220, 380 вольтын сүлжээтэй айл өрхүүдэд шөнийн тариф ижил үйлчилнэ

Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өчигдрөөс буюу арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хөнгөлөлт ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрт үйлчлэх юм.
Шөнийн тарифын хөнгөлөлтийг нийслэл Улаанбаатар хот болон 10 мянгаас дээш хүн амтай аймгийн төв, суурин газрын айл өрхүүдэд үзүүлнэ.
Хүчдэлийн түвшин буюу 220 болон 380 вольтын сүлжээнд холбогдсон эсэхээс үл хамааран сард 1500 кВт.ц хүртэлх цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрийг 100 хувь хөнгөлөхөөр болжээ. Өмнөх жилүүдэд 220 болон 380 вольтын сүлжээнд холбогдсон айл өрхүүдэд хөнгөлөлтийн хэмжээ ялгаатай үйлчилдэг байсан бол энэ жилээс ижил нөхцөлөөр хамруулах болсон байна.
Ингэхдээ хэрэглэгч цагийн ялгавартай тоолууртай байх шаардлагатай бөгөөд тоолуурын тохиргоо, сэлгэн залгалтыг хийлгэх хэрэгтэйг анхаарууллаа. Шөнийн тарифын хөнгөлөлт нь агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан халаалтад шилжүүлэх зорилготой бөгөөд энэ жил нийт 266 мянган өрхийг хамруулахаар төлөвлөжээ. Хөнгөлөлтөд 94.8 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд хамрагдах өрхийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хотынх байна.
Харин сард тогтоосон 1500 кВт.ц хэрэглээнээс давсан цахилгааны төлбөрт хөнгөлөлт үйлчлэхгүй. Нийт хамрагдах өрхийн ойролцоогоор гурван хувь нь тогтоосон хэмжээнээс илүү цахилгаан хэрэглэдэг аж. Мөн шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний төлбөрийн өр, үлдэгдэлгүй айл өрхүүд хамрагдахыг анхаарууллаа.
Түүнчлэн цахилгааны тоолуурын баталгаажуулалтыг найман жил тутамд хийдэг бөгөөд одоогоор энэ ажил үргэлжилж байна. Баталгаажуулалтад хамрагдсан хэрэглэгчдийн төлбөрийн нэхэмжлэлд үйлчилгээний хураамж нэмж тусгагдах тул нэхэмжлэлээ нягталж, цахилгааны төлбөрөө хугацаанд нь барагдуулахыг зөвлөжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.