"Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын дэлхийн төлөв" хэлэлцүүлэг болж байна
Монгол Улсад зохион байгуулж байгаа "Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал-хяналт" олон улсын дугуй ширээний уулзалт өнөөдөр (2026.09.23) болж байна.
2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд Доха хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч улсуудын 11 дүгээр Бага хурлаар "Улс төрийн санхүүжилтийн ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх тухай" 11/7 дугаар тогтоолыг Норвеги, Монгол, Албани, Гана улсууд санаачлан нийт оролцогч улсуудын дэмжлэгтэйгээр баталсан. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах, санаачилгыг үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уг хэлэлцүүлгийн хүрээнд дэлхий дахины улс төрийн санхүүжилт түүний ил тод байдал, дэлхийн стандарт ба Азийн улс төрийн санхүүжилтийн төлөв, улс төрийн санхүүжилтийн эрсдэл ба түүнийг бууруулах, хэвлэл мэдээллийн ил тод байдал ба хяналтын тогтолцоо зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөх аж.
Энэ удаагийн олон улсын дугуй ширээний уулзалтад сонгуулийн удирдлага, хяналтын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага болон санхүүгийн мэдээллийн алба, аудит болон санхүүгийн хяналтын байгууллага, төрийн холбогдох байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, улс төрийн намуудын төлөөлөл зэрэг олон улсын 40 гаруй, дотоодын 70 орчим, нийт 110 гаруй оролцогч оролцож байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар уг уулзалтыг нээж үг хэллээ. Тэрбээр:
"Улс төрийн санхүүжилт бол зөвхөн нам, нэр дэвшигчдийн орлого, зарлагын тайлангийн асуудал биш юм.
Харин улс төрийн үйл ажиллагаа ямар эх үүсвэрээс санхүүжив, тэрхүү хөрөнгийг хэрхэн зарцуулж байна вэ гэдгийг олон нийтэд ил тод, хүртээмжтэй болгохын нэр бөгөөд тэр хэрээр сонгуулийн шударга байдал, төрийн бодлого, шийдвэр гаргалтын хараат бус байдал бэхжиж, улмаар иргэдийн ардчилсан институцид итгэх итгэл эрс сайжрах үр дагавартай.
Иймээс улс төр дэх мөнгөний урсгал ил тод, хяналттай, хариуцлагатай байх нь сонгуулийн шударга байдлыг хамгаалах төдийгүй авлигаас урьдчилан сэргийлэх, ардчилсан институцийн хариуцлага, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх үндсэн нөхцөлийн нэг гэж бид үзэж байна. Монгол Улс энэ чиглэлд сүүлийн жилүүдэд эрх зүйн болон институтийн томоохон шинэчлэл хийж байна.
Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаа, хууль бус болон далд санхүүжилт, төрийн нөөцийг сонгуулийн зорилгоор зүй бусаар ашиглах, эцсийн өмчлөгчийн мэдээллийн ил тод бус байдал, гадаадын санхүүжилт, түүний нөлөөлөл зэрэг шинэ эрсдэлүүд улс орнуудын хяналтын уламжлалт тогтолцоонд шинэ сорилт бий болгож байна. Энэ хүрээнд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг олон улсын түвшинд урагшлуулах үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна" хэмээн мэдэгджээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.