Data: Төсвөөс 7 тэрбумыг авна гэгдсэн 3 сургуулийн нэг "Их засаг кинг"-ийн захирал нь Ерөнхий сайдын ээж Ж.Цэцэгмаа
Энэ хичээлийн жилд "Гэрт ойр сургууль" хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж ₮50 тэрбумыг төсөвд тусгаад буй. Тус хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах гурван хувийн сургуулийн тоног төхөөрөмжийг сайжруулахаар ₮7 тэрбумыг тусгасан нь олны анхааралд орж, шүүмжлэл дагуулах болов. "Их засаг кинг", "Шинэ санаа", "Империал" зэрэг гурван сургууль яаманд хүсэлтээ өгсөн" гэж Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир хэвлэлд ярьсан.
Тэгвэл дээрх гурван сургууль нь Хан-Уул дүүрэгт байрлалтай байгаа нь анхаарал татаж байгаа юм. Дээрх гурван сургуулийн эздийг нээлттэй мэдээллийн сангаас хайж үзвэл, "Шинэ Санаа Боловсрол Групп"-д бүртгэлтэй "Шинэ санаа" сургууль нь 2024 оны наймдугаар сарын 27-нд нээлттэй мэдээллийн санд бүртгэгдсэн байна.
Харин "Их засаг кинг" сургуулийн эцсийн өмчлөгчийг нээлттэй мэдээллийн сангаас харвал 2025 оны хоёрдугаар сарын 13-нд Жамбалын Цэцэгмааг Гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгчөөр бүртгэжээ. Тус сургуулийн эцсийн өмчлөгч Ж.Цэцэгмаа нь ерөнхий сайд Н.Учралын ээж юм.
Энэ талаар тус сургуулийн захирал Ж.Цэцэгмаа "Бид төрөөс ямар ч санхүүжилт хүсэж авсан удаа байхгүй" хэмээн мэдэгдэл гаргаж, үгүйсгэв. "Их засаг кинг" сургууль нь 640 сурагчтай, нэг сурагчид шаардагдах хувьсах зардлыг ₮5,5 сая гэж тооцон нийт ₮3 тэрбум 520 саяын санхүүжилт төсөв дээр тавигдахаар байнгын хорооны хурлаар орж ирсэн юм.
Анх олон нийтэд өөрийн амаар мэдээлэл өгсөн Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир хэлсэн үгээ илт үгүйсгэх болов. Тэрбээр "Төрөөс зөвхөн хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай хувьсах зардлыг санхүүжүүлэх бөгөөд хувийн хэвшлийн сургуульд зориулан тоног төхөөрөмж худалдан авч өгөх эрх зүйн боломжгүй. Бид "Их засаг кинг" сургуульд санал тавьсан ч хүлээж аваагүй" хэмээн анх ярьсан зүйлээсээ илт өөр агуулга ярих болов.
Анх "Их засаг кинг" сургууль яаманд хүсэлтээ ярьсан хэмээсэн тэрбээр хэдэн цагийн дараагаар бид тус сургуульд хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй гэх. Төрийн чухал алба хашиж буй тэрбээр энэ үгнийхээ төлөө хариуцлага хүлээх үү. Эсвэл ерөнхий сайд өөрийн хамаарал бүхий сургуулиар дамжуулан төсвөөс мөнгө авах болж гал түүн рүү чиглэх үү.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
болимоор юмаа,бүгд адилхан төрөөс зулгаагчид
Арай ч дээ Учрал чинь бүр цайцан амьтан байнштээ