Б.Түвшинтэй хамтрах шинэ дэд дарга нар сонгогдлоо
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшин сонгогдон ажиллаж буй. Түүнийг бүлгийн дарга болсноос хойших хоёр долоо хоног дараалан ирц хүрээгүй шалтгаанаар бүлэг хуралдаж чадаагүй. Мөн өнгөрсөн долоо хоногт АН-ын дэд дарга Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Х.Тэмүүжин нар дэд даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.
Тэгвэл өнөөдөр Б.Түвшинг бүлгийн дарга болсноос хойших анх удаа АН-ын бүлэг хуралдав. Энэ үеэр шинэ дэд дарга нарыг сонгожээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр нарыг тус тус 91.6 хувийн саналаар сонгосон байна.
Улсын Их Хурлын дэд даргын үүргийг 2024 оны 5 дугаар сарын 16-нд баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлд заасан.
Хуулийн 14.4-т заасан чиг үүрэг
- Байнгын, дэд хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулах.
- Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээ хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих.
- Улсын Их Хурлын даргаас хуваарилсан, даалгасан чиг үүргийг биелүүлэх.
- Хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
Даргыг орлох. Улсын Их Хурлын дарга түр эзгүй үед дэд дарга түүний үүргийг гүйцэтгэнэ. Ингэхдээ даргын даалгавраар орлоно (14.5).
Бусад заалтаар хүлээх үүрэг
- Зөвлөлийн гишүүн (13.4). Зөвлөл Улсын Их Хурлын даргын дэргэд ажилладаг. Чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал, долоо хоногийн хуралдааны тов, Улсын Их Хурлын төсөв зэргийг тэнд зөвшилцдөг. Дэд дарга Зөвлөлд Улсын Их Хурлын дарга, нам, эвслийн бүлгийн дарга, Байнгын хороодын даргын хамт ордог.
- Даргатай холбоотой хуралдааныг даргалах. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэж дүгнэвэл тэр дүгнэлтийг хэлэлцэх нэгдсэн хуралдааныг олонхын бүлгээс сонгогдсон дэд дарга даргална. Даргыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг хэлэлцэхэд ч мөн адил. Энэ нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 86.2, 85.2-т заасан.
О.ОНОН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100 ямаанд 60 ухна.