УЛС ТӨР

Ц.Нямдоржийн ДАЙСАН биш ДАЙСНУУД

Өчигдөр /2020.05.04/ Н.Номтойбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн нэр дэвших Хан-Уул дүүрэгт очиж бие дааж нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн.

Энэ тухай тэрээр, “Биеийн амрыг бодож би Дорнод руу явахгүй. Харин Монголын төрд хэрэггүй гэж үзэж байгаа Ц.Нямдорж мэтийг зайлуулах гэж би Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ” гэсэн билээ.

Гэвч Ц.Нямдорж сайд энэ удаагийн сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшихгүй, Орхон аймагт нэр дэвших нь баталгаатай болсон гэдгийг хэвлэлүүд онцолсон.

Тиймээс түүний энэ үйлдэл “тавилттай жүжиг” гэх хардлагыг нийгэмд дагуулаад байгаа.

Бие даагчдаас “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд, хуульч Ж.Эрхэмбаатар,  Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгальмаа, экс Засаг дарга Ж.Ганхуяг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал асан Б.Ариунболд, Б.Лакшми, Кекүшюзан Д.Батбаяр, жүжигчин Баясгалан, Ерөнхийлөгчийн төрсөн дүү Х.Баттуул, Г.Батхүү агсны дүү П.Батчимэг нар Хан-Уул дүүргээс нэр дэвших юм.

Тэгэхээр Н.Номтойбаяр огт өөр хүмүүстэй өрсөлдөх тул Ц.Нямдоржийн дайсан болж чадахгүй нь мэдээж болж байх шиг. Ерөнхийдөө “жүжиглэлттэй” дайсан болчихлоо.

Мөн Ц.Нямдорж сайдын тухай янз бүрийн баримтууд дэлгэж буй Т.Энхсайхан гэх эмэгтэй сонгуулиар түүнтэй өрсөлдөхөөр яригдаж байсан. Гэвч тэрээр аль тойрогт нэр дэвших эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Эл сонгуулиар тэрээр Ц.Нямдоржийн эсрэг босож, дайсан болж чадах уу үгүй юу гэдгийг харах л үлдлээ.

Энэ хоёр дээр “Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэгийг нэмж болох. Тэрээр мөн л ХЗДХ-ийн яам болоод Ц.Нямдорж сайдад хамаарах баримтуудыг дэлгэж хуулийн байгууллагад шалгуулахаар янз бүрээр хандаж яваа залуу. Ц.Нямдорж сайдтай илээр дайтаж яваагаа олон нийтэд харуулдаг, дайсан. Түүний хувьд ч 2020 оны сонгуульд өрсөлдөх санаа өвөртөлж яваагаа нуугаагүй. Гагцхүү Ц.Нямдоржийн тойрогт очиж нэр дэвшиж, ЖИНХЭНЭ ДАЙСАН байж чадах уу гэдэг нь бас л эргэлзээтэй.

Тэгэхээр одоогоор Ц.Нямдорж сайдад ДАЙСАН биш ДАЙСНУУД олон байна. Хууль зүйн салбарын толгой дээр олон жил сандайлж, ХЗДХ-ийн яамыг тавантаа толгойлж буй түүнээс хэн салгах вэ. Сонгуулийн үеэр л хэн нь ЖИНХЭНЭ ДАЙСАН бэ гэдгээ олон нийтэд харуулах л хэрэгтэй байна.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button