг бэхжүүлж, газар ба усны харилцан хамаарлын асуудлын талаар хамтын ажиллагааг өргөжүүлэх.
- Газар ба хүмүүсийн өдөр - 8 дугаар сарын 26: Газрыг нөхөн сэргээх, тогтвортой удирдахад малчид, нутгийн иргэд, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучуудын гүйцэтгэх үүргийг онцлох.
- Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр - 8 дугаар сарын 27: Хүнсний аюулгүй байдал, тэсвэртэй амьжиргааг бэхжүүлэхийн тулд эрүүл хөрс, тогтвортой хүнсний тогтолцоог дэмжих зэрэг агуулгуудаар хэлэлцэх юм.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.