Г.Занданшатарт байгаагүй хүч Н.Учралд байна. Гэвч...
АН үндсэн хоёр шаардлага тавьсан. Нэгт, хэрэг наймаалцсан С.Амарсайханыг огцруул. Хоёрт, Н.Учрал итгэл үзүүлэх тогтоолын төслөө парламент руу оруулж ир гэж. Даваа гарагт сөрөг хүчин эл хоёр шаардлагаа тавьж, лхагва гарагийн өглөө гэхэд л Н.Учрал шуудхан нэгдүгээр шаардлагыг биелүүлчхэв.
Сөрөг хүчин нь ч ёс зүйн хувьд Н.Учралыг Л.Оюун-Эрдэнийн кэйстэй зэрэгцүүлэн тавьж, итгэл үзүүлэх бичгээ өөрөө парламентад бариад ороод ир гэж шахаж, түүнийг сайтар улайлгаж чадлаа. Гэтэл өнөөх нь юун өөртөө итгэл үзүүлэх тогтоолын төсөл санаачлах. Шуудхан С.Амарсайханыг огцруулав. ШШГЕГ-ын даргыг халж байгаа бол түүнийг томилсон Б.Энхбаяртаа ч хариуцлага тооцох ёстой байсан биш үү. Ингэж бөөн дабль стандартын өрөнд Н.Учрал өөрөө гүйгээд орчхов.
Хүүгийнх нь найз эмэгтэйдээ бэлэглэсэн 10 саяын бэлэгний асуудал дэгдэхэд Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх тогтоолын төслөө өөрөө оруулсан. Үүнийг ЗГ-т хамтарч байсан тул сөрөг хүчин ч шаардаагүй. Гэтэл Засгийн газрын тэргүүн ээжийнхээ сургуульд 3.5 тэрбумыг сэмхэн өгөх гэж байсан нь илчлэгдлээ. Л.Оюун-Эрдэнийнхээс 350 дахин өндөр дүн байгаад байдаг. Энэ жингийн туухайн дээрх хоёр дүн ёс зүйн хувьд авчихсан, авахыг завдсанаас эс хамаарч, Н.Учралыг ээрсээр байх сэдэв болчихлоо.
Н.Учрал өмнө нь Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг хагаралдуулж, хоёр талд дайтуулсаар дундуур нь МАН-ын дарга болсон. Эцэст нь, намын дарга бус тул хүчгүйдэж гүйцээд байсан Г.Занданшатараас танхимыг нь авч чадсан. Одоо "гудамжинд" яваа Г.Занданшатарын хорлолоор С.Амарсайхан огцорч буй юм шиг харагдуулаад, Д.Амарбаясгалангийн хүнийг танхимаасаа хөөх гэсэн хувь хүний хүслээ биелүүлэв.
Х.Нямбаатарыг тэр унагахдаа Ерөнхийлөгчийн экс хүргэнийг томилоод, хотын төсвөөр улсын төсвийн цоорхойг нөхсөн шиг. Түүний бодож олдог, Ерөнхийлөгчид нийцүүлдэг алхмууд нь ийм юм. Нэг л явцгүй, гоожуурын ус шиг сүлхийсэн байгаагаа эдүгээ анзаарахаа ч байжээ. Дүрдээ орно гэдэг энэ ээ. Учир нь, түүнд Г.Занданшатарт байгаагүй хүч байна. Тэр нь, МАН-ын дарга.
Үүнээс цааш жаахан тэсэхэд л Н.Учрал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдана. Түүнээс цааш багахан гүрийхэд 2028 оны УИХ-ын сонгуулийг ахална. Намын дарга учраас Засгийн газар удирдах гол хүчний тэнцвэрээ эвтэйхэн байвал хадгалчихна гэж тооцож буй.
Гэвч хүлээсэн хүнд цаг мөч бүр удаан урсдаг жам ертөнцийн хууль энд үйлчилнэ ээ. Н.Учрал шууд ашиг сонирхлын асар том зөрчил гаргахаар завдсан кэйсээ нам дарсаар, есөн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль удирдана гэхэд арай л итгэл үнэмшил муутай. Тэр тусмаа Монгол шиг улс төрийн хар, хор нь дийлддэггүй, Засгийн газар нь 1.6 жилийн дундаж наслалттай байдаг онцлогтой нөхцөлд гүлдийх тусмаа л нэр хүндээ барж дуусах юм.
Эрх биш сөрөг хүчин Н.Учралын туулах эл бэрхшээлтэй урт замыг тооцож байж л, "Өөрөө итгэл үзүүлэхээ сугавчлаад ороод ир ээ хө, намын дарга байна даа" гэж егөөдсөн болж таарав. Тэр ховсноос нь Н.Учрал тойрох тусам тойрох жим нь өдөр хоногуудад улам нарийсна. Хэдий намын дарга ч...












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Учирал хоцруулах учирал их худлаа дүрс эсгэнэ . Ер хь юм хийхгүй бна 3.5 тэр бумыг ээжийнхээ сургууль тавих гэж бгаа нууц хь гараад ирсэн харин одоо хор шар нь хөдлөөд Амар сайханыг чөлөөлсөн одоо Б.Энх баяраа чөлөөлөөч.бүм мөрдөсүүүлий сн шалгах хэрэгтэй .сөрөг хүчнийнхэн Учиралыг хоцруулах ажлаа эрчимтэй хий.
Учирал их зуузтай залуу юм байна. Б .Энхбаярын байрцаанд орсон юм .Б.Энхбаярын үгээр Амарсайханыг хуслаа.үнэн шударга юм бол Б.Энхбаярыг хусахаад ажлаа өөрийн бхаанаар хийгээд мөрдөстнүүлийг зохих хууль журмын дагуу чөлөөлаад шалгуулаач. Учирал их но байна .ард иргэд босоход бэлэн шүүү
Энэ засаг унах тодорхой боллоо