“Их говийн манаач” баримтат кино тун удахгүй Латин Америкийн үзэгчдийн хүртээл болно

Найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын бүтээл “Их говийн манаач” баримтат кино жил бүрийн 11 сард Төв Америкийн Коста-Рика улсын нийслэл Сан Хосе хотод зохион байгуулагддаг “Сан Хосегийн Олон Улсын Кино Наадам”-ын (San José International Film Awards - SJIFA) албан ёсны уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарлаа. Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү кино наадмын тов энэ жил арваннэгдүгээр сарын 20-23-нд зарлагджээ.
Жил бүрийн 11 сард болдог тус наадам нь дэлхийн өнцөг булан бүрийн кино уран бүтээлчид, үзэгчдийг холбох, олон улсын шилдэг бүтээлүүдийг танилцуулах, улмаар соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой олон улсын нэр хүндтэй эвэнт юм. Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн энэ жилийн уралдаант хэсэгт өрсөлдөх шилдэг бүтээлүүдийг албан ёсоор зарласны дотор Монголын баримтат кино багтсан нь онцлог үйл явдал болж байна.
Байгаль хамгаалал, эко аялал жуулчлалаараа дэлхийд тэргүүлдэг Коста-Рика улсын кино шүүгчдийн анхаарлыг Монголын Их говийн эмзэг экосистем, дэлхийд нэн ховордсон мазаалай, хавтгай зэрэг зэрлэг амьтдыг хамгаалахын төлөө байгалийн эрс тэс нөхцөлд ажиллаж буй байгаль хамгаалагчдын бодит түүх ийнхүү татжээ.
Өнгөрсөн хагас жилийн хугацаанд олон улсын цөөнгүй кино наадамд өрсөлдөж, одоогоор Солонгос, Болгар, Англи, АНУ, Тайланд, Энэтхэг зэрэг улсад зохион байгуулагддаг нэр бүхий кино наадмаас “Шилдэг найруулагч”, “Шилдэг эмэгтэй уран бүтээлч”, “Шилдэг зураглал”, “Шилдэг гэрэл зураг”, “Шилдэг байгаль, шинжлэх ухааны кино” зэрэг чамгүй олон шагнал хүртээд буй “Их говийн манаач” баримтат кино ийнхүү тун удахгүй Латин Америкийн үзэгчдийн хүртээл болох нь ээ.
Цор ганц Монголд орших мазаалайг дэлхий даяар таниулж буй “Их говийн манаач” баримтат кино бүтээлийн хамт олон баяр хүргэе.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.