УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Монголын парламент иргэдийн оролцооны үзүүлэлтээр 7 оноо авах ёстойгоос ганцыг л авчээ

Азийн парламентын нээлттэй байдлын холбоо (AAPO)-ноос боловсруулсан Тайландын Бангкок хотноо танилцуулсан Азийн парламентын нээлттэй байдлын индекс (APOI)-ийн анхны үр дүнгээр Монгол Улсын Их Хурал 32 онооноос 16.75 буюу 52.34 хувийн үнэлгээ авчээ.

Азийн 10 улсын иргэний нийгмийн байгууллага, судлаачид хамтран боловсруулсан уг индексээр Монгол, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Тайланд, Индонез, Малайз, Филиппин, Шри Ланка гэсэн есөн улсын үнэлгээ нийтлэгдэв. Парламентын нээлттэй байдлыг мэдээллийн ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцоо гэсэн гурван чиглэлийн 32 үзүүлэлтээр үнэлсэн уг индекс нь парламент зөвхөн ямар мэдээлэл нийтэлж байгааг бус, иргэд сонгосон төлөөлөгчдөө хянах, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж хэр бүрдсэнийг хэмжих зорилготой. Уг индексийг Өмнөд Солонгос 90.8 хувийн үнэлгээгээр тэргүүлжээ.

Монгол Улсын хувьд 32 онооноос 16.75 буюу 52.34 хувийн үнэлгээ авсныг задалж харвал Мэдээллийн ил тод байдал - 67% (14.75/22), Эгэх хариуцлага - 33.3% (1/3), Иргэдийн оролцоо - 14.3% (1/7) гарсан байна. Өөрөөр хэлбэл, манай парламентын хамгийн анхаарал татах үзүүлэлт нь иргэдийн оролцооны үнэлгээ юм.

Энэ үзүүлэлтээр авах ёстой долоон онооноос ердөө нэгийг авсан бол иргэдийн санал, хүсэлтэд хэрхэн хариу өгсөн тухай үр дүнг буцаагаад хариу нийтлэх, УИХ-ын чуулганыг биечлэн ажиглах боломж, парламентын ордон болон цахим хуудасны хүртээмжийн стандарт зэрэг таван үзүүлэлтээр огт оноо аваагүй байна.

Түүнчлэн гишүүдийн ашиг сонирхлын зөрчил, санал хураалтын мэдээллийг тухай бүр нийтлэх, ажлын албаны ажилтнуудын мэдээлэл, гишүүдийн цалинтай холбоотой зардал болон парламентын төсвийн зарцуулалтын тайлагнал гэсэн үзүүлэлтээр оноо аваагүй нь цаашид анхаарахаас аргагүйг харуулж байна.

Харин чуулган, Байнгын хорооны тэмдэглэл хугацаандаа нийтлэгдэхгүй, хуулийн төсөл болон төсөвт оруулсан өөрчлөлтийг хянахад хүндрэлтэй зэрэг асуудал хэвээр байгааг өөрчлөхөөр УИХ-ын Тамгын газраас Нээлттэй парламент платформыг хөгжүүлэн, саяхнаас ашиглаж эхлээд буй. Азийн парламентын нээлттэй байдлын индекстэй танилцах бол энд дарж үзнэ үү.

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

УБаар дүүрэн тагнуулч болж бга гэж онгирсон хүмүүс

Холбоотой мэдээ

Back to top button