Нийгмийн

Халуун кофе, дулаан сэтгэлээр үйлчлэх "Нарны хүүхдүүд"

"Зориг сан"-гийн хашаан дотор байрлах “Инээмсэглэл” кофе шопт ороход С.Тэмүүлэн, Д.Отгонбаяр нар ээлжийн ажлаа хийж байлаа. С.Тэмүүлэн кофе шопт ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд өдгөө бүх төрлийн кофе хийж чаддаг болжээ. Тэрбээр үйлчлүүлэгчдийн захиалгыг авч, кофегоо бэлтгэнэ. Харин Д.Отгонбаярын хувьд энэ ажилд ороод удаагүй байгаа ч анхны цалингаа авах өдрөө тэсэн ядан хүлээж буй. Энэ бол зүгээр нэг кофе шоп биш. Дауны синдромтой залуус ажил хөдөлмөр эрхэлж, бусадтай харилцан, бие даан амьдрах чадвараа хөгжүүлж буй ээлтэй орчин юм.

Энд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтран нэхмэл тоглоом, шүрэн гоёл чимэглэл болон гар урлалын бүтээл урладаг. Ээжүүд нь тоглоомоо нэхэж, хүүхдүүд доторх хөвөнг нь чихэж өгнө. Мөн хүүхдүүдийн зурсан зургийг даавуун торон дээр хэвлэж, шигтгээн наамал зэрэг өөрсдийн гараар бүтээсэн бүтээгдэхүүнээ кофе шопдоо дэлгэн худалдаалдаг. Үйлчлүүлэгчид тэдний бүтээлийг сонирхон худалдан авч, захиалга ч өгдөг аж. Энэ бүхний цаана хүүхдүүддээ хөгжих боломж олгох, ээжүүдэд орлого олох нөхцөл бүрдүүлэх, Дауны синдромтой хүмүүсийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах гэсэн гэгээн зорилго бий.

-Хүүгээ дагуулаад гарахад хүмүүс "эвэртэй туулай" харсан мэт гайхаж хардаг байсан-

Дауны синдромтой иргэдийг “Нарны хүүхдүүд” хэмээдэг. Гэхдээ тэднийг үргэлж инээмсэглэдэг, уурладаггүй хүмүүс мэтээр төсөөлөхөөс илүүтэй бусдын адил өөрийн гэсэн зан чанар, хүсэл мөрөөдөл, суралцах чадвартай хувь хүн гэдгээр нь хүлээн зөвшөөрөх нь чухал. С.Тэмүүлэнгийн ээж Б.Хишигжаргал хүүгээ багаас нь нийгмийн харилцаанд оруулж, бусдын дунд бие даан амьдрахад нь сургахыг хичээжээ.

Гэвч анх хүүгээ дагуулаад гадуур явахад хүмүүс гайхаж, цочирдсон мэт эргэж харах нь олон байв. Тэрбээр “Хүүхдээ дагуулаад гарахад хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаж хардаг байсан. Зарим нь халдварт өвчтэй хүүхэд байгаа мэт хандаж, зайгаа барина. Дауны синдромтой хүүхдүүдийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй андуурч ойлгох тохиолдол ч байдаг. Гэтэл эдгээр хүүхэд маань бусдын адил хайрлуулах, харилцах, нийгэмд оролцох эрхтэй” хэмээн ярив. Хүүхдээ нийгмийн харилцаанд оруулж, бусадтай хамт ажиллуулж, сурч хөгжих боломж олгохыг хүсдэг ч хүмүүсийн хандлага, ойлголтын зөрүү эцэг эхчүүдэд бэрхшээл учруулдаг байна. “Хүүхдүүдийг маань нийгэм хүлээж авахгүй бол тэд буцаад л гэртээ орно. Ганцаараа байхдаа уйтгарлаж, бусадтай хамт байхдаа илүү нээлттэй болдог. Тиймээс бид хүүхдүүдээ олны дунд байлгаж, өөрсдийгөө илэрхийлэх боломж олгохыг хүсдэг” гэж Б.Хишигжаргал хэллээ.

Ээжийнхээ бахархал болсон С.Тэмүүлэн 26 настай. Тэрбээр “Инээмсэглэл” кофе шопт ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд өдгөө бүх төрлийн кофе хийж чаддаг болжээ. Өдөр тутмын ажлаа хийж, үйлчлүүлэгчидтэй харилцан, хөдөлмөрийн дадлага туршлагаа нэмэгдүүлж байгаа нь түүний бие даах чадварыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Тэмүүлэнгийн хувьд гэр бүл, хайртай хүмүүс нь амьдралынх нь хамгийн чухал хэсэг.

Түүний хамгийн хайртай хүн бол Номио хэмээх найз охин нь. Тэрбээр Номиогийнхоо тухай ярихдаа хайр дүүрэн инээмсэглэж, түүнийг хэчнээн эрхэм хүн болохыг илэрхийлж байлаа. Мөн ээждээ тусалж, дэлгүүрээс талх, сүү авч өгдөг гэнэ. Ээжийнхээ дэргэд байж, гэр бүлийнхэндээ туслах нь түүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг юм.

Дауны синдром нь халдварладаг өвчин биш бөгөөд 21 дэх хромосомын нэмэлт хувьтай холбоотой генетикийн онцлог юм. Дауны синдромтой хүн бүрийн хөгжлийн онцлог, суралцах чадвар харилцан адилгүй ч тохирсон дэмжлэг, сургалт, хүртээмжтэй орчин бүрдсэнээр уншиж, бичиж сурах, урлаг, спортоор хичээллэх, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой.

Үүний тулд хүүхдүүдэд сургалт, хөгжлийн дэмжлэг үзүүлэхээс гадна нийгмийн хандлагыг өөрчлөх шаардлагатай. Хүн бүр ижил чадвартай, ижил хурдаар хөгжих албагүй ч бусадтай харилцах, суралцах, хөдөлмөрлөх боломжтой байх ёстой.

“Ээждээ би орчлонгоос ч илүү хайртай”

Д.Отгонбаяр гурван дүүгийн ах бөгөөд багаасаа дүү нараа харж, ээждээ тусалж иржээ. Дүү нарынхаа живхийг сольж, бохирдсон даавууг нь угааж, сургуульд нь хүргэж өгөх зэрэг гэр бүлийн өдөр тутмын ажилд оролцдог байсан байна. Отгонбаяр автобусны чиглэл, байршлыг UB Card аппликейшнээр шалгаж, дүү нараа автобусанд суулгах, тосож авах, сургуульд нь хүргэж өгөх зэрэг ажлыг түүртэлгүй хийдэг аж. Энэ бүхэн түүнийг гэр бүлийнхээ амьдралд хэрхэн оролцож, хариуцлага үүрч ирснийг харуулна.

Тэрбээр “Инээмсэглэл” кофе шопт ажилд ороод удаагүй байгаа бөгөөд анхны цалингаа авахаараа дүү нартаа KFC авч өгч, ээждээ сүү авч өгөхийг хүсэж байгаа гэнэ. “Ээждээ би дэндүү их хайртай. Орчлонгоос ч илүү хайртай” хэмээн Отгонбаяр хэлсэн юм. Энгийн мэт сонсогдох энэ хүсэл түүний хувьд хөдөлмөрлөж олсон орлогоороо гэр бүлдээ баяр баясгалан бэлэглэх, ээждээ туслах гэсэн чин сэтгэлийн илэрхийлэл байлаа.

Түүний ээж Эрдэнэцэцэг хүүгээ дауны синдромтой гэдгийг мэдсэнээс хойш ажлаасаа гарч, хүүхдээ гэртээ асрах шаардлагатай болсон гэв. Түүний хэлснээр, ийм нөхцөлд гэр бүлийн хоёрын нэг нь ажлаа орхиж, хүүхдийнхээ асаргаа, хөгжилд анхаарах хэрэгцээ үүсэх нь элбэг. Ингэснээр ээжүүдийн ажил хөдөлмөр эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагддаг байна. Тэд Монголд Дауны синдромтой иргэдийн холбоо байгуулахад оролцож байсан гэр бүлүүдийн нэг аж.

Нөхөр нь гурван жилийн өмнө нас барснаас хойш хүү нь аавыгаа ихэд санаж, бүтэн жилийн турш сэтгэлээр унаж шаналжээ. Ээж нь хүүгээ бие даан амьдрах чадвартай, бусдын нөлөөнд автахгүй, амьдралын бэрхшээлийг даван туулах дадалтай болоосой гэсэн чин хүсэлтэй. “Би хүүдээ хатуу бэрх ямар ч ажил байсан хийж сургая гэж боддог. Эр хүн учраас амьдралын хатуу хөтүүг үзэж, өөрийгөө авч явах чадвартай болоосой гэж хүсдэг” хэмээн тэр хэлэв.

Тиймээс хүүгээ машин угаалга, авто зах, сүлжээ дэлгүүр зэрэг газарт ажиллуулж, янз бүрийн ажлын орчинтой танилцуулж байжээ. Сүлжээ дэлгүүрт цагийн ажил хийж байхдаа Отгонбаяр хамт ажилладаг охидтой танилцаж, нэрийг нь асууж, харилцахыг хүснэ. Харин түүний эелдэг занг зарим хүн буруугаар ойлгож, өөрийг нь сонирхож байна гэж сөрөг ханддаг байжээ. Хүүгээ зах дээр хог ачих ажилд хүртэл ганцааранг нь ажиллуулж, бие даалгахыг хичээнэ.

Гэвч зарим хамт ажиллагсад нь хүүгээр ихэнх ажлаа хийлгээд өөрсдөө гадуур дотуур сэлгүүцэх тохиолдол ч гарсан гэнэ. Мөн түүнийг туршлагагүй, аливааг шууд хүлээн авдаг байдлыг нь ашиглан архи дарс, бэлгийн харилцаатай холбоотой зохисгүй асуулт асууж байжээ. Хүү нь гэртээ ирээд “Ээж ээ, хүнтэй унтах гэдэг нь юу юм бэ?” гэж асуухад ээж нь ямар орчинд ажиллаж, ямар яриа сонссоныг нь ойлгосон байна. “Би хүүгээ юу ч байсан хийж сургая гэж боддог. Гэхдээ ажилд явуулах бүрд нь өөрийг нь ашиглах вий, буруу үлгэр дуурайлал үзүүлэх вий гэж санаа зовдог.

Би хорвоогоос түрүүлж яваад өгнө. Харин миний дараа хүүтэй минь хамт үлдэх хүмүүс ямар байх бол гэж бодохоор хэцүү” хэмээн Эрдэнэцэцэг сэтгэл зовниж байгаагаа хэлсэн юм. Энэ бол зөвхөн нэг ээжийн айдас биш. Хүүхдээ бие даалгахыг хүсдэг ч нийгмийн орчинд аюулгүй ажиллаж, амьдрах боломжид нь эргэлздэг олон эцэг эхийн өмнө тулгардаг асуудал юм. Бие даах чадвар эзэмшүүлэхийн зэрэгцээ тэднийг мөлжлөг, ялгаварлан гадуурхалт, зохисгүй харилцаанаас хамгаалах нь чухал.

Дууны нэр, ая зохиогчийг цээжээр мэддэг Отгонбаяр хайрын тухай дуу сонсох дуртай. Тэрбээр дууны нэрээс гадна дуучин, үг, ая зохиогчийн нэрийг цээжээр хэлж чаддаг аж. Түүний хамгийн дуртай дуунуудын нэг нь дуучин О.Гансувдын “Миний ээж хөөрхөн” дуу. Мөн “Харц булаам” зэрэг хайрын дуунд дуртай гэнэ. Тэрбээр усан сэлэлтийн спортоор хичээллэдэг бөгөөд аав шигээ ноён нуруутай, сайхан эр хүн болохыг мөрөөддөг гэлээ.

Дауны синдромтой хүмүүсийн нийгэмшил хөгжилд дуурайж суралцах, давтаж дадлага хийх боломж чухал үүрэгтэй. Тэдний чадвар, сонирхолд тохирсон сургалт, дасгал хөдөлгөөн, спортын орчин бүрдүүлбэл олон төрлийн үйл ажиллагаанд оролцож чадна. Усан сэлэлтээс гадна ширээний теннис, хөлбөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортоор хичээллэж, өөрийн чадвараа хөгжүүлэх боломжтой.

Кофе шопоор үйлчлүүлж буй хүмүүсийн дэмжлэг ч энэ үйл ажиллагаанд чухал үүрэгтэй аж. Тэдний нэг нь залуусын бэлтгэсэн кофег авч, гар урлалын бүтээлүүдийг нь сонирхон худалдан авдаг үйлчлүүлэгч байлаа. Тэрбээр “Энд ирэхээрээ зөвхөн кофе уугаад гарах биш, залуусын хөдөлмөрийг дэмжиж байгаагаа мэдэрдэг. Тэд өөрсдөө кофе бэлтгэж, үйлчлүүлэгчидтэй харилцаж байгааг харах сайхан. Бид тэднийг өрөвдөхөөс илүүтэй хийж чаддаг зүйлд нь боломж олгож, хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй гэж боддог” хэмээн ярьсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button