Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах хязгаарлалтын үеэр цагдаагаар ч, камераар ч жолооч нарын үйл хөдөлгөөн бүрийг анаж хянаад өдөр бүр шахам торгуулийн мессэж илгээн “14 хоног дотроо төлбөл 50% sale-тэй шүү” гэж шавдуулсаар байсан.
Сүүлийн үед 20 мянгын торгуулиа ядаж 50 хувь хөнгөлүүлээд 10 мянгаар нь ч болсон бушуу төлье гээд E-Mongolia аппликейшн руугаа орохоор төлж болохгүй байгааг Та анзаарсан уу. Гар утсан дээрх Төрийн банк зэрэг банкуудын апп-аараа ч жолооч нар торгуулиа нэмэлт хураамжгүй, эсвэл 100-200 төгрөгийн шимтгэлтэйгээр төлж болохоо больж.
Тэгсэн хэрнээ SmartCar болон Gerege систем зэрэг 2000 төгрөгийн үйлчилгээний хураамж суутган авдаг аппликейшнүүд нь болохоор зүгээр байгаад байдаг. Яагаад тэр вэ. Үүний цаана "Төр, хувийн хэвшлийн түншлэл"-ээр хөгжүүлсэн SmartCar зэрэг төслийн аппликейшн руу бүх торгууль, төлбөр тооцоог шилжүүлэх зорилго нуугдаж байна уу.
SmartCar аппликейшнээр торгуулиа төлөхөд үйлчилгээний хураамж гэх 2000 төгрөг нэмж авдаг учраас жолооч нар түүгээр төлбөр хийхээс татгалзан E-Mongolia, эсвэл банкны апп-аараа гүйлгээ хийдэг байсан. Гэтэл сүүлийн үед дугаарын тэгш, сондгой хязгаарлалттай зэрэгцээд автомашины торгуулиа цахимаар төлөх бусад хувилбар, сонголтуудыг хумьж, SmartCar апп-аар төлөхөөс аргагүй нөхцөл рүү түлхэх болж.
Тэгэх мөртөө SmartCar-аар хэд хэдэн удаагийн торгуулиа нэгтгэж төлж болохгүй, заавал тус тусад нь гүйлгээ хийнэ. Тэгээд торгууль тус бүрдээ 2000 төгрөгийн үйлчилгээний хураамж авч, зарим тохиолдолд Посын шимтгэл, гүйлгээний хураамж гээд дээрээс нь 700 төгрөг нэмэгдэж буй нь хэтэрхий шударга бус байгааг иргэд, жолооч нар нийгмийн сүлжээгээр эсэргүүцээд эхэлжээ.
Хиймэл оюунаар замын хөдөлгөөнийг алдалгүй хянадаг болсон гэх сүүлийн жил орчим хугацаанд Улаанбаатар хотын жолооч нар хаана, яагаад, ямар дүрэм зөрчсөний улмаас торгуулснаа ч мэдэхгүй байтал төр засгаасаа байн байн “гэнэтийн урилга” хүлээж авдаг болсон. Гэтэл дээрээс нь нэрмээд 10к торгууль төлөх гүйлгээ тутамдаа нэмээд 20 хувийн давхар хураамж төлөх болчхоод байхад хэн таатай байх билээ.
Ямар хууль, журамд үндэслэн 2000 төгрөг гэдэг үйлчилгээний хураамжийг хэн тогтоосон бэ? Гол нь энэ мөнгө хаашаа, хэний халаас руу орж байгаа вэ? Жолооч нар 14 хоног дотроо амжаад торгуулиа төлөх гээд данснаасаа 12 мянган төгрөг татуулсан байхад SmartCar апп дээр 10 мянгыг төлсөн гэж гарч байгаа нь ямар учиртай вэ?

Gerege системээр торгуулиа төлөхөд мөн л 2000 төгрөгийн хураамж нэмж авдаг ч ядаж задаргаагаа “1400 нь Гэрэгэ үйлчилгээний төлбөр, Гүйлгээний шимтгэл 300, Посын шимтгэл 300” гээд тодорхой байна. Хоёр удаагийн торгууль нийлүүлээд төлбөл Гэрэгэ үйлчилгээний төлбөр 2800, Гүйлгээний шимтгэл 600 болж нэмэгдэх жишээтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр хөгжүүлсэн төрийн байгууллагын апп-ууд яагаад ийм өөр өөр тарифаар үйлчилгээний хураамжаа тогтоосон, яагаад E-Mongolia шиг зарим нь нэмэлт хураамжгүй үйлчилгээ үзүүлдэг байхад болиулж орхив?
2016 оноос эхтэй SmartCar төслийн явц зүрхний бичээс шиг дээш, доош хэлбэлзэн бүдгэрч, тодорсоор ямартай ч таван жолооч тутмын 3-4 нь хэрэглэдэг болсон гэх. Ингээд 2023 онд "Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци" ХК төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд SmartCar төслийн уламжлалт бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр загварчилж, дахин хөгжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэснээ сүр дуулиантайгаар олон нийтэд зарлан мэдээлж байв. SmartCar нь системээр мэдээлэл, үйлчилгээ хүргэхэд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Монголбанк, Үндэсний дата төв, Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо зэрэг байгууллага хамтран ажилладаг.
Өдгөө SmartCar төслийн техникийн гүйцэтгэл болон системийг хариуцан ажиллаж буй компани нь анхны хөгжүүлэгч "Аствишн" ХХК хэвээр бөгөөд төслийн эзэмшил, менежмент, бизнесийн загварыг "Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци" ХК удирдаж байгаа аж.
Ийнхүү дахин шинэчилж хөгжүүлсэн SmartCar платформ нь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, “арилжааны” загвартай төсөл бөгөөд өөрийн хөрөнгөөр төслийг хэрэгжүүлсэн компани нь хөрөнгө оруулалтаа 10 жилийн хугацаанд нөхөх тооцоотой. Гэвч байсхийгээд систем доголдох зэргээр чамгүй асуудалтай тулгарч буй. Тухайлбал, SmartCar апп энэ оны эхээр хоёр сар гаруй ажиллахгүй байж байгаад тавдугаар сараас хэвийн ажиллаж эхэлснийг хүмүүс тэр бүр анзаараагүй байж мэднэ. Учир нь одоогийнх шиг өдөр тутам торгууль төлөх шаардлагаар SmartCar луу ханддаггүй, E-Mongolia-гаар төлчихдөг байсан учраас тэр.
Ямартай ч Та бидний торгууль бүр дээрээ нэмэлтээр SmartCar-ын үйлчилгээний хураамж гэж төлөөд байгаа 2000 төгрөг бол төр, хувийн хэвшлийн хамтарсан төслийн хөрөнгө оруулалтыг нөхөх, платформын үйлчилгээ,арчилгаа, дата баазыг тасралтгүй ажиллуулах үйлчилгээний хөлс болон давхар суутгагддаг болж таарлаа. Төр, хувийн хэвшлийн түншлэл нэрээр иймэрхүү янз бүрийн платформ, систем, апп хөгжүүлж татвар төлөгчдийн нуруун дээр төлбөрийн ачааллаа нэмж үүрүүлдгээ боль.
Нэгэнт өчнөөн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч дайчлан байж хөгжүүлсэн E-Mongolia апп-аараа бүх төрлийн үйлчилгээгээ авдаг баймаар байна, бид.

Л.Аргамжин












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
E-Mongolia-g shut gej bultaj baihaar emongoliagoo oligtoi ajilluulaachee
2000 tugrug bol arai ch dee, torguuli tutamaas avahaar yamar ih mungu boloh vv
Төр хувийн хэвшлийн түншлэл нэртэй хуйвалдаан шүү дээ энэ чинь
Torguuli iim ih bolchihood baihad shimtgelleer ni bas mungu hiih ym
Ene chine odoo torguuliasaa davsan shim tgel bolchihood bga ym bish uu
Ямар ч сонголтгүй болгоод заавал SmartCar-аар төлүүлдэг нь шахаа байна
Иргэдийнхээ халаасыг ухдаг ямар аймаар систем бэ, болимоор юм
Gerege smartcar 2 hoorondoo mungu huvaaj avdag baih daa
Бүр нэг арай гэж 10к төлөх гэж байхад 20 хувийн шимтгэл авна гэнэ ээ
Заавал тус тусад нь төлүүлж 2000 төгрөг олон дахин авдаг нь арай хэтэрнэ
Gereg systemic shigtgel geed heden zeen sayar ni idej bga
Торгуулиа хөнгөлүүлэх гэхээр давхар хураамжаар буцаагаад цохичих юм
Turiin uilchilgee gej baigaad l ardiin mungiik surna daa
SmartCar gej app ni bainga gagtsana, tegsen murtluu mungu ni bol shuu tatana
Ийм байж сүртэй юм яриад байх юм аа, шууд болиул