БаримтУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улс төрийн хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд ялгавартай хандан, нэмж "хэлмэгдүүлдэг" явдлыг болиулах нь

Өчигдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж, улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, гэр бүлд нь нөхөн олговор олгох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ.

Улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уг хуулийн төслийг энэ оны долоодугаар сарын 2-нд анх өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх, тэдэнд болон ар гэрт нь нөхөх олговор олгох эрх зүйн зохицуулалтыг 1998 онд анх хуульчилж байжээ.

Өнгөрсөн хугацаанд уг хуульд хамаарах 31 661 хүний хэргийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн бөгөөд 931 хүнд нийт 43.78 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байна.

Одоогийн зохицуулалтаар нөхөн олговрыг хэлмэгдэгч өөрөө, эсхүл түүний эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ нь нэхэмжлэл гарган авах боломжтой.

Харин нэхэмжлэл гаргах хугацаатай холбоотой зохицуулалтын улмаас зарим иргэн нөхөн олговор авч чадаагүй байна. Тодруулбал, хэлмэгдэгсдийн гэр бүлийн 24 гишүүн, төрсөн болон үрчилж авсан 27 хүүхэд нэхэмжлэл гаргаж, нөхөн олговор авах боломжгүй үлджээ.

Хууль санаачлагч Б.Пүрэвдорж эдгээр иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, нөхөн олговор олгох боломж бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өнөөг хүртэл нийтдээ 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд үүний 5 нь хугацаа сунгах тухай асуудал байжээ.

Ийнхүү уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 5 иргэнд тус бүр нэг сая нийт таван сая, 9 иргэн тус бүр 80 сая нийт 720 сая, 29 иргэн тус бүр 40 сая нийт 1 тэрбум 160 сая, бүгд 43 иргэнд 1 тэрбум 885 сая төгрөгийг хуулийн дагуу олгохоор болжээ.

Хэрэв улс төрийн хэлмэгдэгч цаазаар авахуулсан бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлж байсан бол 40 сая төгрөгийн нөхөн олговрыг холбогдох ар гэрт нь олгоно гэж хуулинд тусгасан байдаг.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг цаг үеэ олсон хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлснийг онцолж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгасан талаарх мэдээллийг ил тод, нээлттэй байлгах шаардлагатайг тодотгосон.

Мөн улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлаар "Гэнэт дуудаад аваад явсан", "сураггүй алга болсон" гэх 700-гаад хүний тоо баримт байдгийг Б.Пүрэвдорж гишүүн дурдаад тэдгээр хүмүүсийн ар гэрт нөхөн олговор олгохгүй байсан ч цагаатгах хэрэгтэй хэмээв. Цаашлаад Лхүмбийн хэрэг гэх улс төрийн хэлмэгдүүлэлтийн зөвхөн толгойлогчийг нь цагаатгасан, түүнийг дагаж оролцсон 16 мянган хүнийг цагаатгаагүй үлдээсэн байдгийг ч хөндөн, тэдний мөн адил нөхөн олговоргүйгээр цагаатгах хуулийн төслийг ойрын хугацаанд өргөн барихаар зэхэж буй гэнэ.

Байнгын хорооны гишүүд хэлмэгдүүлэлтийн асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэх, хуулийн үзэл баримтлалыг боловсронгуй болгох, нөхөн олговор нэхэмжлэх хугацаанд хязгаар тогтоохгүй байх, нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх, газар олгох, дахин улс төрийн хэлмэгдүүлэлт үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хэлмэгдүүлэлттэй холбоотой соёлын өвийг сэргээх зэрэг асуудлыг хөндөн санал, байр сууриа илэрхийлсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button